Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0190

 

Х.Г-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0019 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор, Х.Г-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0019 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Г-г “Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Х.Г-т 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11.535.172 төгрөгийг (арван нэгэн сая таван зуун гучин таван мянга нэг зуун далан хоёр) төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо: “...Нэг. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй талаар:

1/ Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтсийн геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн  тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэж тодорхойлсон.

“Эгүүлэн тогтоолгох” тухай ойлголт нь хууль зүйн утгаараа тухайн ажилтны урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан томилох тухай ойлголт болно.

Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын газрыг Газрын тосны газартай нэгтгэн “Ашигт малтмал, газрын тосны газар” болгон өөрчлөн байгуулж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар Ашигт малтмалын газар болон Газрын тосны газрын орон тоо/246/-г 61-ээр цөөрүүлж, өөрчлөн байгуулагдсан Ашигт малтмал, газрын тосны газрыг нийт 185 орон тоотой байхаар тогтоосон.

Ийнхүү Улсын Их хурал, Засгийн газрын тогтоолуудаар орон тоог цөөрүүлсэнтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тушаал, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн а/01 дүгээр тушаалаар тус газрын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан.

Ашигт малтмалын газрыг Ашигт малтмал, газрын тосны газар болгон өөрчилж, орон тоог цөөрүүлсэнтэй холбоотойгоор Геологийн албаны бүтцэд байсан “геологийн судалгаа, дээж, лаборатори хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо хасагдсан бөгөөд уг албан тушаал/ажлын байр/-ын гүйцэтгэж байсан чиг үүргээс зөвхөн дээжний тодорхойлолт гаргахтай холбоотой чиг үүргийг “геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын ажлын байрны чиг үүрэгт нэмж өгсөн.

Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал хасагдсан /байхгүй болсон/ байхад шүүх нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчийг чөлөөлөгдөх үед огт байгаагүй ажлын байр буюу геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2/ Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох “ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн”-тэй холбоотой харилцаа нь гуравдагч этгээд Э.М-И-г ажилд томилсон харилцаанаас тусдаа бөгөөд бие даасан захиргааны актаар зохицуулагдсан харилцаа болно.

Нэхэмжлэгч Х.Г-ийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн б/10 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад шүүх хүлээж авсан тул уг нэхэмжлэлийн шаардлагыг эхэлж шийдвэрлэсний дараа шүүх хуралдааныг явуулах саналыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан.

Улмаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол гаргасан.

 Уг тогтоолд гомдол гаргах эсэх талаар тодруулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргахгүй гэсэн тул нэхэмжлэгчийн тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй гэж үзнэ.

Гэтэл шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “М-И-г геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байр/албан тушаал/-нд томилсон нь хууль зүйн үндэслэлгүй” гэдэг гол үндэслэлээр буюу Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн б/10 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй болох талаар үндэслэлээ тайлбарлаж, шүүх түүнийг нь шийдвэрийнхээ үндэслэл болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дурдсан шүүхийн шийдвэрийн “Тодорхойлох” хэсгийн 3 дугаар талд “...Сонгон шалгаруулалт зарлаж, Э.М-И-г томилсон” гэсэн хэсэг, 4 дүгээр талд “...нэхэмжлэгч Х.Г нь гуравдагч этгээд Э.М-И-ээс илүү хангаж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог” гэж дурдсан болон шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 10 дугаар талд “...Түүнчлэн Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлага нь төрийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх ёстой байтал төрийн албанд 1 жил хүрэхгүй хугацаанд ажилласан Э.М-И-г тухайн ажил, албан тушаалд томилсон нь хууль бус гэсэн агуулгаар маргаж байгаа нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна” гэснээс харахад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар шүүх хуралдаан дээр маргаж, улмаар шүүх түүнийг нь шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаал /захиргааны акт/-ыг хүчингүй болгохтой холбоотой байтал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн б/10 дугаартай тушаал /захиргааны акт/-ын хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар нэхэмжлэгч тал үндэслэлээ тайлбарлаж, шүүх түүнийг хүлээн авсан нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, бие даасан 2 тусдаа захиргааны актыг нэг акт мэтээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож, улмаар шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй захиргааны актаар зохицуулсан үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 11 дүгээр талд “...гуравдагч этгээд Э.М-И нь төрийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэр, төрийн албан хаагчийн анкет зэрэг баримтуудаар тогтоогдож байна” гэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хамааралгүй асуудлаар дүгнэлт өгөх замаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Ашигт малтмал, газрын тосны газраас сонгон шалгаруулалт явуулсантай холбоотой харилцааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой тайлбарласан.

