Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00396

 

 

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00396

 

 

 

                                           Д.Энэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00001 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Эхариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан гэрээний үүргийн биелэлтэд 11,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: хариуцагч Б.Бгаас 11,350,000 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 2020 онд нэхэмжлэгчийн хүү Э.О, Б.Бтай хамтарч Зүүнбаянаас “Тавантолгой” чиглэлийн төмөр зам, Дорнодоос Зүүнбаяны хооронд тээвэр зуучлалын үүрэг гүйцэтгэсэн. Ингэхдээ жолооч нараар төмөр замын хооронд бетон зөөлгөх ажил хийлгэсэн боловч санхүүжилт орж ирэхгүй удаж нэхэмжлэгчээс болон ахаасаа мөнгө авч жолооч нарын цалинг олгосон. Б.Б зээлсэн мөнгөө санхүүжилт орж ирэхээр төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Нийт 25,581,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн аав өгсөн. Нэхэмжлэгчийн хүү Э.О 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Япон улс руу явахдаа Б.Бгаас 20,581,000 төгрөг 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор авах өр барагдуулах баталгаа хийлгэж нотариатаар батлуулсан. Гэтэл Б.Б гэрээний үүргээ биелүүлэхгүй, утсаа авахгүй тасалдаг. Хариуцагчтай тооцоо нийлэхэд 2 автомашины зөрүү гарсан тул 20,581,000 төгрөгийг 13,350,000 төгрөг болгож 2,000,000 төгрөгийг Б.Б, Э.Од шилжүүлсэн тул үлдсэн 11.350.000 төгрөг болно гэжээ.

 2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:   Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.  

3. Шүүх:Иргэний хуулийн 476 дугаар дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 11,350,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 196.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

  4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

4.1 Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхээс бусад бүх баримтууд хуулбар хувь байх ба нотариатчаар гэрчлүүлээгүй хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Гэтэл шүүх уг баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй.

4.2 Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэг нь нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргийг нэхэмжлэгчид оногдуулсан. Шүүх нотлох баримтаар нотлоогүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд баримтуудаа өнгөтөөр хуулбарлан дахин өгсөн байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг боловч нэхэмжлэлд дурдсан хэргийн үйл баримтын талаар маргадаггүй. Хариуцагч Б.Бтай бетон тээвэрлэх талаар хамтран ажиллах харилцаа үүсч, тооцоо нийлж, үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгөөс 11,350,000 төгрөг болсон тухайд үгүйсгэж маргаагүй. Нотлох баримт эргэлзээтэй, хуурамчаар бүрдүүлсэн гэж үзвэл нотлох баримтаас хасуулах, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах эрх нь нээлттэй байсан боловч энэ эрхээ эдлээгүй. Хариуцагч шүүх хуралдаанд мэтгэлцэж, оролцоогүй, нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

           2. Нэхэмжлэгч Д.Э хариуцагч Б.Бгаас 11,350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, Э.О, Б.Б нарын баталгаа гэх баримтыг үндэслэдэг бөгөөд хэргийн 4, 19, 22 дугаар тал дахь уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар баримтууд байна.

Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй.

Хэргийн оролцогчоос шүүхэд ирүүлсэн нотлох баримт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагатай. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00001 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН  

                                             ШҮҮГЧИД                                  Д.БЯМБАСҮРЭН

                                                                                               А.МӨНХЗУЛ