| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/0678/Э |
| Дугаар | 731 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 731
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч Ж.Энхжаргал,
хохирогч С.Гэрэлтуяа,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1803000010140 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн уулзварын хойд замд Toyota Prius маркийн 68-13 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 5.2. “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч С.Гэрэлтуяаг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч С.Гэрэлтуяагийн: “...Би осолд орохоос өмнө хаагуур явснаа санахгүй байгаа, осолд орсноо мэдэхгүй байна. Жолооч эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эм тариа авч өгч байсан. Яг тодорхой мэдэхгүй байна. Баримтаар гаргаж өгнө. 2018 оны 02 сарын 07-08-нд шилжих шөнө яг хаанаас такси барьснаа санахгүй байна. Гэрийнхээ харалдаа ирэхэд нэг хүн гар өргөөд зогсож байх шиг байсан. Тэгээд би “таксины жолоочид энд буучихъя” гээд гэрийнхээ харалдаа таксинаас буугаад хойд талаар нь тойроод ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлсэн. Мөргүүлснээс хойш юм санахгүй байгаа. ...Жолооч эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эм тариа авч өгч байсан. ...Эмчилгээ хийлгэж эрүүл болмоор байна. ...Миний тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн зулайн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл учирсан мөн баруун атгаал яс, аарцаг ясны хугаралтай, баруун хөл зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн зулайд шархтай байсан. Зүүн чамархай орчимд хагалгаа хийлгэсэн, баруун гарандаа хагалгаа хийлгэж хадуулсан байгаа. Одоо хүнээр түшүүлээд алхаж явж байгаа, нуруу өвдөнө, зүүн талын чих дүнгэнээд шуугиад байгаа, баруун нүдний хараа муудсан байсан, нуруугаар доошоо хатгуулж өвдөөд байгаа. Би ослын улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон. Эмчилгээний зардлаа нөхөн төлүүлмээр байна. Гомдолтой байгаа...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-35-37/,
Мөрдөн байцаалтанд гэрч О.Нэмэхбаярын: “...С.Гэрэлтуяа нь анх 2015 онд манай караоке бааранд цэвэрлэгчээр ажиллаж байгаад ажлаасаа гараад 1 жил орчим ажиллахгүй байж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс манай байгууллагад тасралтгүй ажиллаж байсан. Нэг сарын 600.000 төгрөг буюу өдрийн 23.000 төгрөгийн цалинтай байсан. Нийгмийн даатгал төлдөггүй цалинг бэлнээр гар дээр нь өгч байсан. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр С.Гэрэлтуяа ажил дээрээ ирээгүй, харин урьд өдөр нь ажил дээрээ байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-50/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Баярхүүгийн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 03-04 цагийн орчим Баянзүрх дүүрэг 2 дугаар хорооны Дарь Эх рүү эргэх уулзварын хойно 14-88 УНӨ улсын дугаартай Аванте Иксди машинтайгаа замын баруун талын нийтийн байрнаас гарч зам руу орох гэхэд хойноосоо урагшаа чиглэлтэй машин давхиж ирэхээр нь би тэр машиныг гаргачихаад араас нь оръё гэж бодоод байж байтал түс хийх чимээ гараад нөгөө машин хашлага даваад гараад ирсэн юм. Тэгээд би машинаасаа буух гэтэл миний машины хаалганы доор машинд мөргүүлсэн эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд би тэр машиныг хүн мөргөснийг мэдсэн. Тухайн машин нь тоёота приус маркийн машин байсан. ...Тэгээд би өөрийн 99299062 дугаарын утсаар түргэн тусламж болон цагдаа 2-т дуудлага өгсөн. Нөгөө машинаас бууж ирсэн жолооч залуу мөргүүлээд ухаан алдсан хүүхнийг тэвэрчихээд “эгч ээ битгий үхээрэй” гээд уйлаад байсан. Тэгээд түргэн тусламж, цагдаа ирээд намайг явж болно гэхээр нь би явсан. Тэр үед цас орж гулгаатай байсан. Салхи шуургагүй намуухан байсан. ...Явган зорчигчийг мөргөсөн автомашин дуут дохио өгөхөд надад сонсогдох ёстой, надад тийм зүйл сонсогдоогүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-54/,
