| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2026/0011/З |
| Дугаар | 118/ШШ2026/0013 |
| Огноо | 2026-06-02 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 118/ШШ2026/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******гийн *******
Хариуцагч: Завхан аймгийн Нийгмийн даатгалын газар
Хариуцагч: Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл
Маргааны төрөл: Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохтой холбоотой нийгмийн даатгалын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд холбогдуулан “Тус зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. ******* *******-ийн Завхан аймаг дахь салбарын даргын 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.*******ийг шатахуун түгээх станцын шатахуун түгээгчээр томилсноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа ба ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 19 дүгээр тушаалаар шатахуун түгээгчийн ажлын байрны нэршлийг “нефть хангамжийн операторчин” хэмээн өөрчилсөн.
3. Нэхэмжлэгч хуульд заасан болзлыг хангасан үндэслэлээр хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анх хүсэлт гаргасан ба “…шатахуун түгээх станцын түгээгчээр ажилласан хугацааг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласнаар тооцож тэтгэвэр тогтоох боломжгүй…” гэх хариуг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 32/17 дугаар албан бичгээр тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуг тус тус авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...1971 онд төрсөн, 54 настай, улсад 22 жил 8 сар ажилласан, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд 12 жил 11 сар ажилласан тул хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах үндэслэл бүрдсэн” гэж тайлбарлан маргасан, хариуцагч захиргааны байгууллагаас “10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан” байх хууль тогтоомжид заасан шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй, шатахуун түгээх газрын буюу нефтийг жижиглэнгээр худалдаж буй газрын нефть хангамжийн операторчноор ажилласныг хортой нөхцөлд ажилласанд тооцохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчид хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан.
5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цувдаг овогт *******гийн ******* нь 1971 оны 04 дүгээр сарын 15-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр "*******" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Завхан аймаг дахь салбарын даргын тушаалаар Тэс сумын шатахуун түгээх станцын түгээгчээр 2013 оны 07 сарын 01-ээс томилогдон ажиллаж байна. Тус компанид ажиллах явцдаа түгээгч буюу нефть хангамжийн операторчин гэх ажлын байрны нэршил өөрчлөгдсөнөөс өөр ямар нэг ажил эрхлээгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан нефть хангамжийн буюу нэршлийг түргэн шуурхай түгээж үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцах шатахууныг буулгах, хүлээн авах зэрэг ажлыг хийж ирсэн. Миний ажиллаж байсан "шатахуун түгээгч" гэх нэршлийг "*******"-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 19 дугаартай тушаалаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа "*******" *******-ийн салбарын бүх "шатахуун түгээгч"-дийн ажлын нэршлийг сольж "нефть хангамжийн операторчин" болгосон байна. 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын 07 дугаартай тушаалаар "Тус нефть хангамжийн салбарын Тэс ШТС-д Нефть хангамжийн операторчин албан тушаалтай. ******* овогтой *******тэй харилцан тохиролцсоны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс тус ШТС-д Нефть хангамжийн ахлах операторчин албан тушаалд томилсугай" гэж ахлах нефть хангамжийн операторчноор одоог хүртэл ажиллаж байна. Миний бие одоо 54 настай бөгөөд "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль"-ийн "5.1.4. нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасны дагуу 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн "монгол улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаал", Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг баримтлан хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах хүсэлт өгөхөд Тэс сумын нийгмийн даатгалын байцаагч боломжгүй гэх хариулт өгсөн. Ингээд 2025 оны 12 дугаар сарын 15-нд Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын Улиастай сум дахь тэтгэврийн байцаагчид хандахад мөн боломжгүй гэх бөгөөд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга нарт хүргүүлсэн зөвлөмжийг баримталж байгаа талаар хариу өгсөн байна. /2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04/1091 тоот тушаалын 1 хуудсыг хэвлэж өгсөн./ Мөн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд "Хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох тухай" гомдол гаргахад 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хариуг авахад 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот шийдвэрээр ... түгээгчээр ажилласан нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ийн хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.19 дахь заалтад хамаарахгүй байна. Иймд хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлд тооцох боломжгүй байна. Гэсэн хариуг өгсөн. Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч, Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл нь Монгол Улсын Нийгмийн даатгалын хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль болон 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 тоот дугаар сайдын тушаал болон ижил маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гэх мэт эрх зүйн актыг үл хэрэглэж Нийгмийн даатгалын Ерөнхий газрын зөвлөмжийг баримтлан ажиллаж байгаа нь хууль бус байх тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд 2026 оны 02 сарын 25-ны өдөр гомдол гаргаж "Монгол Улсын хуульд нийцүүлэн бусад бодит жишээ шүүхийн шийдвэрийг харгалзан үзэж миний бие ******* овогтой Мөнхбатад тэтгэврийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоож өгөхийг хүсэхэд 2026 оны 02 дугаар сарын 13-ны 01 тоот дугаарыг хэвээр үлдээж шийдвэрлэж миний Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийн тухай хуульд заасан миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг зөрчиж байна гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн дарга Ш.*******, хяналт шалгалтын улсын байцаагч Э.******* нар нь Д.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох болсон бөгөөд Д.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Д.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн (2023 оны) 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтад "нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй байх" гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл" бүлгийн 2.19 дэх хэсэгт "Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, тоног төхөөрөмжийн засварчин, лаборант /боловсруулах үйлдвэрийн/, гагнуурчин, сантехникийн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, шугам хоолойн засварчин, нефть хангамжийн операторчин, цэнэглэх машины жолооч, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, ачаа шалгагч, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, насосчин, лаборант /нефть хангамжийн/, тос шингэн савлагч, механик, торх, угаагч гэж тус тус заасан бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой. халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-д "Шатахуун түгээх станцын түгээгч" гэх ажил мэргэжил байхгүй байна. Д.******* нь 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл шатахуун түгээх станцын түгээгчээр ажилласан байна. Нефть хангамжийн операторчин гэх ажил мэргэжил нь "Шатахуун түгээх станцын түгээгч гэх ажил мэргэжил мөн бөгөөд ажил мэргэжлийн нэршлийг өөр өөрөөр нэрлэсэн хэлбэр юм гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд нефть хангамжийн операторчин ажил мэргэжлийн чиг үүрэг нь нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах, аюулгүй ажиллаraar хангах, нефть хангамжийн системийн ажиллагааг хянах, засвар үйлчилгээ хийх байдаг ба ажлын орчин нь нефть бааз, агуулах, түгээх төв, нефть боловсруулах үйлдвэр зэрэг өргөн хүрээний байгууллагууд юм Харин шатахуун түгээх станцын түгээгч ажил мэргэжлийн чиг үүрэг нь тээврийн хэрэгсэлд шатахуун түгээх, төлбөр тооцоо хийх, хэрэглэгчидтэй харилцах, ШТС-ын тоног төхөөрөмжийг ажиллуулах, аюулгүй ажиллагааг хангах байдаг ба ажлын орчин нь шатахуун түгээх станц (ШТС) юм. Олон улсын Ажил, мэргэжлийн Стандарт Ангилал-08(ISCO-08)-ын үзэл баримтлал, суурь зарчимд дүйцүүлэн боловсруулж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн "Үндэсний ажил мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал, тодорхойлолт батлах тухай" 16 дугаар тушаалаар баталсан (Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын тушаалаар нийт 6 удаа өөрчлөлт орж байсан. Хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сард Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын А/210 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон) Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт-08 ("ТАМАТ-08")-д "Нефть хангамжийн операторчин" нь Ангилал: 8131-Химийн бүтээгдэхүүн боловсруулах, холбогдох үйлдвэрийн операторчид Код: 8131-13-Операторч, нефть, байгалийн хий боловсруулах, цэвэрлэх төхөөргийн гэж, Шатахуун түгээх станцын түгээгч нь Ангилал: 5245-Үйлчилгээний цэгийн ажилтан Код: 5245-12-Шатахуун түгээгч гэж тус тус заажээ. Дээрх ойлголтыг хүснэгтээр харьцуулж харуулбал:
| Шинж чанар | Нефть хангамжийн операторчин | Шатахуун түгээх станцын түгээгч |
| YAMAT-08 код | 8131-13 | 5245-12 |
| Ажлын орчин | Нефть бааз, агуулах, түгээх төв, нефть боловсруулах үйлдвэр | Шатахуун түгээх станц |
| Ажлын хүрээ | Өргөн хүрээний нефть хангамжийн үйл ажиллагаа | ШТС дээрх шатахуун түгээх үйл ажиллагаа |
| Үүрэг, чиг үүрэг | Нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, шилжүүлэх, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах | Тээврийн хэрэгсэлд шатахуун түгээх, төлбөр тооцоо хийх щ, хэрэглэгчидтэй харилцах |
| Ажлын хүрээ | Өргөн хүрээний нефть хангамжийн үйл ажиллагаа | ШТС дээрх шатахуун түгээх үйл ажиллагаа |
"Нефть хангамжийн операторчин" болон "Шатахуун түгээх станцын түгээгч". мэргэжлүүд нь ҮАМАТ-08-д тусдаа ангилал, кодтой, өөр өөр үүрэг, чиг үүрэгтэй мэргэжлүүд юм. Тиймээс эдгээрийг ижил мэргэжил гэж үзэхгүй. Нэхэмжлэгч Д.*******өд Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн 5.1.4 дэх заалтын дагуу өндөр насны тэтгэвэр хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох шаардлагыг хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
1. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн Нийгмийн даатгалын газар болон тус газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн “2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр татгалзал хууль бус болохыг тогтоолгох, хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гээд 5.1.4-т “5.1.4.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй .. гэж заасан ба нэхэмжлэгч нь 1971 онд төрсөн, 54 настай, улсад 22 жил 8 сар ажилласан, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд 12 жил 11 сар ажилласан болох нь тогтоогдож байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нефть хангамжийн операторчин болон Шатахуун түгээх станцын түгээгч мэргэжлүүд нь ҮАМАТ-08-д тусдаа ангилал, кодтой, өөр өөр чиг үүрэгтэй мэргэжлүүд юм. Тиймээс эдгээрийг ижил мэргэжил гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан шатахуун түгээх станцын түгээгч, нефть хангамжийн операторчин гэх ажил, мэргэжил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын 2.19-д заасан “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн ажил, мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй тул хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй” гэж маргаж байна.
5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дэх заалтаар Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг нэгдүгээр хавсралтаар, тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталжээ.
6. Уг тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын 2 дугаар бүлгийн 2.19.8-д “Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн, код 8131-13, нефть хангамжийн операторчин", 15-д "Нярав, хангамжийн, код 4321-17, нярав" гэж заасан байна.
7. Мөн тус тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 2.6-д Жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан даатгуулагчийн урьд ажиллаж байсан ажил, мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалаар баталж мөрдөж байсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжилд хамаарагдаж, зохих болзлыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно гэж заасан.
8. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой,халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 2 дахь хэсгийн “Хөдөлмөрийн хортой нөхцөл” гээд 14-д “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасан байна.
9. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаал болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалуудын хавсралтаар баталсан жагсаалтад заасан хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийг зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн ажил мэргэжилд хамаарна гэж үзэхгүй бөгөөд аливаа хууль, журам нь бодит байдалд тохирсон, хэрэгжих боломжтой, зорилгодоо нийцсэн байх шаардлагын хүрээнд боловсруулдаг батлагддаг. Тиймээс дээрх хууль, журмыг зорилгынх хүрээнд авч үзвэл Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад ороогүй цаг үед нефтийн төрлийн бодистой түгээмэл харьцдаг шатахуун түгээх станцын нярав болон нефть хангамжийн операторчин ажил, мэргэжлүүд нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахаар байна.
10. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэж заасан ба нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгохоор хариуцагчид хандаж өргөдөл гаргасан өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоож өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Д.*******өд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн татгалзал хууль бус болохыг тогтоож, Д.*******өд хөдөлмөрийн хөнгөлөлттэй /хортой/ нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******өд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР