Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 26

 

Хэргийн индекс: 127/2016/0017/З

                                                                                                  

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 19-04 тоотод оршин суух Ч.Батгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Батгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, хариуцагч Б.Сүнгээ, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд нар оролцов.

                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн б/24 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг тушаалд 2 үндэслэлийг зааж ажлаас чөлөөлсөн байдаг. Нэгдүгээр үндэслэл нь байгууллагын эд хөрөнгийг үрэгдүүлсэн, хайхрамжгүй хандсан гэх үндэслэл юм. Хоёр дахь үндэслэл нь Тагнуулын байгууллагаас ирүүлсэн албан бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлээгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын б/06 дугаартай тушаалд гомдол гаргаж байснаа шүүхийн шатанд эвлэрсэн байдаг. Тухайн үед нэхэмжлэгч нь хуулийн мэдлэг дутмаг байсан. Мөн эвлэрсэн тохиолдолд өөрт ашигтай байж магадгүй гэсэн үүднээс эвлэрсэн байдаг. Нэхэмжлэгч Батгэрэл нь Тагнуулын байгууллагаас ирүүлсэн албан бичгийн хариуг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлэх үүрэг даалгаврыг Ариунчимэгээс авсан байдаг. Батгэрэл нь уг албан бичгийн хариуг өгсөн. 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр уг албан даалгаврыг Батгэрэлд цохсон байдаг. 2016 оны 6 дугаар сарын 9,10,11-ний өдрүүдэд тухайн байгууллагын ажилчид, байцаагч нар тайлан хамгаалалтад бэлдэж, тайлангаа бичиж байсан. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тайлан хамгаалалт эхэлсэн. Энэ талаар гэрч Ариунчимэг мэдүүлдэг. Мөн уг тайлан хамгаалалтад бүх байцаагч нарыг суух шаардлага тавьсан талаараа хэлдэг. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд тайлан хамгаалалт явагдсан. Уг албан бичгийн хариуг 2016 оны 6 дугаар сарын 13-ны дотор Тагнуулын байгууллагад хүргүүлэх ёстой байсан. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр яаралтай ослын дуудлага гарсан учир Батгэрэл хэргийн газар үзлэг хийх ажлаар явсан.  Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан юм. Энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан.             2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 40 минутад гар ноорог буюу албан бичгийн хариуг гараар тэмдэглэж үлдээсэн. Батгэрэл албан бичгийн гүйцэтгэлийг тодорхой хэмжээнд хийсэн. Өөрт хамааралгүй буюу төсөв мөнгөтэй холбоотой зүйлсийг үлдээсэн байсан. Хариуцагч албан бичгийн гүйцэтгэлийг дутуу хийсэн, гараар ноороглосон, хэдхэн зүйл тэмдэглэсэн байсан гэж ярьдаг. Батгэрэл уг албан бичгийн гүйцэтгэлийг компьютерээр хийж байж шаардлага хангах ёстой байсан юм уу, энэ талаар сайн ойлгохгүй байна. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаан гараагүй байсан бол уг албан бичгийн гүйцэтгэлийг хийж дуусах байсан. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төрийн албан хаагч албан бичгийн хариуг хугацаанаас нь хоцроосон байхад удирдах албан тушаалтан ойлгохгүй байгааг гайхаж байна. Төрийн албанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлыг хойшлуулж болдог. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаан байсаар байтал үл ялих зүйлээр шалтаглан ажлаас чөлөөлсөн байна.  Хүндэтгэн үзэх шалтгааныг огт авч хэлэлцээгүй байна. Иймд Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын б/24 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт эрчим хүчний хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Батгэрэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Батгэрэлд ажиллаж байх хугацаандаа байгууллагын эд хөрөнгийг дур мэдэн үрэгдүүлсэн гэх үндэслэлээр захиргааны хариуцлага ногдуулж цалинг 20 хувиар 3 сар хассан. Энэ тушаал дээр маргаан байхгүй, хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна. Батгэрэлийг ажилдаа хайнга хандсан, Тагнуулын байгууллагаас ирүүлсэн тусгай зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр санаачлагатай ажиллаагүй, зөрчлийг арилгаагүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Тагнуулын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн хариуг хүргүүлэх, зөрчлийг арилгах үүрэг даалгаврыг Батгэрэлд өгөх болсон шалтгаан нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Батгэрэлээр мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний ажлыг хавсаргаж гүйцэтгүүлэхээр тушаал гарч, цалингийн шатлалыг нэмэгдүүлсэн байдаг. Иймд холбогдох ажилтнаар зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ариунчимэгт өгсөн. Ариунчимэг дарга хариуцсан ажилтан буюу Батгэрэлд цохохдоо тусгай чиг үүрэгтэй байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж, ажлын 3 хоногт буюу 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөрт багтаан зөрчлийг арилгуулах, хариу өгөх гэж үүрэг даалгавар өгсөн байдаг. Би Ариунчимэг даргад хийх ажил дунд төсөв мөнгөтэй холбоотой 2 ажил байна. Үүнийг түр хугацаанд орхиод бусад ажлыг хийж бай. Төсөв мөнгөний талаар дээд шатны байгууллагад мэдэгдэнэ. Энэ талаар Тагнуулын байгууллага ойлгох байх. Бусад ажлыг өнөөдрөөс эхлээд гүйцэтгэ. Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой байгууллагын дотоод журмыг баталъя, хавсралтаар нь маягтуудыг баталгаажуулъя, төслийг нь холбогдох ажилтнаар боловсруулаад аваад ир, мөн дотоод сургалт зохион байгуулах, серверийн өрөөнд орж, гарч байгаа ажилтныг бүртгэх нь бид нараас шалтгаалах ажил тул эдгээр ажлуудыг холбогдох ажилтнаар нь дамжуулан нэн даруй гүйцэтгэ гэсэн үүрэг даалгаврыг 2016 оны 6 дугаар сарын 08-ны орой өгсөн. Энэ үүрэг даалгаврыг холбогдох ажилтанд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өгсөн. Үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй байсан. Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар мэдээллийн аюулгүй байдлын талаар өндөр эрсдэлтэй гарсан. Энэ талаар Тагнуулын байгууллага анхааруулсан. Мөн зөвлөмж бичиг хүргүүлж байгаа, цаашид албан бичгүүд хүргэгдэх талаар хэлсэн. Тагнуулын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж, зөрчлийг хугацаанд нь арилгаж, зөрчил арилгаж байгаа талаар болон арилгасан талаар тодорхой, хариуцлагатай тайлан хүргүүлэх бодолтой байсан. Мөн Ариунчимэг, Батгэрэл 2-т итгэж байсан.  2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ариунчимэгт Тагнуулын байгууллагаас ирүүлсэн албан бичгийн хариуг хүргүүлэх өдөр шүү гэж сануулж байсан. Ариунчимэг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ажил тарахын үед албан бичгийн хариу гэж 4, 5-н үг тавьсан гар ноорог оруулж өгсөн. Тэгэхээр нь би Ариунчимэгт албан даалгаврын хариу маш хангалтгүй байна. Иймд өнөөдөр албан бичгийн хариуг явуулахаа больё. Маргааш буюу 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр албан бичгийн хариуг явуулна. 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэхэд бэлэн болгосон байна шүү гэж хэлсэн. 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хэн хийх нь мэдэгдэхгүй зүйлийг албан бичгийн хариу гэж Ариунчимэг оруулж ирсэн. Би энэ албан даалгаврыг хэн гүйцэтгэсэн нь тодорхойгүй байна. Гүйцэтгэсэн хүнээр нь гарын үсэг зуруулаад баталгаажуулаад ир гээд буцаасан. 2016 оны 6 дугаар сарын 14-ний үдээс хойш Ариунчимэг манай өрөөнд орж ирээд энэ албан даалгаврын хариуг Батгэрэл гүйцэтгэсэн боловч гарын үсэг зурахгүй гээд байна гэж хэлсэн. Иймд Батгэрэлийг захирах, захирагдах ёсыг хүндэтгэхгүй, удирдах албан тушаалтнаас хуулийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байна. Мөн тусгай чиг үүрэгтэй байгууллагаас ирүүлсэн албан даалгаврыг биелүүлэхгүй байна гэж үзээд ёс зүйн хороонд хандсан. 2016 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд байцаагч нар хагас жилийн тайлан хамгаалсан. Энэ талаар сарын өмнө зарласан. Учир нь байцаагч нараас ирүүлж байгаа тайлан хангалтгүй, маш муу байсан. Би 2015 онд Хэнтий архивын тасгаас хүн урьж байгууллагынхаа ажилчдад албан хэрэг хөтлөлтийн талаар сургалт авч байсан. Мөн аймгийн мониторингийн хэлтсээс тайлан бичих болон үр дүнгийн гэрээний биелэлт бичих талаар сургалт авч байсан. Мөн 2015 онд прокурорын байгууллагаас сургалт авч байсан. Байцаагч нарын хагас бүтэн жилийн тайланг өмнөх өдөр нь аваад хянуулж амжихгүйгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар руу явуулдаг байсан учир алдаа их гардаг. Мөн тоо баримт зөрдөг. Тиймээс нэг сарын өмнө хагас жилийн тайланг бэлдүүлээд өөрсдийнх нь өмнө хамгаалуулах ажлыг дотооддоо зохион байгуулсан. Үүний дагуу байцаагч нар тайлангаа бэлдээд 2016 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд тайлангаа хамгаалсан. Би  2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Тагнуулын байгууллагаас ирүүлсэн албан бичгийг Батгэрэлд цохоод, байцаагч нарыг 2016 оны 6 дугаар сарын 13,14-ний өдөр тайлан хамгаална шүү гэж шахсан зүйл байхгүй.

Иймд Батгэрэлийг тайлан хамгаалах асуудал дээр тулгамдсан гэж ойлгохгүй байна. Батгэрэлийн Тагнуулын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн гүйцэтгэл хангалтгүй байсан учир ёс зүйн хороонд хандаад, Тагнуулын байгууллагад шат дараалсан ажиллагаа явагдаж байгаа, алдаа дутагдлыг арилгана гэсэн хариуг хүргүүлсэн. Миний ашигладаг компьютерийн сүлжээ өдөр болгон гацдаг тул би байцаагч нарын хяналт шалгалтын удирдамжийг өөр хүний компьютер дээр очиж баталдаг. Энэ асуудал нь санаатай үйлдэл байж магадгүй гэсэн мэдээлэл ирсэн тул Тагнуулын байгууллагыг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байсан. Хариуцлага тооцох үеэр Батгэрэл нь эмнэлгийн акт авсан. Мөн эмнэлэгт хэвтэж байгаад ажилдаа эргэж орж ирсэн. Энэ хугацаанд бид нар Тагнуулын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу зөрчлийн арилгах ажиллагаануудыг хийж байсан. Би Батгэрэлд “Тагнуулын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн, хариуг хугацаанд нь явуулаагүй байна. Энэ зөрчил дээр чинь арга хэмжээ авна. Өмнө нь сахилгын арга хэмжээ авагдсан тул ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна. Залуу хүн юм чинь өөр байгууллагад ажиллах хэрэгтэй байх” гэхэд Батгэрэл би энэ ажилдаа үлдэнэ гэсэн. Би удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажилдаа хайнга хандсан тул ажиллуулахгүй гэж хэлсэн. Батгэрэлийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн Тагнуулын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийг биелүүлэх, зөрчлийг арилгах үүрэг даалгаврыг биелүүлэх хугацааг сунгаж Батгэрэлд боломж олгож байсан. Удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх хугацаа хангалттай байсан. Батгэрэлийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                          

ҮНДЭСЛЭХ нь:

 

Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  1. Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №Б/24 дүгээр тушаал[1]-аар нэхэмжлэгч Ч.Батгэрэлд төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орон эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/13 дугаар тушаал[2]-аар тус газрын цахим мэдээллийн бүтэц, агуулга, мэдээллийн урсгалыг хянах, тайлагнах үүрэг бүхий ажилтнаар Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ч.Батгэрэлийг томилжээ.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ байгууллагын хурлын заалны компьютерийн дэлгэц, процессорыг дур мэдэн авч байгууллагын эд хөрөнгө үрэгдүүлсэн нь Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн № Б/06 дугаар тушаал, аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлт, аймгийн Тагнуулын хэлтсээс 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн № 23/113 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн биелэлтийг ханган ажиллах талаар удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж тайлбарлажээ.

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн № Б/06 дугаар “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал[3]-аар Ч.Батгэрэлд цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба нэхэмжлэгч Ч.Батгэрэл нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалсныг тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн № 06 дугаар шүүгчийн захирамж[4]-аар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тагнуулийн  Ерөнхий газрын Хэнтий аймаг дахь хэлтсээс 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн № 23/113 тоот албан бичгээр[5] Мэргэжлийн хяналтын газарт илэрсэн эмзэг байдал, тэдгээрийн эрсдлийн түвшингийн талаар судалгааг, нэгдсэн зөвлөмжийн хамт хүргүүлсэн байх ба уг албан бичгийг Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ нь тус байгууллагын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Ариунчимэгт 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр цохож, М.Ариунчимэг нь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус байгууллагын мэдээллийн урсгал хариуцсан ажилтан Ч.Батгэрэлд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дотор буюу ажлын 3, хуанлийн 5 хоногт багтаан зөрчлийг арилгаж хариу өгөхийг тус байгууллагын бүртгэл хяналтын карт[6]аар үүрэг болгожээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр миний хариуцсан хэсэгт осол болсон тул би хэргийн газарт ажилласан, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тайлан хамгаалсан, захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Ариунчимэгтэй хамт тагнуулийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэх ажлаа төлөвлөж, гүйцэтгэсэн” гэж тайлбарлаж байгааг зөвтгөх боломжгүй байна.

Учир нь: Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн № 68 дугаар тушаалаар баталсан Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 3 дугаар зүйлийн 3.5.6-д “Уншиж нийлээгүй, албан бичгийн стандартын шаардлага хангаагүй, холбогдох зохион байгуулалтын нэгжийн даргаар хянуулаагүй, зохих журмын дагуу санал, виз аваагүй баримт бичгийг байгууллагын удирдлагад танилцуулахыг хориглоно”, 3.5.8-д “Боловсруулалтын шаардлага хангаагүй, утга агуулга нь тодорхой бус, үг үсгийн алдаатай баримт бичиг зохион бүрдүүлсэн бол боловсруулсан ажилтан хүлээнэ” гэж тус тус зааснаас дүгнэхэд нэхэмжлэгчийн Тагнуулийн Ерөнхий газрын Хэнтий аймаг дахь хэлтсээс ирүүлсэн нэгдсэн зөвлөмж дээр гараар тэмдэглэгээ[7] хийсэн нь албан бичгийн стандартын шаардлага хангаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийг уг зөвлөмжийн дагуу ажил хийж гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна.

Мөн Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 3 дугаар зүйлийн 3.5.1-д “Байгууллагын удирдлага болон холбогдох хэлтэс, нэгжийн удирдлагын цохолттой баримт бичгийг бичиг хэрэгт бүртгэн, хариуцан шийдвэрлэх ажилтан /цаашид гүйцэтгэгч ажилтан гэх/-д шилжүүлнэ. Яаралтай шийдвэрлэх баримт бичгийг бүртгэсэн даруйд нь холбогдох ажилтанд шилжүүлнэ” 3.5.5-д “Баримт бичгийг боловсруулах, хариутай бичгийг хянан шийдвэрлэх үүрэг авсан ажилтан нь удирдлагаас өгсөн хугацаанд нь шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд хугацааг нь сунгуулах, хяналтын картад зохих хөдөлгөөнийг тухай бүр хийлгэх, хяналтаас хасуулах үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.

Тагнуулийн Ерөнхий газрын Хэнтий аймаг дахь хэлтсээс Мэргэжлийн хяналтын газарт илэрсэн эмзэг байдал, тэдгээрийн эрсдлийн түвшингийн талаар судалгаагаар тус байгууллага нь өндөр түвшний эрсдэлтэй гарсан бөгөөд нэхэмжлэгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ослын газарт шинжээчээр ажилласан[8], 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тайлан хамгаалсан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон оролцогч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлож байгаа хэдий ч удирдах албан тушаалтнаас хугацаа зааж өгсөн үүрэг даалгаварын гүйцтгэлийг хугацаанд нь хийж гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд дээрх албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу хугацаа сунгуулах тухай хүсэлтийг гаргах боломжтой байсан хэдий ч нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргаагүй байна.

Нөгөөтэйгүүр Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Ариунчимэг нь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчид 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дотор буюу ажлын 3, хуанлийн 5 хоногт багтаан зөрчлийг арилгуулахаар цохолт хийж хугацаа зааж өгсөн нь Тагнуулийн  Ерөнхий газрын Хэнтий аймаг дахь хэлтсээс ирүүлсэн зөвлөмжийн дагуу зөрчлийг арилгах, зөрчлийг арилгахаар ажил зохион байгуулах бүрэн боломжтой хугацаа гэж үзэхээр байна.

Иймд Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №Б/24 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийг заасан бөгөөд 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 26.5-д “Нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчид өмнө нь буюу Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн № Б/06 дугаар тушаалаар цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсныг дурдах нь зүйтэй байна.

  1. урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №Б/24 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д тус тус заасныг баримтлан Ч.Батгэрэлийн нэхэмжлэлтэй Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

 

           Шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ.

 

 

 


[1] Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас,

[2] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас,

[3] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас,

[4] Хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас,

[5] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас,

[6] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас,

[7] Хавтаст хэргийн 151-154 дүгээр хуудас,

[8] Хавтаст хэргийн 139-142 дугаар хуудас,