| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2403001760314 |
| Дугаар | 2024/ДШМ/1208 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ДШМ/1208
2024 10 31 2024/ДШМ/1208
Л.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Ч.Т,
шүүгдэгч Л.А-д, түүний өмгөөлөгч Ч.Д,
иргэний хариуцагч/ нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Э,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/999 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч/нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.А-д холбогдох эрүүгийн 2403001760314 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овгийн Л.А, 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “......” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ........................... тоотод оршин суух,
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД: .........................../;
Шүүгдэгч Л.А-д нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Хархорин захын гүүрний баруун талд KFC түргэн хоолны газрын урд замд 2024 оны 03 дугаар сарын 22-ны 05 цаг 30 минутын үед KIA BONGO-3 маркийн 09-38 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино"... гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Мыг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Л.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.А-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Баянзүрх” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоолоор зорчих эрх хязгаарласан ял оногдуулсан үеэс эхлэн тоолох, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 511 дүгээр зүйлийн 511.5, 514 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч/хариуцагч Н /N LLC/ ХХК-иас 80,000,000 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Од олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Н /N LLC/ ХХК гэмт хэргийн улмаас гарсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/999 дүгээр шийтгэх тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс доорхи үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Нэг. Шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 1.5 дахь заалт “Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас осол болох үед тээвэрлэж явсан бараа бүтээгдэхүүний үнийг гаргуулах нэхэмжлэлийн хэрэгт авагдсан баримтаар хэдэн тооны, ямар үнэлгээ бүхий бараа хэрхэн устаж, гэмтсэн талаарх баримт байхгүй буюу баримтын бүрдэл дутуу байх тул хэлэлцэлгүй орхиж ... ” гэж нэхэмжлэгч талын гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг үндэслэлгүйгээр шийдвэрлэлгүй орхигдуулсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч хуулийн этгээдэд гэмт хэргийн улмаас хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний үнийг нийлүүлэгч аж ахуйн нэгжид төлсөн хохиролд 6,601,800 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Л.А-н нийлүүлэгчээс бүтээгдэхүүн хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тээвэрлэж явсан хүнсний бүтээгдэхүүний нэр, үнэ, тоо ширхэг, хүлээн авагч дэлгүүр бүрийн мэдээлэл жагсаалт, тухайн нийлүүлэх ёстой байсан дэлгүүрүүдэд тээвэрлэгч “Н“ХХК- иас хүнсний бүтээгдэхүүний үнийг төлж барагдуулсан НӨАТ-ын баримт, Л.А-н гэрчээр өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон, тогтоогдсон болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт цугларснаас гадна шүүгдэгчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн үйлдэгдсэн гэмт хэрэгтээ шууд шалгаант холбоотой, хамааралтай байх тул энэхүү гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд учирсан шууд хохирол болох 6,601,800 төгрөгийг шүүгдэгч Л.А-с гаргуулж, хохирлыг нэхэмжлэгчид олгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.
Хоёр. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь тал буюу 1.5 дахь хэсэгт “Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн ... тогтоохоор заасан бөгөөд хэргийн нөхцөл байдал болох хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл болох явган хүний гарц гармаар зорчоогүй нөхцөл байдлыг дүгнэн ...гэж зааснаар багасгаж, 80,000,000 төгрөгийг ... төлбөр гэж тооцов" гэж дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг бүрэн баримтлаагүй буюу хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн нь сэтгэл санааны хохирлын хэмжээг бодитоор тогтооход сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна. Зам тээрийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан бичлэг, Шүүх химийн шинжилгээний 3086 тоот "хариунд цусанд 1.8 промилли, ходоодны шингэнд 1.5 промилли, шээсэнд 2.0 промилл спиртийн агууламж илэрч байна. ... нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтуудаар амь хохирогч, явган зорчигч нь дээр дурдсан нөхцөл байдлаас гадна Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 239 дүгээр тогтоолын хавсралт Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6-д “... Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг мөн ууж согтуурсан, өөрийн хийж буй үйлдлээ бүрэн дүүрэн мэдэх, хянах боломжгүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндсэн шалтгаан, нөхцлүүд юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж заасан байх ба дээрх шинжээчийн дүгнэлтээр явган зорчигч ууж, согтуурсан үедээ замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хөдөлгөөнд оролцож, осол болох үндсэн нөхцлийг бүрдүүлсэн байна. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэхдээ хэрэв жолооч хурд хэтрүүлээгүй бол хохирогч амьд байх бололцоотой ч байсан байх магадлалтай гэж дүгнэсэн ба нөгөө талаас явган зорчигч ууж согтуурсан үедээ, дүрэм зөрчиж замын хөдөлгөөнд оролцоогүй бол хоёр хүүхдийн өрх толгойлсон залуу, ажлаа хийгээд, шүүгдэгчийн ширээнд суухгүй байсан гэж дүгнэх бас боломжтой билээ. Эдгээр хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн байхад дээрх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн анхаарч үзээгүй, нотлох баримтыг дүгнэлгүй орхигдуулан хохирлын хэмжээг тогтоож, хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж өгөхийг хүсье.
Гурав. Шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 1.5 дахь хэсэгт “Монгол Улсын дээд шүүхийн ... 80,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцов" гэж дүгнэж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасны дагуу хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалын дагуу бодитоор тооцсон үндэслэлээ дурдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг буюу хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хөндсөн, хязгаарласан гэж үзэхээр байна. Учир нь, хэрэгт амь хохирогчийн гомдол гаргасан гэр бүлийн гишүүдээс хэнийнх нь сэтгэцэд уг гэмт хэргийн улмаас сэтгэцийн гэм хор учирсан, сэтгэцийн эмгэгийн ямар зэрэглэлд хамаарах нь тогтоогдоогүй мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалт “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, ... ийг" гэж заасан байх ба амь хохирогчийн төрсөн ээжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүй нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг үндэслэн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг бодитоор тогтоох боломжгүй нөхцөлд хүргэсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон дүү Д.О нь өрх тусгаарласан, амь хохирогчтой сүүлийн 2 жил огт уулзаагүй буюу хамт амьдарч байгаагүй (УДШ-ийн 2023 оны 25 дугаар тогтоолын 3.1, 3.8 дахь хэсэг) зэрэг нөхцөл байдал нь хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг бодитоор тогтоох боломжгүй нөхцөлд хүргэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн салсан эхнэр болон төрсөн охин нь хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоос татгалзсан. Энэ тохиолдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний ээжийг томилох эсхүл татгалзсан бол гэр бүлийн бусад гишүүд болох ах, эгч, дүүгийн хэн нэгнийг томилох хуулийн зохицуулалтын дараалал үйлчлэх ба энэ тохиолдолд Д.О нь амь хохирогчийн ээжийн эрх, үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх эрх үүснэ. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хязгаарлаад зогсохгүй, иргэний хариуцагчийн мэтгэлцэх, хүний эрх, ямар хэмжээнд, хэрхэн хөндөгдсөн, түүнийг хэнд ямар учир шалтгааны улмаас төлөх эсэхээ мэдэх, улмаар мэтгэлцэх хууль ёсны эрхийг хөндсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн байна. Түүнчлэн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлснөөр амь хохирогчийн ээж, ах эгч нарын сэтгэл санааны хохирол хэрхэн, ямар хэмжээнд нөхөн төлөгдөх эсхүл дахин иргэний хариуцагчаас хүн тус бүр нэхэмжлэх эсэх асуудалд хууль зүйн баталгаа байхгүй ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Тус хуулийн этгээд буюу иргэний хариуцагч талаас эрдэнэт хүний амь нас эрсдэж, сэтгэл санааны хохирол учирсан эсэхэд огт маргаагүй бөгөөд гагцхүү хуулийн дагуу бодитоор, шударгаар, зохих этгээдэд нь сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх хуулийн үүргээ биелүүлэх буюу гагцхүү хуулийг ягштал баримтлах зарчмыг удирдлага болгон үндэслэлээ гаргасан болохыг дурдах нь зүйтэй. Эцэст нь Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/999 дүгээр шийтгэх тогтоолыг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэгч/хариуцагчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье. ...” гэв.
Шүүгдэгч Л.А-н өмгөөлөгч Ч.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Л.А-н жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь тус компанийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Зам тээврийн осол гарсны дараа хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан ба уг тэмдэглэлээр тухайн тээврийн хэрэгсэл болон осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоос гадна тухайн тээврийн хэрэгслээр хэдэн тонны, ямар ачаа тээвэрлэж явсныг шалгаж тогтоох ёстой байсан ч ийм ажиллагаа огт хийгдээгүй. Ачиж явсан ачааг устгаж, 6,601,800 төгрөгийн хохирол учирсан гээд хүнсний бүтээгдэхүүн ачиж явсан гэх зүйл яригддаг. Л.А-д тээврийн хэрэгслийг жолоодон бүтээгдэхүүн түгээдэг түгээгч байсан. Түгээгчийг компани гаргаж өгөх ёстой байтал түгээгч байхгүй. Компьютер дээр бараа бүтээгдэхүүний жагсаалт бичиж Л.Архадиар өгч явуулсан гэсэн баримт хэрэгт авагдсан. Тиймээс ачиж явсан барааг устгалд оруулсан гэдэг ч устгалд оруулахын тулд шинжээчийн дүгнэлт гаргах ёстой. Устгалд оруулах хэмжээний чанар нь муудсан уу, муудсан бол устгалд оруулах акт, баримт байх ёстой. Гэтэл ийм баримт байхгүй учраас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүй, баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд гомдлын 1 дэх хэсгийг шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирлыг арилгах асуудлын тухайд, Улсын Дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр олгуулахаар байх бөгөөд шүүх сэтгэл санааны хохирлыг 80,000,000 төгрөгөөр тогтоосон нь компанийн төлөх төлбөрийг багасгаж гаргасан байх үндэслэлтэй. Нөгөө талаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй холбоотой асуудлыг давж заалдах гомдолдоо дурдсан байх боловч хэрэг уг асуудлыг маргаантай гэж үзвэл анхан шатны шүүх хуралдаанд ярих байсан. Гэтэл тийм асуудал огт яригдаагүй. Хохирогчийн эх өндөр настай бөгөөд шүүх хуралдаанд ажиглагчаар оролцохдоо хүүгийнхээ төрсөн эгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй гээд тогтоолгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хариуцагч 80,000,000 төгрөгийг хэн авах нь тогтоогдоогүй гэж маргаж байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний гэр бүл, эх, ах дүү нар нь дундаасаа нэгийгээ тогтоосон тул энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Д.Од сэтгэл санааны хохирлыг төлүүлэх үндэслэлтэй бөгөөд цаашид хохирол төлбөрийг хэн хувааж авах нь Д.Огийн эрх хэмжээний асуудал. Харин компанийн зүгээс хэрэг гарснаас хойш нэг ч төгрөгийн хохирол төлбөр барагдуулаагүй. Гэхдээ Л.А-н зүгээс 7,108,000 төгрөг, шүүхээс хохирол барагдуулсан талаар мөнгөн дүн гаргахад завсарлага авч тэр дор нь хохирол төлбөрийг шилжүүлсэн. Ийм учраас иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шүүх үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэний хариуцагчийн асуудлын хувьд, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар хохирлыг иргэний хариуцагч төлж, гэм буруутай этгээдээс төлсөн хохирлоо гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй. Иргэний хариуцагчаас гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж байгаа нь иргэний гаргаж өгсөн оршуулгын болон бусад зардлыг багасгах, эрүүгийн хариуцлагыг багасгах асуудалд холбогдох болохоос сэтгэл санааны хохирлын асуудал дээр яригдахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.А-д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэний нэхэмжлэгч/хариуцагчаас хохирогчоор яагаад ээжийг нь тогтоогоогүй юм бэ гэж байна. Миний ээж 98 настай, хамгийн сүүлийн удаа хүү нь орж ирээд цалингаа гарт нь өгөөд гарч явснаас хойш хүүгийнхээ царайг хараагүй. Бид бүгдээрээ Монгол хүмүүс. Тухайн ажил явдал дээр ламынхаа хэлснээр үйл ажиллагаа, зан үйлээ хийдэг. “Хүүхдийг тань харуулах боломжгүй” гээд ажил явдал дууссан. 