| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 2322000000141 |
| Дугаар | 2024/ДШМ/26 |
| Огноо | 2024-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2024/ДШМ/26
Л.Барсболдод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Нямбилэгт
Яллагдагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/356 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр яллагдагч Л.Барсболдод холбогдох эрүүгийн 2322000000141 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Боржигон овогт Лхагважавын Барсболд, Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Талын булаг 4 дүгээр баг Талын булаг гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сум дундын 28 дугаар шүүхийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар, 2020 оны 06 сарын 23-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг хэрэглэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/898 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД: СР92040811/.
Яллагдагч Л.Барсболд нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 2 дугаар сургуулийн баригдаж буй барилга дээр 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ж.Амарбаясгаланг модоор /приус мод/ цохиж зулайн хуйханд шарх, баруун дээд, доод зовхи, баруун хөхлөг сэртэн, цээж, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн хацар, баруун мөр, тохой, шуу, цээж, хэвлий, нуруу, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун зовхи, баруун хацрын төвгөр шанаад зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Яллагдагч Л.Барсболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасныг баримтлан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Л.Барсболдод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2322000000141 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Барсболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, захирамж хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2322000000141 дугаартай хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн байна.
2. Прокурор Э.Нямбилэгт давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Шүүгчийн захирамжийг 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Яллагдагч Л.Барсболдод холбогдох хэрэгт хяналтын прокурор 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 132 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн ба яллагдагч ирээгүй үндэслэлээр хэрэг тухайн үедээ шүүхэд шилжээгүй байна. Прокуророос яллагдагчийг ирүүлэх зорилгоор Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт яллагдагч Л.Барсболдыг шуурхай ирүүлэх тухай албан бичиг (5 удаа) хүргүүлэх, утас руу нь залгах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч байгаа газар нь мэдэгдэхгүй шалтгаанаар хэрэг шүүхэд шилжих ажиллагаа удааширсан.
Яллагдагч Л.Барсболдод холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хяналтын прокурор 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд хэргийн яллагдагчийг ирсэн үед орлогч прокурорын зүгээс яллах дүгнэлтийг гардуулж, санал хүсэлтийг авч улмаар хэргийг шүүхэд хүргүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулах ...” гэж прокурор гардуулахаар тухайлан заасан ба хяналтын прокурор эсхүл орлогч прокурор гэсэн зохицуулалтыг хуульчлаагүй байна. Өөрөөр хэлбэл прокурор ажлаас чөлөөлөгдсөн эсхүл бусад шалтгаанаар эзгүй тохиолдолд хэргийн оролцогчид хүндрэл, чирэгдэл үүсгэхгүйгээр дээрх ажиллагааг гүйцэтгэх боломжтой гэж үзэхээр байна.
Мөн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” бол гэсэн үндэслэлээр буцаасан ба мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг” тодорхойлсон байх тул яллах дүгнэлт гардуулах нь мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна. Иймд шүүгчийн 356 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
3. Яллагдагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Л.Барсболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ч.Отгонбаатар прокурор ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тодорхой. Үүнийг орлогч прокурор шүүх хуралдаан дээр тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор яллах дүгнэлтийн хувийг гардуулна гэсэн зүйл байхгүй. Ч.Отгонбаатар прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг орлогч прокурор гардуулсан гэдгийг прокурор өөрөө тайлбарлаж байна. Л.Барсболдын хувьд Улаанбаатар хот болон Увс аймагт байдаг. Гэм буруугаа зөвшөөрсөн. Тайлбаруудаар тогтоогдож байгаа зүйлийг буцаах нь хэр үндэслэлтэй юм бол. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн дагуу Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/356 дугаар шүүгчийн захирамжтай Л.Барсболдод холбогдох эрүүгийн 2422000000141 дугаартай хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/356 дугаар шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонбаатар яллагдагч Л.Барсболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2023 оны 08 дугаар 21-ний өдөр 132 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс яллах дүгнэлт үйлдсэн хяналтын прокурор Ч.Отгонбаатар нь 2023 оны 11 сард ажлаасаа чөлөөлөгдсөн атал яллагдагч Л.Барсболдод 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр яллах дүгнэлт гардуулж буй үйл явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулна” гэж заасан, прокурорын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 132 дугаартай яллах дүгнэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хяналтын прокурор Ч.Отгонбаатар гардуулсан гэх баримт хэргийн 96-рт авагдсан байна.
Дундговь аймгийн прокурорын газрын орлогч прокурор давж заалдах шатны шүүхэд “яллах дүгнэлтийг миний бие гардуулсан, яллах дүгнэлтийг гардуулсан тэмдэглэл үйлдэх хуулийн зохицуулалт байхгүй, энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тодорхой ярьсан, одоо яллах дүгнэлтийг гардуулсан гэх ажиллагааг хэрхэн яаж засах юм бэ гэдэг нь тодорхойгүй” гэх агуулга бүхий эсэргүүцэл, тайлбарыг гаргаж байна.
Гэвч түүний гаргасан дээрх тайлбар нь хэргийн 96-рт авагдсан яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэлээр шууд үгүйсгэгдэж байна.
Яллах дүгнэлт үйлдсэн, яллах дүгнэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гардуулсан гэх прокурор Ч.Отгонбаатар нь 2023 оны 11 дүгээр сард өөрийн хүсэлтээр прокурорын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, яллагдагчид яллах дүгнэлтийн хувь гардуулсан гэх цаг хугацаанд прокурорын албан үүргийг гүйцэтгэж байгаагүй болох нь нийтэд илэрхий бөгөөд энэ нь эсэргүүцэл гаргасан прокурорын тайлбараар давхар нотлогдож байна.
Энэ нь прокурор яллах дүгнэлтийг гардуулсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна гэж үзэх үндэслэл болох бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Яллах дүгнэлтийг прокурор гардуулсан эсэх талаар гарсан зөрчлийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой, хэргийг прокурорт буцааснаар хэрхэн яаж засах нь тодорхойгүй гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргаж байна.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дээрх зөрчлийг хэрхэн яаж засах нь тодорхойгүй байгаа асуудал нь өөрөө шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлт үйлдсэн, гардуулсан гэх прокурор нь албан үүргээсээ чөлөөлөгдсөн, яллах дүгнэлт гардуулах шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул үүнийг хэрхэн шийдвэрлэх нь дээд шатны прокурорын бүрэн эрхийн асуудал бөгөөд яллах дүгнэлтийг хүчингүй болгох асуудал хөндөгдөж болзошгүй учраас шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзнэ.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/356 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/356 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Нямбилэгтийн гаргасан 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Барсболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ
Г.БАЯРДАВАА