Мөрдөн байцаалтанд Н.Б-н яллагдагчаар: “...2018 оны 02 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө би өөрийн эзэмшлийн 68-13 УНЭ улсын дугаартай тоёота приус-10 маркийн автомашинтай таксинд явж байгаад шөнө 04 цаг 20 минутын үед Дарь Эхийн 33 буудал дээр хүн буулгаад буцаж явахдаа буюу Баянзүрх дүүргийн нутаг 2-р хороо Дарь Эхийн уулзварын хойд замд хойноос урагшаа чиглэлтэй явж байтал замын зүүн талд нэг хүн гар өргөөд зогсож байсан ба би тэр хүнийг авъя гэж бодтол эсрэг урсгалаас нэг машин тэр хүний хажууд зогссон. Тэгээд би тэр машины хажуугаар гараад цааш явж байтал замын зүүн талаас нэг хүн машины урдуур зам хөндлөн гараад ирсэн. Би тэр хүнийг хараад сигналдаад тормосоо гишгэсэн чинь машины ABS ажиллаад зогсож чадалгүй баруун гар тал руугаа зугтаалгаж жолоогоо дарсан боловч тэр хүн урдуур алхаад ороод ирсэн ба би тэр хүнийг мөргөөд замын баруун тал руу хашлага даваад буцаад зам руугаа ороод зогссон. Би машинаас буугаад явган зорчигч дээр очиход замын баруун талд шороон дээр унасан байсан ба явган зорчигч дээшээ хараад хэвтэж байсан. Би тэр хүнийг хажуу тийш нь харуулж хэвтүүлээд 102 руу дуудлага өгсөн ба намайг явган зорчигч мөргөх үед гудамжнаас гарч ирж байсан машины жолооч ах 103 руу дуудлага өгөөд байж байтал түргэн тусламж ирээд явган зорчигчийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж ослын газарт үзлэг хийсэн. ...Би яг машинтай зөрөх үедээ л харсан ба явган зорчигчийг хараад сигнал өгч тормос гишгэсэн. Би явган зорчигчийг ойролцоогоор 5 метрийн зайнаас харсан. Би 40-50 км/ц-ийн хурдтай явж байсан. ...Гадаа харанхуй болсон байсан ба намайг Дарь Эхийн 33-ын буудал дээр хүн буулгах гээд явж байхад цас орж эхэлсэн ба зам хальтиргаатай байсан. ...Автомашины зүүн урд хэсгээр явган зорчигчийг мөргөж явган зорчигч мөргүүлээд салхины шилэн дээр цохигдоод машины баруун тал руу газар унасан. Явган зорчигчийн биеийн баруун талаас мөргөсөн. ... Би хохирогчийн эмчилгээнд 937.392 төгрөг зарцуулсан. Мөн бэлнээр 30000 төгрөг хохирогчийн охин Ууганбаярт өгсөн. Мөн 250.000 төгрөгийг хохирогчийн хагалгаа хийсэн эмчид өгсөн. Би хохирогчийг эмнэлэгт хэвтсэнээс хойш эргэж тойрч явж байсан ба эмнэлгээс гарснаас хойш эмнэлэг рүү хүргэж өгч авч байгаа” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-86/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн №2452 тоот:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №1988 тоот:
Авто тээврийн үндэсний төвийн 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 18/6110 тоот дүгнэлт /хх-65-68/,
2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн техникийн шинжээчийн №162 тоот:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6-7/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12/,
Тээврийн хэрэгслийн техникийн гаднах байдлыг шалгасан тэмдэглэл /хх-13/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-28/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-30/,
Н.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-88/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-90/, Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 272 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-100-101/, Н.Б-н хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-105/,
хохирлын баримтууд /хх-46-49/, /хх-111-118/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б: “...Тухайн үед осол болоход шөнийн 04 цагийн үед таксинд явж байгаад Дарь-Эхийн 33-ын уулзвар дээр хүн буулгачихаад буцаад явж байх үед замын зүүн гар талын зорчих хэсгийн зүүн гар талд нэг хүн гараа өргөөд зогсож байсан. Тэр хүнийг авах санаатай хөдөлгөөнөө удаашруулахад өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирж тэр хүний хажууд зогссон. Би таксины жолооч энэ хүнийг авч байгаа юм байна гээд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд цааш явах гэтэл тэр машин надтай зөрсөн. Хохирогч Гэрэлтуяа эгч урдуур гэнэт гарч ирээд эхлээд тормосоо гишгэхэд АВС ажиллаад, сигнал өгөөд баруун тийшээ дарж зугтаахаас өөр арга байгаагүй. Тэгээд зугтаатал Гэрэлтуяа эгч урдуур тэр чигээрээ ороод ирсэн. Би Гэрэлтуяа эгчийг мөргөөд зогсох гэтэл баруун талаас тээврийн хэрэгсэл гарч ирсэн. Би буцаж зам руу орж зогсоод, эргэж гүйж очоод Гэрэлтуяа эгчид анхны түргэн тусламж үзүүлээд, тэр хооронд жолооч 103-т дуудлага өгсөн. Би замын цагдаагийн 102-т дуудлага өгсөн. 103 түрүүлж ирээд Гэрэлтуяа эгчийг аваад явсан. Би цагдаагийн бүрэлдэхүүн ирэхийг хүлээж иртэл нь тэнд байсан. Цаашдаа эмчилгээний зардлын хувьд тодорхой хэмжээгээр тусалж дэмжих үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг авчирч үзүүлсэн юм. 2 сая төгрөгийг машинаа зарж байгаад өгнө гэж хэлсэн. Би өөрөө зүрхний өвчний улмаас группэд орсон. Өвлийн улиралд ажил олдохгүй таксинд явдаг, зундаа ганц нэг ажил олж хийдэг. Зүрхний асуудлаас болж хүнд хүчир ажил хийдэггүй. 5 кг-аас дээш жинтэй зүйл өргөхөд зүрхний хэм алдагддаг” гэж мэдүүлэв.
Шүүх хуралдаанд хохирогч С.Гэрэлтуяа: “Гэмтэл авснаас хойш Б надад хагалгааны төлбөр 450.000 төгрөг өгсөн, эм тариа авч өгсөн. Сая эмнэлэгт хэвтэхэд 100.000 төгрөг өгсөн. Сүүлд гэр орон, хоол хүнсэнд хэрэглээрэй гээд 200.000 төгрөг өгсөн. Надад одоохондоо гомдол санал алга байна. Хөдөлмөрийн чадваргүй болсондоо хэцүү байна. Халамжийн тэтгэвэр бага тогтсон. Үйлчилгээний ажил 600.000 төгрөгийн цалинтай хийдэг байсан. Бас гуйх зүйл бол надад сар бүр тодорхой хэмжээний тэтгэмж өгч баймаар байна. Яагаад гэвэл цаашид рашаан сувилалд явж эмчлүүлнэ. Эмчлүүлээд байвал гайгүй болох байх. Бас гуйх зүйл бол мөнгөн тусламж хүсч байна. Би өөрөө 5 ам бүлтэй. 2 охин, нэг хүүтэй. Нэг охин маань том, бага охин одоо 12 дугаар анги төгсөж байгаа. Хамгийн бага нь 5 настай. Өрхийн орлого бол би л гол үүрэг гүйцэтгэж байсан. Нөхөр маань хамт байдаггүй, хааяа ирдэг, группэд байдаг. Том охин 22 настай” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн уулзварын хойд замд Toyota Prius маркийн 68-13 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 5.2. “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч С.Гэрэлтуяаг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч С.Гэрэлтуяагийн: “...2018 оны 02 сарын 07-08-нд шилжих шөнө яг хаанаас такси барьснаа санахгүй байна. Гэрийнхээ харалдаа ирэхэп нэг хүн гар өргөөд зогсож байх шиг байсан. Тэгээд би таксины жолоочид энд буучихъя гээд гэрийнхээ харалдаа таксинаас буугаад хойд талаар нь тойроод ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлсэн....” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-35-37/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Баярхүүгийн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 03-04 цагийн орчим Баянзүрх дүүрэг 2 дугаар хорооны Дарь Эх рүү эргэх уулзварын хойно 14-88 УНӨ улсын дугаартай Аванте Иксди машинтайгаа замын баруун талын нийтийн байрнаас гарч зам руу орох гэхэд хойноосоо урагшаа чиглэлтэй машин давхиж ирэхээр нь би тэр машиныг гаргачихаад араас нь оръё гэж бодоод байж байтал түс хийх чимээ гараад нөгөө машин хашлага даваад гараад ирсэн юм. Тэгээд би машинаасаа буух гэтэл миний машины хаалганы доор машинд мөргүүлсэн эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд би тэр машиныг хүн мөргөснийг мэдсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-54/,
Мөрдөн байцаалтанд Н.Б-н яллагдагчаар: “...Тэгээд би тэр машины хажуугаар гараад цааш явж байтал замын зүүн талаас нэг хүн машины урдуур зам хөндлөн гараад ирсэн. Би тэр хүнийг хараад сигналдаад тормосоо гишгэсэн чинь машины ABS ажиллаад зогсож чадалгүй баруун гар тал руугаа зугтаалгаж жолоогоо дарсан боловч тэр хүн урдуур алхаад ороод ирсэн ба би тэр хүнийг мөргөөд замын баруун тал руу хашлага даваад буцаад зам руугаа ороод зогссон. Би машинаас буугаад явган зорчигч дээр очиход замын баруун талд шороон дээр унасан байсан ба явган зорчигч дээшээ хараад хэвтэж байсан. Би тэр хүнийг хажуу тийш нь харуулж хэвтүүлээд 102 руу дуудлага өгсөн ба намайг явган зорчигч мөргөх үед гудамжнаас гарч ирж байсан машины жолооч ах 103 руу дуудлага өгөөд байж байтал түргэн тусламж ирээд явган зорчигчийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж ослын газарт үзлэг хийсэн. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-86/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн №2452 тоот: С.Гэрэлтуяагийн биед зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун атгаал ясны далд хугарал, аарцаг ясны хугарал, духанд гүн шарх, хоёр нүдний зовхи, зүүн бугалга, зүүн гуя, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, хамар, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-56-57/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №1988 тоот: Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. “С.Гэрэлтуяа” гэж хаягласан цусанд спиртийн 3,2 промилли агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 3,2 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-60/,
Авто тээврийн үндэсний төвийн 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 18/6110 тоот дүгнэлт /хх-65-68/,
2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн техникийн шинжээчийн №162 тоот: Toyota prius маркийн 68-13 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Норов овогтой Бн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А. Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2 “Хол ойрын гэрлийн тохиргоо алдагдсан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...Явган зорчигч Сүхбаатар овогтой Гэрэлтуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарч ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.г-д заасан “Өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх-74-75/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6-7/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12/,
Тээврийн хэрэгслийн техникийн гаднах байдлыг шалгасан тэмдэглэл /хх-13/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-28/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-30/ зэргээр нотлогдон тогтоогдов.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Н.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Н.Б нь гэмт хэрэгт шийтгэгдэж байсан зүйл харагддаг боловч түүнээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, захиргааны зөрчил гаргаагүй. Хувь хүн талаасаа төлөвшсөн ажил хийдэг, ам бүл тавуулаа, эхнэр хүүхдээ тэжээдэг залуу юм. Өмнө үйлдсэн хэрэг уг хэрэгт ямар нэг байдлаар нөлөөлөхгүй болов уу гэж үзэж байна. Хуульд заасны дагуу хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. Ажил хийж цаашид хохирогчид туслах боломжийг гаргаж шийдэж өгнө үү” гэсэн саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.Баттулгыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1803000010140 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг /Си Ди/ хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хохирогч С.Гэрэлтуяа гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан хүнд гэмтлийг цаашид эмчлүүлэхэд зарцуулсан эмчилгээний зардал буюу гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Н.Бас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Н.Б-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Н.Б-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Н.Бд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Хохирогч С.Гэрэлтуяа гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан хүнд гэмтлийг цаашид эмчлүүлэхэд зарцуулсан эмчилгээний зардал буюу гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Н.Б-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си Ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД