Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00365

 

 

 

 

                                     Б АХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/03332 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б АХХК-ийн хариуцагч А.Уд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 9,236,720 төгрөг гаргуулж, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, хариуцагч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,236,720 төгрөг гаргуулж, А.У-н хууль бус эзэмшлээс .... газар чөлөөлүүлнэ.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б АХХК А.Уд 2008 оны 08 дугаар сараас 2009 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 9,236,720 төгрөгийг “Гурванбилэг” ХХК-аас бололцоотой үед нь буцаан авахаар зээлдүүлсэн. А.У тус компанийн эзэмшлийн худалдаа үйлдвэрийн тос, масло зарах, компанийн болон бусдад төлөх өр төлбөрөө төлөх саналыг хэлсэн. Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газар дээр дур мэдэж нийтийн байр барьсан. Тухайн үед Ус сувгийн удирдах газрын ажилтан инженерийн шугам сүлжээний үнэлгээний шаардлага тавихад биелүүлээгүй. Нийтийн байрыг бусдад түрээслэн ашиг олж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж хохироосоор байна. Нэхэмжлэгч нь .... газрын хууль ёсны эзэмшигч болохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 11 сарын 3-ны өдрийн 392 тоот захирамж, 2015 оны 12 сарын 12-ны өдрийн газар эзэмших гэрээ, 2015 оны 12 сарын 12-ны өдрийн 00317225 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогддог гэжээ.

  2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:  Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Санхүүгийн баримт бол А.У төрсөн эгч А.Э тушаасан мөнгө байдаг. Сүүлийн төлбөрийг 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлсөн. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэл гаргах эрхгүй асуудлаар нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. 2011 оноос хойш барилга барьж байх үед барилгын ажлаа зогсоохыг шаардаагүй, зөвшөөрч бариулсан, гэрээ цуцлахыг шаардаагүй. Иргэний хуулийн 137 дүгээр зүйлд зааснаар хөрш залгаа байгаа А.У барилгыг буулгах шаардлагагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг баримтлан хариуцагч А.Уас зээлийн гэрээний үүрэгт 9,236,720 төгрөг гаргуулж, түүний хууль бус эзэмшлээс .... талбарын дугаартай газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч БЭТА-Андууд ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчийн төлсөн 232,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн.

4.1 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/475 тоот шийдвэрийг үндэслэн Б АХХК иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан. Нэхэмжлэгч компани Газрын тухай хуульд заасан хугацаанд гэрчилгээний хугацаагаа сунгуулах хүсэлтээ дүүргийн газрын албанд гаргасан бөгөөд усны шугам сүлжээг хангагч байгууллагаас зөвшөөрөл авч газрын албанд дахин хандахыг мэдэгдсэн. Газар эзэмших гэрчилгээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан боловч газар эзэмших гэрээний 5.5-д заасны дагуу тухайн газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед болон 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүчинтэй байхад   шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримт, үйл явдалд дутуу дүгнэлт хийж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн.

4.2 Нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газарт байрлах усны инженерийн шугам сүлжээ бүхий газар дээр иргэн А.У 2011 онд зөвшөөрөлгүй барилга барьж, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу компанийг газраа эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүй. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа “иргэн А.Эрдэнэцэцэг нь тухайн хашаанд барилга барихыг зөвшөөрсөн” гэдэг. Гэтэл А.Эрдэнэцэцэг тус компанийг төлөөлөх эрхгүй. Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба, Ус сувгийн удирдах газраас А.УХот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.7, 17.14 дэх хэсгийг зөрчсөн болохыг албан бичгээр сануулж, зөрчлөө арилган дахин газрын албанд хандахыг мэдэгдсэн байхад шүүх А.Убусдын газар дээр барилга барих эрх олж авсан гэж үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгч тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Б АХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 9,236,720 төгрөг гаргуулах, А.У хууль бус эзэмшлээс .... 1,028 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хариуцагч А.У эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “хариуцагч бусдын эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан тул хууль бус эзэмшлээс нь газар чөлөөлүүлнэ” гэж тайлбарласныг хариуцагч “ анх барилга барих үед хориглоогүй, зөвшөөрсөн учраас барилга барьсан, 2011 онд барилга ашиглалтад ороход гэрээ цуцлахыг шаардаагүй, Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж үгүйсгэдэг.

 

4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр .... 1,028 м.кв газрыг Б А ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болж цаашид сунгаагүй үйл баримт тогтоогджээ. /хх6, 17-18, 47/

 

5. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байна. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой, биелэгдэх арга журам нь тодорхой байх ёстой. Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд тухайн газар дээр баригдсан барилгыг нурааж газрыг чөлөөлүүлэх, эсхүл барилга бүхий газрыг А.У эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргаж байна уу гэдэг нь тодорхой бус байна.

 

6. Маргааны үйл баримт тодорхой бус байхад шүүхээс холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчөөс нь зөвшөөрөл авч эзэмшиж, ашиглаж байгаа нөхцөлд мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй.

 

Хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэхийн тулд хариуцагчийг анх уг газарт барилга барихад газар хэний эзэмшилд байсан, барилга барихыг хэн зөвшөөрсөн, хариуцагч болон газрын эзэмшигч, өмчлөгчийн хооронд ямар тохиролцоо байсан зэрэг үйл баримтыг тодруулж, талуудыг энэ талаар мэтгэлцүүлэх ажиллагааг хийх шаардлагатай.

 

 7. Түүнчлэн хариуцагч “ ... Иргэний хуулийн 137 дугаар зүйлд зааснаар барилга барьсан газар нь нэхэмжлэгчийн газартай хөрш залгаа газар” гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр маргаан бүхий барилга баригдсан эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Дээрх нөхцөл байдал тодорхой бус байхад давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, талуудын хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/03332 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

                 ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

                                                                 А.МӨНХЗУЛ