| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 314/2025/00258/И |
| Дугаар | 314/ШШ2025/00329 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 314/ШШ2025/00329
2025 05 23 314/ШШ2025/00329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг **** сум ** дугаар баг, **** сумын Засаг дарга Х.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э,
Хариуцагч: Өвөрхангай аймаг **** сум 3 дугаар баг ***** гудамж *** тоотод оршин суух хамтран зээлдэгч Ч.Ө,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 22,207,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч **** сумын Засаг дарга Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Н.А нь **** сумын Сум хөгжүүлэх сангаас 20**-**-**-ны өдөр 3,000,000 төгрөгийг сарын 0,25% -ийн жилийн 3%- ийн хүүтэй 3 жилийн хугацаатай “Төмс хүнсний ногоо тариалах” зориулалттай зээлсэн. Зээлийн эргэн төлөх хугацаа болоход зээлээ төлөөгүй, хугацаа хэтрэлт 4.7 жил болсон. Зээлдэгч нас барсан тул хамтран зээлдэгч болох Ч.Ө д зээл төлөх хариуцлагыг шилжүүлж, **** сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн эх үүсвэр болох 3,000,000 төгрөг, хүү 157500 төгрөг, алданги 19,050,000 төгрөг нийт 22,207,500 төгрөгийг хамтран зээлдэгч Ч.Ө аас гаргуулах.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4 дэх заалтыг үндэслэн Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэсэн.
2. Хамтран зээлдэгч хариуцагч Ч.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Ч Өлзийбат миний бие нь надад холбогдуулан **** сумын засаг дарга Х.Дийн гаргасан нийт 22,207,500 төгрөгийг хамтран зээлдэгч Ч.Өаас гаргуулна гэсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь дээрх гэрээний дагуу миний бие нь аливаа байдлаар мөнгөн хөрөнгө зээлээгүй, мөнгө аваагүй, надад энэ 2 цаас дээр гарын үсэг л зурчих гэсэн бусад бүх нүүр болон барьцааны гэрээнд Н.А зээлээ төлөөгүй байна гэж хэн нэгэн надад хандаж байгаагүй бөгөөд Н.А зээлээ төлсөн байх. **** сумын Засаг дарга ямар учраас 2020 онд зээлээр олгосон мөнгөө одоо нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. **** сумын Засаг дарга Х.Д болон Н.А ын байгуулсан гэрээгээр бол зээлээ эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас хэд хоног хэтрүүлсэн л бол зээлээ шаардах, эсхүл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэсэн байна. Гэтэл энэ арга хэмжээг ямар үндэслэлээр өнөөдрийг хүртэл аваагүй гэдгийг ойлгохгүй байна. Иймд зээлдэгч Н.А нас барсан хэдий ч түүний өв хөрөнгийг хүлээж авсан хүмүүсээс эсхүл түүний эд хөрөнгөөс гаргуулж хохирлоо барагдуулахыг хүс ч байна. Түүнчлэн гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү, нэхэмжлэлд дурдсан алданги зэрэг нь хуульд нийцээгүй байгааг нэмэлтээр тайлбарлаж байна. Би зээлдэгч биш учраас талийгаач Н.А тухайн зээлийн төлөлтийг хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэрээр зээлээ төлсөн гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Ч.Ө ын хариу тайлбартай танилцсан. Тухайн зээлдэгч Н.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болж Ч.Ө нь хамтран зээл авсан учир Ч.Өын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч **** сумын Засаг дарга Х.Д нь хариуцагч Н.А, хамтран зээлдэгч хариуцагч Ч.Ө нарт холбогдуулан 22,207,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хамтран зээлдэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алданги гэдэг нь Иргэний хуульд зааснаар анз учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлнэ. Нэхэмжлэгчтэй эвлэрэх санал байхгүй. Өвөрхангай аймгийн **** сумын Засаг даргаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн зээлийг 2020 онд талийгаач Д.А д 22,000,000 төгрөгийг зээлсэн. Д.А гэдэг хүн нь хариуцагч Ч.Ө ын арван жилийн ангийнх нь найз байсан. Засаг даргаас надад сум хөгжүүлэн сангийн зээл олгоно гэсэн, нэг хүн дагуулж ирээд гарын үсэг зуруулчих гэж хэлсэн гэхээр нь найздаа туслаад гарын үсэг Ч.Ө зурчихсан. Энэ мөнгө Ч.Ө ын дансаар ороогүй, бэлнээр аваагүй, захиран зарцуулаагүй. Тэгээд энэ хэргийг сай судлаад үзлээ. Нэхэмжлэгч талаас сум хөгжүүлэх сангийн журмыг яагаад гаргуулж авсан бэ? гэхээр энэ журмаар болон гэрээгээр энэ зээл олгогдож болохгүй зээл байна гэдгийг энэ журмаар, гэрээгээр харж байгаа юм. Д.А гэдэг хүн хоёр удаа зээл авч байсан бөгөөд авсан зээлээ төлөөгүй, мөн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар орж эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж байсан. Энэ шүүгчийн захирамжийг ч биелүүлээгүй буюу зээлээ төлөөгүй байна. Энэ журам дээр нь сум хөгжүүлэх сангаас зээл аваад хугацаандаа төлөөгүй бол дахин зээл олгох боломжгүй гэсэн журамтай байна. Мөн энэ зээлийн гэрээ дээр ч дээрх заалт байж байгаа. Тэгэхээр энэ зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна. Хүчин төгөлдөр хэлцэл явагдсан байна гэж ойлгогдохоор байна. Энэ бол маш ноцтой асуудал. Энэ журам дээр нь сумын Засаг дарга хяналт тавиад тухайн жилд дээд тал нь хэчнээн төгрөгийн зээл олгогдох ёстой гэдэг талаар хурал хийж хурлаар шийдвэрлүүлээд, тэгээд ямар хүмүүст зээл олгосон нь хавтас хэрэгт нотлох баримт байхгүй. Хэн, хэн гэдэг төлөөлөгч нар оролцоод, ямар үндэслэл, шалгаруулаад ямар хүмүүст зээл олгох боломжтой байна гэдэг жагсаалт, хурлын тэмдэглэл, шийдвэр байхгүй. Юу харагдаж байна гэхээр **** сумын Засаг дарга энэ зээлийг дур мэдэж олгосон юм шиг л харагдаж байна. Тийм болохоор энэ зээл анхнаасаа олгогдохооргүй зээл байсан байна. Олгогдох ёсгүй зээл олгогдсон байна гэхээр хууль бус зээл гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ алданги гэж нэхсэн байгаа. Иргэний хуульд алдангийг үндсэн зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байхад нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа алданги нь 50 хувиасаа хэтрээд үндсэн зээлээсээ 100-аас дээс гараад явчихсан байна. Ийм зүйл байж болохгүй. Мөн зээлийг төлөх ёстой хугацаанаасаа 15 хоног хэтрэх юм бол хариуцсан хүмүүс нь араас нь хөөцөлдөх, ядаж энэ хүнд мэдэгдэнэ биз дээ. Гэтэл юун 15 хоног хэтрэх байтугай бүтэн 5 жилийн хугацаа өнгөрчихсөн байна. **** сумын Засаг дарга, төлөөлөгч нар, сум хөгжүүлэх санг хариуцаж байгаа мэргэжилтнүүд өнөөдрийг хүртэл юу хийсэн юм бэ? Энэ 5 жилийн хугацаанд ямар арга хэмжээ авсан юм бэ? Д.А гэдэг хүн тухайн зээлийг 2020 онд аваад 2021 онд нас барсан байна. Нэг ч төгрөг төлөгдөөгүй авсан үндсэн зээл нь 3,000,000 төгрөгөөрөө хэвээрээ байна. Хэрвээ тухайн үед зээлийн хугацаа хэтрээд 15 хонож байхад ч юм уу та Д.А гэдэг хүнтэй хамтарч сум хөгжүүлэх сангаас 3,000,000 төгрөгийн зээлийг авсан байна, зээлийн хугацаа хэтэрлээ гэдэг байдлаар мэдэгдсэн бол энэ хүн чинь арай өөр арга хэмжээ авна шүү дээ. Ямар ч зүйл байхгүй байж байгаад 5 жилийн дараа 22,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь шударга уу? Тэгж болохгүй биз дээ. Дээрээс нь миний олж мэдсэнээр он сарын хувьд ойролцоо байгаа тул үүнийг магадлалтай гэж үзэж байгаа. Юу гэхээр тэр үед буюу 2020 онд сонгууль болсон. Сонгуулийн үед зээл олгогдож байгаа нь цаанаа сонгуульд намайг дэмжинэ шүү гэсэн яриа болсон гэж байгаа. Хэрвээ үнэхээр ийм яриа болсон бол Авлигатай тэмцэх газраар шалгуулж албан тушаалын гэмт хэрэгт тооцуулахаар зүйл мөнөөсөө мөн. Би өнөөдөр Улаанбаатар хотоос гараад **** сумын Засаг даргатай нь уулзаад энэ зээлийн талаар асууж тодруулчхаад шүүх хуралд оролцъё гэсэн ч Засаг дарга нь хуралтай байна гээд **** сум руу явж чадсангүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа зүйл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээл хөгжүүлэх сангийн журам дээр заачихсан байна л даа. Сумын иргэдийн төлөөлөгч нь зохих шийдвэрийг гаргана, тэгээд 3 хоногийн дотор сумын Засаг даргад хүргүүлнэ гэсэн байна. Тэгээд гишүүдийн 3/2-оос илүү хүн ирсэн бол ирц бүрдсэн гэж үзнэ гэж заачихсан байна. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хараарай. Энэ журмыг зөрчиж зээл олгосон байна. Мөн барьцааны гэрээ дээр чинь ч тусгагдчихсан байгаа. Хэрвээ зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрсэн бол та нар барьцаа хөрөнгийг бусад замаар зээлийн гэрээний үүргийг бүрэн хангуулах боломж байсан. Гэтэл та нар юу ч хийгээгүй гэнэт 5 жилийн дараа ухаан орсон юм шиг зээлээ нэхэмжлээд байгаа юм бэ? Энэ дээрээ анхаараарай. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгайлан судлуулсан нотлох баримт дээр Д.Ань Төрийн банк дээр 14,000,000 төгрөгийн зээлтэй гэж гарч ирлээ. Ямар банк дээр зээл нь ямар ангилал дээр байж байгаа юм, хэвийн байгаа юм уу? хугацаа хэтэрсэн байгаа юм уу? муу гэсэн ангилал дээр байгаа юм уу? Энэ бүгдийг та нар тодорхойлоогүй. Та нар нэг ёсондоо ажлаа хийгээгүй гэсэн үг. Д.Агэдэг хүн хаана ямар зээлтэй байгаа, зээл нь ямар хэмжээтэй зээл байгаа, зээлээсээ төлж байгаа юу? төлөхгүй байгаа юу? зээлийн үлдэгдэл хэд үлдсэн, тухайн зээл нь ямар ангилалд байгааг гаргаж ирээгүй. Төрийн банк дээр 14,000,000 төгрөгийн зээлтэй байгаа хүн танайхаас 3,000,000 төгрөгийн зээл авахаар өрийн дарамт үүсэх үү? Зээл төлөхөд хэцүү биз дээ. Энэ чинь танай ажлын хариуцлага байгаа байхгүй юу. Д.А, Ц.П нар нэг гэр бүлийн хүмүүс. Өөрөөр хэлбэл орлого нэг гэсэн үг. Тэгээд жилийн дараа 500,000 төгрөг өгчхөөд төлж дуусаагүй байхад дахиад 1,000,000 төгрөгөөр өгөхөөр болчихсон. Тэгэнгүүтээ эвлэрлийн гэрээ байгуулаад шүүхээр орсон ийм л асуудал байна гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас ихэсгэх зүйл байхгүй. Харин алдангийг багасгах боломжтой. Бусад дээр багасгах боломжгүй. Сум хөгжүүлэх сангийн зээлийн журмын дагуу хамтран эзэмшигч Ч.Ө д нэхэмжлэл хүргүүлсэн. Нэхэмжлэл дээр задлаад биччихсэн байгаа тул ямар ч гэсэн үндсэн зээл, зээлийн хүү, алданги бүгд нийлээд 22,257,200 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг хариуцагч Ч.Өаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Д.Аийг өмнө нь сум хөгжүүлэх сангаас зээл авчихсан, тэрийг төлөөгүй байж дахиад сум хөгжүүлэх сангаас зээл авсан байна гэдэгт тайлбар хэлье. Д.Аийн эхнэр Ц.П гэдэг хүн сум хөгжүүлэх сангаас зээл авсан. Тэгэхдээ Д.Агэдэг хүн тухайн зээлд хамтран зээлдэгчээр ороогүй. Зөвхөн барьцааны хөрөнгө дээр л гарын үсэг зурсан байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эргүүлж нэг хараарай. 2011 онд Ц.П гэдэг хүн сум хөгжүүлэх сангаас зээл авсан тул Д.А г өмнө нь зээл авсан гэж үзэхгүй. Дээрээс нь энэ журам нь хурлын тогтоолоор батлагддаг. Гэхдээ яг хэдэн сая төгрөгийн зээл олгогдоно гэж тавигддаггүй. Өөрөө хэлбэл сумын тэргүүлэх чиглэлээр сум хөгжүүлэх сангаас ийм ийм чиглэлээр зээл олгогдоно гэж заасан байдаг. Журам дээр тийм зүйл заалт байгаа. Үүнийг хараарай. Мөн Засаг даргатай тэгж ярьсан гэж байгаа нь хувь хүмүүсийн хооронд болсон яриа гэж үзэж байгаа учраас энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Өмнө нь өр зээлийн үлдэгдэлгүй гэсэн заалт байгаа нь сум хөгжүүлэх сангаас өөр газарт “Хэвийн” гэсэн зээлийн мэдээлэлтэй зээлдэгч байх юм бол сум хөгжүүлэх сангаас зээл олгож болно гэж байгаа. Үүнийг харж үзэхийг хүсэж байна. Өөрөө хэлбэл найдваргүй зээлдэгч биш, эргэлзээтэй зээл рүү орчихсон биш, хэвийн гэсэн байх юм бол зээл олгож болно гэж заасан гэв.
5. Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, №******** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Зээлийн анкет,
**** сумын Засаг даргын Тамгын газрын 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ***** дугаартай тушаалын хуулбар,
Өвөрхангай аймгийн Засаг даргын 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн *** дугаартай захирамжийн хуулбар,
202* оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хуулбар,
Барьцаа хөрөнгийн гэрээний хуулбар,
******* дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,
Хаан банкны 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн 2***********2, 2***************4 дугаартай тодорхойлолтууд,
Төрийн банкны 202* оны ** дугаар сарын **-ний өдрийн **/** дугаартай тодорхойлолт,
**** сумын 3 дугаар багийн Засаг даргын 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн *** дугаартай тодорхойлолт,
20** оны ** дугаар сарын **-ний өдрийн тээврийн хэрэгсэл захиран зарцуулах итгэмжлэл, **** ӨВР улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,
Ч.Ө, Н.А нарын бизнес төлөвлөгөө, Төмс, хүнсний ногоо тариалах төсөл,
Өвөрхангай аймгийн **** сумын Засаг даргын 201* оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай сум хөгжүүлэх сангийн зээлийг зарцуулах тухай захирамжийн хуулбар,
20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ,
6. Хамтран зээлдэгч хариуцагч талаас дараах нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан:
Хамтран зээлдэгч хариуцагчийн хариу тайлбар, хамтран зээлдэгч хариуцагч Ч.Ө 2025 оны 0** дугаар сарын **-ний өдрийн шүүхэд ирүүлсэн шүүх дээр **** сумын Засаг дарга Х.Д ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг хэрэгт зайлшгүйгээр **** сумын сум хөгжүүлэх сангаас сум хөгжүүлэх журам, хариуцагч Н.А, түүний эхнэр Ц овогтой П нарын сум хөгжүүлэх сангаас авч байсан зээлийн түүхчилсэн лавлагааг гаргуулж өгнө үү. Уг лавлагааг болон журмыг гартал шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт,
7. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
Улсын бүртгэлийн Ерөнхий газар Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн CVL**************6 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
8. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 202* оны ** дугаар сарын **-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулж, хариуцагч Ч.Ө нь хамтран зээлдэгч болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар,
Хариуцагч Х овгийн Н.А нь нас барсан болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газар Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн CVL*************6 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа зохигчдын тайлбар, дээр дурдсан бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байна.
9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болж, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
10. Зохигчид зээлийн гэрээ болон гэрээний сунгалтад тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
11. Дээрх гэрээний үндэслэл болгон нэхэмжлэгч **** сумын Засаг дарга Х.Д нь хариуцагч Ч.Өаас **** сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн эх үүсвэр болох 3,000,000 төгрөг, хүү 157500 төгрөг, алданги 19,050,000 төгрөг нийт 22,207,500 төгрөгийг хамтран зээлдэгч хариуцагч Ч.Ө аас шаардсан.
12. Хамтран зээлдэгч хариуцагч Ч.Ө нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
13. Хэрэгт авагдсан 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хуулбар, Барьцаа хөрөнгийн гэрээний хуулбар, №***** дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Хаан банкны 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн 2*********2, 2************4 дугаартай тодорхойлолтууд, Төрийн банкны 2020 оны ** дугаар сарын **-ний өдрийн ****/*** дугаартай тодорхойлолт, **** сумын ** дугаар багийн Засаг даргын 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн **** дугаартай тодорхойлолт, 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн тээврийн хэрэгсэл захиран зарцуулах итгэмжлэл, ***** ӨВР улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Ч.Ө, Н.А нарын бизнес төлөвлөгөө, Төмс, хүнсний ногоо тариалах төсөл, Өвөрхангай аймгийн **** сумын Засаг даргын 2011 оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай сум хөгжүүлэх сангийн зээлийг зарцуулах тухай захирамжийн хуулбар, 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр,
202** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр зохигчид үндсэн зээл 3,000,000 төгрөгийг сарын 0,25% жилийн 3%-ин хүүтэй 3 жилийн хугацаатай Төмс хүнсний ногоо тариалах зориулалттай зээл авсан болох нь тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар уг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан ба зээлдүүлэгч зээлийн гэрээ бичгээр байгуулан хүү тооцохоор тохиролцсон өдрөөс хойш гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд хүү тооцон шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр байгуулна гэж, мөн зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,
Талууд төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувиар алдангийг тооцохоор тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бодож шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, дээр дурдсан үндэслэлүүдээр 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээлийн 3,000,000 төгрөгийг, үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр буюу хүү, алдангийн 1,500,000 төгрөгийг, нийт 4500000 төгрөгийг хамтран зээлдэгч хариуцагч Ч.Өаас гаргуулан нэхэмжлэгчид Өвөрхангай аймгийн **** сумын сум хөгжүүлэх сангийн дансанд олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,707,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
Нэхэмжлэгчийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 314/ШЗ2025/******** дугаартай шүүгчийн захирамжаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Ө аас улсын тэмдэгтийн хураамжид 43,475 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хамтран зээлдэгч хариуцагч Ч.Ө аас үндсэн зээлийн 3,000,000 төгрөгийг, үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр буюу хүү, алдангийн 1,500,000 төгрөгийг, нийт 4500000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн **** сумын сум хөгжлийн сангийн дансанд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 17,707,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Ч.Ө аас 43,475 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