| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 2415000000004 |
| Дугаар | 2024/ДШМ/30 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/30
Д.Цэнгэлд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Гантулга,
Шүүгдэгч Д.Цэнгэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул,
Хохирогч Ж.Батцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нарыг оролцуулан
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Э.Энэрэл, шүүгч С.Ёндонсамбуу нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.Цэнгэл, түүний өмгөөлөгч О.Сарантуул, хохирогч Ж.Батцэцэг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Цэнгэлд холбогдох эрүүгийн 2415000000004 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Даваасүрэнгийн Цэнгэл...
Д.Цэнгэл 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Сайхан сумын Хульж 3 дугаар багийн нутаг “Бор нуруу” гэх газарт эхнэр Ж.Батцэцэгийн хамт гэртээ байхдаа хэрүүл маргаан үүсгэж, улмаар мах идэж байсан хутгатай гараараа Ж.Батцэцэгийг цаашаа бол гэж түлхэх явцад түүний хэвлий хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн судас тасарсан гэмтэл, хэвлий хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас Д.Цэнгэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Даваасүрэнгийн Цэнгэлийг зэвсэг хэрэглэж хүний мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Цэнгэлийг 3 /гурав/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэнгэлд оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Цэнгэл нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьж,
Шүүгдэгч Д.Цэнгэл нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ж.Батцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай ажлын хэсгийн урт 15 см, бариулын урт 11 см урттай модон иштэй хутгыг 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгаж,
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч Ж.Батцэцэг давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие шийтгэх тогтоолтой танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Миний нөхөр Д.Цэнгэлд тус шүүхийн тогтоолоор 3 жил 4 сарын хорих ял оногдуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие эрүүл мэндийн хувьд эрүүл саруул болсон, хөдөө гэртээ малаа маллаад байж байгаа. Хүүхдүүдээ ч сургуульд нь явуулж чадахгүй, өвлийн бэлтгэл ажил, өвс, тоос, мод түлээ, малын тэжээлээ ч бэлтгэж чадахгүй бага насны хүүхэдтэйгээ үлдсэн. Өндөр настай ээж маань ч сэтгэл хэцүүдэж бие нь сайнгүй байнгын эм тариа хэрэглэж өдөр хоног өнгөрөөж байна. Миний нөхөр намайг алах ямар ч санаа агуулаагүй байсан гэдгийг би маш сайн мэднэ ээ. Зөвхөн намайг өөрөөсөө холдуулах гээд хутгатай гараар түлхсэн юм. Тэгээд хутганд нь би өртсөн. Уг нь анх прокуророос миний зүй бус үйлдлээс болж энэ хэрэг гарсан гэж дүгнэн 11.2 гэх зүйл заалтаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж миний нөхрийг шоронд хорьсонд гомдолтой байна.
Бид гэр бүл болоод 27 жил амьдарч 4 хүүхдийн эцэг эх болж нутаг усандаа нэр төртэй сайхан амьдарч байсан. Нөхөр маань үг дуу цөөтэй, хэрүүл маргаан хийдэггүй томоотой хүн. Миний тэнэг ааш, уур уцаар нөхрийгөө ийм байдалд хүргэсэн. Иймд тус хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. “ гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д. Цэнгэлд холбогдох хэргийн талаар анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт:
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Д.Цэнгэл ....гэх газарт эхнэр Батцэцэгтэй маргалдаж, мах идэж байсан хутгатай гараараа хатгасан үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь ...хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д. Цэнгэл нь эхнэр Батцэцэгийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний хүсэж үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Гэм буруугийн шууд санаа гэдэг нь өөрийн үйлдэл эс үйлдэхүй аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд хор уршиг учрах зайлшгүй, учрахыг мэдсэн атлаа тэр хор уршиг хүсэж үйлдсэн байхыг ойлгоно гээд шүүгдэгч Д.Цэнгэл мах идэж байсан хутга нь гарт нь байсан гэдгийг мэдэж байсан, хутгатай гараараа хатгах үйлдэл хийхэд хүний эрүүл мэндэд хор уршиг учирна гэдгийг ухамсарласан байна. (тогтоолын 6-р тал)
Д.Цэнгэл нь эхнэр Батцэцэгийн хэвлий хэсэгт хутгаар хутгалсан үйлдлээ, уг үйлдлийн улмаас Батцэцэг гарч явсныг анхнаасаа мэдэж байсан бөгөөд Д.Цэнгэлийн эхнэрээ хутгалсан гэдгээ мэдээгүй гэх нь үгүйсгэгдэж байна.
Д.Цэнгэл уурлаж бухимдсан үедээ Батцэцэгтэй маргалдаж, мах идэж байсан хутгатай гараараа биед нь халдахад хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх хэдий ч, түлхэх үйлдэл хийсний улмаас хүнд гэмт учруулсан нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэртэй ......... яллах дүгнэлт үндэслэлтэй байна гээд ЭХ-ийн 11.1.2.4-д зааснаар гэм буруутайд тооцов гэсэн.
ЭХ-ийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухайд:
Шүүх хуралд Д.Цэнгэл, түүний өмгөөлөгчийн хувьд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болсон үйл баримтын хувьд мах идэж байсан хутгатай гараараа цаашаа бай гэж түлхсэн Батцэцэг хатгагдсан, гэмтэл авсан, эмнэлэг дуудсан, эмнэлэгт хэвтсэн талаар ямар нэгэн мэтгэлцэхгүй үйл явдал болсныг хүлээн зөвшөөрсөн юм.
Үйл явдлыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн хохирогч Ж.Батцэцэгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ би хажууд нь очоод хэрүүл хийгээд байхад Д.Цэнгэл мах идэж байсан хутгатай гараараа намайг цаашаа гээд түлхсэн тэгсэн гэдэс рүү хутга орчих шиг болсон гэх мэдүүлэг,
Мөн Д. Цэнгэлийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлэг авахад “...миний хажууд ард, хажууд ирсэн хэрүүл хийгээд зогсоод байхаар нь би мах идэж байсан хутгатай гараapaa түлхсэн чинь эхнэр хутга орчлоо шүү дээ гээд гараад гүйсэн, би баахан балмагдаад, ухаан санаа орж гарсан. Араас нь гарсан гэсэн мэдүүлгээс үзэхэд" уг мэдүүлгийн явцад шүүгдэгчийн санаа, хүсэл зориг нь юу байв, тухайн үед хутганд Батцэцэг өртчих вий гэдэг бодол ухамсар байсан эсэх тэр талаар хэрхэн бодож байсныг огт асууж тодруулаагүй байдаг.
Шүүх хуралдаанд мэдүүлсэн Д.Цэнгэлийн мэдүүлэг нь гараараа түлхсэн гэтэл хутга орчлоо гэсэн ... би тухайн үед эхнэрийгээ гэсэн огтхон ч бодол санаа байгаагүй гэдэг, мөн хохирогч Батцэцэг мэдүүлэхдээ нөхөр намайг зодож байгаагүй, ...rapaap түлхсэн. Орчлоо гэж хэлээд би гарсан.
Шүүх хуралдаанд өгсөн эдгээр мэдүүлэг тайлбараас харахад үйл баримт болсон тухайн үеийг зөрүүгүй мэдүүлжээ.
Ийнхүү мэдүүлэхдээ нэг нь нөгөөгөө мах идэж байсан хутгатай гараараа түлхсэн, нөгөөдхөө хажууд ирэх үед нь цаашаа гээд түлхэх үед хутганы үзүүр биед оржээ.
Гэтэл Д. Цэнгэл нь энэ үйлдлийн улмаас Батцэцэгийг гэмтэнэ гэдгийг урьдаас мэдэж, хүсэж, зориуд хүргэсэн гэдэг нь тодорхой харагдахгүй байна. Хохирогч Батцэцэг ч Цэнгэлийг өөр рүү нь хутгалсан гэж огт мэдүүлээгүй байна.
