Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1091

 

  2024           09            24                                          2024/ДШМ/1091

 

Х.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч М.Батмөнх,  

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/761 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Б-д холбогдох 2409 01553 0431 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овогт Х-н Б, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ............../;  

Шүүгдэгч Х.Б нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын “Бүрэн плаза”-ийн урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэн “Тоёота Приус” загварын ....УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Б-г “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, шүүхээс 3 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 1 жилийн хорих ял оногдуулсан. Би 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын Бүрэн плазагийн урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөндөө маш ихээр харамсаж гэмшиж байна. Мөн өөр автомашин мөргөж, хохирол учруулсан буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний бие өндөр настай ээжийн хамт амьдардаг. Ээж маань 67 настай, би асран хамгаалдаг. Намайг хорих ангид орсноос хойш ээж маань асран хамгаалах хүнгүй, хүнд байдалтай байгааг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч М.Батмөнх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал байна.

1.1. тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,

1.2. гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөртөө дүгнэлт хийж байгаагаа шүүх хуралдаанд мэдүүлсэн зэргийг харгалзан үзэхгүйгээр анх удаа үйлдсэн, хөнгөн гэмт хэрэг буюу сонгох 4 санкцтай гэмт хэрэгт хамгийн хүнд ял болох хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Мөн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага оногдуулах хэсэгт “шүүгдэгчид нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв” гэж дүгнэсэн мөртлөө тогтоох хэсэгтээ хорих ял оногдуулсан байна. Иймд Х.Б-д анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөртөө дүгнэлт хийж байгаа байдал, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, 1 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар хөнгөрүүлэн сольж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.Б нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын “Бүрэн плаза”-ийн урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэн “Тоёота Приус” загварын ....УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

иргэний нэхэмжлэгч Л.Ганцэцэгийн “...Би “Тоёота приус” загварын 84-64 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод Бүрэн плазагийн урд зогсоолоос хөдлөөд төв зам дагуу нийлэх гээд машин хараад зогсож байхад миний унаж явсан тээврийн хэрэгслийн зүүн урд буфер хэсгийг нэг суудлын машин хажуугаар гарахдаа шүргээд явсан. Би машинтайгаа хойноос нь очоод урдуур нь орж зогсоох үед согтуу жолоочтой байсан. ...” /хх 15, 52/,  

шүүгдэгч Х.Б-н яллагдагчаар өгсөн “... Би тухайн өдөр нэг найзын хамт Салхит зусланд 2 ширхэг 2,5 литрийн савлагаатай пиво 19 цагийн үед гэрт нь хувааж уусан. ... Би 7 буудал орж машинаа авах гээд ганцаараа ирээд машинаа асааж хөдлөөд явж байгаад утас дуугарсан. Утсаар ярих гээд зогсоод байж байтал нэг машин шахаж орж ирээд “чи машин шүргэчихээд зугтаалаа” гэж хэлээд цагаад дуудсан. ...”  /хх 46/ гэсэн мэдүүлгүүд,

Эрх бүхий албан тушаалтны “... Х.Б-н ... согтолтын зэргийг драйгер багаж ашиглан шалгахад 4.11% согтолттой гарсан...” гэсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 7, 20/, 

Мөрдөгчийн “... Жолооч Х.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. ...” гэсэн магадлагаа /хх 38/,

Цагдаагийн Ерөнхий газрын Х.Б-н жолоодох эрхийг шалгасан “... 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, ... эрх хасагдсан. ...” гэсэн лавлагаа /хх 20/, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн материалын хуулбар /хх 60-74/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 53/, “Хас үнэлгээ” ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан /хх 29-31/ зэрэг болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүхээс шүүгдэгч Х.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь энэ хэм хэмжээний агуулгад нийцсэн төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хэдийгээр анхан шатны шүүхийн тодорхойлох хэсгийн зарим хэсэгт ял оногдуулах талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн боловч шүүгдэгч Х.Б-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгон оногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарын гаргасан “... хорих ялыг өөр төрлийн ялаар солиулах...” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Гэвч шүүгдэгч Х.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг хуульд заасан хэмжээний дотор буюу 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял болгон багасгаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Х.Б нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нийт 43 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/761 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Х-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 43 /дөчин гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Ц.ОЧ

                         ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР