Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 119/ШШ2026/0038

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэн **,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ** 

            Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурал /дарга **, **/

Гуравдагч этгээд: **, ** нарын хоорондын

“Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгох тухай 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгох, Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дугаартай **гийн **ийг Баянцагаан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагч **, **, гуравдагч этгээд **, **, гэрч **, **, **, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ** Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан  багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Баянцагаан багийн 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан багийн иргэдийн нийтийн Хурлын даргыг сонгох тухай 03 дугаартай тогтоол, багийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай 04 тогтоолуудыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж маргасан. 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч **оос  “Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3. Нэхэмжлэгч ** “Баянцагаан багийн Засаг даргад уламжлах тухай 04 дугаар тогтоолд ** гэж гарын үсэг зурсан, ** нь Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон байх тул хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан ба шүүх 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 162 дугаар захирамжаар **г хамтран хариуцагчаар татан оролцуулсан. 

4. Нэхэмжлэгч ** 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хуралд  холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгох тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хоёрдугаарт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Гуравдугаарт 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тооллогын комиссын 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Хуралд хүмүүс цуглараад 20-30 хүн цагтаа орж ирсэн. Хурал үргэлжилж байх явцад согтуу хүмүүс хурлыг удирдаж байсан ** даргыг хурал хийх боломжгүй байдалд оруулсан. Хаягийн бус хүмүүс бас орж ирсэн. Хурал тарсны дараа үлдсэн хүмүүс хуралдсан. Ингэхдээ хурлын тогтоол дээр тамга байхгүй, мөн иргэдийн Нийтийн Хурлын дөрвөн даргатай болчхоод байгаа.” гэв.  

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулаад 3 шаардлага гаргаж байгаа. Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаа 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08:00 цагт 18 дугаар сургуулийн спорт зааланд эхэлсэн. Энэ хуралдаанд нийт 436 иргэн ирсэн гэж хурлын ирцийн бүртгэлд бичигдсэн байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно...” гэж заасны дагуу хуралдаан эхэлсэн. Хурлын ирцийг бүртгэж, хурлын дэг батлаад, хуралдаан даргалагчийг сонгож, редакцын комисс болон тооллогын комисс байгуулах зэрэг шийдвэрүүд гарч байсан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан “Хуралдааны дарга” гэдэг шинэ нэр томьёо байгаа. Өмнө нь иргэдийн Нийтийн Хурлын дарга гэдэг байсан. Энэ сонгуульт ажилд тухайн багийн иргэд нэр дэвшсэн байна. Хэрэгт авагдсан баримтаар **, **, ** нар нэрээ дэвшүүлсэн байна. Энэ сонгуулийн санал хураалт явагдаад нийт 436 иргэн оролцсоноос ** 186 санал буюу 42.6%, ** 162 санал буюу 37.5%, ** 76 санал гэсэн тооллогын комиссын үр дүн гарсан. Энэ үр дүнг танилцуулсны дараа тухайн үед хуралдаан даргалж байсан ** гэдэг хүн хурлын үйл ажиллагаа эмх замбараагүй байна, гадны буюу харьяалалгүй хүмүүс орж ирсэн байна, согтуу хүмүүс байна гэдэг нэрийдлээр хурлыг тараасан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад нэр дэвшсэн. Санал хураалт явагдсан боловч нийт оролцсон хүмүүсийн саналаар иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгосон, томилсон тогтоол эцэслэн батлагдаагүй зөвхөн тооллогын комиссын тогтоол энэ хэрэгт байгаа. 3 хүн өрсөлдсөн боловч аль нь ч олонхын санал аваагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн үзэж байгаагаар **, ** хоёр хамгийн олон санал авсан учраас дахин санал хураалт явагдаад аль нь олонхын санал авахаас хамаараад иргэдийн Нийтийн Хурлын тогтоол батлагдах ёстой байсан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар иргэдийн Нийтийн Хурал тухайн хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг олонхоороо шийдвэрлэдэг. Тухайн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал дээр нийт иргэдийн 50-с дээш хувь буюу олонхын санал авсан байх ёстой. Иймд энэ процесс хэрэгжээгүй гэж нэхэмжлэгч үзэж байна.