Иймээс Д.Цэнгэл мах идэж байсан хутгатай гараараа цаашаа гээд түлхэж буй үйлдлийн үр дагаврыг урьдчилан харах боломжтой ч харж чадалгүйгээр хор уршигт хүргэсэн байна гэж үзэх бүрэн боломжтой байна.
Энэ нь Д.Цэнгэлийн мэдүүлэгт буй Батцэцэг хутга орчлоо гэсэн, би балмагдаад хутгалчхаж байгаа юм байхдаа гээд орж гараад байсан гэснээс нь харахад Д.Цэнгэл өөрийн үйлдлийн үр дагаврыг урьдчилан тооцож хараагүй нь энэ мэдүүлгээс харагдаж байна.
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах дах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12 тоот магадлалд Д.Цэнгэлийн үйлдсэн хэрэг нь ЭХ-ийн 11.3.1-д заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн шинжийг агуулж байгаа гэж үзэж дүгнэж байсан байна. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг ДЗШ-ны шүүхээс зөрүүтэй тайлбарлаж, хэрэглэж байна.
Иймээс анхан шатны шүүхийн тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Д.Цэнгэлийг ЭХ-ийн 11.1.2.4-р гэм буруутайд тооцон, 3 жил 4 сар хорих ял оногдуулсныг ЭХ-ийн 11.3-р гэм буруутайд тооцон ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.Цэнгэл давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Цэнгэл Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан шийтгэх тогтоолыг аваад энэхүү өргөдлийг гаргаж байна.
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манайд хүмүүс ирсэн. Дараа нь Түвшинжаргал Эрдэнэтээс ирээд эхнэр Батцэцэг, Түвшин бид 3 манай хонин дээр очоод архи уусан. Халцгаасан. Дараа нь гэртээ ирсэн.
Гэрт ирсний дараа эхнэр маань надад байн байн, ингэсэнгүй, тэгсэнгүй гээд уурлаад зогсоо зайгүй хажууд ирээд хэрүүл өдөөд байсан. Би ер нь аль болохоор уурлаж байхад нь дуугай л байдаг юм л даа. Тэгээд Батцэцэгийг чи алив, цаашаа л даа гээд мах идэж байсан хутгатай гараараа түлхсэн юм. Тэгсэн хутга орчих шиг боллоо гээд эхнэр гүйгээд гарсан.
Ингээд хойноос нь гарч хайтал өвсний хашаанд орсон байсан. Тэгээд би эхнэрийг гэрт оруулаад Түвшинг дуудаад эмч дууд гэсэн. Сумын эмч ирсэн. Мэдээж би маш их балмагдсан. Тэгээд эмчийг асуухад хутганд орчлоо гэж хэлсэн. Одоо биеийг нь яавал дээр үү, ямар боломж юу байна авраач гэж хэлсэн. Эмч аймаг руу авч явна гэсэн.
Ингээд эхнэрээ аваад Булган аймгийн эмнэлэгт ирж хэвтүүлж, хагалгаа, эмчилгээ хийсэн бие нь эдгэрсэн. Болсон энэ асуудалд би маш их харамсаж байгаа. Бид хоёр 27 жил хамт амьдарч 4 хүүхдийн эцэг эх болцгоосон. Энэ хугацаанд би эхнэрээ зодож, цохиж байгаагүй. Тухайн үед бол би эхнэрээ айлгаж ичээх болон ямар нэг байдлаар түүнийг гэмтээе гэсэн огтхон ч санаа надад байгаагүй юм. Үүнийгээ би шүүх хуралд зөндөө хэлсэн.
Батцэцэгийг над руу уурлаж загнаж байхад би ер нь л үгээр нь дуугүй л байдаг юм. Тухайн үед хутганд яагаад өртсөнийг би бодоод "... магадгүй эхнэр маань тухайн үед бас жоохон халамцуу байсан болохоор тэнцвэр алдаж хутганы үзүүрт өртөж хатгагдлаа” гэж бодоод байгаа.
Хутга барьсан гараараа түлхсэн нь буруу. Хатгагдана гэж би ер тухай үед бодоогүй. Сэрэмжлэх ёстой байж. Шүүхийн зүгээс хутга барьчхаад хүн түлхсэнийг хууль бус санаатай хүсэж үйлдсэн, зориуд хохиролд хүргэсэн гэж үзэж санаатай гэмт хэрэг гэж үзэж надад 11.1.2.4-д зааснаар 3 жил 4 сар хорих ял шийтгэсэн.
Намайг урьд нь 11.3 гэсэн зүйл заалтаар буруутай байна гэж прокурор үзээд шүүхэд шилжүүлж байсан. Надад үнэхээр эхнэрийгээ гэмтээе, хохирооё гэсэн бодол огт байгаагүй гэдгээ л дахин дахин хэлье. Энэ байдлыг харгалзан зүйл ангийг хөнгөрүүлж, ялыг минь хөнгөрүүлж өгөөч.
Ар гэрт өндөр настай ээж, эхнэр, сургуулийн насны 2 хүүхэд үлдсэн. Одоо малчин айлын хувьд өвс тоосоо авах, түлээ модоо бэлтгэх, намаржаа, өвөлжөөнд буух, мал ахуй харах зэрэгт тэд маань хүн хүчгүй хэцүү болж байна. Өндөр настай ээж минь бас сэтгэл санаа зовж, бие нь тавгүй байгаа гэсэн. Энд би хоригдох хугацаанд бас цагаан мах эргэж, үнэхээр гэл бүл маань ч хүн хүчгүй хэцүү байна” гэв.
Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Цэнгэлд… Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний бие эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус зүйл ангид яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчийн гаргасан хүсэлтийн дагуу хэргийн Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хялбаршуулсан журмаар шилжүүлсэн байдаг. Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэргийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 2 үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан… анхан шатны шүүх прокурорт зүйлчлэлийг хүндрүүлж оруулж ирэх даалгавар хүргүүлсэн үүний дагуу прокурор шүүхийн даалгасан ажлыг хийж гүйцэтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Цэнгэлд ял шийтгэл оногдуулсан байдаг. Үүнээс эцэст нь юу харагдаж байна вэ? гэхээр анх прокуророос зүйлчилсэн зүйлчлэлийн давж заалдах шатны шүүх үндэслэлтэй байна түүнд оногдуулах эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээ тохирсон байна үүнийг хэрэглэх бүрэн боломжтой байна гэж дүгнэсэн байхад үүнийг анхан шатны шүүх биелүүлэх үүрэгтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж дараах шийдвэрийг гаргасан байгаа нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Миний бие энэ хэрэгт анх яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй үйлдэл гэж юу байх ёстой вэ? энэ нь санаатай үйлдлээс хэрхэн яаж ялгарах вэ? гэдэг талаар яллах дүгнэлтэд тодорхой дурдсан. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч яллах дүгнэлт үйлдсэн. Тэгэхээр шүүх үүнээс дүгнэхдээ хүний бие рүү чиглэсэн үйлдэл хийж байгаа нь санаатай үйлдэл юм болгоомжгүй үйлдэл гэдэг нь өөр байдлаар илэрнэ гэдэг. Болгоомжгүй үйлдлийг Улсын дээд шүүх тайлбарласан байдаг давж заалдах шатны шүүх ч гэсэн магадлал дээрээ тодорхой тайлбарласан байгаа. Тэгэхээр үүнийг зөрчиж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Тийм учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу зүйлчлэлийн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ял шийтгэлийн оногдуулах нь зүйтэй байна. Энэ нь шударга ёсны зарчим буюу эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчимд нийцэж байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Цэнгэлд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч Д.Цэнгэл 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Сайхан сум, Хульж 3 дугаар багийн нутаг “Бор нуруу” гэх газарт эхнэр Ж.Батцэцэгтэй согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар мах идэж байсан хутгатай гараараа хатгасан үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн судас тасарсан гэмтэл, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь:
-Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Цэнгэлийн өгсөн: 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүмүүстэй нийлж архи уусан. Тэр үед эхнэр маань ч гэсэн архи их хэрэглэсэн байсан. Тэгээд эхнэртэйгээ хамт гэртээ мах идээд сууж байсан. Миний уурыг маш их хүргэсэн. Тухайн үед эхнэр маань намайг байж суухын эцэсгүй болтол үглэж, хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би залхаад мах идэж байсан хутгатай гараараа чи цаашаа байлдаа гээд түлхсэн. Хутгалах санаа бодол ерөөсөө байгаагүй. Би дөрвөн хүүхэд болон ханьтайгаа зургуулаа амьдардаг. Мөн 70 настай ээж болон дүүгийн маань хүү бас цуг амьдардаг юм. Би гэр бүлээ болон ээжийнхээ ахуй амьдралд тусалж авч явдаг юм. Яг үнэнийг хэлэхэд санаатай ийм зүйл болоогүй. Санамсаргүйгээр ийм хэрэг болсон. Буруу зүйл хийсэн гэдгээ сайн ойлгож байгаа. Эхнэрийнхээ биед гэмтэл учруулсандаа маш их гэмшиж харамсаж байна гэх мэдүүлэг,
-Шүүх хуралдаанд хохирогч Ж.Батцэцэгийн өгсөн: Мэдүүлэг өгнө гээд, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монхоо гэдэг залуу эхнэрийн хамт хүрч ирээд 0.5 литрийн архи уучхаад яваад өгсөн. Үүний дараа нөхөр маань хонь руугаа явчхаад эргээд ирэхэд Эрдэнэтээс Түвшин ирсэн. Тухайн үед зулын 25-ны өдөр байсан ба Түвшинд нэг шил архи гаргаж өгөөд хамт уусан. Талыг нь ууж байгаад авч яваад хонин дээрээ очоод байж байгаад ирсэн. Тэгэхэд би нэлээн согтсон байсан. Манай хүн барагтаа бол юм дуугардаггүй, үг дуу цөөтэй. Юунаас болж яагаад хэрүүл маргаан хийснээ санахгүй байна. Сайхан хань ижлээ хэрэгтний ширээний ар талд суулгасан хүн нь би юм. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй бөгөөд том хүү маань хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан. Эмээ, өвөө болсон. Би өөрийнхөө болчимгүй үйлдэл, хэл амнаасаа болоод нөхрийгөө хэрэгт оруулсандаа маш их харамсаж, бас өөртөө маш их гомдож байна. Манай хүн чинь ер нь бол миний үгээр л байдаг. Бид хоёр энэ олон жил хамт амьдрахдаа нөхөр маань надад нэг удаа ч болов гар хүрч үзээгүй. Яах вэ хааяадаа бага зэрэг маргалддаг. Манай нөхөр хүүхдүүд маань сум орон нутагтаа нэртэй, төртэй, сумын алдалт уяач хүн. Нөхөр маань ар гэрийнхээ хамаг хүнд хүчир ажлыг хийж ар гэрээ авч явдгаас гадна тэр маань байхгүй бол бидний амьдрал сүйрэх гээд байна. Хөгшин настай ээж маань ард мал хараад үлдсэн, үр хүүхдүүд маань бүгдээрээ сургууль соёлдоо яваад өгсөн. Эрхэм шүүгч нар та бүхэн маань бидний энэ нөхцөл байдлыг харж үзнэ үү гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:
-Хохирогч Ж.Батцэцэгийн өгсөн: “...бид гурав хониныхоо дэргэд хонио харангаа найз Түвшинжаргалын машинд нөгөө архиа хувааж уугаад дуусгасан. Тэгээд найз Түвшинжаргалын машинд 0.75 литрийн 1 шил задалсан архи байсныг нь бид гурав мөн адил хувааж уугаад нэлээн халцгаагаад бид гурав буцаад манайх руу харьцгаасан.Тэгээд манай гэрийн гадаа очоод найз Түвшинжаргал машиндаа унтаад нөхөр бид хоёр гэрт орцгоосон тэгээд би галаа түлээд манай нөхөр Д.Цэнгэл ширээн дээр байсан тавагтай махнаас идээд сууж байсан. Тухайн үед би нэлээн согтсон байсан болохоор яг юунаас болж муудалцаж маргалдсаныг сайн санахгүй байгаа.Ямартай ч нөхрийнхөө уурыг нилээн хүргээд малын тоонд хүмүүс ирэх талаар яриад нөхөр бид хоёр маргалдаад байсан санагдаж байна.Тэгээд би болсон явдлыг нарийн сайн санахгүй орж гараад санаад байгаа.Би галаа түлчхээд нөхрийг мах идэж байхад нь хажууд нь оччихсон маргалдаад байсан санагдаж байгаа. Манай нөхөр их л уурласан байдалтай байсан.Тэгээд нөхөртэйгөө маргалдаж байсан чинь манай нөхөр намайг цаашаа бол гээд миний гэдэс рүү түлхэх шиг болсон.Тэгээд би гэдэс рүү хутга орохыг мэдээд гараад гүйсэн байх яагаад гараад гүйсэн гэдгээ сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд манай нөхөр Д.Цэнгэл намайг нэрээр дуудахад нь сэрээд харсан чинь би малын өвсний хашаан дотор байж байсан. Тэгээд манай нөхөр Д.Цэнгэл намайг өргөж босгоод гэр рүү оруулаад орон дээр хэвтүүлээд хөнжлөөр хучиж байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь эмч нар ирчихсэн надад эм тариа хийгээд эмчилгээ хийж байсан... Харин манай нөхөр Д.Цэнгэл нь мах идэж байсан хутгаараа гэдэс рүү хатгаж миний биед гэмтэл учруулсан. Манай нөхөр Д.Цэнгэл нь намайг цохиж зодон хүч хэрэглэсэн зүйл байхгүй... Д.Цэнгэл миний гэдэс рүү хутгаар хатгахдаа санаатай бол хатгаагүй. Би нөхрийнхөө хажууд нь очоод хэрүүл маргаан хийгээд зогсоод байхаар цаашаа бол гээд манай нөхөр намайг мах идэж байсан хутгатай гараараа түлхсэн чинь хутга нь миний гэдэс рүү орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13- 16 дахь тал/,
-Гэрч Ж.Баасанжавын өгсөн: “...Би Батцэцэгийн төрсөн эгч нь юм аа... 2023 оны 12 дугаар сарын 08-ний өглөөний 06 цаг 30 минутад үед Булган аймгийн Сайхан сумын Эрүүл мэндийн төвийн эмч байна гэж хэлээд дүү чинь хутганы шархтай Булганы төв рүү түргэний машинаар дөнгөж сая хөдөлсөн шүү гэж хэлсэн тэгээд би дүүгээ хүлээгээд Нэгдсэн эмнэлэг дээр хүлээгээд сууж байсан... Ж.Батцэцэгийг нөхөр Д.Цэнгэл урд өмнө зодож байсан талаар сонсож байгаагүй. Харин зүгээр хоорондоо хэрүүл хийж гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
-Гэрч Б.Дуламын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед Булган аймаг Сайхан сумын 3 дугаар багаас багийн эмч Н.Очгэрэл нь манай багт бусдад хутгалуулсан хүнд гэмтэлтэй хүн байна яаралтай хурдан ирээч гэх дуудлага мэдээллийг 22 цагийн үед хүлээж аваад 23 цаг 30 минутын үед очиж гэмтэл авсан гэх Сайхан сумын 3-р багийн иргэн Батцэцэгийн гэрт очиж анхан шатны тусламжийг үзүүлэхэд иргэн Батцэцэгийн биед үүссэн гэмтлийг харахад хэвлийн буюу хүйсийн зүүн дээд талд урт 2 см хатгалтын шарх үүссэн тухайн шархны гүнийг тодорхойлох боломжгүй, өлөн гэдэс нь унжсан гадаа удаан байснаас болж хагас осголтын байдалтай байсан. Тухайн иргэн Батцэцэгт анхан шатны тусламжийг үзүүлээд иргэн Батцэцэгийн биеийн байдал дээрдэхгүй байхаар нь Булган аймгийн эрүүл мэндийн төв рүү залгаж дуудлага өгсөн. Аймгийн эмч нар шөнө 05 цагийн үед ирээд гэмтэл авсан Батцэцэгийг аваад явсан... Анх дуудлага дээр ирэхэд гэмтэл авсан гэх Батцэцэг нь гэртээ орон дээр ухаангүй байдалтай хэвтэж байсан. Сайхан сумын 3-р багийн эмч Н.Очгэрэл, гэмтэл авсан хүний нөхөр болох Цэнгэл нар байсан. Ж.Батцэцэгийн нөхөр болох Д.Цэнгэлээс асуухад Цэнгэл нь надад хэлэхдээ манай эхнэрийг авраад өгөөч мах идэж байхад олон юм яриад байхаар нь гэнэт би гартаа байсан хутгаар хатгачихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
-Гэрч Л.Түвшинжаргалын өгсөн: “... найз Д.Цэнгэл эхнэр Ж.Батцэцэгтэйгээ гэртээ байж байсан. Тэгээд тэр хоёр намайг ирсэн, бас зулын 25-ны өдөр гээд 0.75 литрийн ногоон хаягтай архи гаргаж ирээд задалсан. Тэгээд Д.Цэнгэл болон түүний эхнэр Ж.Батцэцэг бид гурав нөгөө архиа дээрээс нь жоохон уугаад сууж байтал тэнгэр муухайраад Д.Цэнгэлийн хонийг эргэхээр болоод бид тэднийхээс нөгөө ууж байсан архиа аваад миний машинтай Д.Цэнгэлийн хонин дээр очсон... Тэгээд хаалга тогшоод байхаар нь сэрсэн чинь манай найз Д.Цэнгэл нэлээн сандарчихсан би эхнэрээ хутгаар гэдэс рүү хатгачихлаа эхнэр маань гараад алга болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Цэнгэлийг яаж байгаа юм чи гээд загнаж байсан чинь Д.Цэнгэл нь гэр рүүгээ гүйж ороод гар чийдэн аваад өвсний хашаа руугаа явсан. Тэгсэн чинь тэнд Ж.Батцэцэг байсан. Тэгээд Д.Цэнгэл эхнэр ээ гэртээ оруулж орон дээр хэвтүүлээд хөнжлөөр хучаад Д.Цэнгэл намайг чи эмч рүү яваад ир манай багийн эмч энэ урд Энхбаатарынд мал тооллогоор явж байгаа чи яваад аваад ир гэхээр нь би тэднийхээс гарч яваад Д.Цэнгэлийн дөнгөж урд 2 км орчим зайтай байдаг Энхбаатарынхаас багийн эмч Очийг авч ирээд Ж.Батцэцэгийг үзүүлсэн... Д.Цэнгэл надад хэлэхдээ хөгшин чинь Ж.Батцэцэгийг хутгаар хатгачих шиг боллоо гэж хэлэхээр нь би яаж байгаа юм чи арай үгүй биз дээ чи гэсэн Д.Цэнгэл надад нээрээ нээрээ Батцэцэг гэрээс гараад алга болчихлоо гэж хэлчхээд гэр лүүгээ орж гар чийдэн авч гарч ирээд өвсний хашааныхаа тэндээс эхнэрээ олоод ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
-Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн №4 дугаартай дүгнэлт: “...Магадлуулагч Ж.Батцэцэгийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн судас тасарсан гэмтэл, хэвлийн хөндийн цус алдалт, нарийн гэдсийг тайрч залгасан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл 1 удаагийн үйлдлээр ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,
-Яллагдагч Д.Цэнгэлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
4. Шүүгдэгч Д.Цэнгэл, түүний өмгөөлөгч О.Сарантуул, хохирогч Ж.Батцэцэг нар нь “...Д.Цэнгэл нь санаатай бус болгоомжгүй байдлаар Ж.Батцэцэгт хохирол учруулсан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
5. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй.
6.Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг сэргээн тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, зэвсгийн чанартай зүйл ашигласан, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцэх учиртай.
7. Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүгдэгч Д.Цэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Аливаа гэмт хэрэг гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдаг бол гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг ойлгоно.
Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №634 дугаартай тогтоолд “...Аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.
Санаатай гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагддаг” гэж тайлбарласан.
Шүүгдэгч Д.Цэнгэлийн хувьд эхнэр Ж.Батцэцэгийн эрүүл мэндэд зориуд хутга хэрэглэн хохирол учруулах санаа зорилго байхгүй байсан бөгөөд гартаа хутга барьсан гэдгээ ухамсарлан ойлгож, хохирол хор уршиг учрахаас болгоомжлох ёстой атал хайхрамжгүй хандаж мах идэж байсан хутгатай гараараа Ж.Батцэцэгийг “цаашаа бай” гээд түлхсэн үйлдэлийн улмаас түлхэх явцад түүний хэвлий хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заасан.
Тус хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд: ...Шүүгдэгч Д.Цэнгэл “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолттой, гэртээ мах идэж байх явцад эхнэр Ж.Батцэцэгтэйгээ хэрүүл маргаан хийж байгаад түүнийг цаашаа бай гээд хутгатай гараараа түлхэх үйлдэл хийхдээ гэдэс рүү хатгаж, хүнд зэргийн гэмтэл учруулсан. Шүүгдэгч Д.Цэнгэл нь хохирогч Ж.Батцэцэгийн биед хүнд зэргийн гэмтлийг учруулах үйлдэл хийхдээ бусдын эрүүл мэндэд хохирол учруулъя гэсэн санаа зорилго байгаагүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Батцэцэг, гэрч Б.Дулам, гэрч Л.Түвшинжаргал нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна” гэсэн дүгнэлтийг хийсэн ба анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.
10. Шүүгдэгч Д.Цэнгэлийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй байдал, энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан нөхцөл байдал, хохирогчийн буруутай байдал зэргийг харгалзан үзэж нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Цэнгэлийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон нийт 62 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 930,000 төгрөгийг түүнд оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, түүний эдэлбэл зохих торгох ялыг 9,070,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Цэнгэл, түүний өмгөөлөгч О.Сарантуул, хохирогч Ж.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Д.Цэнгэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.”
тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Даваасүрэнгийн Цэнгэлийг зэвсэг хэрэглэж “хүний мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Боржгон овогт Даваасүрэнгийн Цэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Цэнгэлийг 3 /гурав/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэнгэлийг нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 3,4 дэх заалтуудыг хүчингүй болгож,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэнгэлийн цагдан хоригдсон 62 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон, 930 нэгж буюу 930,000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Д.Цэнгэлийн эдлэх торгуулийн ялын хэмжээг 9,070,000 /есөн сая далан мянга/ төгрөгөөр тогтоож, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлтийг оруулж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Шүүгдэгч Д.Цэнгэлд оногдуулсан 9,070,000 /есөн сая далан мянга/ төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.
2. Шүүгдэгч Д.Цэнгэлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Д.Цэнгэлийг нэн даруй сулласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР
Л.АРИУНЦЭЦЭГ