Тодруулбал, нэгэнт орон тоо хасагдсан учир тухайн ажлын байранд ажиллаж байсан албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлсөн.

Харин чөлөөлөгдсөн хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах зорилгоор шинээр бий болсон бөгөөд чөлөөлөгдсөн ажилтны гүйцэтгэж байсан чиг үүрэгтэй ойролцоо ажлын байр /албан тушаал/-нд нээлттэй өрсөлдүүлэх /сонгон шалгаруулах/ зарчмыг баримталж, шинэ ажлын байрны шаардлагыг илүү хангасан ажилтныг томилсон болно.

Дээрх ялгаатай харилцааг шүүх тодруулалгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газарт нэхэмжлэгчийг ажиллаж байх үед Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоо 2 байсан бөгөөд уг орон тоо цөөрч 1 болсны дараа тухайн ажлын байранд Х.Г, Э.М-И нарыг өрсөлдүүлэн сонгон шалгаруулах замаар томилсон мэтээр буруу дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, орон хасагдсан ажлын байранд ажиллаж байсан ажилтныг чөлөөлөх, шинээр бий болсон ажлын байранд өмнө ажиллаж байсан албан хаагчдыг өрсөлдүүлэх гэсэн 2 тусдаа явагдсан үйл баримтыг шүүх үнэн зөв, бодитой дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр гарах нөхцөл болсон.

Тийм ч учраас нэхэмжлэгч Х.Г-ийг ажлаас чөлөөлсөн захиргааны акт, гуравдагч этгээд Э.М-И-г ажилд томилсон захиргааны акт гэсэн 2 тусдаа үйл баримт бүхий, бие даасан захиргааны актуудын талаар нэхэмжлэлийн шаардлагад ч үндэслэлгүй тайлбарласан, шүүх ч түүнийг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн болно. 

3/ Түүнчлэн шүүхийн шийдвэрийн 11 дүгээр талд “...геологийн инженер мэргэжилтэй байх шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ зөрчсөн” гэсэн байна.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2004 оны “Загвар, зааврын батлах тухай” 34 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтын “В.Тавигдах шаардлага” хэсгийн “Мэргэжил” хэсэгт “чухал шаардлагатай”, “шаардлагатай” гэсэн 2 үзүүлэлт тавигддаг бөгөөд төрийн байгууллага тухайн мэргэжлээр “чухал шаардлагатай” буюу тухайн албан тушаалыг үр дүнтэй эрхлэхэд зайлшгүй шаардлагатай мэргэжлийг хангасан этгээдийг томилохоор заасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх “чухал шаардлагатай” шалгуурыг хангах эсэх нь хамаагүй, Х.Г “шаардлагатай” шалгуурыг хангаж байгаа нь л ач холбогдолтой гэж хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитой, үнэн зөв үнэлж дүгнэх үүргээ биелүүлээгүй болно

Хоёр. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй талаар:

1/ Анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргааныг шийдвэрлэхэд гол ач холбогдол бүхий нотлох баримт бол нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан “геологийн судалгаа, дээж, лаборатори хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт болон Ашигт малтмал, газрын тосны газарт шинээр бий болгосон “геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолтын ялгаа болохыг харьцуулан тайлбарласан.

Шүүх бүрэлдэхүүний хувьд ч хариуцагчийн төлөөлөгчийн уг тайлбарыг нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд маш тодорхой асууж, тодруулсан бөгөөд нэхэмжлэгчээс “энэ 2 ажлын байрны тодорхойлолт агуулгын хувьд ижил юмаа” гэдэг тайлбараас өөрөөр яг тухайн 2 ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилт ялгаатай байгааг няцааж чадаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл/бичлэг/-ээс хангалттай нотлогдоно.

Ийнхүү шүүх хуралдаан дээр дээрх байдлаар “геологийн судалгаа, дээж, лаборатори хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт болон Ашигт малтмал, газрын тосны газарт шинээр бий болгосон “геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолт агуулгын хувьд ч, ажил үүргийн хувьд ч ялгаатай болох нь нотлогдсон.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэг /10 дугаар тал/-т “...шинээр бий болсон гэх Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт үг, үсгийн өөрчлөлт оруулж, Геологи, эрдэс баялгийн менежментийн мэргэжилтэй байх шаардлага тавьснаар Х.Г-ийн урьд ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй” гэсэн нь огт ойлгомжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх...нотлох баримтыг... өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан байдаг хэдий ч ийнхүү дотоод итгэлээр үнэлэхдээ шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэний эсрэг үнэлж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

2/ Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 9 дүгээр талд “...Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...орон тоо цөөрсөн тул сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалт явуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гуравдагч этгээд Э.М-И-г ажлын байранд авч үлдэж, харин Х.Г-т хуульд заасан тэтгэлэг олгохын тулд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-г баримтлан чөлөөлсөн” гэх агуулгаар маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг тайлбарласан болно” гэсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаан бүхий актыг тайлбарлахдаа нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо цөөрсөн гэж огт тайлбарлаагүй бөгөөд тухайн ажлын байр хасагдсан гэдгийг маш тодорхой хэлсэн болно.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн 5 дугаар талд дурдагдсан “...Ашигт малтмалын газрыг Ашигт малтмал, газрын тосны газар болгон өөрчилж, орон тоог цөөрүүлсэнтэй холбоотойгоор Геологийн албаны бүтцэд байсан “геологийн судалгаа, дээж, лаборатори хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоог хасч...” гэсэн хариуцагчийн тайлбараар ч нотлогдож байна.

Гэтэл шүүхийн шийдвэрт дээрх тайлбар, нотлох баримтыг огт өөрөөр дурдаж, шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.Г-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0019 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.Г-ийг “Геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтэн”-ий ажлаас орон тоо цөөрсөн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг олгохоор шийдвэрлэжээ.

Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий төрийн албанаас халах захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтад нийцсэн, гаргасан зөрчил нь нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаарддаг.

Гэтэл маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 болон 27.2.4 дэх заалтыг давхар баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу байна. Энэ нь тухайн ажилтныг ажлаас чөлөөлөхөөс өмнө тухайн 2 тохиолдлын аль нь үүссэн болох эсхүл үүсээгүй эсэх талаар урьдчилан тогтоогоогүй болохыг харуулж байна.

Маргаан үүссэний дараа хариуцагчаас илүү тохиромжтой гэж үзсэн үү  “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-г баримтлан чөлөөлсөн” ... гэх тайлбарыг өгсөн анхнаасаа уг тушаал хуулийн дээрх үндэслэлээр гарсан гэж дүгнэхэд хангалтгүй.

Х.Г-ийн урьд ажиллаж байсан Геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтнээр түүнээс өөр хүн ажиллаж байгаагүй тул орон тоог цөөрүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь шинээр бий болсон гэх Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй агуулгын хувьд ижил байх тул чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шинээр бий болсон гэх Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт үг үсгийн өөрчлөлт оруулж, Геологи, эрдэс баялгийн менежментийн мэргэжилтэй байх ажлын байрны шаардлага тавьснаар Х.Г-ийн урьд ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Түүнчлэн Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлага нь төрийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх ёстой байтал төрийн албанд 1 жил хүрэхгүй хугацаанд ажилласан Э.М-И-г тухайн ажил, албан тушаалд томилсон нь хууль бус гэсэн агуулгаар маргаж байгаа нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Учир нь гуравдагч этгээд Э.М-И төрийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэр, төрийн албан хаагчийн анкет зэрэг баримтуудаар тогтоогджээ. Гэтэл түүнээс илүү олон жил ажилласан ажилтныг чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” болон мөн зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчимтай нийцээгүй байна.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

                               ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР