Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 111/2018/0024/з |
Дугаар | 414 |
Огноо | 2019-12-09 |
Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 414
“Э...” ХХК-ийн
нэхэмжлэлтэй,
Баянхонгор аймгийн Хүрээмарал
сумын Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа
Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Төвлөрсөн халаалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалт болон Засаг даргын хууль бус гэрээг хүчингүй болгох”,
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 111/ШШ2019/0008 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0395 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч “Э...” ХХК-ийн захирал С.Ч, гүйцэтгэх захирал Ц.С нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 111/ШШ2019/0008 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.4, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э...” ХХК-ийн гаргасан “Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Төвлөрсөн халаалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалт болон Засаг даргын хууль бус гэрээг цуцалж хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0395 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 111/ШШ2019/0008 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.4, 56 дугаар зүйлийн 56.2-т гэснийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.4 дэх заалтын а-д гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч “Э...” ХХК-ийн захирал С.Ч, гүйцэтгэх захирал Ц.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...”Э...” ХХК-иас Хүрээмарал сумын Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Төвлөрсөн халаалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалт болон Засаг даргын хууль бус гэрээг хүчингүй болгох тухай” үндсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс дүгнэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.4, 56.2-д заасныг үндэслэн тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Манай байгууллага нь тус шийдвэрийг 2019 оны 09 сарын 02-ны өдөр шуудангаар хүлээн авсан болно.
4. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Анхан шатны шүүх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэх заалтыг үндэслэжээ.
5. Тендер сонгон шалгаруулалт нь ил тод болоогүй, тэгш боломжийг хангаагүй тухай баримт нь “Баянхонгор аймгийн Хүрээмарал сумд сумын төвийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээ, төвлөрсөн халаалтын ажил гүйцэтгэх компани, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл”-ээс харагддаг төдийгүй зөвхөн ганцхан компаниас давуу байдал үүсгэн асуулт асууж явсан, мөн хуурамч баримтыг тус компани бүрдүүлсэн талаар нэхэмжлэл гаргахдаа ч, давж заалдах гомдол гаргахдаа ч маш тодорхойгоор өрсөлдөгч болох “Итгэлт Мандал Констракшн” ХХК хуурамч нотлох баримт бүрдүүлсэн талаар тодорхой энэ талаар холбогдох байгууллагуудаас нотлох баримт гаргаж өгсөөр байтал энэ талаар дүгнэлт хиигээгүи.
6. Дээрх компани нь тендерт оролцохдоо Нийгмийн даатгалд 1 ажилтантай гэж бүртгүүлсэн, өртэй байсан, татварын “Бар код” бүхий баримтаа тендерийн сонгон шалгаруулалт өнгөрснөөс хойш нөхөж өгсөн, өртэй байсан зэрэг алдаа гаргасан, хуурамч баримт бүрдүүлсэн, татварын хэлтсийн даргын тоотын сканердан засаж материалдаа өгсөн гэх зэрэг байдлын талаар анхан шатны шүүхэд хэлсээр байтал шүүхээс нотлох баримт бүрдүүлэх” ажиллагааг хийхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь уг хуулийн 6.1 д заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дэхээр байна. Манай тендерт өрсөлдөх тэгш боломжийг хангаагүй, хэмнэлттэй байх зарчмыг баримтлаагүй.
7. Энэ талаар манай байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа тодорхой дурдсан тул хяналтын гомдолд товч дурдаж та бүхнийг давж заалдах гомдлын үндэслэлийг нэмж харахыг хүсч байна. Манай байгууллагын гаргасан тендерийн бичиг баримт нь ямар ч хуурамч 5аримт бичиг байгаагүй, бичиг баримтаа цаг хугацаанд нь бүрдүүлэн өгсөөр байхад хуйвалдааны шинжтэйгээр тус тендерийн ялагчаар өөр компани сонгон шалгаруулсан нь буруу байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 29.1, 29.2-д заасан хуулийн санааг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн.
8. Тус тендерт ирсэн тендерийн баримт бичгийг харьцуулахдаа, цаг хугацаандаа тендерийн материал бүрдүүлж өгсөн байх, хуурамч баримт материал бүрдүүлж өгөөгүй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг нэн түрүүнд анхаарч дээрх шаардлагыг хангасан тендерийн баримт бичгийг шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэх урьдач шалгуур үзүүлэлт болно.
9. Гэтэл өрсөлдөгч компани дээрх зөрчлүүдийг гаргасан, гаргасан талаар баримт бүрдүүлж өгнө гэсээр байтал шүүх хуралдааныг хийж шийдвэр гаргасан нь тус хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл мөн. Мөн анхан шатны шүүх өөрөө нотлох баримтаа бүрдүүлэх, нэхэмжлэгчийн гаргасан баримтын хүрээнд нөхөн баримт бүрдүүлэх эсэх талаар дүгнэлт гаргах ёстой байтал энэ зарчмаа буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
10. Манай байгууллага хуульд заасан хугацаанд өргөдөл, гомдлоо зохих байгууллагад гаргасан, уг гомдлыг тухайн байгууллагууд хүлээн авч хянан шийдвэрлээгүй байхад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54.1, 54.4-д заасныг баримталж шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх энэ хуулийг буруу хэрэглэсэн тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Компанийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.6, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар компани гүйцэтгэх захирал нь аж ахуйн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан, дотоод гадаадад төлөөлөх бүрэн эрхтэй талаар байгаа тул гомдол гаргах эрх бүхий этгээд нь Ц.Сэмжиддорж мөн болно.
11. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг хуралдаан болох өдрийн өглөө 10 цагт мэдэгдсэн, 14 цагт хуралдаан болсон, дүрмээ болон бусад шаардлагатай баримт материалаа бүрдүүлэх боломж байгаагүй. Харин анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэсэн нь зөв боловч тус хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа болно.
12. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарласан талаар: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэглэсэн хуулийг буруутгаж харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.4 дэх заалтын а-д” заасан хуулийг хэрэглэх ёстой байсан гэжээ.
13. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Төвлөрсөн халаалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтын ажлыг сонгон шалгаруулах үйл явц нь төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн харилцааг хэрэглэж явагдсан, тухайн тендерийн зарим ажил нь төрийн хөрөнгөн дээр суурилагдсан, тендерт шалгарсан компаниас бараа, үйлчилгээг төр ажлын гүйцэтгэлийн дараа буюу цаашдаа дулааны үйлчилгээ худалдан авах учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан харилцаанд хамаарах тул тухайн хуулийг хэрэглэж шийдвэрлэх ёстой.
14. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.4 дэх заалтын а-д” заасан хуулийг хэрэглэсэн нь давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл юм.
15. Энэ тохиолдолд тус тендерийн үр дүнг төр өөрөө худалдан авах тухай харилцаа бөгөөд тухайн үйл ажиллагаа шударга ёсны зарчмын дагуу, нээлттэй, ил тод, үр дүнтэй байх харилцаанд тулгуурлах ёстой.
16. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгтээ “Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн материал ирүүлсэн компаниудын материалыг шинжлэн судалж, үнэлэлт дүгнэлт өгч, гуравдагч этгээдийг шалгаруулсныг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үнэлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн гэж үзэхээр байгаа юм.
17. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “анхан шатны шүүх Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Засаг даргын А/53 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг хариуцагчаар татах ажиллагаа хийгээгүй нь буруу, анхан шатны шүүх цаашид анхаарах шаардлагатай гэж үзжээ.
18. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байхад энэ байдлыг давж заалдах шатны шүүх анхаарсан боловч засах, дахин процесс ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлээгүй нь буруу байна.
19. Энэ тохиолдолд харилцаа алдагдсан, хэсэг бүлэг нөхдийн хоорондын нууц хуйвалдаан, хуурамч нотлох баримт гаргаж өгөх, тус баримт нь хуурамч гэсээр байтал үнэн зөв явагдсан байна гэж дүгнэгдсэн нь буруу боллоо.
20. Манай байгууллага нь тус тендерийн үйл явцаас болоод эдийн засаг, бизнесийн хэвийн үйл ажиллагаа, тендерийн үйл ажиллагаанд тэгш, шударгаар оролцох зэрэг үндсэн эрхүүд зөрчигдөж байгууллагын хувьд маш хүнд байдалд орсон. Мөн орон нутагт байгаа компани хувьд ажлын байр байхгүй болж эрсдэлд орох нөхцөл байдал үүсээд байна. Одоо тус тендерийг авсан гэх байгууллага нь үйл ажиллагаагаа явуулаагүй, явуулах чадваргүй болоод зогссон нь тендер шударга биш явагдсаны илэрхийлэл юм.
21. Иймд, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 111/ШШ2019/0008 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 25-ны өдрийн №221/МА2018/0395 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд буцааж дахин шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
22. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
23. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “... аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт сумын төвүүдийг инженерийн нэгдсэн шугам сүлжээтэй болгох асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, дулааны нэгдсэн системтэй болгох ...оор заасны дагуу” Хүрээмарал сумын төвийг цэвэр усны нэгдсэн шугам сүлжээ, төвлөрсөн халаалтын ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахаар олон нийтэд зарласан, аж ахуйн нэгжийг сонгох ажлын даалгаварт “... /аж ахуйн нэгж нь/ өөрийн 100% хөрөнгөөр ажлыг гүйцэтгэж, бүх ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах”, “... гэрээг хугацаагүй байгуулах”, “... гэрээний хугацаанд албан газарт 1м3=1100 төгрөгөөс, орон сууц, айл өрхөд 1м2=450 төгрөгөөс тус тус хэтрэхгүй байх”, “... сумын зайлшгүй шаардлагатай төрийн байгууллага ...-д хөнгөлттэй буюу үнэгүй тарифаар үйлчлэх санал дэвшүүлсэн байх” гэх зэргээр тусгасан, уг сонгон шалгаруулалтад “Эх бүрдэн” ХХК, “Э...” ХХК, “Итгэл мандал констракшн” ХХК оролцох хүсэлт, материалаа ирүүлж, Хүрээмарал сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/53 дугаар захирамжаар байгуулагдсан “...сонгон шалгаруулах ажлын хэсэг”-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаас “... сумын төвийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээ, төвлөрсөн халаалтын ажлыг “Итгэл мандал констракшн” ХХК-иар гүйцэтгүүлэх, ... сумын Засаг дарга Б.Отгонбаярт “Итгэл мандал констракшн” ХХК шалгарсан тухай зөвлөмж гарган хүргүүлэх”-ээр шийдвэрлэсэн, үүний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хүрээмарал сумын Засаг даргын Тамгын газар болон “Итгэл мандал констракшн” ХХК Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.
24. Нэхэмжлэгч “Э...” ХХК-иас Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Төвлөрсөн халаалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалт болон Засаг даргын хууль бус гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... тендерийг явуулахдаа хуульд заасан хугацааг баримтлаагүй, ... тендер сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн зарим гишүүд нь тендерт шалгарсан компанийн хамаарал бүхий этгээд байсан, ... шаардлага хангахгүй этгээдийг шалгаруулж гэрээ байгуулсан” гэж, хариуцагчаас “... сонгон шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн явуулж үнэлгээний хорооны 100 хувийн саналаар “Итгэл мандал констракшн” ХХК-ийг шалгаруулсан, ... үнэлгээний хорооны шийдвэр болон аймгийн Засаг даргын өгсөн зөвлөмжийн дагуу гэрээ байгуулсан нь ... хууль зөрчөөгүй” гэх зэргээр маргажээ.
25. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, сонгон шалгаруулалт явуулсан ажлын хэсэг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар дээрх нэр бүхий 3 аж ахуйн нэгжийн ирүүлсэн материалийг “... шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхэд нэгбүрчлэн дүгнэлт хийж, үнэлгээ өгсөн”, сонгон шалгаруулалтад оролцогч “Э...” ХХК-ийн ирүүлсэн материал нь урьдчилан тараасан ажлын даалгавар, шалгуур үзүүлэлтийн 1.1-д “өмнө хийж байсан ижил төстэй ажил”-ын шаардлагад “200 сая төгрөгийн ажил хийсэн гэх боловч ажил хийсэн гэрээ дүгнүүлсэн акт байхгүй”, инженер, техникийн ажилчидтай байх 1.2 дахь хэсгийн шаардлагад “инженер ажилчдын тоо-0”, 1.3 дахь хэсэгт шаардсан “татварын байгууллагын тодорхойлолт байхгүй”, мөн 5 дахь хэсэгт заасан “иж бүрэн зураг төсөвтэй байх” шаардлага хангаагүй буюу “... сумын гарын зурагтай зөрүүтэй зураг зураг ирүүлсэн” зэргээр хангаагүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч эдгээр баримтуудтай маргаагүй байна.
26. Иймд, “Э...” ХХК-ийг шалгаруулаагүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэж үзэж, “... сонгон шалгаруулалт болон Засаг даргын хууль бус гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, харин маргаанд хамааралтай эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс зарим оновчгүй дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулсан нь зөв болжээ.
27. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “... төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөх”-өөр заасан, тухайн тохиолдолд, аж ахуйн нэгжийн хувийн хөрөнгөөр гүйцэтгэх “Хүрээмарал сумын төвийг цэвэр усны нэгдсэн шугам сүлжээ, төвлөрсөн халаалтын ажил”, уг ажлыг “өөрийн хөрөнгө материалаар гүйцэтгэж, өөрийн эзэмшил өмчлөлд байлгах, ... цаашид хугацаагүй ажиллах”-аар байгуулж буй гэрээ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан харилцаанд хамаарахгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, нэхэмжлэгчийн “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 29.1, 29.2-д заасан хуулийн санааг ... шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “... тухайн тендерийн зарим ажил нь төрийн хөрөнгөн дээр суурилагдсан, тендерт шалгарсан компаниас бараа, үйлчилгээг төр ажлын гүйцэтгэлийн дараа буюу цаашдаа дулааны үйлчилгээ худалдан авах учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан харилцаанд хамаарах тул тухайн хуулийг хэрэглэж шийдвэрлэх ёстой” гэх гомдол үндэслэлгүй байна.
28. Түүнчлэн, хариуцагч Хүрээмарал сумын Засаг дарга “... сумын төвийг цэвэр усны нэгдсэн шугам сүлжээ, төвлөрсөн халаалтын ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу явуулсан нь уг сонгон шалгаруулалттай холбоотой үүссэн маргааныг энэ хуулийн хүрээнд шийдвэрлэх үр дагавар үүсгэхгүй тул “...сонгон шалгаруулах үйл явц нь төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн харилцааг хэрэглэж явагдсан ... /тул энэ хууль үйлчилнэ/” гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.
29. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0395 дугаар магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгч “Э...” ХХК-ийн захирал С.Ч, гүйцэтгэх захирал Ц.С нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Э...” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА