Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1089

 

2024           09            24                                          2024/ДШМ/1089

 

Д.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Бат-Оргил,

шүүгдэгч Д.Э,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/722 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Бат-Оргилын бичсэн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай прокурорын эсэргүүцлээр Д.Э-д холбогдох 2309 03209 0022 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Д овогт Д-н Э, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .............сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт ...........тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .........../;  

Шүүгдэгч Д.Э нь Фэйсбүүк цахим орчинд “өнгөт принтер 190.000 төгрөгөөр худалдана” гэж хуурамч зар байршуулж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа нэрийдлээр 100.000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банк дахь 5664095550 дугаартай дансаар шилжүүлэн авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн фэйсбүүк цахим орчинд “жижиг оврын өнгөт принтер зарна” гэж хуурамч зар байршуулж, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.О-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 35.000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банк дахь 5664095550 дугаартай дансаар шилжүүлэн авч, 35.000 төгрөгийн хохирол учруулан, залилах гэмт хэргийг үйлдэж, нийт 135.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Э-д холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд:

1. Тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 750 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Д.Э-д холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 30 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох, хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлэн нотлох ажиллагаа явуулах үүрэгтэй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй, эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.

Гэтэл шүүгдэгч Д.Э-н “... Мөрдөгч “чиний дансаар мөнгө орсон, чи насанд хүрсэн учир хариуцна” гэсэн учир би хийсэн гэж хүлээсэн. Миний дүү Д.И нь өөрийн 2 найзын хамт дээрх зарыг тавьсан байсан. Харин мөнгийг миний дансаар авсан нь үнэн. Би дээрх мөнгөнөөс нь хэрэглээд буцааж өгсөн нь үнэн” гэж мэдүүлсэн мэдүүлгийг түүний дүү насанд хүрээгүй И-н хууль ёсны төлөөлөгч Л.О-г гэрчээр асуухад /хх 153/ дээрх Д.Э-н мэдүүлэг үнэн болохыг мэдүүлсэн атал насанд хүрээгүй Д.И-с мэдүүлэг авахдаа /хх 150/ урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй гэдгээр хязгаарласан. Мөн дээрх хэрэгт оролцоотой байж болох насанд хүрээгүй Л.Т-с авсан мэдүүлэг нь хангалтгүй, цахим орчинд зар тавьж, бусдаас мөнгө авч байгаагүй гэж мэдүүлжээ. Эдгээр мэдүүлгүүдийн аль нь үнэн зөв болохыг эргэлзээгүйгээр шалгаж тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

2. Хэдийгээр насанд хүрээгүй Д.И болон Л.Т нар нь залилах гэмт хэргийн субьект биш боловч дээрх гэмт хэргийг хэн үйлдсэн, хэдэн төгрөгийн хохирол учирсан болохыг бодитой тогтоох шаардлагатай байна. Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүгчийн захирамжид заасан ажиллагаанууд хангалттай хийгдээгүйгээс болж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдсэн эсэх, эсвэл мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тодорхойгүй, хэргийг дээрх яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэсэн тохиолдолд ял завших нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр буюу түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн 2309032090022 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Бат-Оргил бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүх Д.Э-д холбогдох хэргийг прокурорт буцаахдаа гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Гэтэл Эрүүгийн хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 4.1 дүгээр зүйл “Аргагүй хамгаалалт”, 4.2 дугаар зүйл “Баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах”, 4.3 дугаар зүйл “Гарцаагүй байдалд хохирол учруулах”, 4.4 дүгээр зүйл “Албадлага, эрхшээлд автах”, 4.5 дугаар зүйл “Үндэслэл бүхий эрсдэл”, 4.6 дугаар зүйл “Тушаал, даалгавар биелүүлэх” үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохгүй буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамааруулж ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Д.Э-н үйлдсэн гэмт хэргийн тухайд дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна. Шүүх шүүгдэгч Д.Э-н үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх ямар нөхцөл байдал тогтоогдсон талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна. Мөн шүүх “...шүүгдэгч Д.Э-г уг гэмт хэргийг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй, эсвэл мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн эсэх тодорхойгүй үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэсэн атлаа түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан” “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан. Гэтэл шүүх анхан шатны шүүх хуралдаанаас буюу гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/722 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би дүүгээрээ дансаа ашиглуулж, түүний “Мон пэй” данс руу нь мөнгө шилжүүлж өгдөг байсан. Би 7-8 хүнээс мөнгө авсан. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Д.Э-г фэйсбүүк цахим орчинд өнгөт принтер худалдах хуурамч зар байршуулж, Э.М, Ш.О нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банк дахь 5664095550 дугаартай дансаар нийт 130.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс “... Д.Э-н үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж тогтоох, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаас буцаасан нь хууль зөрчсөн...” гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэгжүүлдэг.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

Хэдийгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгч нь мэдүүлэг өгөхдөө өөрийн эсрэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч шүүгдэгчийн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ёстой.

Хэрэгт авагдсан баримтууд болох гэрч Д.И, түүний хууль ёсны төлөөлөгч Л.О, насанд хүрээгүй гэрч Л.Т нарын мэдүүлгийн зөрүүтэй болон хангалтгүй байдлаас шалтгаалан Д.Э-н үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, цаашлаад гэм буруутай эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсжээ.

Үүнээс гадна, хэрэгт Д.Э-н Хаан банк дахь 5664095550 дугаартай дансаар “мини принтер”, “стикер цаас” гэх утга агуулга бүхий мөнгө шилжүүлгийн талаарх банкны дансны хуулгын баримт авагдсаныг /хх 23-26/, мөн Д.Э-н “... барагцаагаар 32 орчим байгаа гэж бодож байна...” гэж тухайн аргаар мөнгө авсан хүмүүсийн тоо, хэмжээний талаар мэдүүлсэн /хх 28/ мэдүүлэг зэргийн учир холбогдлыг нэг мөр шалгаж, хэний үйлдлийн улмаас хэдэн хохирогчид, хэрхэн ямар үйлдлийн аргаар хохирол учруулж, Эрүүгийн хуульд заасан аль гэмт хэргийг үйлдсэн болохыг нотлон тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх Д.Э-д холбогдох хэргийг 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг мөн сарын 12-ны өдөр товлон зарласан байна. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тодорхой ажиллагаа нэмж хийлгэхээр 30 хоногоор буюу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “... прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ...” гэсэн заавал биелүүлэх шинжтэй үүрэг болгосон заалтыг ноцтой зөрчиж, хугацааг хэтрүүлж нотлох баримтыг цуглуулсны гадна шүүхээс даалгасан ажиллагааг хангалттай хийж гүйцэтгээгүй гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э-н гэм буруутай эсэхийг эцэслэн хэлэлцэж шийдвэрлээгүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “...гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон...” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/720 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/722 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/720 дугаар, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/722 дугаар шүүгчийн захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                   Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                   М.АЛДАР