Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 772

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч, хохирогч С.М,

шүүгдэгч, хохирогч Н.Ч, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг /ҮД:0302/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Ч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С. М нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806033200795 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, С.М.

2. Монгол Улсын иргэн, Ч.М

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 11-ний оройн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр ЖУӨ-ийн 3-2118 тоотод эхнэр С.Мтай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.М нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний оройн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр ЖУӨ-ийн 3-2118 тоотод нөхөр Н.Чтай маргалдан улмаар түүний нүүр лүү шил шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч С.Мгийн: “...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 3-2118 тоотод гэртээ хүүхдүүдийн хамт байж байтал нөхөр Ч гаднаас согтуу орж ирчихээд “пизда, гичий, янхан минь чамайг ална аа, өнөөдөр цустай чинь холино оо” гэж намайг доромжилж, заналхийлсэн. Тэгээд намайг “манай гэрээс зайл, би хүүхдүүдтэйгээ амьдарч чадна” гээд намайг үсдэж байшингийн хаалга руу чирсэн. Тэгээд Ч нь намайг толгойн зүүн хэсэгт хазсан, тэгэхээр нь би өөдөөс ноцолдож, эсэргүүцэл үзүүлж байгаад ор руу түлхсэн. Тэгсэн чинь Ч алх гаргаж ирээд алхаараа миний зүүн талын дал руу цохисон. Тэгээд би Чыг цааш түлхээд холдуулсан чинь 9 настай охин Ариунтунгалаг алхыг нь булааж авсан. Гэтэл Ч гал тогооны өрөө рүү ороод хутга гаргаж ирээд над руу “хутгална” гээд далайж байгаад намайг ор руу түлхэж унагаад, тэгээд би орон дээр доош хараад хэвтэж байтал миний зүүн хөлийн гуяны ар хэсэгт хутгаараа хатгасан. Тэгээд Ч намайг цохих юм хайж байгаад томоохон хагалсан байсан түлээний мод барьж ирээд намайг энд тэндгүй цохиод байсан. Тухайн үед орон дээр байсан Чын курткийг би барьж аваад нүүр рүү нь шидсэн. Гэтэл куртикных нь халаасанд байсан жижигхэн 100 гр-ын шилтэй байсан Ерөөл архи нүүрэнд нь онож, архины шил хагарсан. Тэгээд Ч “нүүр урчихлаа ш дээ” гээд нүүрнээс нь цус гараад цусаа дараад сууж байх хооронд нь би цагдаа дуудсан юм. 2003 оны эхлэн Ч бид хоёр танилцаж одоог хүртэл хамтран амьдарч байна. Ч бид хоёр 4 хүүхэдтэй, 3 хүүхэд нь Чын хүүхдүүд юм. Ч нь архи уусан үедээ хардалтаас болж байнга маргалдаж хэрүүл хийж, намайг зоддог...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-7-8/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Чын: “...2018 оны 04 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ЖУӨ-ийн 3-2118 тоотод байрлах гэрлүүгээ орж явж байтал хашааны гадаа цагаан өнгийн машин байсан. Намайг хараад миний хажуугаар гараад явсан. Тэр машинаас манай эхнэр М гараад гэр рүүгээ орж байхаар нь би гэр рүүгээ араас нь орсон. Тэгээд би “юун машин юм” гэж асуухад “чамд хамаагүй намайг зүгээр таньдаг хүн байгаа юм” гэхээр нь би эхнэртэйгээ маргалдаад мөр, цээж хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгтэл эхнэр өөдөөс эсэргүүцсэн. Тухайн үед би гэрт байсан хоол хийж байсан хутгыг барьж байсныг санаж байна. Эхнэр М намайг “зайл” гээд өмсөж байсан курткийг шидсэн чинь халаасанд байсан жижиг шилтэй архи хөмсөгний дээд талд цохих үед цус гарахаар нь би гэрээсээ гарч гүйгээд ах Чулуубаатар гэрт очоод байж байтал эхнэр цагдаа дагуулж ирээд цагдаа намайг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/,

 

Мөрдөн байцаалтанд С.Мгийн яллагдагчаар: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг ойлгосон. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Нөхөр Н.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-53/,

 

Мөрдөн байцаалтанд Н.Чын яллагдагчаар: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг ойлгосон. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед бага насны хүүхдүүд байсан. Насанд хүрсэн хүн байгаагүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-47/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн №4808 тоот:

  1. С.Мгийн биед зүүн гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цээж, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх зүүн гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цээж, шилбэнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт /хх-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн №4991 тоот:

  1. Н.Чын биед тархины доргилт, баруун хөмсөгний дээрх няцарсан шарх, баруун шанаа, хүзүү, зүүн гарын 2 хурууны зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч М.Энхбаяр гэсэн дүгнэлт /хх-24/,

 

Н.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/,

С.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-39/, 

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Ч: “Би архи уусан байсан учир хардсан. Би архи уугаагүй үедээ ханьдаа хайртай. Дэндүү хайртай учир хардсан. Би гэртээ харих замдаа архи уусан байсан. Гэр лүү өгсөж байхад манай үүдэнд цагаан машин ирсэн байсан. Тэгэхээр нь энэ хүнтэй холбоотой гэж бодоод, гэрт ороод манай үүднээс машин хөдөллөө, юун машин хөдөлсөн бэ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр  маргалдсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.М: “Манай хүн архи ууж ирээд агсам тавьж янз бүрийн зүйл ярьдаг болохоос өөр маргах зүйл байдаггүй. 10 гаруй жил хамт амьдарсан. Тухайн өдөр орой том маргаан болсон. Шалтгаан нь хардалтаас болсон. Манай хүний ажлын газрын хүн нь манайд ирсэн. Нөхрийг ирж байхад манай үүднээс машин хөдөлсөн юм байна лээ. Тэгээд чи хүнтэй явалдаж байгаа юм биш биз гэж хэлсэн. Сүүлд нь нөгөө ажлын хүн нь “би танай хашаанд очиж ажлын хувцас орхиж явсан” гэж хэлж ойлголцсон байсан. Куртикнийх нь халаасанд архи байсныг нь мэдээгүй юм. Халаасанд нь архи байсан юм байна лээ. Толгой хагарчихлаа гэхэд нь мэдсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ч, С.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 11-ний оройн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр ЖУӨ-ийн 3-2118 тоотод эхнэр С.Мтай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтанд хохирогч С.Мгийн: “...Тэгээд намайг манай гэрээс зайл би хүүхдүүдтэйгээ амьдарч чадна гээд намайг үсдэж байшингийн хаалга руу чирсэн. Тэгээд Ч нь намайг толгойн зүүн хэсэгт хазсан, тэгэхээр нь би өөдөөс ноцолдож, эсэргүүцэл үзүүлж байгаад ор руу түлхсэн. Тэгсэн чинь Ч алх гаргаж ирээд алхаараа миний зүүн талын дал руу цохисон. Тэгээд би Чыг цааш түлхээд холдуулсан чинь 9 настай охин Ариунтунгалаг алхыг нь булааж авсан. Гэтэл Ч гал тогооны өрөө рүү ороод хутга гаргаж ирээд над руу “хутгална” гээд далайж байгаад намайг ор руу түлхэж унагасан. Тэгээд би орон дээр доош хараад хэвтэж байтал миний зүүн хөлийн гуяны ар хэсэгт хутгаараа хатгасан. Тэгээд Ч намайг цохих юм хайж байгаад томоохон хагалсан байсан түлээний мод барьж ирээд намайг энд тэндгүй цохиод байсан. Тухайн үед орон дээр байсан Чын курткийг би барьж аваад нүүр рүү нь шидсэн. Гэтэл куртикных нь халаасанд байсан жижигхэн 100 гр-ын шилтэй байсан Ерөөл архи нүүрэнд нь онож, архины шил хагарсан. Тэгээд Ч “нүүр урчихлаа ш дээ” гээд нүүрнээс нь цус гараад цусаа дараад сууж байх хооронд нь би цагдаа дуудсан юм. 2003 оны эхлэн Ч бид хоёр танилцаж одоог хүртэл хамтран амьдарч байна. Ч бид хоёр 4 хүүхэдтэй, 3 хүүхэд нь Чын хүүхдүүд юм. Ч нь архи уусан үедээ хардалтаас болж байнга маргалдаж хэрүүл хийж, намайг зоддог...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-7-8/,

 

Мөрдөн байцаалтанд Н.Чын яллагдагчаар: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг ойлгосон. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед бага насны хүүхдүүд байсан. Насанд хүрсэн хүн байгаагүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-47/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн №4808 тоот: С.Мгийн биед зүүн гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цээж, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цээж, шилбэнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-20/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-39/ зэргээр тогтоогдон нотлогдов.

Шүүгдэгч С.М нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний оройн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр ЖУӨ-ийн 3-2118 тоотод нөхөр Н.Чтай маргалдан улмаар түүний нүүр лүү шил шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Чын: “...Тэр машинаас манай эхнэр М гараад гэр рүүгээ орж байхаар нь би гэр рүүгээ араас нь орсон. Тэгээд би юун машин юм гэж асуухад чамд хамаагүй намайг зүгээр таньдаг хүн байгаа юм гэхээр нь би эхнэртэйгээ маргалдаад мөр, цээж хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгтэл эхнэр өөдөөс эсэргүүцсэн. Тухайн үед би гэрт байсан хоол хийж байсан хутгыг барьж байсныг санаж байна. Эхнэр М намайг “зайл” гээд өмсөж байсан курткийг шидсэн чинь халаасанд байсан жижиг шилтэй архи хөмсөгний дээд талд цохих үед цус гарахаар нь би гэрээсээ гарч гүйгээд ах Чулуубаатар гэрт очоод байж байтал эхнэр цагдаа дагуулж ирээд цагдаа намайг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/,

 

Мөрдөн байцаалтанд С.Мгийн яллагдагчаар: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг ойлгосон. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Нөхөр Н.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-53/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн №4991 тоот: Н.Чын биед тархины доргилт, баруун хөмсөгний дээрх няцарсан шарх, баруун шанаа, хүзүү, зүүн гарын 2 хурууны зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /хх-24/ зэргээр нотлогдон тогтоогдов.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Н.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч Н.Чыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах, Н.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч Н.Ч, С.М нар нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Ч, С.М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Н.Ч, С.М нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан саналыг харгалзан Н.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, С.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1806033200795 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Н.Ч-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Ч-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Мд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Н.Ч, С.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Ч, С.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД