Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00644

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00644

 

 

                

“Т.К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00089 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Т.К” ХХК-ийн хариуцагч “Э.Т” ХХК-д холбогдуулан гаргасан гүйцэтгэсэн ажлын хөлс болон бараа материалын үнэд 73,107,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гарсан зардал, хохирол, кабель утасны үнийн үлдэгдэлд нийт 210,511,915 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, Ч.Мөнх-Ачит, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Наранбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т.К” ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Т.К” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дотор заслын ажил гүйцэтгэх гэрээг “Э.Т” ХХК-тай байгуулсан. Бид гэрээндээ 10 хувийн урьдчилгаа авна гэж тохирсон боловч урьдчилгаа олгогдохгүй явж байгаад 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “115,750,000 төгрөгт үнэлэгдэх кабель утсыг өгье, бэлэн мөнгө байхгүй, танайх кабелийн утсаа зараад ажилчдынхаа цалинг тавьж болох уу” гэсэн яриа өрнөөд манайх “мөнгө байхгүй бол байгаа зүйлийг нь авъя” гэсэн. Бид материалыг “Э.Т” ХХК-аас шаардаж нэхэмжилж байсан ба тухайн үед агуулахад нь бараа материал нь хомс байсан учраас манайхаас ажлаа графикийн дагуу явуулж чадаагүй. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болоод материал нь бороонд норчихсон ирдэг байсан. Хэрэглэгдэх боломжгүй материал байна гэж хэлэхэд аргалаад хий гэж хэлдэг байсан. Хийцийн буруугаас болж замаск хуулрахгүй, бараа материалын чанараас шалтгаалдаг. Одоо хийсэн ажлын хөлсний үлдэгдэл 67,425,000 төгрөг, нийлүүлсэн паркетан шал болон шалны хүрээний үнэ 5,682,000 төгрөг, нийт 73,107,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд ямар ч санхүүжилтын график байхгүй. Өөрсдөө хүсэлт гаргаад кабелийн утас авсан. Бараа материал үрэгдүүлсэн байсныг амаар хэлж байсан. Манайд бараа материал дутсан зүйл байхгүй. Бид барилгын стандартын гэрчилгээтэй барааг гэрээт байгууллагаасаа авч байсан. Манайх 5,000,000 төгрөгийн шалны материал авсан нь үнэн. Тэр мөнгөө кабелийн үнэ болох 119,750,000 төгрөгөөс хасаж болно гэжээ.

 

3. Хариуцагч “Э.Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Кабелийн утасны үнэ, хохирол, нэмж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг нэхэмжилж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн нийт үнийн дүн 220,220,273 төгрөгөөс тухайн ажлыг дахин засварлуулсан ажлын төлбөрт 10,250,000 төгрөг, эвдэж гэмтээсэн бараа материалыг дахин худалдаж авсан үнэ 8,881,325 төгрөг, үр ашиггүй зарцуулсан бараа материалын үнэ 26,966,000 төгрөг, чанаргүй алдаатай хийсэн ажлыг дахин засварлуулсан ажлын хөлс 58,372,950 төгрөг, нийт 104,470,275 төгрөг болж байгаа ба “Т.К” ХХК-ийн гүйцэтгэсэн 4,026,360 төгрөгийг хасаад 100,443,915 төгрөгийн хохирол учирсан. Манайх гэрээт ажлын хөлсөнд төлсөн 115,750,000 төгрөгөөс паркетан шал нийлүүлсэн 5,682,000 төгрөгийг хасаад 110,068,000 төгрөг болж байгаа ба нийт авлагын дүн 210,511,915 төгрөг болж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч компанийн зүгээс ажлаа царгалдуулсан гэж байгаа боловч захиалагч нь шаардлагатай бараа материалыг цаг хугацаанд нь нийлүүлээгүй. Нийлүүлсэн бараа материал нь чанарын шаардлага хангаагүй. Цаг хугацааны алдагдалд орж ажлын гүйцэтгэлд нөлөөлсөн захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдсан. Анх ажил хүлээж авахад цонхны зарим хэсэг хагарсан байсан. Манай компанийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ямар нэгэн байдлаар цонх, цонхны тавцан хагалж сүйтгээгүй. Гипсэн хананд залгааны тор нааж, канап чигжээс хийж, нэг үе замаск татаж, засаж сайжруулсан болохоос гипсэн хана бохирдуулсан зүйл огт байхгүй. Зөвхөн ажлаа гүйцэтгэхийн тулд хураасан плитаг 1-2 метр зөөсөн болохоос плитаг хагалсан зүйл байхгүй. Хариуцагч нь үр ашиггүй зарцуулсан бараа материалын үнэ 26,966,000 төгрөг нэхэмжилсэн боловч захиалагчийн нийлүүлж байсан бараа материал хуурай явцын бараа материал буюу хар замаск, цагаан замаск, цемент нь чанарын шаардлага хангаагүй. Авсныг нь шууд хэрэглэх боломжгүй байсан учраас 2-3 удаа шигшиж хэрэглэж байсан. Бидний 3-4 сарын ажлыг 4,026,360 төгрөгөөр үнэлж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 355.2.2 дахь хэсэгт  зааснаар хариуцагч “Э.Т” ХХК-аас 28,108,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т.К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44,998,700 төгрөгийг, мөн “Т.К” ХХК-аас 210,511,915 төгрөг гаргуулахыг хүссэн “Э.Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 523,485 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,210,510 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эсү трейд” ХХК-аас 298,491 төгрөг гаргуулж “Т.К” ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

            6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэсэн хуулийн заалтаар шинжээч дүгнэлт гаргах ёстой. Гэтэл “Хөрөнгө Эстимейт” ХХК нь хөрөнгийн тайлан гаргасан бөгөөд Алтанбогд цогцолбор С блок бүхэлд нь хийсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бол С блок тодорхой давхруудыг нэрлэсэн байхад шүүхээс шинжээч томилохдоо С блок бүхэлд нь хэдэн хувьтай ажил хийгдсэн талаар шинжээчийн дүгнэлт  гаргуулахаар захирамждаа дурджээ. “Хөрөнгө Эстимейт” ХХК нь хохирлын үнэлгээний тайлан хийж ирүүлсэн байх бөгөөд энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргахад анхан шатны шүүх хүсэлтийг шийдэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасан “Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно” гэсэн заалтыг хэрэгжүүлэх боломжтой байхад хэрэглээгүй нь буруу болсон. Учир нь:

а/ Шинжээч нь үнэлгээний тайландаа “Энэхүү үнэлгээний ажлыг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/, Үнэлгээний олон улсын стандарт-2020 ... баримтлан хийсэн болно” гэж мэдэгдэл гаргасан. “Э.Т” ХХК болон “Т.К” ХХК-ийн хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүссэн өр төлбөрийн дүнг /үнэ цэнийг/ “ҮОУС 2020 Санхүүгийн бус өр төлбөр” стандартыг баримтлан тооцоолох ёстой байтал үл  хөдлөх хөрөнгийн хувь оролцооны /өмчлөх эрхийн/ үнэ цэнийг тооцоолоход ашиглах зориулалттай “ҮОУС 400 Үл хөдлөх хөрөнгийн хувь оролцоо” стандартыг баримтлан үнэлгээг гүйцэтгэсэн алдааг шинжээч гаргасан.

б/ Шинжээчийн үнэлгээний тайланд тусгагдсан тоон мэдээлэл /үүнд: шүүгчийн тавьсан 1 дүгээр асуултын хариултад тусгагдсан тоон мэдээлэл, үнэлгээний тайлангийн хүснэгт 3-т тусгагдсан тоон мэдээлэл/-ийг хэрхэн тооцоолж гаргасан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

в/ Шинжээч нь хэргийн оролцогч талуудын маргаж буй ажлын жагсаалтад байхгүй буюу орон сууцны дотор, гадна аль ч хаалга суулгаагүй байх үед биет үзлэг хэмжилтийг хийсэн атлаа хаалганы дотор, гадна талын амалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн гэж зохион гарган ирж, шинжээчийн биет үзлэг хэмжилтээр 105.8 м.кв талбайтай байсан мэтээр тооцоолон илт худал буюу бодитой бус үнэлгээний тайланг бэлтгэсэн гэж үзэж байна.

г/ Мөн түүнчлэн шүүхээс шинжээч томилж дүгнэлт гаргахыг даалгасан байхад шинжээч нь хохирлын үнэлгээний тайлан гаргасан байх бөгөөд үүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. УДШ-ийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийн талаар анхаарах зарим асуудал зөвлөмжид “үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээний үндсэн дээр хөрөнгийн үнэлгээ хийвэл үнэлгээний тайлан, харин эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээ хийвэл шинжээчийн дүгнэлт гаргах бөгөөд эдгээр нь хоорондоо ялгаатай” гэж заасан байна. 

д/ Шинжээч доголдолтой ажлын хувиас дутуу  хийгдсэн ажлын хувийг хасаад хийж гүйцэтгэсэн ажил гэж дүгнээд байгаа ба шүүх 30.74 хувийг доголдолгүй хийж гүйцэтгэсэн ажил гэж үзэж гэрээний үнийн дүнд хувилж бодоод байгаа нь шүүх хэт нэг талыг барьж шийдсэн, доголдолтой ажлын үр дүнг хүлээж авахыг шаардсан гэж үзэхээр байна. /Учир нь тайлангаас харвал энэ нь хийж гүйцэтгэсэн ажил биш, доголдолтой ажлаас дутуу хийгдсэн ажлыг хассан дүн байна/

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд кабелийн утасны үнэ болон манайд хохирол учруулж нэмж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл нийт 210,511,915 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх гэрээний үнийн дүнгийн 25 хувьд цахилгааны кабелийн утас бартераар авсан тул нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн ба бусад шаардлагыг нотлогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд харилцсан албан тоотод хариуцагч тал ажил гүйцэтгэлийг 18 хувьд хүргэснээ хүлээн зөвшөөрсөн. Мөн ажлын гүйцэтгэлийг 40 хувьд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч баримтыг өөртөө авч үлдсэн. Хариуцагчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн албан тоотоор нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд ямар доголдол байгаа талаар дурдаагүй. Хариуцагч талаас дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд 2 удаа гаргасан бөгөөд энэ талаар давж заалдах гомдол гаргасан. Гэтэл дахин шинжээч томилогдлоо гэхэд дүгнэлт гарах ямар ч боломжгүй гэдгийг хариуцагч тал сайн мэдэж байгаа. Учир нь тус барилга ашиглалтад орох буюу улсын комисс хүлээж авахад бэлэн болсон бөгөөд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил дээр нэмж ажил хийж гүйцэтгэсэн учир шинжээч ажиллах ямар ч боломжгүй юм. “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан агуулгыг бүрэн тусгасан. Шинжилгээний явцад хэрэглэсэн арга, аргачлал тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт бүхий материалаас гадна үзлэг хийхэд, нэхэмжлэгч болон хариуцагч нарын өмгөөлөгч, төлөөлөгч нарыг байлцуулсан бөгөөд нэг бүрчлэн. Иймд хариуцагчийн гаргаж байгаа гомдол үндэслэлгүй. Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “Т.К” ХХК нь 36.76 хувийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс доголдолтой хийсэн ажил 6.02 хувь, нийт гүйцэтгэсэн ажлаас тухайн доголдолтой ажлыг хасаад 30.74 хувийн ажлыг “Т.К” ХХК хийж гүйцэтгэснийг тогтоосон. Хэрэгт авагдсан баримтуудаас дурдьдхад нэхэмжлэгч 40 хувь гэж авч үзээд үнийн дүнг нэхэмжилсэн. Хариуцагч 2020 оны 08 дугаар сарын 27-нд ирсэн албан тоотод 18 хувь гэж үзсэн. Шүүхэд ирүүлсэн баримт үнэлгээгээр 4 хувь гэж үзсэн. Одоог хүртэл шинжээчийн дүгнэлтээс аль хэсэг нь яагаад үндэслэлгүй болсон талаар тайлбарлаж тодруулж хэлдэггүй. Анх шинжээч томилоход ямар нэгэн өөрчлөлт ороогүй байсан бөгөөд 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өөрчлөлт орсон учир дахин шинжээч томилох боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Мөн арга хэрэгслийг шинжээч асуулт бүрдээ тодорхой тавьсан. Бараа материал болон ажлын хөлсний дүнг гаргахдаа захиалагч зээлийн үнэлгээг харгалзаж үзсэн. Иймд хариуцагчийн үндэслэл нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш юм гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Т.К” ХХК хариуцагч “Э.Т” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс болон бараа материалын үнэд 73,107,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хохирол 100,443,915 төгрөг, ажлын хөлсөнд төлсөн 110,068,000 төгрөг, нийт 210,511,915 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

3. Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч “Т.К” ХХК нь Алтанбогд цогцолбор хорооллын үйлчилгээтэй орон сууцны дотор засал нийт 2664 м.кв талбай бүхий 00 өрөөний хана, шал, тааз, эмульс болон С блокийн дотор заслыг бүхэлд нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ныг дуустал хийж гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор ажил үйлчилгээний төлбөр 449,500,000 төгрөг төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн, захиалагч 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа 115,750,000 төгрөгт тооцон кабел утас өгчээ.

4. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа 115,750,000 төгрөгт тооцон кабель утас хүлээлгэн өгсөн, үлдэх санхүүжилтыг олгоогүй үндэслэлээр 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гүйцэтгэгч гэрээг цуцалж, гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 67,425,000 төгрөг, материалын үнийн хамт нийт 73,107,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

5. Хариуцагч “Э.Т” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 68,622,950 төгрөг, эвдэж гэмтээсэн материалын үнэ 8,881,325 төгрөг, үр ашиггүй зарцуулсан материалын үнэ 26,966,000 төгрөг, ажлын хөлсөнд шилжүүлсэн 115,750,000 төгрөг, нийт 220,220,275 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын хөлс 4,026,360 төгрөг, гүйцэтгэгчийн гаргасан материалын үнэ 5,682,000 төгрөгийг тус тус хасаж, 210,511,915 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар маргажээ.

6. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээх талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зохицуулжээ.     

          7. Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, захиалагч  гүйцэтгэсэн ажил доголдолтой үндэслэлээр, гүйцэтгэгч санхүүжилт олгоогүй үндэслэлээр талууд гэрээг цуцалж, гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлс болон материалын үнийг шаардсан нь хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтад үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 28,108,300 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

          8. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий болжээ.   

          9. Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.     

          1-рт “Шинжээч доголдолтой ажлын хувиас дутуу  хийгдсэн ажлын хувийг хасаад хийж гүйцэтгэсэн ажил гэж дүгнээд байгаа ба шүүх 30.74 хувийг доголдолгүй хийж гүйцэтгэсэн ажил гэж үзэж гэрээний үнийн дүнд хувилж бодоод байгаа нь шүүх хэт нэг талыг барьж шийдсэн, доголдолтой ажлын үр дүнг хүлээж авахыг шаардсан гэж үзэхээр байна” гэжээ.

Шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэсэн ажлын 36.76 хувь нь доголдолтой, 6.02 хувь нь дутуу хийгдсэн гэснээс үзэхэд 57.22 хувийн ажлыг доголдолгүй хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Харин анхан шатны шүүх доголдолгүй хийж гүйцэтгэсэн ажлыг шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээгээр буюу 30.74 хувиар тооцож гаргуулсан байх ба энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.     

2-рт: “кабелийн утасны үнэ болон манайд хохирол учруулж нэмж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл нийт 210,511,915 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх гэрээний үнийн дүнгийн 25 хувьд цахилгааны кабелийн утас бартераар авсан тул нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн ба бусад шаардлагыг нотлогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд заасан дахин засварлуулсан болон бараа материалыг эвдэж гэмтээсэн, үр ашиггүй зарцуулсан гэх гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Мөн доголдолгүй гүйцэтгэсэн ажлын хэмжээг шинжээчийн дүгнэлтэд заасан 30.74 хувиар тооцоход ажлын хөлс 138,176,300 төгрөг болж байх тул захиалагчийн ажлын хөлсөнд төлсөн 115,750,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчээс буцаан гаргуулах үндэслэлгүй байна.

10. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00089 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч “Э.Т” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Э.Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,210,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                             Д.НЯМБАЗАР

  

                                                                           Д.БЯМБАСҮРЭН