Хоёрдугаарт иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор хуралдааны дарга гэдэг субъектийг сонгох ёстой. Гэтэл иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гараагүй. Хожим нь үлдэж хуралдсан гэх 160 иргэний дундаас ** гэдэг хүнийг хуралдааны даргаар сонгож баталсан 03 дугаартай тогтоол гарсан байна. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгосон энэ процесс хууль журмыг зөрчсөн, ** гэдэг хүний Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хэдийгээр ** Засаг даргад нэр дэвшиж өрсөлдөөгүй боловч багийн иргэний хувьд сонгуульд оролцож сонгох эрхтэй, магадгүй хурал үргэлжлэх байсан бол ** гэдэг хүн нэр дэвших эрх нь байсан. Нэгэнт Баасансүрэн хурлыг тараасан учраас хурал тарсан гэж ойлгоод явсан. Гэтэл үлдсэн 160 хүн үргэлжлүүлж хуралдсан байсан. Өглөөний ирцээр 436 хүн бүртгэгдэж хурал хүчинтэй болж байгаа. Үлдсэн 160 хүн хуралдахаар ирц хүчинтэй эсэх, 436 хүнээс тооцохоор 160 хүн нь 50 хувьд нь ч хүрэхгүй байгаа учраас хуульд заасан саналын хувь хэмжээний шаардлагад нийцэхгүй байгаа. Үлдсэн 160 хүн хуралдаж гарсан шийдвэрүүд нь бичгээр гарах захиргааны актын шаардлагыг хангахгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан тамга тэмдэг дарагдаж, гарын үсэг зурагдсан байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй байна. Хурлын дэгийг Баян-Өндөр сумаас ирүүлсэн байна. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад нэр дэвшигчийн санал хураалт явуулаад, дүнг танилцуулаад, тогтоолын төслийг хуралдаанд танилцуулж батлуулах ажиллагаа явуулна гэсэн дэг байгаа. **ын хувьд иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгох тухай 03 дугаар тогтоол, Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 04 дугаартай тогтоол, тооллогын комиссын 01 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг дэмжиж оролцож байна. Энэ тогтоолд хэдий ** гэдэг хүн “Би иргэдийн Нийтийн Хурлын дарга болоогүй, ** болсон” гэх боловч яг энэ тогтоолын үндэслэсэн хуулийн заалтуудыг шүүгч анхаарч үзэх ёстой. Уг тогтоолд хэрэглэсэн хуулийн заалтууд нь 32.5.4, 32.8.3, 48.1 гээд багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгохтой холбоотой заалтуудыг үндэслэж байгаад шийдвэр гаргасан. Хуралдаан даргалагч гэдэг бол тухайн өдрийн хурлыг л даргалж байгаа хүн, харин иргэдийн Нийтийн Хурлын дарга гэдэг бол цаашид энэ хурлын даргаар ажиллах юм. Жишээлбэл 32.5.4 нь “Хурлын хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох” гэдэг заалт байна. ** гэдэг хүн хуралдааны дарга биш хуралдаан даргалагч гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан тогтоолоор үгүйсгэгдэж байна. ** гэдэг хүнийг иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар сонгосон иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр байна. Гэтэл тогтоол байхгүй учраас ** гэдэг хүнийг хурлын дарга болсон гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй харин ** гэдэг хүн сонгогдсон байна.” гэв.

7. Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хурлын хувьд Баян-Өндөр сумын Засаг дарга иргэдийн Нийтийн Хурлын чиглэл хүргүүлснээр иргэдийн Нийтийн Хурал нь иргэний зөвлөлтэй хуралдаад 01 дүгээр сарын 26-ны өдөр тов зарлаад багийн засаг даргад хурлыг зохион байгуулж ирцийг бүрдүүлж өгнө үү гэж үүрэг болгосон чиглэл хүргүүлсэн. Иргэдийн Нийтийн Хурал бол хурлын товыг гаргадаг. 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 8 цагт хурал зарласан товынхоо дагуу эхэлсэн. Түүнээс өмнөх бэлтгэлийг Засаг даргын багийн ажлын алба хийж ирцийг бүртгээд хурлыг нээсэн. Би өөрөө иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвших байсан учраас заалнаас тухайн өдрийн хурлыг удирдах хуралдаан даргалагчийг сонгосон. **, ** гэдэг хүмүүс дээр санал хураалт явуулах гэтэл гар өргөөд тоолох гэхээр болохгүй байсан учраас ** дарга алга ташиж шийдвэрлэе гээд зааланд байсан хүмүүсийн хэнд нь алга ташилт их байна түүгээрээ сонгоё гэсэн санал тавьсан. Гэтэл ** дарга энэ заалны 80 хувь нь миний талд байна гэхэд нь иргэд дургүйцэж байсан. Бид ** даргыг яагаад сонгосон гэхээр өмнө нь манай багийн Засаг даргаар ажиллаж байсан, өөрөө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг ахалж ажиллаж байсан, мөн иргэдийн Нийтийн Хурлын дарга байсан учраас мэддэг хүнийг сонгоё, шинэ хууль батлагдсан учраас хүмүүс ойлгохгүй гэж үзэн бүгд дэмжээд **г хуралдааны дарга болгосон. Миний хувьд ** даргад тэр өдрийн хурлыг удирд гэж ажлаа хүлээлгэж өгсөн. Процесс цаашаа үргэлжилж ** дарга дэгээ батлуулаад, тооллогын комиссоо байгуулсан. ** даргыг хурлыг хаяж гартал хуралдаан маш цэгцтэй байсан. Тухайн үед би иргэдийг ухамсартай болсон байна гэж бодож байсан. Харин тооллогын комиссын дарга тогтоолоо хуралдаан даргалагчид өгөөд батламжлах процесст гэнэт ширээний ард зогсож байсан ** дарга араас мэдээлэл ирлээ гэж хэлсэн. Ширээний ард зогсож байсан хүнд яагаад тийм мэдээлэл ирснийг би гайхаад байгаа. ** дарга манай иргэдийн төлөөлөгч, 20 гаруй жил манай багт зохион байгуулагчаас нь эхлээд иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгч хийж байсан хүн хурал эхлэхээс өмнө бүгдтэй нь гар бариад, чөлөөтэй явж байсан атал гадны иргэн байгааг яагаад олж хараагүй юм, тэр хүнд хэн нь гадны хүн байна гэдэг мэдээлэл өгсөн юм бол гэж гайхсан. Хуралдаан даргалагч маань ийм итгэлгүй үйл ажиллагаа явуулсанд харамсаж байгаа. **г батламжлах хүртэл процесс маш цэгцтэй явж байсан. Тухайн өдрийн хурлыг удирдаж байгаа хүн бол тэр өдрийн л хурлыг удирдаж 2 жил хуралдаан даргалагчийг сонгох хүн байсан. Түр сонгогдож байгаа нь гарын үсгээр баталгаажих ёстой. Тэрнээс хойш дандаа тамга тэмдэг дарагдах ёстой байсан. Хурлын даргыг хуралдаан даргалагч нь батламжлаагүй гараад явсан учраас тамга тэмдгийг шилжүүлэх эрх байхгүй учраас би Баян-Өндөр суманд тамга тэмдгийг хүлээлгэж өгсөн. Үүнээс хойших процесст би оролцох ямар ч боломжгүй болсон. Иргэд 6-7 цаг суусан учраас хурал тараасанд дургүйцэж байсан. Биднийг үл хүндэтгэсэн байдал үүсгэлээ гээд ** гарахад багийн ажлын албаныхан бичиг баримт, компьютероо аваад гарсан. Иргэд ирцдээ л хүрсэн бол хуралдах боломжтой учраас үлдсэн иргэд хурлаа үргэлжлүүлсэн байдаг. Миний хувьд сүүлийн хуралд өөрийн биеэр оролцоогүй. Хууль ёсны дагуу явж байсан хурлыг Б. Баасансүрэн орхиж явсан учраас би хуулийн зөвлөгөө авах гээд өмгөөлөгч хайж яваад эргээд иртэл хуралдаан дуусаад иргэд явсан байсан. Тухайн өдрийн хуралдаан даргалагчаар ** эгчийг сонгосон байсан. Багийн Засаг даргыг иргэд бүгд сонгоод, батламжилсан процесс болсон. Тухайн өдрийн хуралдаан даргалагчид би тамга шилжүүлж өгөөгүй учраас түүнд тамга дарах эрх байхгүй. Тооллогын комиссын шийдвэр дээр даргалагч гарын үсэг зураад батламжилсан бол би тамга тэмдгээ шилжүүлж өгөөд үргэлжлүүлэх байсан. Би өмнө Баянцагаан багийн Иргэдийн нийтийн хурлын дарга байсан. Одоо үүргийг нь гүйцэтгээд түр хийж байгаа.” гэв.

8. Хариуцагч ** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “** гэдэг хүн хурлыг сонин шалтгаанаар хаяж гарснаас болоод хүмүүс гараад явсны дараа нэр дэвшигч хуулийн зөвлөгөө авсан байх. Тэгээд ** микрофон аваад үлдсэн хүмүүс хурлаа үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Засаг даргыг сонгох сонгуулийг үргэлжлүүлэх саналыг иргэд тавиад үүнийхээ дагуу 160 гаруй хүн үлдсэн байсан нь намайг тухайн өдрийн хуралдаан даргалагчаар сонгосон. Иргэд илээр санал өгье гээд гар өргөж 100 хувь батлаад Засаг даргыг сонгосон. Энэ бол багийн иргэдийн бүрэн эрх юм. ** 50 өрх тутмаас 1 хүн ирсэн тохиолдолд хурал үргэлжилнэ гэж хэлж байна. Тэр хурлын зааланд өрхөөс нэг төлөөлөл ирсэн учраас хурал үргэлжлүүлэх эрхтэй. Үүдэнд 2 цагдаа зогсож байсан. Багийн ажилчид хүмүүсийг оруулаад маш эмх цэгцтэй явж байсан.  Гэтэл харьяаллын бус, архидан согтуурсан хүн байсан учраас ** хурлыг орхисон гэж ** бичсэн байсан. Тэнд нэг ч согтуу хүн байгаагүй. Хэрэв согтуу хүн байсан бол хууль сахиулж байгаа 2 цагдаа гаргах байсан. Эхний хуралдаан дээр тооллогын 5 гишүүний гарын үсэгтэй тогтоол байгаа. Аль алийг нь хүчингүй болгох эрх байхгүй. Энэ бол иргэдийн бүрэн эрх.” гэв.

9. Гуравдагч этгээд ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хурлыг албан ёсоор хаагаагүй ** гэдэг хүн дур мэдэж, иргэдийг турхирч дараа хурал болох тов мэдэгдэлгүйгээр орхиж гарч явсан. Тийм болохоор ирцийн бүртгэлд бүртгэгдсэн 400 гаруй хүний ирц хүчинтэй гэж үзэж байна. Ирцийг зохион байгуулагч хариуцах ёстой. Өөр харьяаллын болон согтуу хүмүүс орж ирсэн гэдэгт тайлбар хэлэхэд гаднаас орж ирж байгаа сонгогчдыг сонгууль зохион байгуулж байгаа багийн ажилчид өөрсдөө үүдээр орж ирэхэд нь нэг нэгээр нь нэрийг нь дуудаад, гэрийн хаягийг нь тулгаж үзээд оруулж байсан. Би тамга тэмдэг хариуцдаг субъект биш. Иргэдийн хүсэлтээр би сонгуульд оролцсон. Иргэд өөрсдөө хамгийн том оролцогчид байдаг. Миний зүгээс энэхүү маргаанд хувийн ашиг сонирхол бус тухайн сонгуулийн ажиллагаа хуульд нийцсэн эсэх, процесс зөв явагдсан эсэх асуудал чухал гэж үзэж байгаа. Өнөөдөр гэрчээр оролцож байгаа хүмүүс нь тухайн ажиллагаанд шууд оролцсон, тодорхой ашиг сонирхлын хамааралтай этгээдүүд байгаа гэж би үзэж байна. Тухайлбал хурлыг удирдаж байсан, тооллогын комиссыг ахалж байсан, мөн сонгуульд өрсөлдөж байсан хүмүүс байгаа учир мэдүүлгийг бусад нотлох баримттай хамтатган үнэлэх шаардлагатай гэж үзэж байна. Миний хувьд анхнаасаа нэг л байр суурьтай байгаа. Тухайн хуралдааны явц, шийдвэр гаргалт, баримтжуулалт нь хуульд нийцсэн эсэхийг бодит байдалд үндэслэн шалгаж өгнө үү гэж хүсэж байгаа.

Иймд шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, процессын нөхцөл байдал, гэрчүүдийн ашиг сонирхлын хамаарлыг бүхэлд нь харгалзан үзэж шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.” гэв.

10. Гуравдагч этгээд ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянцагаан багийн иргэдийн нийтийн хуралдаанд гаднаас 20, 30 хүн орж ирсэн гэж хэлж байна. Тэнд манай багийн хэсгийн ахлагч гэж байгаа. Энэхүү хэсгийн ахлагч нь тухайн өөрийнх нь хариуцсан хэсэгт хэн гэдэг хүн, хэддүгээр байшинд хэдэн ам бүлтэй амьдардаг, амьдралын судалгаа гэх зэргийг бүгдийг нь мэддэг хүмүүс байдаг. Энэ хүмүүс хаалгаар орж ирэхэд хүмүүсээ таньдаг. Намайг очиход хүртэл нэр хаягийг минь мэдээд бүртгээд авч байсан. Тиймээс энэ хүн худал, үндэслэлгүй зүйл ярьж байна. Хурал орхиж гарсан шалтгаан нь хурал даргалагч **г согтуу хүмүүс татаж, чангаасан гэж хэлсэн. Сургуулийн заал 2 хаалгатай. Гаднаас шууд ордог, мөн коридороор дамжиж ордог 2 хаалгатай. Тэр хаалган дээр 2 цагдаа, сургуулийн захирал, багш нар байсан. Ажилчид бүгдийг хянаж байсан.  Тэнд архи уусан, нэгнээ турхирсан зүйл гараагүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч олонхын санал аваагүй гэдэг үндэслэл хэлсэн. Олонхын санал гэдэг бол өмгөөлөгчийн хувьд 3 хүн өрсөлдөж байхад 1 хүн нь бараг 300 санал авч байж ялах ёстой, сүүлд нь **, ** нар дахиж сонгууль хийх ёстой гэсэн үндэслэлгүй зүйл ярьж байна. 1 хүнээр илүү байсан ч тэр бол олонхын санал. Энэ бол хувийн ашиг сонирхол хөөцөлдөх бизнесийн эсвэл улс төрийн том сонгууль биш. Багийн иргэдийн сонгуульт ажил, иргэдийн өөрсдийнх нь сонголт, өөрсдөө зохион байгуулдаг. Тиймээс иргэдийн сонгох сонгогдох эрхэд халдаж байна. Нэхэмжлэгч тал өөрсдийнхөө эрх ашигт  нийцүүлж тайлбар гаргаж байна гэж үзэж байна. Тооллогын комиссын тогтоолыг хүчингүй болгож болохгүй. Учир нь 436 хүн саналаа өгсөн. Нэг нэгээр нь нэр хаягтай нь дуудах энэ процессыг сумын иргэдийн төлөөлөгч бөгөөд тооллогын комиссын дарга ** дуудахад хэсгийн ахлагч ** гэдэг хүн саналыг өгүүлсэн. Тодорхой тооны хүчингүй хуудас гарч ирж байсан. ** гэдэг хүн хамгийн олон санал авсан хүнийг дээрээс нь эхлээд дуудъя гээд **, **, ** гэдэг дарааллаар уншаад тооллогын комиссын гишүүд болон дарга нар баталгаажуулж гарын үсгээ зураад тухайн үеийн хуралдаан даргалагчид шилжүүлье гэсэн. Гэтэл миний дэргэд сууж байсан ** “Надад таалагдахгүй байна” гэж босож ирэхэд цаанаас нь ** гэдэг хүн хүрч ирээд хоорондоо юм шивнэлдээд “Энд гадны хүн байна” гэж хэлээд гараад явсан. ** эгчийг иргэдийн Нийтийн Хурлын дарга болсон гээд байгаа нь үндэслэлгүй зүйл. Тухайн үед хуралдаан даргалагч ** хуралдаан хаяад гарсны дараа ** гэдэг хүн тэнд байх боломж нь байсан. Бид түүнийг хөөж явуулаагүй. Мөн ** “Энэ хурал тарлаа” эсвэл “хурлыг дахин хийнэ” гэж микрофоноор хүмүүст зарлаагүй. Ядаж энэ хурал болохоо больсон гэж мэдэгдэл хийсэн бол иргэд бүгд гарах байсан байх. Тэгэлгүйгээр ** зүгээр л гараад явсан. Түүний араас Засаг даргын орлогч ** гэдэг хүн багийн ажилчид, ** нар гараад явсан. Өглөө 6:30 цагаас өдрийн 13-14 цаг хүртэл ариун цэврийн өрөө ч оролгүй хүлээсэн иргэдийг үл тоогоод хаяад явахад 436 иргэдийн сонгох, сонгогдох эрх нь зөрчигдсөн. Би үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж үзэж байна.” гэв.

11. Гэрч ** шүүх хуралдаанд гарсан мэдүүлэгтээ: “ 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс ажлын 5 хоногийн өмнө иргэдийн Нийтийн Хурал зарлагдсан байсан. Өглөө 8 цагт хурал эхэлсэн. Багийн ажлын албанаас бүртгэл хийж иргэдийг оруулсан. Би тухайн хуралд оролцогчоор иргэний хувьд очсон. Хурал эхлэхэд намайг даргалагчаар сонгосон. Хурал дэгийн дагуу явагдах ёстой. Даргалагч болсны дараа даргын эрх үүрэг гэж байгаа. Тэнд гадны хаягтай хүмүүс орж ирсэн байсан. Тухайн иргэдийг ямар ч нотлох баримтгүй оруулж байсан. Зарим иргэд зүгээр л скрийншот хийж орж ирсэн байсан. Би өөрөө Баян-Өндөр сумын Засаг даргаар удирдах албан тушаалд ажиллаж байсан учраас мэднэ. Хурлыг тараах гол процесс бол нэгэн эхнэр нөхөр хоёр намайг зорьж ирж байгаад “Би 2А хороололд амьдардаг. Гэтэл 7 настай хүүхдийг минь цоожлоод авч ирж буулгасан. Баянцагаан багийг мэдэхгүй” гэж нэг залуу хэлсэн. Би нийт 17-18 жил энэ багтай холбоотой байгаа. Зарим шилжиж ирсэн хүнийг мэдэхгүй байж болно. Гэхдээ л би энэ багт ямар хүн амьдардаг, амьдардаггүйг гадарлаж байгаа. Баянцагаан багийн 1350 өрхийн 5000 орчим иргэдийн эрхэд халдсан бусармаг үйлдэл гарсан учраас даргалагчийн хувьд энэ хурлыг тарааж дараагийн хурлыг зарлах нь зүйтэй гэж хэлсэн.

Иргэдийн зүгээс энэ бол хууль бус хурал байна, энэ хурлаа тараагаач гэдэг байдлаар нэлээд хэдэн иргэд эсэргүүцлээ илэрхийлж байсан. Гэтэл 30, 40 хүнийг дахиж санал өгүүлсэн. Хууль бус шийдвэр гаргаж болохгүй гэж үзээд тараах нь зөв  гэж би үзсэн” гэв.

12. Гэрч ** шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Тооллогын комиссын тогтоол гэдэг бол хүмүүс өгсөн саналыг тоолж л байгаа. Хурлын даргалагч баталгаажуулснаар албаждаг. Анх даргалагч хурлын дэгийг батлуулсан. Үүний дагуу тооллогын комиссын тогтоол гараад хурлын даргалагчид өгөхөд процесс буруу байна гэж байсан. Хуралд оролцож бүртгүүлсэн хүмүүсээс гадна дахиад 30-40 эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хүмүүс гарч ирж саналаа өгмөөр байна гэж эмх замбараагүй байдал үүсгэсэн. 2 дахь удаа бүртгэлтэй тулгаж нэр дуудаж баталгаажуулахад тэр хүмүүс байгаагүй. Тухайн өдрийн хуралдаан даргалагч ** “Эмх замбараагүй байдал үүссэн учраас дараа дахин хуралдуулъя. Би энэ хурлыг удирдаж чадахгүй” гээд гараад явсан. Тооллогын комисс багийн иргэдийн Нийтийн хурлын даргад санал өгсөн саналын хуудсыг тоолж, тогтоолоо танилцуулаад, хуралдаан даргалагчид өгсөн.” гэв.

13. Гэрч ** шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан Баянцагаан багийн Иргэдийн Нийтийн хуралдааныг манай багийн ажлын алба зохион байгуулсан. 6 хэсгийн ахлагч иргэдийн ирцийг бүртгэсэн. Бүртгэлийг И-монголиа уншуулж байгаад дунд үеэс нь уншуулаагүй. Дунд үеэс нь хэсгийн ахлагч нар баримжаагаар оруулсан.  Иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгоход 1 хүнийг 2 дуудсан гэх зэрэг асуудал гараад эмх замбараагүй байдаг үүссэн. Урт хугацаагаар хурал үргэлжилсэнд иргэд залхаад бухимдалтай байсан. Манай хэсгийн ахлагч нар харж байгаагүй хүмүүс тэнд байсан гэж хэлсэн. ** дарга гараад явсан бид техник хэрэгслээ хараад үлдсэн. Сүүлдээ хүмүүс гараад явахаар нь явсан.” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

1.1 Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан  багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Баянцагаан багийн 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан багийн иргэдийн нийтийн Хурлын даргыг сонгох тухай” 03 дугаартай тогтоол, “багийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 тогтоолуудыг хүчингүй болгох” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж маргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч **оос  “Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болж, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн.

2.2. Тус хуралдаанаар Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай “Хуралдааны дэг батлах тухай” тогтоол, 02 дугаартай “Редакцын комисс сонгох тухай”, 03, 02  дугаартай “Тооллогын комиссын дарга, гишүүд сонгох тухай”,  03 дугаартай “Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга сонгох тухай”, 04 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолуудыг, 01 дугаартай “Санал хураалтын дүнгийн тухай” Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын тогтоолыг тус тус гаргажээ.

 Нэхэмжлэгч ** Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаартай “Багийн иргэдийн Нийтийн Хурлын “Багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга сонгох тухай”,  “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаар тогтоолууд, Тооллогын комиссын 01 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар маргасан.

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд:

3.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдсэнийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэлээ.   

3.2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаар “Санал хураалтын дүнгийн тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж тус тус заасан ба тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаас сонгогчдын саналын хуудсыг тоолж, тогтоол гаргахаар сонгогдсон тооллогын комиссын тогтоолыг захиргааны акт гэж, тооллогын комиссыг  захиргааны байгууллага, албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзлаа.

Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаартай “Багийн иргэдийн Нийтийн Хурлын “Багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга сонгох тухай”, “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн.”, 32.2-д “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.”, 32.3-д “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.”, 32.4-д “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно.”, 32.8.3-д “Хурлын хуралдааны даргыг сонгох” гэж  тус тус зохицуулжээ.

Баянцагаан багийн иргэдийн Нийтийн хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө эхэлж, тухайн өдрийн хуралдааны даргалагчаар иргэн ** сонгогдож хуралдааны дэг батлах тухай 01 дугаар тогтоолын хавсралтаар хурлын хуралдааны дэгийг баталсан ба дэгийн дагуу редакцын комисс сонгох тухай 02 дугаар, тооллогын комиссын дарга, гишүүдийг сонгох тухай 03  дугаар тогтоолуудыг тус тус гаргажээ.

Дэгийн дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад нэрээ дэвшүүлсэн иргэн **, **, ** нарын танилцуулга хийгдэж, иргэдээс асуух асуулт, хариулт явагдаж, санал хураалт явагдан тооллогын комисс 01 дугаар “Санал хураалтын дүнгийн тухай” тогтоолыг гаргасан байна.

Тооллогын комисс 01 дугаар тогтоол гарч иргэдэд танилцуулагдсаны дараа тухайн хурлын хуралдаан даргалагч ** иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гаргаж батламжлахгүйгээр хуралдааныг орхин, цааш үргэлжлүүлээгүй болох нь хурлын хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Баянцагаан багийн иргэд нь дэгийн дагуу хуралдааныг үргэлжлүүлэн багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэж тухайн хуралдааныг үргэлжлүүлэн явуулах хуралдаан даргалагчаар **г томилсон байна.

Иргэн **г Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг үргэлжлүүлэх хуралдаан даргалагчаар сонгох 03 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.4-д “Хурлын хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох”, 32.8.3-д “Хурлын хуралдааны даргыг сонгох”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.” заасныг тус тус үндэслэсэн байна.

Гэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.” гэж заасны дагуу ** тухайн иргэдийн нийтийн Хурлын хуралдаан даргалагчаар иргэдээс сонгогдон багийн Засаг даргыг сонгох тогтоолд гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбараар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл ** нь тухайн өдрийн багийн Засаг даргыг сонгох Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг даргалсан гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь дээрх 03 дугаар тогтоолоор ** нь Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар сонгогдсон, 03 дугаар тогтоол тамга тэмдэггүй, хууль бус гэж тайлбарлан маргасан.

Иргэн ** нь “...Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад иргэн **, **, ** нар нэр дэвшсэн, багийн хурлын даргад нэр дэвшээгүй, хуралдаан даргалж байсан ** нь хуралдааныг орхин гарсан учраас багийн Засаг дарга сонгох иргэдийн хуралдааныг үргэлжлүүлэн явуулах шаардлага гарсан учраас тухайн хуралдаан даргалагчаар сонгогдон, дахин тооллогын комиссын дарга гишүүдийг сонгох тухай, редакцын комиссын дарга, гишүүдийг сонгох тухай тогтоолуудыг батлан гаргасан, тамга тэмдгийг ** авч явсан учраас баталгаажуулах боломжгүй байсан ...” гэж тайлбарласан болно.

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  зүйлийн 12.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална: 12.1.6. “нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх” гэж заасан тул тухайн багийн нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх зарчимд нийцсэн гэж шүүх үзлээ.  

Тиймээс Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаартай “Багийн иргэдийн Нийтийн Хурлын “Багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга сонгох тухай”, “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 дугаар тогтоолууд нь багийн Засаг даргыг сонгох асуудлыг шийдвэрлэхэд гарсан тогтоолууд байна.

Нэхэмжлэгч ** нь Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад нэр дэвшсэн, нэр дэвшигчдийн дунд багийн иргэд санал хураалт явагдаж тооллогын комиссын 01 дугаар тогтоол гарсан байхад тухайн багийн иргэдийн хуралдааныг даргалан үргэлжлүүлэн явуулахаар гарсан 03 дугаар тогтоол, багийн Засаг дарга сонгох санал хураалтад санал өгөх байсан гэх үндэслэлээр 04 дугаар тогтоолууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул  хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.  

Иймд дээрх үндэслэлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан  багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай “Багийн иргэдийн Нийтийн Хурлын “Багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга сонгох тухай”, 04 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоол нь хууль зөрчөөгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад нэр дэвшсэн иргэн **ын багийн Засаг даргад нэр дэвшигчдэд санал өгөх, сонгох эрх зөрчигдсөн гэх  үндэслэлээр уг маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.4, 48 дугаар зүйлийн 48.2, 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч **ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн  иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай “Багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга сонгох тухай”, 04 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр  зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэгч **ын “Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаар “Санал хураалтын дүнгийн тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн захиргааны актад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА