| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0231/Э |
| Дугаар | 260 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч Ч.Данзанболд /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ч.Данзанболдод холбогдох эрүүгийн 1811003690221 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Шарайд овогт Чулуунбаатарын Данзанболд, 1971 оны 6 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт, мөнгөний дархан мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод Салхитын 13-271 тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЧЖ71061370/.
Шүүгдэгч Ч.Данзанболд нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Ш.Адъяагийн алтан ээмэг, бөгж, зүүлтний кулон хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 18.8 грамм алтыг завшиж, 2.170.159 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ч.Данзанболд нь 2017 оны 9 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагаан, Тэмүүлэл худалдааны төв, алт мөнгөний дарханы байранд хохирогч Ш.Адъяагийн 18.9 гр алт, 59 ширхэг шүрийг авч 7-10 хоногийн хугацаанд шүрэн шигтгээтэй ээмэг бөгж, кулон хийж өгөхөөр тохирч авсан боловч 18.8 гр 2.170.159 төгрөгийн үнэ бүхий алтыг нь зарж өөртөө эд зүйл худалдан авсан болох нь:
Хохирогч Ш.Адъяагийн /хх-13-14/: ..Би 2017 оны 9 сарын 15-ны өдөр өөр дээрээ хадгалж байсан 18.9 гр алт, 59 ширхэг шүрийг авч шүрэн шигтгээтэй ээмэг бөгж, кулон хийлгэхээр Урт цагаан худалдааны төвийн Тэмүүлэл төвийн 2 давхарын 1 номерийн лангуунд алт мөнгөний дарханаар ажилладаг Данзанболд гэдэг залууд өөрөөр нь граммлуулж өгсөн. Данзанболд хэлэхдээ таны хүссэн загвараар 7 хоногийн дотор 300.000 төгрөгийн хөлсөөр хийж өгнө гэж тохирсон. Тэгээд би урьдчилгаа 100.000 төгрөгийг Данзанболдын Хаан банкны данс руу газар дээр нь мобайл банкаар шилжүүлсэн. Ингэтэл Данзанболд алт зөөлөн учраас түгжээ хийх жаахан монет өгчихөөрэй 2 гр байхад болно гэж хэлсэн. Ингээд би шүрэн шигтгээтэй алтан ээмэг, бөгж кулоныхоо хослолыг 7 хоног хүлээгээд гаргаж өгөхгүй болохоор нь түүнээс хойш байнга ажил дээр нь очиж өдөр бүр ярьж асууж сураглаж байсан. Данзанболд нь элдэв янзын шалтаг тоочиж хойшлуулсаар байгаад өдийг хүрсэн. Сүүлд над руу 2017 оны 12 сарын 05-ны өдөр би таны алтнаас 5 граммыг нь барьцаанд тавиад өөртөө хэрэглэчихсэн гэж хэлсэн.. гэсэн мэдүүлэг,
Ч.Данзанболдын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-39-40/ “Би урт цагаан худалдааны төвд алт мөнгөний дарханаар ажиллаж байхдаа 2017 оны 9 сарын 15-ны өдөр Урт цагаан үйлчилгээний төвийн 01 тоот алт мөнгөний лангуун дээр Ш.Адъяа гэх хүнээс алтан ээмэг, бөгж, кулон хийлгэхээр захиалга авсан бөгөөд захиалгаа 7-14 хоногийн дотор хийж гүйцэтгэх ёстой байсан боловч надад мөнгөний яаралтай хэрэг гараад 18.8 гр алтыг нь зараад хувьдаа зарцуулчихсан юм. Би явуулын танихгүй хүнд хямдхан 1.500.000 төгрөгөөр зараад өөрийн бизнес эрхлэх гэж байсан антимайнер төхөөрөмж авахдаа ашигласан..,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүний итгэл алдсандаа маш их ичиж байна. Хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан. гэсэн мэдүүлэг, хохирогч Ш.Адъяагийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-11/, гэрч Д.Батсайханы мэдүүлэг /хх 18-19/, Ч.Данзанболдын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-24/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-27/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/, Монгол банкнаас заралсан ханшийн лавлагаа /хх 22/, Ч.Данзанболдоос 62 ширхэг шүр, бөгжний тал хэлбэрийн мотет 1 ширхэгийг хүлээн авч хохирогч Ш.Адъяад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 4-36/, хохирогч Ш.Адъяагаас хохирол төлөгдсөн, гомдол саналгүй талаар бичсэн тэмдэглэл /хх 54/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ч.Данзанболдын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч Ч.Данзанболдыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хохирогч Ш.Адъяагаас хохирлыг төлж барагдуулсан, гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Данзанболдын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, түүнийг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Данзанболд нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шарайд овогт Чулуунбаатарын Данзанболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Данзанболдыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Данзанболдод оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеээс хойш 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Данзанболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ч.Данзанболд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэр тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Данзанболдод авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч
Ч.Данзанболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР