| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Янсанжавын Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 159/2025/0085/З |
| Дугаар | 159/ШШ2026/0009 |
| Огноо | 2026-05-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 159/ШШ2026/0009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2025/0085/3
С******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө.Пүрэвбаатар,
Хариуцагч: С******* аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: С******* аймгийн Алтанбулаг сумын Соёлын төв нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, гуравдагч этгээд Алтанбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. С******* аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар захирамжаар иргэн Ө.П******* тус сумын Булагийн гудамжинд байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий 21791.2 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
1.2. Уг захирамжийг үндэслэн 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 0371503 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, иргэн Ө.П*******ай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.
1.3. Улмаар С******* аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг үндэслэн иргэн Ө.П******* газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
1.4. Дээрх маргаан бүхий газрыг С******* аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 20 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 120 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/98 дугаар захирамжаар Алтанбулаг сумын Соёлын төвд урлаг, соёлын байгууллагын зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
1.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* нь маргаан бүхий захирамжийг эс зөвшөөрч С******* аймгийн Засаг даргад гомдол гаргаса бөгөөд С******* аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/1385 тоот албан бичгээр “холбогдох хуулийн байгууллагад хандах нь зүйтэй” хариу хүргүүлсэн гэжээ.
1.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*******эс 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хүчингүй хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 159/ШЗ2025/0338 дугаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*******эс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Засаг даргын 2012 оны 02 сарын 15-ны өдрийн 16 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын ******* дугаар бүхий 2179,2 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 20 жилийн хугацаатайгаар 0371503 дугаар гэрчилгээг 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр авсан. Тухайн газар эзэмших эрхийг авснаас хойш газар дээр байсан хуучин, муудсан, ашиглах боломжгүй барилга байгууламжийг өөрийн зардлаар нурааж, шинээр хашаа барих ажлуудыг гүйцэтгэсэн. Дээрх үйл баримтуудаас үзэхэд газрыг ашиглах үүднээс тухайн газар дээр байсан хуучин ашиглах боломжгүй барилгыг нураасан, шинээр хашаа барьсан мөн газрыг ашиглах хамгаалах зорилгоор харуул хамгаалалтын ажилтан ажиллуулж байгаа зэрэг нь газрыг “зориулалтын дагуу ашиглаж байсан” болохыг бүрэн тогтоосон баримтууд байхад С******* аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны А/69 дүгээр захирамжаар хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хоёр жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэл нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газарт хамаарахгүй, мөн Газрын тухай хуулийн 40.1.1 болон 40.1.6 дахь заалтыг нэгэн зэрэг хэрэглэсэн нь Дээд шүүхийн тайлбарт нийцэхгүй байна. Мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй тул Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: С******* аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын газар эзэмших эрх хүчингүй болгосон захирамж нь Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “хоёр жил дараалан ашиглаагүй” үндэслэл нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газарт хамаарахгүй талаар Улсын дээд шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолд тайлбарласан. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай болох нь баримтаар тогтоогдож байхад газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 болон 40.1.6 дахь заалтыг хамтад нь хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа болно. Учир нь Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын тайлбарт 40.1.1-д заасан “удаа дараа” гэдэг ойлголт нь 40.1.2-40.1.6 дахь үндэслэлээс өөр төрлийн зөрчилд хамаарахаар тайлбарласан. Иймээс 40.1.1 болон 40.1.6 дахь үндэслэлийг нэгэн зэрэг хэрэглэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь эрх зүйн үндэслэлгүй. Мөн баримтаар барилгыг нураахтай холбоотойгоор зардал гаргасан баримтууд байгаа нэхэмжлэгчийн зүгээс барилгыг өмчлөх эрхтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий газрыг бусдаас шилжүүлэн авсан.
Хэрвээ худалдаа үйлчилгээний зориулалттай болсон, гэр бүлийн хамтын хэрэгцээнд олгох боломжгүй байсан зүйл яригдаж байгаа бол дараа нь тусдаа явах маргаан байх. Бид нар өнөөдөр газрын албаны эрх бүхий төрийн захиргааны өгсөн гэрчилгээ түүний үндсэн дээр хийсэн гэрээний дагуу эзэмшиж байгаа газрынхаа талаар ярьж байна. Тийм учраас бидний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааны талаар мэдэгдэх, мэдэгдэл хүргүүлэх, сонсох ажиллагаа явуулах хэлбэр зэргийн талаар хуульчилж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн дүгээр зүйлийн 4.2.6- д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчим, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27.1 дахь заалтуудыг тус тус зөрчсөн илт хууль бус шийдвэр гарсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байна гэх шинжээчийн дүгнэлт байхгүй гэдэг нь нотлогдлоо. Зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг нотлоогүй байж ийм үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд газар эзэмших эрхийг хүчингүй болгочихоор газар эзэмших эрх маань сэргэхгүй. Тийм учраас газар эзэмших эрхийг Ө.П******* нэр дээр гаргахыг даалгах шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна” гэжээ.
Гурав. Хариуцагч болон гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Маргаан бүхий газар нь анхнаасаа худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэгдсэн бөгөөд иргэн Т.Сайнжаргалд эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг 2011 онд Ө.П******* шилжүүлсний үндсэн дээр сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар захирамжаар ******* нэгж талбарын дугаар бүхий 21791.2 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
Нэхэмжлэгч нь газар эзэмших хугацаандаа тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд газар эзэмших гэрээний үүргээ биелүүлэх, газрыг зориулалтын дагуу ашиглах талаар 2022-2024 онуудад удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч зөрчлийг арилгаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэлээр сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Газар эзэмших эрхийг хүчингүй болгохоос өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/149 дүгээр албан мэдэгдлийг цахимаар хүргүүлэн тайлбар гаргах боломж олгосон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акттай танилцаж гарын үсэг зурсан тул нэхэмжлэгчийг сонсох ажиллагаанд оролцоогүй гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарлав.
Түүнчлэн маргаан бүхий газрын зориулалт нь газар эзэмшүүлэх шийдвэр, газар эзэмших гэрээ болон улсын бүртгэлийн мэдээллээр худалдаа, үйлчилгээний зориулалттай болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд газрын зориулалт өөрчлөгдсөн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт авагдаагүй гэжээ.
Иймд маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж маргасан байна.
3.2. Гуравдагч этгээд Алтанбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч Б.А******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хаягт байршилтай 21964 м.кв газрыг соёлын байгууллагын зориулалттай сумын Засаг даргын А/98 дугаар захирамжаар 60 жилийн хугацаатай манай Соёлын төвд олгосон. Газар эзэмшсэн цагаас хойш газар дээр шинэ соёлын төв барих барилгын зураг төсвийг эхлүүлээд зураг төсөв 70 хувьтай явж байгаа. Улсын төсөвт 2027 онд шинэ Соёлын төв барихаар саналаа хүргүүлчихсэн. Нийт төсөвт өртөг нь 6,5 тэрбум төгрөг. Газар дээр хийсэн ажлууд нь өөрийн төсвөөр болон дараа төлөх төсвөөр 5,750,000 төгрөгөөр газрын хөрсний шинжилгээ, архитектор төлөвлөлт, газрын геологи, дулаан, цахилгаан, цэвэр бохир усны техникийн төслүүдийг хийлгэчихсэн бэлэн болчихсон байгаа. Анх манай нэр дээр газар шилжиж ирэхдээ ямар нэгэн маргаангүй байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Ө.Пүрэвбаатар нь “... маргаан бүхий газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй, мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргаж байна”.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Алтанбулаг сумын Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар захирамж, 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтаас үзэхэд маргаан бүхий ******* нэгж талбарын дугаар бүхий 21791.2 м.кв газрыг анх худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, улмаар уг эрхийг Ө.П******* шилжүүлсэн байна.
Мөн газар эзэмшүүлэх гэрчилгээ, гэрээнд газрын зориулалтыг худалдаа, үйлчилгээний зориулалттай гэж тодорхой заасан байх бөгөөд газрын зориулалтыг өөрчилсөн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газар эзэмших эрхийн гэрчилгээнд “гэр бүлийн хамтын хэрэгцээ”-ний зориулалтаар эзэмшдэг гэх тайлбар үндэслэлгүй.
Учир нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 10.6-д “Газар эзэмшигчид гурван төрлийн гэрчилгээ олгоно”. Газар эзэмшигч иргэнд “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г, газар эзэмшигч төрийн байгууллагад “Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагад, “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г тус тус олгоно”, 10.7-д “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г иргэний гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар болон бусад зориулалтаар иргэний эзэмшилд олгосон нэгж талбарт олгоно” гэж зааснаас үзэхэд иргэнд газрын зориулалтаас үл хамааран “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгодог байжээ.
Иймээс иргэнд газрын зориулалтаас үл хамааран тухайн үед ижил загварын гэрчилгээ олгогдож байсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний загвар нь газрын зориулалтыг тодорхойлох үндэслэл болохгүй бөгөөд газрын зориулалтыг газар эзэмшүүлэх шийдвэр, газар эзэмших гэрээ болон газрын улсын бүртгэлийн мэдээллээр тогтоох нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий газрын зориулалтыг худалдаа, үйлчилгээний зориулалтыг өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан гэх боловч эрх бүхий байгууллагаас зориулалт өөрчилсөн шийдвэр гаргасан болохыг нотлох баримт хэрэгт байхгүй. Иймд маргаан бүхий газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл, болзол, зориулалтыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд, мөн зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус зохицуулсан байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.9-д Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан “удаа дараа” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгохоор тайлбарласан байна. Мөн тус тогтоолд Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалт нь газар эзэмшигч тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу бодитоор ашиглаагүй, тухайн зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй нөхцөл байдалд хамаарахаар байна.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт байрлах барилга, байгууламжийг худалдан авсан тул тухайн газрыг ашиглаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг тайлбар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, маргаан бүхий газарт байрлаж байсан техникумын хуучин барилгыг анх иргэн Т.Сайнжаргал Төрийн өмчийн хорооноос өмч хувьчлалын журмаар худалдан авсан болох нь тогтоогдож байх боловч уг барилгад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэгч Ө.Пүрэвбаатар нь тухайн барилгын өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан болохоо нотлоогүй байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр нэхэмжлэгч нь “Өгөөмөрбаян булаг” ХХК-тай маргаан бүхий газарт байрлах техникумын хуучин барилгыг буулгах ажлыг гүйцэтгүүлэхээр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн “Ө” ХХК-ийн 2012-2013 оны шатахууны тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудаас үзэхэд барилга буулгах ажиллагаа тухайн хугацаанд хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Маргаан бүхий газарт байсан барилгыг буулгасан үйл ажиллагаа нь газар эзэмших гэрээнд заасан худалдаа, үйлчилгээний зориулалтын дагуу газрыг ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд тухайн зориулалтын дагуу барилга байгууламж барих, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх чиглэлээр бодит үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн газрын үзлэгийн тэмдэглэлээр маргаан бүхий газарт барилгын суурийн хэсэг болон цөөн тооны баганын үлдэгдэл байгаа нь тогтоогдсон бөгөөд тухайн газарт ашиглалттай үл хөдлөх эд хөрөнгө оршин байна гэж үзэх боломжгүй, хашааг шинэчлэн барьсан нь зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлгүй болохгүй.
Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна гэж шүүхээс дүгнэв.
Нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан худалдаа, үйлчилгээний зориулалтын дагуу аливаа үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг биелүүлээгүй, эрх бүхий байгууллагаас удаа дараа хүргүүлсэн шаардлага, мэдэгдлийг биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг газар эзэмших гэрээний нөхцөл, газрын зориулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл мөн тогтоогдож байна.
Иймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэлүүд бүрдсэн гэж үзэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон С******* аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/69 дүгээр захирамж нь хуульд заасан бодит байдалд тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байх тул уг захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Маргаан бүхий захиргааны акт нь хуульд заасан үндэслэлээр гарсан байх тул уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
3. Нэхэмжлэгч газар эзэмших эрхийг хүчингүй болгох захиргааны акт гаргах ажиллагаанд оролцуулаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргаж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар уг тайлбар тогтоогдохгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно захиргааны байгууллага нь шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлно” гэж тухайн нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох талаар зохицуулсан байна.
Алтанбулаг сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/102, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/174, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/149 дүгээр албан мэдэгдлээр нэхэмжлэгч Ө.П******* маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглах, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэхийг шаардсан бөгөөд уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар урьдчилан мэдэгдсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс уг мэдэгдэлтэй холбогдуулан хариу тайлбар хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу талууд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт үйлдсэн байх бөгөөд уг акттай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Ц.Ш танилцсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс Ц.Шт итгэмжлэл олгоогүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан Алтанбулаг сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/59 дүгээр албан бичигт Ц.Ш нь Ө.П******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар газар эзэмших эрхийн гэрээний үүргийн биелэлттэй танилцаж, гарын үсэг зурахдаа итгэмжлэлийн хувийг суманд үлдээгээгүй талаар дурдсан байна. Түүнчлэн тэрээр нэхэмжлэгчийн цахим шуудангийн хаягийг газрын асуудал хариуцсан албан тушаалтанд өгч байсан талаар тэмдэглэгдсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн өмнөөс захиргааны байгууллагатай харилцаж байсан болохыг илтгэж байна.
Иймд нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл, нөхцөл байдлын талаар урьдчилан мэдэгдэж, тайлбар гаргах боломж олгосон байх тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
4. С******* аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр батлагдсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг төсөвт байгууллагын хэрэгцээнд ашиглахаар тусгагдсан бөгөөд улмаар сумын Засаг даргын 2025 оны А/98 дугаар захирамжаар Соёлын төвд соёл, урлагийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй тул уг шийдвэрийн хууль ёсны байдлын талаар дүгнэлт хийгээгүй болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт, хууль зүйн зохицуулалтыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий С******* аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/69 дүгээр захирамж нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, уг актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлүүд нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс С******* аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан С******* аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.АРИУНЦЭЦЭГ