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд “Би хүүгээ нэг удаа ч хараагүй, сиди бичлэгт хүүгийн минь дүрс үлдсэн гэж надад хэлсэн. Тийм болохоор хүүгийнхээ царайг харъя гэж очсон” гэж хэлсэн. Гэтэл улсын яллагч 98 настай хүнд амь хохирогчийн дүрсийг харуулах боломжгүй гээд харуулахгүй гэсэн. Түүнээс хойш Дархан аймагтаа буцаж ирээд биеийн байдал нь маш хүнд, өнөөдрийн байдлаар сэхээнд байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Надад болон миний ээжид энэ шүүх хурал дахин болж, Д.М ингэсэн, тэгсэн гэсэн үг сонсоход аймшигтай байна. Бид нар маш их гомдолтой байгаа ч мартахыг хичээж байгаа. Гэтэл яагаад хэргийг хаалгахгүй, ээжид минь хүндлэлтэй хандахгүйгээр хүүгийнх нь нэрийг дахин сөхөж байгаад гомдолтой байна. Энэ асуудлыг маш яаралтай нэг тийш нь цэгцэлж, битгий дахин сөхөөч гэж гуйж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн өмгөөлөгч Ч.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчөөс 98 настай эхийг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж байхаар төрсөн эгч Д.Ог томилъё гээд томилсон. 98 настай эх, Д.О, амь хохирогч гурав хамт амьдардаг байсан бөгөөд Д.О нөхөргүй, 5 настай хүүхэдтэй, амь хохирогч эхнэргүй байсан тул эхийгээ асрахаар 2017 оноос гурвуулаа хамт амьдарч байсан. Д.О, амь хохирогч хоёр ихэр бөгөөд төрсөн ах нь гэж явдаг. Тиймээс Д.О амь хохирогчтой хамгийн ойр дотно гэдгээрээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Энэ асуудлаар хууль зөрчсөн зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иргэний хуулийн 499 зааснаар иргэний хариуцагчаас сэтгэл санааны хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Иргэний хариуцагч болон Л.А-д нар зам тээврийн осол гарахад хэдэн төгрөгийн, хэдэн хайрцаг барааг, хэдэн дэлгүүрт өгөх талаар нарийвчилж хүлээлцээгүй, зөвхөн барааг ачиж, хүлээлгэж өгөх ёстой талаар хэлээд гарын үсэг зуруулж явуулсан байдаг. Үүнд Л.А-д хариулахдаа “Би нарийвчилж авдаггүй, барагцаагаар хэдэн хайрцаг, тийм төрлийн бараа байгаа, үүнд гарын үсэг зур гэдэг тул зураад авч явдаг” гэсэн. Зам тээврийн осол гарсны дараа тухайн тээврийн хэрэгслийг журамлаж саатуулсан. Тухайн үед ачиж явсан барааны жин, тонныг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байсан учраас журамлаад хашаанд оруулсан. Осол үүрээр гарсан учраас маргааш нь тухайн бараагаа ав гэж байгууллагад мэдэгдэхэд байгууллага хүлээж авах боломжгүй, 2-3 цагийн дараа түргэн мууддаг бараа бүтээгдэхүүн тул авахгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс барааг авч яваад Л.А-г дуудаж ийм нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байна, энэ нь муудсан байна, үүнийг баримтжуулсан баримт байхгүй, устгасан гэдэг ч устгасан талаарх байхгүй байсан тул шүүхээс уг барааг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Сэтгэл санааны хохирлын тухайд, тухайн тээврийн хэрэгсэл нь аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон. Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3.3-т зааснаар шүүх сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хууль ёсны төлөөлөгчид гаргуулахаар шийдвэрлэсэн. Хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эрх, үүргийг эдэлж оролцоно. Ах дүү нараас нь төрсөн эх нь өндөр настай, ирэх боломжгүй тул ах дүү нар нь ярилцаад Д.Ог төлөөлүүлэх санал гаргасан. Үүнтэй холбогдуулан хамт амьдарч байсан эх нь өндөр настай, эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй учраас хууль ёсны төлөөлөгчид нь олгох, уг төлөөлөгч цааш гэм хорын хохирлыг хэдэн хүн хувааж авах, их, эсхүл бага оногдох зэргийг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар өөрсдөө төлөөлүүлэхээ хэлж, хүсэлтээ өгсөн учир хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзэж байна. Эх нь хүрэлцэн ирж шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч/нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Л.А-д нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Хархорин захын гүүрний баруун талд KFC түргэн хоолны газрын урд замд 2024 оны 03 дугаар сарын 22-ны 05 цаг 30 минутын үед KIA BONGO-3 маркийн 09-38 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино"... гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Мыг мөргөж амь насыг хохироосон болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн “...2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутын үед миний 95114560 дугаарын утас руу цагдаагаас холбогдоод “Д.М гэж хүн таних уу” гэж асуухаар нь би “танина миний ихэр ах юм” гэж хэлсэн. Цагдаа надад манай ахыг 2024 оны 03 дугаар сарын 22-ны үүрээр зам тээврийн ослын улмаас нас барсан талаар мэдэгдэж энэ ослын талаар мэдсэн. Надад болон миний өндөр настай ээжид энэ гэнэтийн осол аваар маш их хүчтэй цохилт боллоо. Бид сэтгэл зүй болон цаг хугацаа эдийн засгийн хувьд маш их хохирол амсаад байна. Маш их гомдолтой байна, зүгээр байсан хүн одоо байхгүй болчихлоо. Манай 96 настай ээжид маань үрээ урдаа оруулж зам тээврийн ослоор хүүгээ алдсанд сэтгэлийн эмгэг бий болоод байна. Ээж минь харааны бэрхшээлтэй бөгөөд энэ ажил явдлаас болоод эрүүл мэндийн асуудал маш их дордож байгаа. Үүнд ихэр дүү Д.О би маш их айж байна. Миний амьдралд ахиж ийм уй гашуу тохиолдох вий гэж өглөө бүрийг түгшүүртэйгээр сэтгэл зүйн хувьд маш хүнд угтаж байна. Тиймээс энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Оршуулгын зардалд гарсан зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж нөхөн төлүүлмээр байна...” /1хх 28/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Эын “...2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн зам тээврийн ослын талаар нарийн тодорхой зүйл мэдэхгүй байна. ...2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагын эзэмшлийн KIA BONGO-3 маркийн 09-38 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л.А-с тус компанид учирсан нийт 8,458,750 төгрөгийн эд хөрөнгийн шууд хохирол учирсныг нэхэмжилж байна. Учирсан хохирлын 6,978,750 төгрөг нь тухайн үед тээвэрлэж явсан түргэн муудах хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн муудаж сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлэх боломжгүй болсон. Тус тээвэрлэгч байгууллагын зүгээс хүнсний бүтээгдэхүүний төлбөрийг холбогдох дэлгүүрүүдэд төлж барагдуулсан төлбөр, байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл учирсныг засварлахад гарсан 1,480,000 төгрөгийн засварын зардлууд багтсан болно....” /1хх 54-57/,
шүүгдэгч Л.А-н яллагдагчаар өгсөн: “...Миний бие замын хөдөлгөөний заалтыг зөрчсөний улмаас хүний амь насанд хохирол учруулсан үйлдэлдээ харамсаж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд амь хохирогчийн ар гэрийнхнээс албан ёсоор уучлалт гуйж байна. Би 1,900,000 төгрөгийг хууль ёсны төлөөлөгчид шилжүүлсэн. ...” /1хх 149/ гэсэн дүгнэлтүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн 1319 дүгээр “...Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун чамархайн цөмөрсөн хугарал, уг хугарлаас баруун чулуулгаар, турк эмээл, зүүн дунд хонхрын дунд хэсэг хүрч төгссөн, турк эмээлээс дээш тахиан залаагаар баруун ухархайн дээд хана хүрсэн салаалсан шугаман хугарал, баруун чамархай, зулайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зүүн талын олон хавирганы хугарал, хугарал орчмын цус хуралт, зүүн уушгины эдийн няцрал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун чамархай, зулай, дух, баруун хацар, зүүн хөмсөг, уруулын зүүн хэсэг, хэвлийд шарх, дух, хацар, хамрын нуруу шанаа, хүзүү, цээж, хэвлий, баруун мөр, сарвуу, зүүн хөмсөг, баруун хацар, зүүн сарвуу, зүүн гуя, шилбэнд зулгаралт, хэлэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Амь хохирогчид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь гавал тархи, цээж, мөчдийн хавсарсан 20-нд гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Амь хохирогчид 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 35 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 6 цаг орчим болсон байжээ. Амь хохирогч нь 2-р бүлгийн цустай байжээ. Шүүх химийн шинжилгээний 3086 тоот хариунд цусанд 1.8 промилли, ходоодны шингэнд 1.5 промилли, шээсэнд 2.0 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна, нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” /1хх 84-85/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын инженер техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээ хариуцсан шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1340 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд үндэслэн KIA BONGO-3 маркийн 09-38 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрийн уртаар хурд тогтоох шинжилгээнд тэнцэнэ. KIA BONGO-3 маркийн 09-38 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрийн урт, зам нөхцөл, техникийн байдал зэргээс тооцоолол ашиглан шинжлэхэд 69,6-73,0 км/ц хурдтай гарч байна...” /1хх 147-148/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 1000167 дугаар “...KIA BONGO-3 маркийн 09-38 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн стандартын шаардлага хангахгүй байна. KIA BONGO-3 маркийн 09-38 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын ойрын гэрэл 6800cd /10000с-225000 cd/ стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл нь салхины шил хагарч, урд гупер хонхойсон байна. Эдгээр гэмтэл нь ослын үед үүсжээ. Уг тээврийн хэрэгсэл нь хий шингэн дамжуулалт, тоормосны системтэй. Тоормосыг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад стандартын шаардлага хангаж байна. Тоормосыг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,8 Кн, баруун талдаа 2,0 Кн, Зөрүү нь 10% /стандарт 20%/, 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны зүүн талдаа 0,8кН баруун талдаа 0,8кН, зөрүү нь 0%, /стандарт 30%/, автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Монголд орж ирсэн байна. Оношлогооны хугацаа дуусаагүй байна...” /1хх 157-159/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “KIA BONGO-3 маркийн 09-38 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 2,155,000 төгрөгөөр үнэлсэн...” /1хх 168/ гэсэн дүгнэлтүүд,
2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 610 дугаар мөрдөгчийн магадлагаа “Жолооч Л.А-д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, бий болгохгүйгээр зорчино"... үзэх үндэслэлтэй байна. хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал гэснийг зөрчсөн нь осол болох шалтгаан болсон” гэж, “амь хохирогч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” /1хх 175-176/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-13/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 14/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18-19/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Л.А-н дээрх үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Л.А-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М.Эаас “...гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд учирсан шууд хохирол болох 6,601,800 төгрөгийг шүүгдэгч Л.А-с гаргуулан нэхэмжлэгчид олгох,
хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн байхад дээрх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн анхаарч үзээгүй, нотлох баримтыг дүгнэлгүй орхигдуулан хохирлын хэмжээг тогтоож, хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй,
хэрэгт амь хохирогчийн гомдол гаргасан гэр бүлийн гишүүдээс хэнийнх нь сэтгэцэд уг гэмт хэргийн улмаас сэтгэцийн гэм хор учирсан, сэтгэцийн эмгэгийн ямар зэрэглэлд хамаарах нь тогтоогдоогүй” гэсэн үндэслэлүүдийг зааж, давж заалдах гомдол гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, амь хохирогч Д.Мы төрсөн эх Л.Х нь 94 буюу өндөр настай /1хх 46/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд амь хохирсон хохирогчийг төлөөлж оролцох боломжгүй бодит нөхцөл байдал үүссэн, хохирогчтой хамтран амьдарч байсан эхнэр гэх Д.Э, төрсөн охин Э.Ч нар нь “олон жил харилцаа холбоогүй байсан” үндэслэлээр түүнийг хууль ёсны төлөөлөгчөөр томилогдохоос татгалзсан /1хх 35-37/, төрсөн ах, дүү нараас хууль ёсны төлөөлөгчөөр Д.Ог төлөөлүүлэн томилуулах талаар хүсэлт гаргасан /1хх 39-40/ зэргийг үндэслэн мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолоор амь хохирогч Д.Мы хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн дүү /ихэр/ Д.Ог /1хх 26/ томилсныг буруутгах үндэслэлгүй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулахаар заасан хохирол, төлбөрийг хэн авах болон хохирлын мөнгөний зарцуулалтын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэж шийдвэрлэх боломжгүй.
Тухайн хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Л.А-н тээвэрлэж явсан хүнсний бүтээгдэхүүний үнэ гэх 6,601,800 төгрөгийг “...ямар нэр төрлийн, хэдэн ширхэг, хэдэн төгрөгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж явсан, уг бүтээгдэхүүнээс ямар төрлийн, хэдэн ширхэг бүтээгдэхүүн нь муудсан, устаж гэмтсэн талаар баримт байхгүй, баримтын бүрдэл дутуу...” гэсэн үндэслэлээр иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж заасан ба шүүхээс иргэний нэхэмжлэгч Н /N LLC/ ХХК гэмт хэргийн улмаас гарсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.5-д “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр тогтоох бөгөөд уг баримтыг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ...шүүхээс тогтооно.” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, мөрдөгчийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварт” дээрх хууль, хамтарсан тушаал, тогтоолын талаар тайлбарлаж, танилцуулахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан /1хх 29/ байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.”,
514 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж тус тус заасныг баримтлан анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарч, гэм хор учрахад амь хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэж, хариуцах гэм хорын хэмжээг багасгаж, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 80,000,000 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар дээрх сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч Н /N LLC/ ХХК-иас гаргуулсныг давж заалдах шатны шүүхээс зохих өөрчлөлт оруулж, гэм буруутай этгээд Л.А-с зохих хувийг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Тодруулбал, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н /N LLC/ ХХК-иас 50,000,000 төгрөгийг, шүүгдэгч Л.А-с 30,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Од олгох нь зүйтэй.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/999 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/999 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
6 дахь заалтад “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 511 дүгээр зүйлийн 511.5, 514 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч/хариуцагч Н /N LLC/ ХХК-иас 80,000,000 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Од олгосугай.” гэснийг
“Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 511 дүгээр зүйлийн 511.5, 514 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н /N LLC/ ХХК-иас 50,000,000 төгрөгийг, шүүгдэгч Л.А-с 30,000,000 төгрөгийг тус тус гаргуулан, нийт 80,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Од олгосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