| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 364 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч И.Эрхбаяр /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Идэржавхаагийн Эрхбаярт холбогдох эрүүгийн 1809010570352 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, “Норт мэйп” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 30 дугаар байрны 82 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт Идэржавхаагийн Эрхбаяр, /РД:МЭ90072516/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч И.Эрхбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” рестораны гадаа хохирогч Л.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед тархи доргилт, баруун хацрын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И.Эрхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Эрүүгийн 1809010570352 дугаартай хэргээс:
Шүүгдэгч И.Эрхбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар 23-ны өдөр Их сургуулийн ангийнхантайгаа багшийнд очиж золголт хийсэн. Багшийнхаас гараад “Элиганс” гэх караоке орж байж байгаад “Их монгол” ресторан руу явцгаасан. Тэнд очоод орох гэтэл хаалттай байхаар нь орохоо болиод машины зогсоол дээр тамхи татаад зогсож байхад Эрдэнэбаяр согтуурхаад намайг татаж чангаагаад байхаар нь мангасдаад түлхсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 дугаар дугаар хуудас/
Хохирогч Л.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...”Их монгол” рестораны гадаа Эрхбаярын машинд Эрхбаяр, Мөнхбаяр, Шинэбаяр бид гурав байсан, тэгээд машинд сууж байхад Эрхбаяр Мөнхбаяр хоёр чихэндээ шивнэлдээд юм яриад байхаар нь “Эрхээ яагаад томроод байгаа юм бэ, хүүхэд айлгаад” гээд хэлсэн чинь “чи муу яахын буугаад ир” гэхээр нь би буугаад машины араар тойроод Эрхбаяр дээр очсон чинь шууд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч О.Бямбаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...”Их монгол” ресторан ороод гадаа нь Эрхбаярын машины хажууд Эрдэнэбаяр, Эрхбаяр, Мөнхбаяр, Шинэбаяр 4 зогсож байсан, харсан чинь Эрдэнэбаяр, Эрхбаяр 2 заамдалцаад зогсож байсан. Мөнхбаяр тэр хоёрыг салгаад Эрхбаяр бид 2 “Их монгол” руу ороод “ажиллаж байна уу” гэсэн чинь “хааж байна” гэхээр нь буцаж гарч ирээд Эрхбаяр бид хоёр машиндаа суугаад явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/
Гэрч Г.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...талбайн урд караоке ороод нэг цаг гаран болоод гарсан, тэнд Эрдэнэбаяр унтаад байгаа юм уу ширээ дэрлээд суугаад байсан. Тэндээс гараад Их монгол рестораны гадаа очоод би машиндаа сууж байгаад “яасан бэ хөдлөхгүй юм уу” гээд машинаасаа буугаад очтол Эрдэнэбаяр Эрхбаяр 2 зууралдаад зогсож байснаа Эрхбаяр нь Эрдэнэбаярыг хавирч унагаасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
Гэрч Б.Шинэбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2018 оны 02 сарын 23 ны өдөр 19 цагийн үед их сургуулийн ангийн багш Шинэбаярынд манай ангийн хэсэг хүүхдүүд очиж золгоод тэндээсээ 23 цагийн үед гараад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байдаг нэг кареокед орж нэг цаг орчим дуулж тэндээсээ шууд гараад Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их монгол рестораны үүдэнд ирээд машинаас би түрүүлж гараад дараагийн машинтай хүмүүс ирэхгүй болохоор нь буцаад машиндаа суутал арын суудал дээр Эрдэнэбаяр урд суудал дээр Эрхбаяр урд урдаасаа бие биенээ заамдаад авчихсан байсан би тэр хоёрыг тоглоод байгаад юм байна гээд буцаад машинаасаа буугаад тойрч ирэхэд Эрдэнэбаяр газар уначихсан байхаар нь Эрдэнэбаярыг босгоод Эрдэнэбаяр харьж чадахгүй болохоор нь нэг такси аваад гэртэй харьсан юм. Тэгээд өглөө болоод Эрдэнэбаяр “нүүр гараа угаачихаад явлаа” гэхээр нь “бантан идээд яваач” гэсэн чинь “үгүй” гээд манайхаас гараад явсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 2976 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 2569 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол:
“…180901057 дугаартай хэрэгт Грийт эмпайр ХХК-ний Их монгол ресторанаас гаргуулан авсан си ди 1 /нэг/ ширхэгийг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 27 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч И.Эрхбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” рестораны гадаа өөрийн танил хохирогч Л.Эрдэнэбаяртай архидан согтуурсан үедээ хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацрын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч И.Эрхбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Эрдэнэбаярын, гэрч Г.Мөнхбаярын мэдүүлэг, О.Бямбаа, Б.Шинэбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2976 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч Л.Эрдэнэбаярыг зодож гараараа нүүрэн тус газар руу нь цохиж хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь И.Эрхбаярт цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон баримтууд цугларчээ.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч И.Эрхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч И.Эрхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар архидан согтуурсны улмаас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй бус харьцаж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч И.Эрхбаярт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд И.Эрхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч И.Эрхбаяр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Л.Эрдэнэбаяраас “...миний бие И.Эрхбаяраас хохирлын 821700 төгрөгийг хүлээж авсан Цаашид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 63/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалахаар тогтов.