Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 353

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Ц.Майбаяр,

Шүүгдэгч Н.Одбаяр /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Одбаярт холбогдох эрүүгийн 1811009930409 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Наранцэцэгийн Одбаяр, 1985 оны 11 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын удирдлага мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт үйлчилгээний албаны дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 10 дугаар байрны 6-4 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ЦВ85110178/

 

Шүүгдэгч Н.Одбаяр нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Хангарьд ордны 8 дугаар давхарт иргэн Д.Ганболдоос “8 нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч 1.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.Одбаяр нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Хангарьд” ордны 8 дугаар давхарт хохирогч Д.Ганболдоос “8 нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч 1.000.000 төгрөгийг авсан болох нь:

 

Хохирогч Д.Ганболдын /хх-16-19/: “..2017 оны 11 сард Энхнаран гэдэг хамаатныхаа дүүгээр дамжуулж Одбаяр гэдэг хүнтэй танилцсан. Тухайн үед би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлалтай хүнсний дэлгүүрт дэлгүүрийн зөвшөөрөл авахаар Энхнаранд ярьж байсан болохоор манай дүү Энхнаран Хангарьд ордны 8 дугаар давхарт нийтлэг үйлчилгээний газар ажилладаг Одбаяр гэдэг хүн байдаг. Энэ хүн зөвшөөрөл гаргуулж өгч чадна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 11 сард Энхнаран бид 2 Одбаяртай уулзаад ажлын талаараа ярилцсан. Тэгээд 1 сая төгрөгөнд бүх юмыг чинь багтаагаад гаргуулаад өгнө гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хангарьд ордны шатан дээр Одбаярт өөрт нь бэлнээр өгсөн. Мөнгө өгөхөд хажууд хүн байгаагүй. Би дансаар өгнө гэхэд, бэлнээр өгчих гээд байсан. Тэгээд мөнгө төгрөг өгснөөс хойш бараг арваад удаа ажил дээр нь очсон ба намайг очихоор одоо дөхөж байна, нэг болохоор гарчихсан гэх мэтээр худлаа яриад байсан. Тэгээд сүүлдээ худлаа яриад яваад байхаар цагдаагийн байгууллагад хандаж байна. Одбаяр бол дэлгүүрийн зөвшөөрөл гаргаж өгөх эрх бүхий албан тушаалтан биш, ямарч гэсэн найдвартай гаргаж өгнө гэж хэлж байсан. Би дүү Энхнарангийн найз болохоор нь итгэж байсан..надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 800.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үлдэгдэл 200.000 төгрөгөө хүлээн авсан тул гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Үүрцайхын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-26-27/: “..Н.Одбаяр бид хоёр 0-9 насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Н.Одбаяр нь зан байдлын хувьд даруу төлөв зантай, хааяа шаардлагатай үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг боловч элдэв ааш араншин гаргаж байгаагүй. Одоогоос сар гарангийн өмнө Одбаярын гар утас руу 8818-тай дугаар байнга залгадаг байсан. Тэгээд хэн болох талаар асуухад хүнээс дэлгүүрийн зөвшөөрөл гаргаж өгнө гээд мөнгө авсан юмаа гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-28-29/ “..Нийтлэг үйлчилгээний газарт үйлчилгээний албаны дарга 2013 оноос хойш ажиллаж байгаа. Нэг сарын өмнө ажлаасаа чөлөө авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, одоогоор буцаж ороогүй байгаа гэж байсан. Цагдаагийн байгууллага дээр ирсэний дараа энэ хэргийн талаар мэдсэн..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.Одбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-32-34/ ..2017 оны 11 дүгээр сард миний танил ах Энхнаран надтай холбогдоод “8 нэрийн дэлгүүрийн зөвшөөрөл гаргаад өгөх боломж байна уу 1 сая төгрөг өгнө” гэхээр нь тухайн үед надад мөнгөний хэрэг байсан учраас Ганболд гэх хүнээс 1 сая төгрөгийг бэлнээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Хангарьд” ордны 1 дүгээр давхарт уулзаж авсан. Би Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт үйлчилгээний албаны даргаар ажилладаг байсан. Би ямар нэгэн зөвшөөрөл гаргах эрх бүхий этгээд биш бөгөөд Ганболд гэх хүний 8 нэрийн зөвшөөрөл гаргах талаар ямар нэгэн зүйл хөөцөлдөөгүй.. Би тухайн үед автомашинаа ломбарданд тавиад зээл авчихсан байсан бөгөөд яг Ганболд гэх хүнээс мөнгө авахын өмнө ломбарднаас тухайн сарын мөнгө нэхэгдээд байсан. Тэгээд Ганболд гэх хүнд худлаа хэлээд мөнгийг аваад ломбардны өрөө төлсөн гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн..” мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Н.Одбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-37/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-47/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Н.Одбаярыг хуурч, бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Одбаяраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Н.Одбаярыг “хуурч бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь Н.Одбаяр нь хохирогч Д.Ганболдод учруулсан 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Одбаяр нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Наранцэцэгийн Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Одбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Одбаярт оногдуулсан  450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Одбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Н.Одбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Одбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Одбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР