| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2206004932445 |
| Дугаар | 2024/ДШМ/1090 |
| Огноо | 2024-09-24 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/1090
2024 09 24 2024/ДШМ/1090
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Цэцэгмаа,
шүүгдэгч О.Э-н өмгөөлөгч Д.Баттөмөр,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/733 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Э-н өмгөөлөгч Д.Баттөмөрийн гаргасан давж заалдах гомдлоор Ө.О, О.Э нарт холбогдох 2206 00493 2445 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овогт Ө-н О, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр .........аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ................, ам бүл 3, эцэг, ахын хамт ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;
2. Б овогт О-н Э, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр ........ аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/;
Шүүгдэгч Ө.О, О.Э нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............. дотуур байрны 5 давхарт иргэн З.Ч-тэй маргалдан зодолдох үедээ, доош дарж унаган эрүүл мэндэд нь зүүн өвдөгний урд чагтан холбоосын бүрэн урагдал, гадна жийргэвч, арын чагтан холбоос, медаль зэрэгцээ холбоос, хоёр талын тойгны даруулган холбооснуудын бүрэн бус урагдал, өвдөгний үеийн шингэн хуралт, зөөлөн эдийн няцрал, тахимын шөрмөсний суналт гэмтэл, дунд чөмөгний доод булууны гадна хэсгийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.О, О.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.О, О.Э нарыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ө.О, О.Э нарт 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.О, О.Э нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сар хүртэл хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.О, О.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О, О.Э нараас 4.085.564 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч З.Ч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ө.О, О.Э нараас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Э-н өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч О.Э-г З.Ч-н биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Хэрэгт авагдсан үйл баримтын талаар: Шүүгдэгч О.Э-н талаар: Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэл нь хохирогч З.Ч, гэрч Х.М, Э.Т, О.Б, А.Х нарын мэдүүлгээр буруутгасан нотлох баримтууд хэрэгт авагдсан:
Хохирогч болон гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлтэд заасан шиг харсан өнцөг, өнцгөөр биш үйл баримтыг удаа дараа өөрөөр мэдүүлсэн тухайлбал: Шүүгдэгч О.Э 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “... З.Ч шууд О-г цохиод авсан, тэгэхээр нь би салгах гээд Ч-н хажуугаас хүзүү хэсгээс нь өөр лүүгээ татсан, тэгтэл З.Ч намайг шууд нүүр лүү цохитол манай ангийн хэн нэг нь намайг түлхсэн...” /1 хх 26/ гэснээр болон яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг. Гэрч Ө.О-н 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тус тус мэдүүлэгт “... Ч-г унагах үед хэн нэгэнтэй хамтраагүй, ... Э ямар нэгэн байдлаар оролцоогүй ...” гэх, гэрч Х.М-н 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “... Ө.О-г орж ирэхээр нь шууд нүүр хэсэгт нь цохиод авсан, хариуд нь Ө.О зөрүүлээд хариу З.Ч-тэй барилцаж аваад хоорондоо зодолдсон, тэр 2-г зодолдож байтал О.Э гүйж ирээд З.Ч-н нүүр, цээж хэсэг рүү цохисон, ... Б З.Ч рүү дайрч байх хооронд Ө.О З.Ч-н зүүн хөлнөөс нь тэвэрсэн харагдсан, гэхдээ З.Ч-г Б, О.Э нар цохиж газарт унагаагүй...” гэх мэдүүлэг. М-н мэдүүлж байгаа шиг О.Э З.Ч-н нүүр, цээж хэсэг рүү цохисон гэж хэн нэгэн гэрч хэлдэггүй, мөн Б харин З.Ч-т цохиулсан болохыг нь гэрч нар хэлдэг бөгөөд хохирогч З.Ч ч мөн Б-г цохисон болохоо мэдүүлдэг, харин М О.Э-г өшиглөж унагаасан болохыг гэрч нар мэдүүлдэг. Гэрч Д.Б-н “... Ө.О-г Ч үгийн зөрүүгүй нүүр лүү нь цохисон, энэ үед О.Э хажуугаар нь явж таарсан ба тэр 2-г болиулах гээд хажуугаас нь тэврээд авахад З.Ч, О.Э-г тавь гээд нүүр лүү нь цохитол манай ангийн М О.Э-г өшиглөөд унагаасан, Тэгсэн Ө.О босож ирээд З.Ч-тэй барилцаж аваад газарт унагасан...” гэх мэдүүлэг. Гэрч С.Г-н “... Тэгж байгаад З.Ч Ө.О-н нүүр лүү цохиход нүүрээ дараад доош тонгойсон, энэ үед манай ангийн О.Э хажуугаар нь явж таарсан ба З.Ч-н хажуугаас нь бариад авсан, тэгтэл З.Ч О.Э-г “тавь пизда минь” гэж хэлээд нүүр лүү цохиход М О.Э-г өшиглөөд газар унагаасан, тэгэхэд Ө.О З.Ч-н 2 хөлийг хамаад газарт унагааж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг. Хохирогч З.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “... Ө.О доош суугаад миний 1 хөлнөөс бариад автал манай ангийн О.Э гээд сонсогч миний хойноос барьж аваад намайг дарж аваад унасан...”, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “... миний хойноос дарсан хүүхэд бол О.Э мөн байсан. Учир нь, намайг хойноос 1 хүн бариад авахаар нь би эргэж хартал О.Э байсан, тэгээд би О.Э-н нүүрэн хэсэгт нь 1 удаа цохисон ...” /1 хх 20-23/, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 3 дахь удаагаа өгсөн “... намайг газарт О.Э, Ө.О нар доороо оруулж унагаахад нь би шууд нүүрээ хамгаалаад дээшээ харж хэвтэж байхад миний дээрээс толгой, нүүр, цээж болон биеийн бүх хэсэг рүү хөл гараараа ээлжлэн цохисон, ... М О.Э-г миний дээрээс татаж авсан...” гэх, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “мөрдөн байцаалтын үед араас бооход нь царайг харсан гэж мэдүүлж, О.Э-г нүүр хэсэг рүү нь цохисон байна, унахдаа цохиод байгаа юм уу, унасан хойноо босч ирээд цохисон юмуу, боолгуулж байгаа хүн хүнийг яаж цохих боломжтой юм бэ” гэсэн өмгөөлөгчийн асуултад “унах явцдаа цохисон” гэж өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй О.Э З.Ч-г салгах оролдлого хийх үед О.Э-г нүүр хэсэгт цохисон ба цохиулаад нүүрээ дарах явцад Мөнх-Эрдэнэ О.Э-г хөлөөрөө өшиглөж газарт унагасан ба З.Ч-г барьж байгаад цуг газарт унасан гэх нөхцөл тогтоогдохгүй байна. О.Э-г газарт унасан болохыг С.Г, Д.Б нар гэрчилж байгаа нь хохирогч З.Ч-г Ө.О, О.Э нарын хохирогчийн хөдөлгөөнийг хязгаарласан нөхцөлөөс болоогүй болох нь харагдаж байгаа бөгөөд хэрхэн яаж О.Э газарт унасныг Э.Т, О.Б, А.Х гэх гэрч нар мэдүүлдэггүй ба З.Ч-г барьж байсан болохыг өөр өөрийн харснаар мэдүүлдэг ба эдгээр гэрч нар З.Ч О.Э-г нүүр нь тус газар цохисныг /хохирогч өөрөө О.Э-г цохисон болохоо мэдүүлсээр байхад/ хараагүй байдаг нь дээрх гэрч нарын мэдүүлэг эргэлзээтэй байдаг.
2. Шүүхийн хэргийн талаарх дүгнэлтийн талаар:
Анхан шатны шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо илтэд зөрүүгүй, өөр өөрийн харсан өнцгөөр үйл явдлыг сэргээн дүрсэлж тайлбарласан байх бөгөөд эдгээр мэдүүлгүүдийг харьцуулан үйл баримтад дүгнэлт хийх боломжтой гэж үзэж, О.Э-г гэм буруутай гэж дүгнэсэн байна. Шүүх гэрч нарын мэдүүлгийн үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талд дүгнэлт хийх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэх хуулийн заалтыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй шүүхийн хэлэлцүүлэгт гуравдагч этгээдээс үйл явдал болоод өнгөрсний дараа сонссон гэх мэдүүлгийг орхигдуулсан. Мөн гэрч Э.Т үйл явдал дууссаны дараа бусдаас болсон зүйлийг сонссон гэж мөрдөн байцаалтын явцад болон .......... их сургуулийн албаны даргад өгсөн тайлбартаа “үйл явдлыг хараагүй бие засах өрөөнд байсан, гарч ирэхэд зодоон болоод дууссан байсан” гэж мэдүүлдэг мөртлөө ... З.Ч-н хойноос О.Э барьчихсан, хөлөөс нь Ө.О бариад зогсож байсан гэх ... мэдүүлэг, шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгсөн О.Б, А.Х нарын үйл явдлыг дүрсэлсэн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байхад хохирогч, гэрч нарын мэдүүлэг илтэд зөрүүгүй гэж дүгнэсэн дүгнэлт нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй гэж үзэж байна.
Гэрч С.Г, Д.Б нарын үйл явдлыг нэг бүрчлэн бодитойгоор гэрчилсэн мэдүүлгийг үгүйсгэж няцаасан дүгнэлт гаргаагүй бөгөөд дээрх гэрч нар нь хохирогчийн үйлдэл болон шүүгдэгчийн үйлдлийг нэг бүрчлэн бүрэн дүүрэн мэдүүлсээр байхад бусад яллах талын нотлох баримтаар тооцож, ерөнхий үйл явдал болсныг гэрчилсэн мэтээр дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалт “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3 дахь заалт “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэх үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, О.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэрэгт О.Э-н оролцоо байхгүй гэдгийг нотлохын тулд гэрчүүд оролцуулах санал гаргасны дагуу оролцуулсан. Шүүгдэгч О.Э, Ө.О нарын үйлдлийн улмаас хохирогч газарт унаж, хөлөө хугалсан болох нь тогтоогдсон. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахад Б нь хохирогчийг цохиж амжаагүй байхад ангийнх нь хүүхэд хойш татаж суулгасан болохыг гэрч Бу, Х нар мэдүүлсэн тул Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх хуралдаанд энэ хэргийг урьд нь яагаад хаасан талаарх асуудал яригдсан бөгөөд энэ нь хяналт тавьсан прокурор буруу дүгнэлт хийсэнтэй холбоотой. Улмаар дээд шатны прокуророос хэргийг сэргээж, яллах дүгнэлт үйлдсэн. Гэрч Бу, Х нар зодоон болох үйл явдлыг хараагүй, сүүлд нойлын өрөөнөөс гарч ирсэн гэдэг боловч энэ нь сургуулийн зүгээс хийгдсэн ажиллагаа учир эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт биш гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Э-н өмгөөлөгч Д.Баттөмөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ өмгөөлөгч Д.Баттөмөрийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ө.О, О.Э нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ө.О, О.Э нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..............дотуур байрны 5 давхарт иргэн З.Ч-тэй маргалдан зодолдох үедээ, доош дарж унаган эрүүл мэндэд нь зүүн өвдөгний урд чагтан холбоосын бүрэн урагдал, гадна жийргэвч, арын чагтан холбоос, медаль зэрэгцээ холбоос, хоёр талын тойгны даруулган холбооснуудын бүрэн бус урагдал, өвдөгний үеийн шингэн хуралт, зөөлөн эдийн няцрал, тахимын шөрмөсний суналт гэмтэл, дунд чөмөгний доод булууны гадна хэсгийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч З.Ч-н “... Тэгтэл Ө.О миний өөдөөс ирэхээр нь би чи наад хамар доорх хагархайгаа мэдээрэй гээд зүүн хацар руу нь 1 удаа цохитол Ө.О доош суугаад миний 1 хөлөөс бариад автал манай ангийн О.Э гээд сонсогч миний хойноос барьж аваад намайг доош дарж унасан. Тухайн үед Ө.О миний хөлөөс барьчихсан байсан учраас Ө.О-тэй орооцолдоод унахад миний зүүн хөлийн өвдөг эвгүй болчихсон. ...” /1 хх 20-21/,
гэрч Х.М-н “... Удалгүй оройн тоо дуусаад З.Ч казарамд түрүүлж ороод камергүй газар Ө.О-г хүлээж байгаад Ө.О-г орж ирэхээр нь шууд нүүр хэсэгт нь цохиод авсан. Хариуд нь Ө.О зөрүүлээд хариу З.Ч-тэй барьцалдаж аваад хоорондоо зодолдсон. Тэр хоёрыг зодолдож байхад манай дамжааны О.Э гүйж ирээд З.Ч-н нүүр, цээж хэсэг рүү цохисон. ... Ө.О, З.Ч-н зүүн хөлнөөс нь тэвэрсэн харагдсан. ...” /1 хх 77/,
гэрч Э.Т-н “...Би нойлын өрөө орчихоод гараад ирэхэд З.Ч-н хоолойг О.Э араас нь боосон байдалтай, урд Ө.О зогсож байсан. ... Миний харснаар бол О.Э З.Ч-н ар талаас боочихсон байсан. Харин Ө.О З.Ч-н нүүр хэсэгт цохих гэж байсан. ...” /1 хх 123/,
гэрч О.Бу-н “...З.Ч рүү О.Э дайрч ирээд цохих гэж оролдлого хийгээд З.Ч-г цохиж чадаагүй ба үргэлжлүүлээд барьж аваад дайрсан. Цаанаас Н.Б хоёр ор дээгүүр гүйж ирээд З.Ч, Н.О, О.Э гурав дээр ирсэн. З.Ч-г Б цохиогүй боловч О, О.Э, Б гурав нийлээд З.Ч-тэй зууралдаж байгаад дараад газарт унагаасан. Ерөнхийдөө бол О, О.Э, Б нар З.Ч-г нийлээд дарж унагаасан...” /1 хх 132/,
гэрч М.С-н “...Ө.О орж ирэх үед З.Ч, Ө.О-г дуудаж үгийн зөрүүгүй нэг удаа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэр үед Э.Б хоёр гурван орны зайтай байж байгаад гүйж ирээд “үгийн зөрүүгүй цохиод авдаг яадаг пизда вэ” гэж хэлээд З.Ч-н хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөж жийсэн. Тэр үед цохиулаад доошоо суусан байсан Ө.О босож ирээд, З.Ч-г хоёр гараараа цохиж тэвэрч авахад О.Э, З.Ч-н ар талаас орж ирээд мөр хэсгээс хоёр гараараа хойш татаж нилээн зууралдаж байх үед Э.Б З.Ч-н цээжин хэсэг рүү түлхэж Ө.О, Э.Ба, О.Э нар сонсогч З.Ч-г доороо оруулж дээрээс нь дарж унасан. Газарт унахдаа З.Ч “яаая” гэж чангаар дуу гаргасан миний харж байсан өнцгөөс харахад З.Ч-н урд талаас нь Ө.О хоёр гараараа холбож барьсан. Харин ар талаас нь О.Э мөр, цээж хэсгээс нь татаж чангаасан байдалтай харагдсан, яг тэр үед Э.Б З.Ч-н цээжин хэсэгт түлхэж газарт унагаасан. ...” /1 хх 135/,
гэрч А.Ч-н “... З.Ч Ө.О-г түрүүлээд нэг удаа нүүрэн ус газарт нь цохиход Ө.О доош тонгойсон. Гэтэл О.Э гарч ирээд З.Ч-н хүзүүнээс нь боож доош дарсан. Тэгсэн цаанаас нөгөө дамжааны сонсогч Б хөөе яагаад байгаа юм гэж хэлээд З.Ч рүү дайрахад нь З.Ч Ба-н хацар, шанаа хэсэгт нэг удаа цохисон. Яг тэр үед би Э.Ба-н хойноос нь нэг сонсогчтой хамт татаж З.Ч-с холдуулаад эргээд хартал З.Ч-н дээр нь О.Э, Ө.О нар гараад газарт унасан харагдсан. Тэгээд юу болов гэтэл З.Ч “ёоё, хөл” гээд чанга орилсон. ...” /1 хх 140-141/,
гэрч А.Х-н “... Гаднаас Ө.О орж ирэхэд нь З.Ч дуудахад Ө.О ирээд яасан гэхэд З.Ч нүд хэсэгт нь цохисон. Тэр үед О.Э ямар ч байсан З.Ч-н хүзүүнээс хүзүүдэж авсан. Ө.О болохоор доогуур нь давхар хамж авсан. Харин яг ямар байдалтай байсныг санахгүй байна. Ямартай ч зодооныг болиулах зорилгоор салгах гээд нэгийг нь татахад 313 дугаар дамжааны сонсогч Э.Б байсан. ...” /1 хх 137-138/,
шинжээч О.Болороогийн “... Дахин мэс засалд орох эсэх нь эдгэрэлтийн явцаас хамаарч эмчлэгч эмчийн гаргах шийдвэр юм. Хохирогч З.Ч-т учирсан гэмтэл нь хөшигдөх үед болон цохих, цохигдох механизм үйлчлэх үед үүсэх боломжтой гэмтэл...” /1 хх 112-113/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... З.Ч-н биед зүүн өвдөгний урд чагтан холбоосны бүрэн урагдал, гадна жийргэвч, арын чагтан холбоос, медиал зэрэгцээ холбоос, хоёр талын тойгны даруулган холбооснуудын бүрэн бус урагдал, өвдөгний үеийн шингэн хуралт, зөөлөн эдийн няцрал, тахимны шөрмөсний суналт гэмтэл, дунд чөмөгний доод булууны гадна хэсгийн шахагдсан хугарал, урд, арын чагтан холбоосыг бэхлэх дурангийн мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, ... гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” гэсэн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1339 дугаартай дүгнэлт /1 хх 34-36/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн “....Med trauma эмнэлгийн дүрс оношилгооны хариу үндэслэлтэй эсэхийг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоохгүй. З.Ч-н биед зүүн өвдөгний урд чагтан холбоосны бүрэн урагдал, гадна жийргэвч, арын чагтан холбоос, медиал зэрэгцээ холбоос, хоёр талын тойгны даруулган холбооснуудын бүрэн бус урагдал, өвдөгний үеийн шингэн хуралт, зөөлөн эдийн няцрал, тахимны шөрмөсний суналт гэмтэл, дунд чөмөгний доод булууны гадна хэсгийн шахагдсан хугарал, урд, арын чагтан холбоосыг бэхлэх дурангийн мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 555 дугаартай дүгнэлт /1 хх 230-233/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Х, О.Бу, Э.Т нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... №2 гэрч нарын мэдүүлэгт дурдагдсан хохирогч З.Ч, Ө.О-г цохисон гэх үйлдлийг дүрсэлж харуулав. №3 Ө.О доош сууж З.Ч-н хөлөөс барьж байгаа байдал. №4, 5 Энэ үед Э.Б гүйж очиж байгаад хохирогч З.Ч-т цохиулж байгаа байдлыг харуулав. Ба-г А.Х салгаж авч явж байгаа байдлыг харуулав. №6 Зодоон болох үед цаад талаас О.Э хувцасны өлгүүрийн хажуу талаас ирж байгаа, З.Ч-н хүзүүнээс татаж байгаа байдал харагдана. №7 З.Ч, О.Э, Ө.О нарын шалан дээр унаж байгаа байдал харагдана. №8 Газар унасны дараа З.Ч-г түшиж яваад сандал дээр суулгаж байгаа. ... гэх байдлыг харуулав. ...” гэсэн тэмдэглэл /2 хх 183-188/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ө.О, О.Э нарыг бүлэглэж, хохирогч З.Ч-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Ө.О, О.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жил 6 сарын дотор биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Ө.О, О.Э нарын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч О.Э нь гэм буруугийн талаар маргаантай зэрэг нөхцөл байдал болон уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрт оногдуулсан ял шийтгэл нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.
Шүүгдэгч О.Э-н өмгөөлөгч Д.Баттөмөрөөс “...хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, О.Э З.Ч-г салгах оролдлого хийх үед О.Э-н нүүр хэсэгт цохисон ба цохиулаад нүүрээ дарах явцад Мөнх-Эрдэнэ О.Э-г хөлөөрөө өшиглөж газарт унагасан ба З.Ч-г барьж байгаад цуг газарт унасан гэх нөхцөл тогтоогдохгүй, гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээтэй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг илтэд зөрүүгүй гэж дүгнэсэн дүгнэлт нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй, О.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан баримтууд болох мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Ч нь удаа дараагийн мэдүүлэгтээ “... Ө.О миний урд талаас хоёр хөл давхар хамж хөдөлгөөн хязгаарлаж байхад О.Э миний хүзүүнээс боож дарж унагаах явцад уг гэмтэл учирсан ...” талаар /хх 21-23, 101/ тогтвортой мэдүүлсэн байх ба уг мэдүүлгүүд нь гэрч А.Ч-н “... Гэтэл О.Э гарч ирээд З.Ч-н хүзүүнээс нь боож доош дарсан. Тэгсэн цаанаас нөгөө дамжааны сонсогч Б “хөөе яагаад байгаа” юм гэж хэлээд З.Ч рүү дайрахад нь З.Ч Ба-н хацар, шанаа хэсэгт нэг удаа цохисон. Яг тэр үед би Э.Ба-н хойноос нь нэг сонсогчтой хамт татаж З.Ч-с холдуулаад эргээд хартал З.Ч-н дээр нь О.Э, Ө.О нар гараад газарт унасан харагдсан. Тэгээд юу болов гэтэл З.Ч “ёоё, хөл” гээд чанга орилсон. ...” /1 хх 140-141/, гэрч А.Х-н “... Гаднаас Ө.О орж ирэхэд нь З.Ч дуудахад Ө.О ирээд “яасан” гэхэд З.Ч нүд хэсэгт нь цохисон. Тэр үед О.Э ямар ч байсан З.Ч-н хүзүүнээс хүзүүдэж авсан. Ө.О болохоор доогуур нь давхар хамж авсан. Харин яг ямар байдалтай байсныг санахгүй байна. Ямартай ч зодооныг болиулах зорилгоор салгах гээд нэгийг нь татахад 313 дугаар дамжааны сонсогч Э.Б байсан. ...” /1 хх 137-138/ гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдсон тогтоогджээ.
Мөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хохирогч, гэрч нар нь хэргийн үйл баримтын талаар тогтвортой мэдүүлснээс гадна, мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэлээр хэргийг үйл баримтыг тодорхой дүрсэлсэн байх ба хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг үгүйсгэх, нотлох баримтаар үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Хэдийгээр гэрч Х.М, О.Бу, М.С нарын мэдүүлгээр шүүгдэгч, хохирогч нартай хамт Э.Б давхралдаж унасан гэх байдлаар мэдүүлсэн боловч мэдүүлгийг газар дээр нь шалгах мөрдөн шалгах ажиллагаагаар уг байдал тогтоогдоогүй тул Э.Б-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутган дүгнэх боломжгүй юм.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.О, О.Э нарын гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч О.Э--д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан шүүгдэгч О.Э-н өмгөөлөгч Д.Баттөмөрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/733 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Э-н өмгөөлөгч Д.Баттөмөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.АЛДАР