Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00645

 

2022.04.06                                        Магадлал төсөл

                

Н.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/03064 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Зын хариуцагч “Х.Б.Э” ХХК болон Ш.Г, Н.Э нарт холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг болон Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хонгор апартмент хотхоны 16 дугаар байрнаас 1 гарааш гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.Э болон “Х.Б.Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Зын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Н.З, Ш.Г, Н.Э нар гурвалсан гэрээ байгуулсан ба гэрээний агуулга нь иргэн Ш.Гын газар дээр Н.Э болон “Х.Б.Э” ХХК өөрөө хөрөнгөө гаргаад 14 давхар орон сууцны барилга барихаар болсон. Ш.Г бол газрын эзэн, “Х.Б.Э” ХХК хөрөнгө оруулагч, Н.З энэ 2 талыг зуучилсан зуучлагч. Н.З орон сууц барих газрыг зуучилж, орон сууц барих бүх техникийн зөвшөөрлийг авч, бүх зургийг гаргах байсан ба Ш.Г газраа гаргаж, Н.Э бүх техник хөрөнгө материалаа гаргахаар тохиролцож 140 айлын 14 давхар орон сууц барьсан. Би зуучилж байгаа учраас зуучлалын хөлсөө эхлээд Ш.Гтой яриад барьсан барилгын 15 хувийг авахаар тохиролцсон. Н.Этай болохоор би газар олж өгсөн учраас 200,000 ам доллар буюу тухайн үеийн 400,000,000 гаруй төгрөгийн зуучлалын хөлс авахаар тохиролцсон ба энэ үнэд бүх зөвшөөрөл, зургийг гаргаж өгөхөөр тохиролцсон. Эхний ээлжинд 278,000,000 төгрөг авч, үлдэх 200,000,000 төгрөгийг барилгыг улсын комисст хүлээлгэж өгсний дараа өгнө гэж тохиролцсон. Гэрээ хийх явцад Ш.Г надад “чи түшиц хана хийх юм байна, би чамд 1 гарааш өгнө” гэж хэлсэн. Би түшиц хана хийлгэхээр тусгай зөвшөөрөлтэй компани олоод уулзахад Н.Э надад 122,000,000 төгрөгийн 50 хувиар тооцоод 62,000,000 төгрөгийг 10 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлж өгсөн. Би “Лорлд скай” ХХК-тай гэрээ хийгээд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлаа эхлэх гээд очиход хүмүүс тухайн газрыг ухчихсан байсан. Би Ш.Гтой уулзаж гараашийн асуудлаа ярихад “би чиний гараашийг Н.Эд өгсөн” гэж хэлсэн. Ш.Гоос 1 гарааш гаргуулахаар болсон. Орон сууц барьсан хөлсөнд би Ш.Гоос нэг ч төгрөг аваагүй. Би Н.Эаас 200,000,000 төгрөг авах ёстойгоос 61,000,000 төгрөгийг авсан ба 149,000,000 төгрөгөөс түшиц хана хийсэн мөнгөө хасаад үлдэгдэл 50,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. “Х.Б.Э” ХХК түшиц ханаа хэдэн төгрөгөөр хийлгэсэн баримтаа гаргаад өгчихвөл би үлдэгдэл мөнгийг авна гэжээ.

 

2.    Хариуцагч Ш.Гын татгалзал, тайлбарын агуулга: Н.З түшиц ханыг хийх байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Н.З Н.Эаас 62,000,000 төгрөг шилжүүлж аваад утас нь холбогдохгүй болсон. Н.Э над руу залгаад “та мөнгийг Н.З ах руу шилжүүл гэж хэлж мөнгө шилжүүлсэн, одоо таниас гараашийг чинь авна” гээд авсан. Би Н.Зын өмнөөс хийх ёстой байсан ажлыг нь хийсэн гэжээ.

 

3. Хариуцагч Н.Э болон “Х.Б.Э” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Н.Э гэдэг хувь иргэн бол хариуцагч биш. Гэрээнд заасан хүснэгтийн 1, 2-т заасан графикийн дагуу 280,031,000 төгрөгийг Н.З хүлээгээд авчихсан. Гэрээний хүснэгтийн 3-т заасан 200,000,000 төгрөгийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсний дараа хүлээж авах байсан. Гэтэл Н.З  нь зохих ёсны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ  биелүүлээгүй, барилга угсралтын ажлыг улсын комисст хүлээлгэж өгөх ажлаа Н.З хийгээгүй ба энэ ажлыг нь Ш.Г болон хяналтын инженер  Н.Бямбаа нар хийсэн. Түшиц хана хийх ажил нь 122,218,278 төгрөг болно, Н.З түшиц хана хийх байсныг “Лордскай” ХХК-аар гүйцэтгүүлнэ гэж гэрээндээ өөрчлөлт оруулсан. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Лордскай” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 61,109,139 төгрөгийг шилжүүлэхээр тохирсон. Манай компани гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа төлбөрөө шилжүүлсэн. “Лордскай” ХХК-д түшиц ханаа барих шаардлага тавихад “танай компанийн ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг Н.З гэдэг хүн аваад явчихсан, манайх энэ ажлыг гүйцэтгэхгүй” гэсэн тайлбарыг хэлсэн. Үүнээс харахад Н.З нь гэрээгээр хүлээсэн үүргээ “Лордскай” ХХК-д шилжүүлсэн ба “Лордскай” ХХК руу шилжүүлэх мөнгийг өөртөө шилжүүлж авсан. Хавар ажил эхлэхээс өмнө түшиц ханы ажлыг хийх зайлшгүй шаардлагатай байсан учраас өөр компани болох “Халзан хайрхан” ХХК-д үнийн санал тавихад “хүйтэрсэн байгаа учраас хүйтний нэмэгдэл нэмэгдэнэ, гадаа хүйтэрсэн учраас бүтээлэг авч бүтээж хийхээс өөр арга байхгүй” гэж хэлсэн ба гэрээний дагуу 154,807,000 төгрөгөөр ажлыг гүйцэтгэсэн. “Х.Б.Э” ХХК нийт дүнгээрээ 496,000,000 төгрөгийн нэмэлт зардал гаргасан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Э, “Х.Б.Э” ХХК нараас 50,000,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Ш.Гоос Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хонгор апартмент хотхоны 16 дугаар байрнаас 1 гараж гаргуулахыг  хүссэн нэхэмжлэгч Н.Зын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 583,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

            5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Н.З утсаа авдаггүй, утас нь холбогдохгүй байсан гэж хариуцагч нарын хэлснээр намайг буруутгаж байгаа нь ямар ч нотлох баримтгүй байна. Миний утас байнга нээлттэй, над руу ерөөсөө Н.Э, Ш.Г нар утасдаж байгаагүй. Гэтэл анхан шатны шүүх Ш.Г, Н.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үгээр Н.Зын утас нь холбогддоггүй байсан учраас гэрээний дагуу үүрэгт ажлаа хийгээгүй гэж үзэх нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Тэгвэл Н.З би Н.Э руу байнга утасдаж байсныг Н.Э утсаа аваагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юү? Мөн шүүх сүүлд нөхөж хийсэн хуурамч гэрээг үндэслэж Н.Э нь 154,000,000 төгрөгөөр түшиц ханыг “Халзан Хайрхан” ХХК-аар хийлгэсэн гэсэн дүгнэлт гаргаж байгаа нь алдаатай дүгнэлт гэж үзэж байна. Яагаад гэвэл түшиц ханыг 10 сарын сүүлээр бариад дууссан байхад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түшиц ханыг хийлгэх гэж Н.Э “Халзан Хайрхан” ХХК-тай гэрээ хийсэн нь хуурамч, нөхөж хийсэн гэрээ гэдэг нь илт мэдэгдэж байна. Хэрвээ “Халзан Хайрхан” ХХК-аар түшиц ханыг 154,000,000 төгрөгөөр хийлгэсэн юм бол хэдэн төгрөгөөр материал авсан, хэдэн төгрөгөөр цалин өгсөн зэргийг нотлох ямар ч баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй юм. Анхан шатны шүүхэд энэ түшиц ханыг яг хэдэн төгрөгөөр хийснийг нотлох баримт гаргуулах хүсэлт тавихад миний энэ хүсэлтийг хүлээн аваагүй. Тэгсэн мөртлөө анхан шатны шүүх түшиц ханыг 154,000,000 төгрөгөөр хийлгэсэн гэж үзээд миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэсгүй гэж үзэж байна. Түшиц ханыг яг хэдэн төгрөгөөр хийлгэсэн нь нотлох баримтгүй байсан тул дунджаар 60,000,000-80,000,000 төгрөгөөр хийлгэхэд 50,000,000 төгрөг үлдэх боломжтой гэж үзээд 50,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл анхан шатны шүүх 50,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй гэж шийдвэртээ тусгажээ. Мөн анхан шатны шүүх Н.З нь түшиц ханыг хийгээгүй, орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн ямар  нэгэн үндэсгүй. Ийм учраас түшиц ханыг хэдэн төгрөгөөр хийлгэсэн талаар албан ёсны шинжээч томилж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Н.Э болон “Х.Б.Э” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан ба хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн аль зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн тооцож байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй. Иймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Анх Н.Эаас 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х.Б.Э” ХХК-ийг хариуцагчаар татсан. Одоо “Х.Б.Э” ХХК-аас 50,000,000 төгрөгийг нэхэмжилж байна уу эсхүл Н.Эаас нэхэмжилж байна уу, “Х.Б.Э” ХХК, Н.Э нараас 50,000,000 төгрөг нэхэмжилж байна уу гэдэг нь тодорхойгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Талуудын байгуулсан гэрээ бол хамтран ажиллах гэрээ болохоос нэхэмжлэгчийн дурдсан шиг зуучлалын гэрээ биш юм. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Тухайлбал, Б тал буюу Н.З нь байрны хойд талд түшиц хана барих үүргийг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй. Уг үүргээ “Лордскай” ХХК-аар гүйцэтгүүлэхээр гурван тал харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж “Лордскай” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр болох 61,000,000 төгрөгийг “Х.Б.Э” ХХК-аас шилжүүлсэн. Гэтэл “Лордскай” ХХК дээр очиж 61,000,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан атлаа түшиц хана барих үүргээ гүйцэтгээгүй. “Лордскай” ХХК нь гэрээний төлбөрийг Н.З авсан гэх үндэслэлээр түшиц хана барих үүргээ гүйцэтгээгүй. Ийм учраас барилгыг ашиглалтад оруулахын тулд “Х.Б.Э” ХХК нь өөр компаниар ажлыг гүйцэтгүүлсэн. Энэ асуудлаас хойш буюу 2019 оны 10 дугаар сард Н.З Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнээс хойш хамтын ажиллагаанд огт оролцоогүй. Барилгын үе шатны ажлыг захиалагчийн хяналтад хүлээлгэж өгөх, нэхэмжлэл гаргаснаас хойш зөвшөөрөл авах зэрэг ажлыг гүйцэтгээгүй зөрчсөн. Хариуцагч Ш.Г, “Х.Б.Э” ХХК-ийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэрээний үүргийг бүрэн гүйцэд буюу зохих ёсоор биелүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Н.З “Х.Б.Э” ХХК болон Ш.Г, Н.Э нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг болон Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хонгор апартмент хотхоны 16 дугаар байрнаас 1 гараж гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй маргажээ.

 

3. Зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

 

4. “Х.Б.Э” ХХК Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3390 м.кв хэмжээтэй Ш.Гын эзэмшлийн газар дээр өөрийн хөрөнгөөр 16 давхар, үйлчилгээтэй, гадна машины зогсоолтой орон сууцны барилгыг барихаар тохиролцон 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан нь тогтоогджээ.

 

5. Гэрээний дагуу орон сууцны барилга баригдаж улсын комисст хүлээлгэн өгсөн, Н.З 319,877,739 төгрөгийн хувь авсан талаар зохигчид маргаагүй байна.

 

6. Хариуцагч нар нэхэмжлэгч Н.Зыг гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл хувийг авах эрхгүй гэж маргасан ба хариуцагч нарын тайлбар хэргийн баримтаар нотлогдсон талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

7. Нэхэмжлэгч Н.З хамтын үйл ажиллагаанд оролцохдоо энэхүү гэрээний хүрээнд хэрэгжүүлэх барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л баримт бичиг, материалыг бүрдүүлэх, шаардлагатай баримт бичгүүдийг эрх бүхий этгээдээр батлуулах, хянуулах, холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцлүүдийг авах, ийнхүү авахтай холбоотойгоор баримт бичгүүдийг боловсруулах, бүрдүүлэх, хамтын ажиллагааны явцад эрх бүхий этгээдийн хяналтад хүлээлгэн өгөх, зөвшөөрөл авах болон хамтын ажиллагааны үр дүнд буюу ажлын эцэст барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх зэрэг аливаа зөвлөх болон зөвлөгөөг хэрэгжүүлэх, газрын хойд хэсэгт Дунд голын дагуух 92 метр хүртэл урттай түшиц хана батлагдсан зураг төсвийн дагуу хийх үүргийг хүлээсэн байх ба барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх, түшиц хана хийх зэрэг үүргээ биелүүлээгүй нь нотлогдсон, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

8. Мөн Н.Э нь хамтран ажиллах гэрээний оролцогч биш, Ш.Г хамтран ажиллах гэрээгээр Н.Зод нэг гараж өгөх үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолсон баримтгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

9. Зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гурвалсан гэрээгээр Н.З нь газрын хойд хэсэгт Дунд голын дагуух 92 метр хүртэл урттай түшиц хана батлагдсан зураг төсвийн дагуу хийх үүргийг хүлээсэн байх ба уг үүргээ биелүүлээгүйн улмаас “Х.Б.Э” ХХК нь “Халзан Хайрхан” ХХК-аар түшиц ханыг 154,872,000 төгрөгөөр хийлгэсэн нь хэрэгт авагдсан ажлын төсөв, ажил гүйцэтгэх гэрээгээр нотлогджээ. Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн эдгээр баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, төсвийг эс зөвшөөрсөн үндэслэл, тайлбараа нотлоогүй тул “шүүх сүүлд нөхөж хийсэн хуурамч гэрээг үндэслэж Н.Э нь 154,000,000 төгрөгөөр түшиц ханыг “Халзан Хайрхан” ХХК-аар хийлгэсэн гэсэн дүгнэлт гаргаж байгаа нь алдаатай дүгнэлт” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/03064 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Зын гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ

 

                              ШҮҮГЧИД                             Ц.ИЧИНХОРЛОО

  

                                                                           Д.БЯМБАСҮРЭН