Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 426

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Б.Л /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711015730372 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Илжигэн овогт Болортуяагийн Лхагважаргал, 1999 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн 10-92 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/УХ99081150/,

 

Шүүгдэгч Б.Л нь 2017 оны 12 дугаар сарын 7-ны орой 22:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энх-Оюу” нэртэй хүнсний дэлгүүрийн хойд талд байрлах Нийтийн байрны хажууд иргэн Б.Ганбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би найзтайгаа нийтийн байрны гадаа очоод би үлдээд манай найз дотогшоо орсон. Би нэг залуутай муудаад намайг эхлэж цохиж авсан тэгээд би цохиод харилцан зодоон хийсэн” гэв.

Хохирогч Б.Ганбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2017 оны 12 дугаар сарын 7-ны орой 22:00 цагийн орчим гэрийн ойролцоо байх Энх-Оюу нэртэй хүнсний дэлгүүр ороод гэр лүү харих гээд явж байхад дэлгүүрийн хойд талд байх нийтийн байрны урд үл таних 2 залуу зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь зөрж өнгөрөхөд намайг дотуураа улаан өнгийн малгайтай цамц, хар цэнхэрдүү куртика өмссөн эрэгтэй нь муухай хараад байна уу гэхээр нь энэ хавиар зүгээр явж явж болохоо байсан юм уу гэж хариу хэлтэл цаад нийтийн байрнаас хар бараан өнгийн куртиктай куртикны малгайг өмссөн залуу дөнгөж гарч ирэхэд улаан өнгийн малгайтай цамц куртикны дотуур өмссөн эрэгтэй нь шууд миний нүүр лүү 5-6 удаа цохисон ба энэ үед нийтийн байрнаас гарч ирсэн залуу нь миний араас намайг бариад авахад миний цээж рүү 1 удаа өшиглөсөн …Улаан өнгийн малгайтай цамц өмссөн байсан эрэгтэй илүү олон удаа цохисон. Нэг нь араас барьсан, үлдсэн нэг нь хүзүү лүү цохисон болохоор эхний эрэгтэй гэмтэл учруулсан …Тухайн үед улаан өнгийн малгайтай цамцтай залуу өшиглөсөн. Тэр надтай дараа нь уулзсан. Тэр залууг Лхагваа гэсэн” гэсэн мэдүүлэг. /хх-17-20х/,

             Гэрч С.Буянцогт мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 7-ны орой 22 цагийн орчимд гэрийн ойролцоо байх Очир Хангай нэртэй хүнсний дэлгүүр орчихоод хажууд нь байх Энх-Оюу нэртэй хүнсний дэлгүүр орох санаатай гадаа нь тамхи татаад түр зогсож байтал Нийтийн байрны хажуу талын гудамжнаас үл таних 18-20 орчим насны 3 эрэгтэй гарч ирээд 1 эрэгтэй нь нийтийн байр луу орж нөгөө хоёр нь гадаа үлдсэн. Тэр үед надтай дэлгүүрийн үүдэн дээр зөрсөн эрэгтэй нийтийн байрны зүг алхаж явсан. Тэгсэн хашааны гадаа зогсож байсан 2 эрэгтэй хүн тэр эрэгтэйг өдөөд байсан. Улмаар тэр 3 хоорондоо маргалдаж нэг нь зодолдоод эхэлсэн ...” гэсэн мэдүүлэг. /хх-13-14х/,

            Гэрч Т.Зоригтсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2017 оны 12 дугаар сарын 7-ны шөнө 22 цаг өнгөрч байхад өөрийн найз болох Лхагважаргал болон Гончигсүрэн нарын хамтаар 5 буудалд байдаг Цэнгүүн гэдэг найзынхаа амьдардаг нийтийн байр луу РС тоглох гээд бид 3 хамт очсон. Тухайн үед Лхагваа бид 2 Цэнгүүний хамт амьдардаг нийтийн байрны гадаа үлдээд Гончигсүрэн нийтийн байр луу Цэнгүүнийх рүү орсон юм. Тухайн үед нийтийн байрны гадаа Лхагваа бид  2-ыг байхад нэг үл таних залуу бид хоёрын хажуугаар өнгөрөхдөө Лхагваад хандан архи аваад өгчих гэсэн. Тэгэхээр нь Лхагваа юм яриагүй, тоогоогүй. Тэгсэн чинь тэр залуу Лхагва руу муухай харсан. Тэгсэн Лхагваа тэр залууд хандан муухай хараад байна уу гэж хэлэхэд тэр залуу би энэ гудамжинд зүгээр явж болохоо больчихсон юм байна гэж хэлээд Лхагваатай шууд заамдалцаад авсан. Тэгээд тэр 2 зодолдсон. Тухайн үед би тэр хоёрыг салгах гэтэл тэр залуу Лхагваагаас зуураад тавихгүй байсан. Энэ үйл явдал болж байхад нийтийн байрнаас Гончигсүрэн гарч ирсэн. Гончигсүрэн тухайн үед тэр залуугийн араас нь тэврээд авсан. Тэгээд тэр залуу босч ирэхдээ чулуу бариад босоод ирэхэд нь бид 3 гудамжаар доошоо зугтаасан …” гэх мэдүүлэг /хх-22х/,

            Гэрч Г.Гончигсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 7-ны шөнө 22 цаг өнгөрч байхад өөрийн найз болох Лхагважаргал болон Зоригтсайхан нарын хамтаар 5 буудалд РС тоглох гээд нийтийн байранд байдаг найзындаа очсон боловч манай найз Цэнгүүн гэртээ байхгүй байсан …Цэнгүүний нийтийн байрны гадаад очоод би Лхагваа, Зоригоо 2-ыг нийтийн байрны гадаа орхиод би ганцаараа нийтийн байр руу орсон юм …хэсэг хугацааны дараа гараад ирсэн чинь нийтийн байрны гадаа зодоон болж байсан. Тухайн үед Лхагвааг үл таних залуу үсдээд толгой дээрээс нь дарчихсан хоорондоо зодолдож байсан. Тухайн үед байрны гадаа Лхагваатай хамт үлдсэн Зоригоо тэр хоёрыг салгаж байсан. Энэ үед би нийтийн байрнаас гарч ирээд Лхагвааг араас нь татаж салгасан. Тухайн үед би Лхагвааг арагшаа татах үед Лхагваа болон үл таних залуу 2 газарт унасан. Тэгээд босож ирэхдээ тэр залуу гартаа чулуу бариад босоод ирэхээр нь бид 3 зугтсан …би тэр залууг зодоогүй, салгасан. Тухайн үед Лхагваа тэр хоёр харилцан зодолдсон …” гэсэн мэдүүлэг /хх-24-25х/,

              Яллагдагч Б.Л мэдүүлэхдээ: “Би 2017 оны 12 дугаар сарын 7-ны шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын гудамжинд үл таних залуутай зодолдсон. Би тухайн үед өөрийн хоёр найзын хамтаар Цэнгүүн гэдэг найзынхаа амьдарч байсан нийтийн байр луу очсон юм. Тухайн үед надтай хамт явж байсан манай найз Гончигсүрэн нийтийн байр руу орсон. Энэ үед надтай хамт нийтийн байрны гадаа Зоригтсайхан үлдсэн юм. Тэгээд бид хоёр Гончигсүрэнг хүлээгээд нийтийн байрны гадаа зогсож байхад үл таних залуу над дээр хүрч ирээд чи эндхийх биш байна гэхээр нь би тийм, биш гэж хэлсэн чинь тэр залуу өөрөө наайг өдөөд Их хэгжүүн бацаан бэ гээд намайг өдөөд байсан. Тухайн үед би явах гэсэн чинь миний гарнаас тэр залуу өөр лүүгээ татаад тавихгүй байсан. Тэгээд тэр залуу тухайн үед миний гарнаа татаад өөрөө намайг цохих гэж байгаа юм шиг болсон. Энэ үед бид 2 өөд өөдөөсөө харсан байсан. Тэгсэн тэр залуу намайг эхэлж өөрөө мөргөсөн. Тэгээд зодоон эхэлсэн. Тухайн үед надтай хамт нийтийн байрны гадаа зогсож байсан манай найз Зоригтсайхан бид 2-ын дундуур орж салгах гэж оролдоход тэр залуу миний өмсөж явсан улаан юүдэнтэй малгайтай цамцны малгайнаас нь барьчихаад тавихгүй, намайг доош нь дараад байсан. Тухайн үед нийтийн байрнаас Гончигсүрэн гарч ирээд тэр залуугийн араас нь тэвэрч аваад хойшоо салгасан …Би тэр залуугийн нүүрэнд нь 5-6 удаа гараараа цохьсон. Бас цээжинд нь 1 удаа өшиглөсөн …” гэсэн мэдүүлэг. /хх-38-39х/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №09 тоот дүгнэлтэд: 

            1. Б.Ганбатын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, баруун, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-33/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Л нь 2017 оны 12 дугаар сарын 7-ны орой 22:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энх-Оюу” нэртэй хүнсний дэлгүүрийн хойд талд байрлах Нийтийн байрны хажууд иргэн Б.Ганбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Л нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Б.Ганбат нь 700.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол санал байхгүй /хх-106х/ гэж мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтдээ дурьдсан байх  бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.