Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1218

 

 

 

           

     2024           11             05                                     2024/ДШМ/1218

 

Ж.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э,

яллагдагч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Мянган,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1567 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор У.Анхжаргалын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Ж.Бд холбогдох 2301000320036 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

 

Яллагдагч Ж.Б нь үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашигт малтмал газрын тосны харьяа Уул, уурхай газрын тосны төв лабораторийн шинжилгээ хариуцсан шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шинжилгээ хийх нэрийдлээр бусдыг хуурч, үнийн саналыг өөрчлөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тусгай бодис, шингэн ашигласан тайланг гарган, Төрийн сангийн данснаас хуулийн этгээдүүдийн данс руу 428.484.025 төгрөгийг орлогодож оруулан, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хувь хүн болон хуулийн этгээдийн данснуудаас гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн Хаан банкны ...... тоот, Худалдаа хөгжлийн банкны .......... тоот дансаар нийт 350.005.070 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Яллагдагч Ж.Б 428.484.025 төгрөгөөс 2021-2023 онд байгууллагадаа 273.624.000 төгрөгийг урвалж бодис, хий, нэг удаагийн багаж зэрэг зүйлсийг худалдаж авсан, үлдэгдэл нь 51.088.300 төгрөг үлдсэн гэж мэдүүлсэн. Гэтэл энэ тэрээр ямар нэг мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байна. Жишээ нь байгууллагын санхүү, бүртгэлд үзлэг хийж яллагдагчийн худалдан авсан гэх эд зүйлс хэзээ, ямар хэмжээгээр, орлогодсон, ямар шинжилгээнд хэд нь зарцуулагдсан, хэр хэмжээтэй үлдсэн зэргийг тогтоогоогүй санхүү бүртгэлийн ямар нэг баримтгүй байна. Эдгээрийг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай юм.

Энэ гэмт хэргийн хохирлын хэмжээг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Дэлгэрмаагийн гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 47240018 дугаар мөрдөгчийн магадалгааг үндэслэн тогтоох боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг энэ хэрээр дутуу хийж гүйцэтгэсэн буюу нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж ирүүлээгүй байна.

Иймд яллагдагч Ж.Бд холбогдох хэрэгт хохирлын хэмжээг тусгай мэдлэг бүхий эдийн засгийн шинжээч томилон дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бүрэн, бодитой, үнэн зөв тогтоосноор яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэлийг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаар яллагдагч Ж.Бд холбогдох хэргийн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал яллах дүгнэлтэд гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирлын талаар тодорхой бичих ёстой. Гэтэл прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад Ж.Б нь үргэлжилсэн үйлдлээр албан тушаалаа ашиглаж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж ерөнхий байдлаар гэмт хэргийн шинжийг тоочин бичсэн байна.

Яллагдагч Ж.Б нь хэзээнээс хэзээ хүртэл хэнийг яаж хуурсан, ямар үйлдлээр хохирол учруулсан эсэх нь яллах дүгнэлтээс харахад ойлгомжгүй байна. Гэмт хэрэг хэзээ, ямар байдлаар гарч хаана төгссөн, ямар хохирол, хор уршиг учруулсан болохыг бүрэн тодорхойлоогүй байна. Мөн бодис авах зорилгоор ямар баримтыг бүрдүүлж энэ гэмт хэргийг үйлдсэн зэрэг хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирлыг тодорхой тусгаагүй байна гэж дүгнэв.

Энэ нь гэмт хэргийг бүрэн шалгаагүйтэй холбоотой байна гэж үзлээ. Мөн яллагдагч Ж.Бд холбогдох хэргийн 2, 3, 4, 5 дугаартай хавтаст хэрэгт авагдсан байгаа баримтуудыг нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болдоггүй учраас эдгээр баримтыг ямар 4 байгууллагаас, ямар зорилгоор, яаж авсан эсэх нь тодруулж, нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлэх нь зүйтэй. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, яллагдагч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар яллагдагч Ж.Бгийн ....... УБУ улсын дугаартай, хар саарал өнгийн Приус-30 загварын тээврийн хэрэгсэл, иргэн Ж.Дэмбэрэлийн ........... УАВ улсын дугаартай, цайвар ногоон өнгийн Приус-30 загварын тээврийн хэрэгсэл, иргэн Х.З өмчлөлийн Улаанбаатар хот, ....... тоот хаягт байрлах 55.42 метр квадрат, Улсын бүртгэлийн ............дугаартай орон сууцны шилжилт хөдөлгөөнүүдийг тус тус хязгаарласан, Арилжааны банкнуудаас албан тоотын хамт ирүүлсэн дансны хуулга бүхий 5 ширхэг СиДи ирүүлснийг хэргийн хамт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор У.Анхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох * 2 0 0 0 П 1 5 боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно.” гэж, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ" гэж, 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно" гэж тус тус заасан. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Дэлгэрмаа нь өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд мөрдөгчийн магадалгаа гаргасан бөгөөд тухайн магадалгаа нь зохих шалгуурыг хангасан, мөн энэ хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээчийн дүгнэлтэд авагдах зүйлийг тусгасан байна. Яллагдагч Ж.Бд холбогдох хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын дүнг гаргахад хуульд заасан тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай гэж үзэх үндэслэлгүй бөгөөд мөрдөгчийн магадалгаанд эргэлзээ бүхий нөхцөл байдал, хохирлын хэмжээг үнэн зөв, бодитой тогтоогоогүй талаар, шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон бөгөөд хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтууд нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шүүх бүрэн шийдвэрлэх боломжтой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан яллах дүгнэлтэд бичих шаардлагатай зүйлүүдийг прокурор тусгаж бичсэн болохыг дурдах зүйтэй байна.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, прокуророос яллаж буй баримтуудыг няцаан үгүйсгэж чадаагүй атал 2, 3, 4, 5 дугаартай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй эсхүл хэрэгт цугларсан баримтууд бүхэлдээ шаардлага хангахгүй эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Шүүхийн ийнхүү хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох арван тохиолдлыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тодорхой заасан ба хуульд тусгайлан нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцож, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болно. Тодруулбал, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ бөгөөд анхан шатны шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмал газрын тосны газрыг төлөөлж хохирогчоор томилогдон оролцож байна. Хавтаст хэргийн материал хангалтай цугларсан. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч Ж.Бгийн өмгөөлөгч Б.Мянган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн захирамжийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Прокурорын хэлээд байгаа мөрдөгчийн магадалгаа бол мөнгөн урсгал дээр дүгнэлт гаргасан. Мөнгө байгууллагын данснаас гараад ямар байгууллагад шилжээд улмаар ямар данс руу орсон талаарх мөнгөн урсгалын дүгнэлт гаргасан. Энэ талаар маргахгүй байгаа. Ямар зүйл дээр маргаж байна гэхээр эрх бүхий байгууллагаас биш, өөр тодорхой журмуудад заасан төрийн хөрөнгөөр борлуулагдаг. Худалдах, худалдан авах тухай хууль тогтоомжоор бус хүний гараас бодис, хий зэргийг худалдаж авч байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэж байгаа. Зарцуулалтын талаарх дүгнэлтийг эдийн засгийн шинжээч дүгнэлтээр тогтоож өгнө үү. Ж.Бгийн тооцоолсоор 2021-2023 онд 273.645.000 төгрөгийн эд зүйлийг байгууллагад орлогод оруулсан. Тэр бүтээгдэхүүнээр шинжилгээ хийгдэж бүтээгдэхүүн болж гарсан. Хууль бус аргаар орж ирсэн гэсэн ч тухайн үнийн дүн гаргах нь Ж.Бгийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой. Албан ёсоор санхүүгийн шинжээч томилж тодорхой болгох шаардлагатай байгаа. Хэрэг шалгагдаж байх үед олон хавтас баримтуудыг мөрдөгч хурааж авсан. Тухайн баримтуудыг хэрэгт хийхгүйгээр дансны хуулга дээр дүгнэлт гаргасан. Нэр бүхий 4 компанийн дансаар мөнгө шилжүүлж авдаг. Тухайн компаниуд нь 10-18 хувийг суутгаж аваад мөнгийг шилжүүлсэн. Энэ компаниудыг иргэний хариуцагчаар татагдах ёстой. Энэ талаар санхүүгийн шинжээч дүгнэлт гаргах ёстой. ...” гэв.

Яллагдагч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар яллагдагч Ж.Бд холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Яллагдагч Ж.Б нь үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашигт малтмал газрын тосны харьяа Уул, уурхай газрын тосны төв лабораторийн шинжилгээ хариуцсан шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шинжилгээ хийх нэрийдлээр бусдыг хуурч, үнийн саналыг өөрчлөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тусгай бодис, шингэн ашигласан тайланг гарган, Төрийн сангийн данснаас хуулийн этгээдүүдийн данс руу 428.484.025 төгрөгийг орлогодож оруулан, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хувь хүн болон хуулийн этгээдийн данснуудаас гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн Хаан банкны ........... 5 тоот, Худалдаа хөгжлийн банкны .......... тоот дансаар нийт 350.005.070 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, анхан шатны шүүх хохирлын хэмжээг мөрдөгчийн магадалгааг үндэслэн тогтоох боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсэн буюу нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж ирүүлээгүй, хаана, хэзээ, хэрхэн яаж, ямар хохирол учруулсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай талаар хэргийг прокурорт буцаасан захирамжид заасан нь үндэслэлтэй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах” зорилтод нийцнэ.

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, хэн үйлдсэн, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлын хүрээнд үйл баримтыг тодруулан бүрэн шалгах шаардлагатай гэж үзлээ. 

Дээрх үндэслэлүүдээр прокурор У.Анхжаргалын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1567 дугаар захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1567 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор У.Анхжаргалын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Яллагдагч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