Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 378

 

Н.Н-О-ын нэхэмжлэлтэй,

Оюуны өмчийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

                                                   Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “... Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн “Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай” 28 дугаар тушаалын хавсралтын 131-рт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсэг, мөн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай” 39 дүгээр тушаалын хавсралтын 119, 120-рт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, уг шийдвэрүүдийн дагуу бүртгэгдсэн гурван барааны тэмдэг болох 13900, 13901, 13779 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээний Олон улсын Ниццийн ангиллын 38, 41-ээр бүртгэсэн бүртгэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0392 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0481 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ж.Д нарыг оролцуулж,

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0392 дугаар шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6, 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Н-О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн “Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай” 28 дугаар тушаалын хавсралтын 131-рт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсэг, мөн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай” 39 дүгээр тушаалын хавсралтын 119, 120-рт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсгийг, уг шийдвэрүүдийн дагуу бүртгэсэн 13900, 13901, 13779 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээний бараа, үйлчилгээний олон улсын ангиллын 38, 41-ээр бүртгэсэн бүртгэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0481 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0392 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...12 дугаар зүйлийн 12.1.3...” гэснийг “12 дугаар зүйлийн 12.3.1...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “М” төлөвиз ХХК-ийн “М” ТВ кабелийн суваг гарч эхлэхэд мэдсэн гэж тайлбарлах бөгөөд хэрэгт уг тайлбарыг үгүйсгэх баримтыг авагдаагүй байхад нэхэмжлэгчийг гуравдагч этгээд “М” ХХК-д 38, 41 дүгээр ангиллын Малчин барааны тэмдэг олгосон 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1 жилийн дотор гомдлоо гаргах ёстой байсан гэж шууд дүгнэх боломжгүй байна” гэжээ.

4. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б анхан шатны шүүх хуралдааны үед “ ...хөөн хэлэлцэх хугацааны асуудлын хувьд хэрэв бид мэдсэн бол тухайн үедээ гомдол гаргах байсан” гэж хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлснээ хүлээн зөвшөөрсөн талаар амаар тайлбар гаргасан бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.

5. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “энэ хуулийн 32.1.2, 32.1.3-т заасан хүсэлтийг бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлд хэвлэгдсэнээс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх хэсэгт “албан ёсны тогтмол хэвлэл” гэж энэ хуульд заасан барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нийтийн хүртээл болгох зорилгоор Парисын конвенцийн 12.2-т заасны дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрхлэн гаргах хэвлэл болон вэб хуудас, цахим мэдээллийг” гэж тодорхой заасан байхад шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зөвхөн амаар гаргасан тайлбарыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

6. Өөрөөр хэлбэл, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-д зааснаар барааны тэмдгийн бүртгэгдсэн тухай мэдээллийг нийтэд мэдэгдсэнээс хойш 1 жил гомдол гаргаагүй, Маlchin барааны тэмдэг бүртгэгдсэн тухай мэдээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохооргүйгээр хуульчилсан байхад нэхэмжлэгч ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дээрх хугацааг 4 жилээр хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хөөн хэлэлцэх хугацааны тухай дээрх байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй.

7. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үйлдлийг зөвтгөн дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

8. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж байх тул хяналтын шатны гомдлыг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ын гомдлыг хангахгүй орхилоо.

            10. Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 136 дугаар тушаалаар Н.Н-О-т “М” үгэн барааны тэмдгийн дардаст бараа үйлчилгээний олон улсын 38, 41 ангилалаар барааны тэмдэг эзэмших эрхийг зөвшөөрч, 12746 дугаар Барааны тэмдгийн гэрчилгээ олгосон, мөн газрын даргын  2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаар тушаалаар “М” ХХК-нд “M Wind & Solar Power Systems” гэсэн үгэн барааны тэмдгийн дардаст бараа үйлчилгээний олон улсын 38, 41 ангилалаар барааны тэмдэг эзэмших эрхийг мөн зөвшөөрч, 13779 дугаар гэрчилгээ, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар тушаалаар “М” ХХК-нд “М” үгэн барааны тэмдгийн дардаст бараа үйлчилгээний олон улсын 38, 41 ангилалаар барааны тэмдэг эзэмших эрхийг мөн зөвшөөрч, 13900, 13901 дугаар гэрчилгээнүүдийг тус тус олгосон, хэргийн оролцогчдоос “М” гэх үгэн тэмдэгт нь “барааны тэмдэгтэд тооцогдох эсэх, ... барааны тэмдгийн эрхийн хамгаалалтад орох эсэх” талаар маргаагүй, нэхэмжлэгчээс “нэгэнт бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд давхардуулан бүртгэсэн нь хууль зөрчсөн” гэх үндэслэлээр маргажээ.

            11. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, дээрх барааны тэмдгийг бараа үйлчилгээний олон улсын 38 “телевиз, кабелийн суваг”, 41 “радио телевизийн нэвтрүүлэг” ангилалаар барааны тэмдэг эзэмших эрх зөвшөөрөгдсөн үндэслэлээр, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь тус тусдаа, ижил төрлийн буюу нэг нь “М”, нөгөөх нь “M” гэсэн нэртэй кабелийн суваг ажиллуулж, телевизийн нэвтрүүлэг дамжуулах үйл ажиллагаа явуулдаг байна.

            12. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6, 5.2.7-д “Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил..., Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй ... /бол барааны тэмдгийг бүртгэхгүй/” гэж заасан, энэ тохиолдолд, хариуцагч Оюуны өмчийн газрын дарга маргаан бүхий тушаалуудаар өөрийн өмнө бүртгэсэн барааны тэмдэгтэй давхцуулан, ижил үгэн барааны тэмдэгт ижил үйл ажиллагааны ангилалаар барааны тэмдэг эзэмших эрх олгосон нь энэхүү хуулийн заалтуудад нийцээгүй, уг хуульд нийцээгүй үйл ажиллагаагаа хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн, харин гуравдагч этгээд “М” ХХК-иас “... Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 2.2-д заасны дагуу Монгол Улсын олон улсын гэрээгээр манай компани МАЛЧИН барааны тэмдгийг бараа үйлчилгээний олон улсын 38,41 дугаар ангилалд бүртгүүлсэн эсэхээс үл хамааран ашиглах эрхтэй, ... /хуульд/ заасан хугацаанд Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комисст гомдол гаргаагүй, ... хугацааг 4 жилээр хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байхад шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй” гэж маргажээ.

            13. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтуудад холбогдуулж, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “.. анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж байх тул хяналтын шатны гомдлыг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            14. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.11-д “барааны тэмдэг нь кириллээс өөр үсгээр илэрхийлэгдсэн бол тухайн тэмдгийн кирилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлэгдсэн бол түүний орчуулга... /-ыг барааны тэмдэг бүртгүүлэхээр гаргасан хүсэлтдээ хавсаргах/”-аар заасан байх тул “М”, “M” барааны тэмдгүүд өөр өөр гэж шүүх дүгнэх боломжгүй юм.

             15. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “...  /хууль зөрчиж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах/ хүсэлтийг бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт ... албан ёсны тогтмол хэвлэлд хэвлэгдсэнээс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргах”-аар заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгчээс гаргасан “... ижил нэртэй кабелийн суваг нэвтрүүлэг цацаж эхлэхэд мэдсэн” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, “хууль бус” захиргааны актыг мэдсэнээс хойш гомдол гаргах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй байх тул шүүх хүлээн авч “хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй,  маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “барааны тэмдэг, газар зүйн заалтыг энэ хуулийн 5... дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн бол /бүртгэлийг хүчингүй болгох/”-оор заасантай нийцжээ.

16. Өөрөөр хэлбэл, Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 136 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Ням-Осор нь “М” үгэн барааны тэмдгийн дардасыг бараа үйлчилгээний олон улсын 38, 41 ангилалаар барааны тэмдэг эзэмших эрх олгогдсон, уг эрх хүчин төгөлдөр байхад гуравдагч этгээд “М” ХХК-нд маргаан бүхий “хууль бус” тушаалуудаар олгогдсон  “М” үгэн барааны тэмдгийн дардас эзэмших эрх нь бараа үйлчилгээний олон улсын 38, 41 гэсэн ижил ангилалаар давхар хамгаалагдахгүй, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар ижил ангилалаар, ижил барааны тэмдгийг хэд хэдэн этгээд эзэмшихийг зөвшөөрөөгүй тул эрхийг давхардуулж бүртгэсэн маргаан бүхий Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 28 дугаар тушаалын хавсралтын 131-рт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсэг, мөн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тушаалын хавсралтын 119, 120-рт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, уг шийдвэрүүдийн дагуу бүртгэгдсэн гурван барааны тэмдэг болох 13900, 13901, 13779 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээний Олон улсын Ниццийн ангиллын 38, 41-ээр бүртгэсэн бүртгэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон нь гуравдагч этгээд “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй юм.

17. Эдгээр үндэслэлээр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболотын “...шүүх нэхэмжлэгчийн урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үйлдлийг зөвтгөн дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0481 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “М” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА