МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.С,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Т,
Хариуцагч: Боловсролын яамны Ёс зүйн дэд хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б, А.М,
Маргааны төрөл: хариуцагчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтийг хуульд нийцсэн эсэх ёс зүйн хорооны шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч О.Сгаас Боловсролын яамны Ёс зүйн дэд хороонд холбогдуулан “Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
- Иргэн Ц.Сээс Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сд холбогдуулан “...2025 оны 11 дүгээр сарын 10-нд өөрийн ажлын байрнаас Tsahiur.mn; Mass.mn; itoim.mn мэдээллийн хэрэгслээр дахин миний охин, миний нэрийг буруутан гэж зарласан төдийгүй миний ажил, албан тушаалыг хэлж нийтэд буруутай мэтээр мэдээлсэн. ..иймээс та бүхнээс О.Сгийн төрийн албан хаагчийн эдгээр удаа дараагийн олон алдаа, ёс зүйн зөрчлийг шалгаж өгөхийг хүсье ...” гэх агуулга бүхий гомдлыг Боловсролын яамны Ёс зүйн дэд хороонд гаргасан байна.
- Уг гомдлыг хянан үзээд тус хорооны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтээр “Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.С нь “Иргэн Ц.Сэ болон түүний охин Х.Уын нэр төр, хувийн мэдээлэл, ажил албан тушаалыг олон нийтэд түгээн гутаах” үйлдэл гаргасан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.3 дахь заалтад заасныг зөрчсөн” гэж Ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна.
- Дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч мөн оны 01 дүгээр сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
- Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт нь: Боловсролын яамны Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг үндэслэн үйл ажиллагаагаа явуулах бөгөөд тус хуулиар зохицуулаагүй харилцааг Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зохицуулахаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д заасан байна.
Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтэд Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан мэдээлэл цуглуулах арга хэмжээг зөвхөн tsahiur.mn сайтын мэдээлэл, Боловсрол зээлийн сангийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сгаас хүргүүлсэн нотлох баримтын хүрээнд хязгаарлагдсан хэмжээнд хүлээн авсан нь тогтоогдож байна. Гэвч Боловсролын яамны Ёс зүйн дэд хороо (цаашид “Ёс зүйн дэд хороо” гэх) нь захиргааны акт буюу дүгнэлт гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа байгаа этгээд буюу Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сд тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй буюу сонсох ажиллагааг хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах, өөрийн төлөөлөгчийг оролцуулах эрхийг хангаагүй, 31 дүгээр зүйлд заасан Ёс зүйн дэд хороо шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх, 32 дугаар зүйлд заасан үүргээ тус тус биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааг бүхэлд нь хэрэгжүүлээгүйгээр О.С миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаагүй зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Ёс зүйн дэд хороо 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтийг гapгaxдaa tsahiur.mn сайтын мэдээлэл, Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сгаас хүргүүлсэн нотлох баримтаас өөр нотлох баримт цуглуулсан эсэх нь эргэлзээтэй, хэргийг шийдвэрлэхэд бусад холбогдох нотлох баримтын ач холбогдлыг үнэлээгүй нь дээрх дүгнэлтэд авагдсан баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь Боловсрол зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Боловсролын зээлийн сангийн ажлын албаны 01/1177 дугаар албан бичгээр 5 хуудас хавсралт бүхий тухайн өргөдөл, гомдолтой холбогдолтой тайлбар, мөн холбогдох баримтыг Ёс зүйн дэд хорооны дарга Л.Т*******т хүргүүлсэн байдаг. Энэхүү тайлбар нь гомдлыг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тайлбар бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан сонсох ажиллагаатай холбогдолгүй болно.
Ёс зүйн дэд хороо нь маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ болон 24.4-т заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдолд бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ тус тус биелүүлээгүй гэх үндэслэлтэй байдаг. Ёс зүйн дэд хороо маргаан бүхий дүгнэлтэд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт дурдсан тохиолдол бүрт бий болсон нөхцөл байдал (Ажлын алба болон гомдол гаргагчийн тухайн үед бий болсон үйл баримт), түүнийг баталгаажуулах үгүйсгэх нөхцөл байдал, эдгээр нь төрийн алба болон албан хаагчдад нөлөөлөх нөлөөллийг тооцоолон тодорхойлж нарийвчлан судалсан талаар дурдаагүй нь тус ажиллагааг хийгээгүй гэх үндэслэлтэй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн үйл ажиллагааны зарчим хангагдаагүй гэх бүрэн үндэслэлтэй байна.
3. Маргаан бүхий дүгнэлтэд “.. О.С нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Tsahiur.mn цахим мэдээллийн хэрэгслээр хийсэн мэдээлэлдээ гомдол гаргагч иргэн Ц.Сэ болон түүний охин Х.Уын нэр, Ц.Сийн хаана ажилладаг болохыг дурдан сонгон шалгаруулалтын журам зөрчсөн хэмээн иргэний эмзэг болон хувийн нэр төр, албан ажил албан тушаалын хувийн мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлж ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн нь тогтоогдож байх тул О.С нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтад заасан “хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах” гэснийг зөрчсөн байна гэж Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүн үзлээ” гэсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон байна.
Ёс зүйн дэд хороо Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/1177 дугаар албан бичгээр хүргүүлсэн тайлбартай холбогдуулан нэмэлт нотлох баримт цуглуулсан бол “иргэн Ц.Сэ, түүний нөхөр Х*******а нар нь БЗС-ийн гадаадад суралцуулах асуудлаар 2025 оны 05 дугаар сараас хойш журмын танилцуулга тайлбар хийсэн иргэдтэй хийх уулзалтууд дээр байнга оролцсон гэж хэвлэл мэдээлэл хийсээр байгаа ...” гэх, “Боловсролын яамны 400А тоотод мэдээлэл хийх үеэр иргэн Ц.Сэ, түүний нөхөр Х*******а нар нь ... микрофон булаан авч “өөрийгөө МУИС-ын профессор хүн-дүрэм журам судлаад охин нь бүртгүүлж чадаагүй тухай, бусад магистрт тэнцсэн иргэдэд С давуу байдал олгосон” гэж тайлбарлан ... Үүнийг цахим орчин дахь бичлэг болон яамны ГХАГ-ын дарга ...-с тодруулж болно” гэх, “иргэн Х*******а 2025 оны 7 дугаар сард сангийн Ажлын албаны даргын өрөөнд ирж ... хэл амаар доромжлон дайрч байсан ...” гэх зэрэг тайлбаруудад нэмэлт нотлох баримт цуглуулсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд энэхүү тайлбартай холбогдуулан дүгнэлт хийгээгүй нь маргаан бүхий дүгнэлтээр нотлогдож байна.
Хэрэв тухайн тайлбартай холбогдуулан нарийвчилсан судалгааг хийсэн бол иргэн Ц.Сэ түүний нөхөр Х*******а нар нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрсдийг танилцуулж, Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг, ажлын хэсгийн дарга О.Сгаас өөрийн охиныг тэнцүүлээгүй талаар мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариу тайлбар хийхийг шаардсан асуудлыг тодорхой болгох байсан. Ёс зүйн дэд хороонд гомдол гаргагчдад журмын дагуу утсаар болон албан бичгээр хариу өгсөөр байтал олон нийтийн хэвлэл мэдээллээр хандсан хариу тайлбар нэхсэн удаа дараагийн үйлдэлд О.С нь өөрийн ахалж байсан ажлын хэсгийн нарийн өмнөөс тайлбар хийсэн болохыг тогтоох боломж Ёс зүйн дэд хороонд байсан.
4. Маргаан бүхий дүгнэлтэд Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 40 дүгээр тогтоолд заасан “Доромжлох” үйлдэл нь санаатай гутаасан үйлдэл”-ээр хангагдахаар тайлбарласныг авч хэрэглэсэн нь “гутаах” гэх үйлдлийн шинжийг тайлбарлаагүй, өөр агуулга бүхий үйлдлийн тайлбарыг ашигласан нь Ёс зүйн дэд хороо алдаатай дүгнэлт гаргах үндэслэл болсон байна.
Ёс зүйн дэд хороо нь О.Сгийн үйлдэл нь тус дүгнэлтэд дурдсан “бусдын болон өөрийн нэр алдрыг бусниулах, хүндгүй болгох” ямар шинж бүрэн хангагдаж “гутаасан” үйлдэл бүрэн төгссөнд дүгнэлт хийж, тогтоогоогүй нь маргаан бүхий дүгнэлтээр тогтоогдож байна. Харин тус дүгнэлтийн Үндэслэх хэсэгт “О.С нь ... гутаах гэснийг зөрчсөн гэж, Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүн үзлээ” гэсэн нь ойлгомжгүй дүгнэлт бөгөөд “гутаах” үйлдлийг зөрчсөн гэх нь эсрэг агуулгыг илэрхийлэх бөгөөд “гутаагаагүй” гэх санааг илэрхийлж байна.
Иймд Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг бүхэлд нь зөрчиж, О.С миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул тус дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
-
- Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2025 оны Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн сайдын тушаалаар нийт 3 ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг бүр 13 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гурван ажлын хэсгийг миний бие, Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын хувиар ахалж ажиллахаар сайдын тушаалаар баталсан байдаг. Түүнчлэн энэхүү ажлыг 2025 оны 04 дүгээр сард батлагдсан 215 дугаар тогтоолын хавсралт журмын дагуу 2 дугаар улиралд багтаан зохион байгуулж дуусгах үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл 39 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, нийт 258 оролцогчтой сонгон шалгаруулалтыг 18 хоногийн хугацаанд цахимаар зохион байгуулах үүргийг сайдын тушаалаар хүлээн авч ажилласан болно. Энэ хугацаанд миний үндсэн ажил болох Боловсролын зээлийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн зэрэгцээ дээрх сонгон шалгаруулалтын ажлыг давхар эрхлэн гүйцэтгэсэн. Уг сонгон шалгаруулалт нь Төсвийн тухай хууль, боловсролын багц хууль, Дээд боловсролын тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад 5 журмын хүрээнд зохион байгуулагдах ёстой байсан. Эдгээрээс голлох зохицуулалт нь 2025 оны 215 дугаар тогтоолын 3.2-т “гадаадад суралцагчдын сонгон шалгаруулалтыг цахимаар болон цаасаар хүлээн авна”, мөн 3.8-д “сонгон шалгаруулалтыг 2 дугаар улиралд багтаан зохион байгуулна”, “сонгон шалгаруулалтын ажлын удирдамжийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заасан байдаг. Боловсролын сайд журмын 3.8-д заасны дагуу 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр сонгон шалгаруулалтын удирдамжийг баталсан. Тус удирдамжийн 3.2-т сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулахаар тусгасан байдаг. Уг удирдамжийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цаг хүртэл дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцагчдын бакалаврын зээлийн хөтөлбөр болон Засгийн газрын тэтгэлгийн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулахаар баталсан. Иймд ажлын хэсэг зөвхөн цахимаар материалаа ирүүлсэн иргэдийг сонгон шалгаруулалтад хамруулах чиг үүргийн хүрээнд ажилласан. Гэтэл иргэн Ц.Сэ охиныхоо өмнөөс Ёс зүйн хороонд гомдол гаргасан байдаг. Гэвч тухайн иргэн сонгон шалгаруулалтын материалаа цахимаар ирүүлээгүй. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа бүтэн 30 хоног нээлттэй байсан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр журам батлагдаж, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өглөө хууль, эрх зүйн нэгдсэн системд байршуулснаас хойш Боловсролын сайд, сайдын зөвлөх болон миний бие оролцон сонгон шалгаруулалт дуусах хүртэл нийт 5 удаагийн мэдээлэл, тайлбар хүргэж ажилласан. Эдгээр мэдээлэл, тайлбарын үеэр иргэн Ц.Сэ мөн оролцож байсан. Мөн иргэн Ц.Сийн охин цахимаар материал ирүүлээгүй атлаа сонгон шалгаруулалтын материал хүлээн авч дууссаны дараа ажлын хэсэг ажиллаж байх хугацаанд Улсын Их Хурлын гишүүд, ажлын албаны дарга миний бие болон ажлын хэсгийг ахалж байсан сайдад удаа дараа хандаж хүүхдээ сонгон шалгаруулах хүсэлт тавьж байсан. Энэ талаар 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн зохион байгуулсан уулзалтад оролцох үед иргэн Ц.Сэ мөн байлцаж байсан бөгөөд “Миний хүүхдийг О.С бүртгээгүй” гэж тайлбарласан. Үүнд “Цахим сонгон шалгаруулалтын систем улс даяар нээлттэй байсан бөгөөд зөвхөн цахимаар бүртгүүлж сонгон шалгаруулалтад оролцох боломжтой” талаар удирдамжийн дагуу тайлбар өгсөн. Түүнчлэн 2025 оны 215 дугаар тогтоолоор батлагдсан журамд сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэж заасан байдаг. Иргэн Ц.Сэ хүүхдийнхээ өмнөөс орон тооны бус зөвлөлд гомдол гаргасан бөгөөд уг зөвлөлөөс “сонгон шалгаруулалтад материал ирүүлээгүй иргэний гомдлыг хэлэлцэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байдаг. Иргэн Ц.Сэ сонгон шалгаруулалтын дүрэм, журмын талаар нэр бүхий 8 хүнээс тодруулж асуусан гэж тайлбарладаг. Гэвч сонгон шалгаруулалт явагдахаас өмнө миний биеэс албан ёсоор болон биечлэн ямар нэгэн тайлбар, мэдээлэл авахаар хандаж байгаагүй. Харин дараа нь асуудал үүссэний дараа Боловсролын яамны Дээд боловсролын газрын гэрээт ажилтан н.Г*******, Боловсролын зээлийн сангийн хэлтсийн дарга н.Г******* болон бусад албан хаагчдаас тодруулсан талаар ярьдаг болсон. Өөрөөр хэлбэл Боловсролын зээлийн сангийн 1, Боловсролын яамны 7 албан хаагчаас мэдээлэл авсан гэх боловч тэдгээр хүмүүс ижил агуулгатай мэдээлэл өгсөн эсэх, иргэн Ц.Сэ тухайн мэдээллийг зөв ойлгосон эсэхийг Ёс зүйн хороо олон талаас нь бодитой шалгаж, дүгнээгүй гэж үзэж байна. Миний хувьд ажлын хэсэг зөвхөн хууль, журам, сайдын баталсан удирдамжийн хүрээнд ажилласан. 2025 оны 215 дугаар тогтоолын журамд сонгон шалгаруулалтыг цахимаар болон цаасаар зохион байгуулж болно гэж заасан боловч сайдын баталсан удирдамжаар зөвхөн Scholarshift.mn сайтаар цахимаар бүртгүүлэхээр зохицуулсан байсан. Иймд ажлын хэсэг тухайн удирдамжийн дагуу ажилласан болно. Мөн сонгон шалгаруулалтыг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө, өөрөөр хэлбэл 2 дугаар улиралд багтаан дуусгах шаардлагатай байсан тул миний бие 18 хоногийн хугацаанд амралтгүй, хагас болон бүтэн сайн өдөргүй ажиллаж, ажлын ачаалал өндөр нөхцөлд үүргээ гүйцэтгэсэн. Гэтэл иргэн Ц.Сэ сонгон шалгаруулалтад материалаа ирүүлээгүй атлаа оролцох хүсэлтээ удаа дараа илэрхийлж, энэ явцад миний нэр хүндэд халдсан үйлдлүүд гаргаж байсан. Тухайн үед ажлын ачаалал их, мөн эцэг, эхийн зүгээс янз бүрийн хүсэлт, шахалт ирж байсан тул эдгээр асуудалд онцгой ач холбогдол өгөлгүй өнгөрүүлсэн нөхцөл байдал үүссэн.” гэжээ.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтаар авагдсан 8 минут 20 секундийн урттай бичлэгийн гэрчилгээний 7 минут 27 секундэд “Саяын хэлсэн Харвардын Их Сургууль, Оксфортын Их Сургуульд тэнцсэн гээд байгаа Х.Уа гэж хүний ээж бол сонгон шалгаруулалтын журмаараа системд бүртгүүлж байж сонгон шалгаруулалтад оролцох ёстой. Гэтэл системд бүртгүүлээгүй хүнийг бид шалгаруулсан тохиолдолд тэр хүнд давуу байдал олгосон болно. Энийгээ ч тайлбарласан. Х.Уа гэж хүний ээж Ц.Сэ гэж их сургуулийн багш байдаг юм байна лээ. Системд бүртгүүлээгүй хүүхдийнхээ төлбөрийг Боловсролын зээлийн санг шалгаруул аа гэж хандаж байгаа асуудал байгаа” гэж хэлсэн бичлэг байгаа. Энэ бичлэгээс дүгнэж үзвэл Нэгдүгээрт Үндэсний статистикийн цахим хуудаснаас Х.Уа гэх хүний нэрийг хайж үзэхэд *******, Ц.Сэ гэх нэр болохоор ******* нэртэй бүртгэлтэй хүн байсан. Эндээс хэн нь гомдол гаргагч Ц.Сэ гэж хүн болохыг тогтоох боломжгүй. Мөн тухайн сонгон шалгаруулалтад Х.Уа болон Ц.Сэ гэж нэртэй хэдэн хүн байгааг тогтоох хүндрэлтэй. Нэхэмжлэгч нь Х.Уа гэх хүний нас хүйс, овог болон тухайн хүнийг тодотгох нэмэлт мэдээллийг дурдаагүй. Сонгон шалгаруулалтад хэдэн Х.Уа гэх нэртэй хүн оролцсон нь тодорхойгүй ерөнхийлөн гаргасан мэдээлэл байгаа. Хоёрдугаарт Монгол Улсын иргэн эцгээрээ буюу ааваараа овоглодог бөгөөд тухайн хүний ээж Ц.Сэ гэж дурдсан нь Х.Уа болон Ц.Сийг шууд тодорхойлсон тодорхойлолт болж чадахгүй. Гуравдугаарт ээж Ц.Сэ нь их сургуулийн багш гэж хэлсэн боловч аль их сургууль гэдгийг нь дурдаагүй бөгөөд үүнийг тодорхойлсон тодорхойлолт гэж үзэхээргүй байна. Дөрөвдүгээрт нэхэмжлэгчийн хэлсэн системд бүртгүүлээгүй хүүхдийнхээ төлбөрийг Боловсролын зээлийн санг шалгаруул гэж хэлсэн асуудал байгаа гэсэн нь гутаах үйлдлийг ямар шинжээрээ хангаж байгаа вэ гэдгийг хариуцагч тодорхойлоогүй. Тавдугаар нэхэмжлэгчийн хийсэн мэдээлэл нь анх хаана ямар зориулалттай хийгдэж байсан эсэх, сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл нь Ц.Сэ болон Х.Уа нар руу заналхийлсэн, өс хонзонгийн сэдэлтэй, дайрч давшилсан үйлдэл байхгүй. Харин ажлын албаны тайланг тавьж буй ажил хэрэгтэй холбоотой байдал байна гэж дүгнэж байна. Нэхэмжлэгчийн хүний зүгээс буюу манай зүгээс гаргаж өгсөн бичлэгийн eagle–ийн мэдээ гэх бичлэгт 5 минут 5 секундийн урттай бичлэгээс 2 минут 25 секунд дээр Ц.Сэ гэх эмэгтэй “Би 30 жил татвар төлсөн иргэн байхгүй юу. Би боловсролын байгууллагад өөрөө ажилладаг, боловсролын байгууллагын хууль дүрмийг ойлгохгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Би 8 хүнээс мэдээлэл авсан. Би ингэж хохирмооргүй байна. Дэлхийн бусад орнууд өөрийн үнэ цэнтэй мэргэжилтэн цөөхөн хэдэн топ сургуульд бэлддэг. Тийм учраас манай хүүхдийн энэ тэнцсэн сургуульд ч гэсэн бүх хүүхдүүд Засгийн газрын тэтгэлгээр явж байна. Бусад орны хүүхдүүд ч Засгийн газрын тэтгэлгээрээ явж байна. Ийм боломжийг ард иргэдэд олгохгүй байвал энэ сан байх шаардлагагүй” гэх мэдээллийг хийсэн байгаа. Уг бичлэгээс үзэхэд О.С нь Ёс зүйн дэд хороонд гомдол гаргагч Ц.Сийн өөрийн мэдээлсэн, олон нийтэд ил тавигдсан мэдээллийг ашиглан тайлбар хэлсэн болохоос өөр ямарваа нэгэн байдлаар Ц.Сийн нэр хүндийг гутаасан, доромжилсны үйлдэлд харагдахгүй байна” гэжээ.
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... сонгон шалгаруулалтын журмаар системд бүртгүүлсэн этгээд шалгаруулалтад оролцох ёстой. Гэтэл системд бүртгүүлээгүй хүнийг шалгаруулалтад оруулсан бол түүнд давуу байдал олгосон гэж үзэхээр байна. 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтэд Х.Уа, Ц.Сэ нар шууд хандсан гэж дурдсан атлаа эдгээр иргэдийг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Тухайлбал, “Уа” гэх нэрийг шууд Х.Уа, “Сэ” гэх нэрийг Ц.Сэ гэж ямар үндэслэлээр тодорхойлсныг дүгнэлтэд тусгаагүй. Мөн “их сургуулийн багш” гэх асуудлыг ярьсан талаар тайлбарлахдаа хариуцагч тал “Монгол Улсын их сургуулийн багш” гэж тодорхой дурдсан байдаг. Энэ нь хариуцагч тал өөрт байгаа мэдээллийг ашиглан хийгдээгүй үйлдлийг хийсэн мэтээр дүгнэж, нотлох баримтад хэт нэг талыг барьсан байдлаар үнэлэлт өгснийг харуулж байна. Цаашлаад олон хэрэг дундаас эдгээр хоёр хүнийг сонгон авч холбон дүгнэсэн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна. Мөн хариуцагч талын онцлон дурдсан 8, 9 дэх асуудлаар манай зүгээс маргаагүй. Тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас хууль зүйн зөвлөгөө авч чадаагүй, ажлын ачаалал их байснаас шалтгаалан миний үйлчлүүлэгч тухайн асуудлаар гомдол гаргаагүй. Тэрээр “би гомдлын араас хөөцөлдөхөөс илүү нэг хүүхэд ч болов сургуульд сургахын төлөө өдөр, шөнөгүй ажилласан” гэж тайлбарладаг. Ийм байхад маргаагүй, шийдвэрлэгдсэн асуудлыг дахин сөхөж, тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулах байдлаар тайлбарлаж байгаа нь хариуцагч тал нотлох баримтад хангалттай дүн шинжилгээ хийлгүй, хэт нэг талыг барьж хандсаныг харуулж байна. Хараат бусаар, нөлөөлөлгүй ажиллах чадваргүй Ёс зүйн хороо байна гэх дүгнэлтэд өөрийн эрхгүй хүрч байна. Түрүүн дурдсан асуудлыг хэрхэн тодорхойлсон нь тогтоогдоогүй. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “эмзэг мэдээллээр бусдыг гутаасан” гэж дүгнэсэн атлаа “эмзэг мэдээлэл” гэдгийг ямар үндэслэлээр тогтоосон талаар дүгнэлтэд нэг ч тайлбар байхгүй. Бидний өмнө дурдсанчлан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан эмзэг мэдээллийн аль ч агуулга нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн ярианд байхгүй. Мөн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д заасан хувь хүний мэдээлэл ч агуулагдаагүй. Тухайлбал, тухайн хүний оноо, эцэг эхийн нэр зэрэг шууд тодорхойлох мэдээллийг хэлээгүй бөгөөд тухайн хүнийг шууд таньж тодорхойлох боломж бүрдээгүй байна. Түүнчлэн “багш” гэх мэргэжлийг дурдсан нь хувь хүний болон хувийн мэдээлэлд хамаарах эсэх талаар хуульд зохицуулалт байхгүй байхад уг мэдээллээр бусдыг гутаасан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Доромжлох үйлдлийн талаар Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт тухайн этгээдийн санаа, сэдэл, зорилгыг харгалзан үздэг. Мөн хариуцагч тал өөрийн тайлбартаа “санаатай гутаасан үйлдэл” гэж тодорхойлсон нь өөрөө санаа, зорилгыг тогтоох шаардлагатайг илтгэнэ. Гэтэл Ёс зүйн хороо тухайн хүний санаа, сэдлийг тогтоогоогүй атлаа “доромжилсон”, “гутаасан” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв үгийн утга, үйлдлийн шинжийг тайлбарлах гэж байсан бол тухайн этгээд санаатай үйлдэл хийсэн эсэх, эсхүл санамсаргүй байсан эсэх, мөн тухайн хүнийг шууд тодорхойлох боломж бүрдсэн эсэхэд дүн шинжилгээ хийх ёстой байсан боловч ийм ажиллагаа хийгдээгүй. Маргаан бүхий дүгнэлтийн хэсэгт “иргэн Ц.Сэ, Х.Уа нарын нэр төр, хувийн мэдээлэл, ажил албан тушаалыг олон нийтэд түгээн гутаасан” гэж дурдсан байна. Гэтэл эдгээр нь хоёр өөр хүн бөгөөд өөр өөр нөхцөл байдалтай хүмүүс. Өөрсдийн тайлбараар Х.Уа нь насанд хүрээгүй хүүхэд гэж дурдсан атлаа түүний “ажил, албан тушаал”-ыг гутаасан гэж дүгнэсэн нь логикийн болон хууль зүйн хувьд ойлгомжгүй байна. Яагаад Х.Уа, Ц.Сэ нарыг хамтатган “нэр төр, хувийн мэдээлэл, ажил албан тушаалыг гутаасан” гэж нэгтгэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Х.Уын ямар эмзэг болон хувийн мэдээллийг задруулсан, хаана сурдаг, хаана амьдардаг, ямар өвчтэй, ямар нөхцөл байдалтай хүн болохыг тодорхойлсон ямар нэг мэдээлэл огт байхгүй. Гэтэл эдгээр хүмүүсийг хамтатган буруутгасан байдлаар дүгнэлт гаргасан байна. Дүгнэх хэсэгт “Сэ, Уа нарын нэр төрийг гутаасан” гэж дурдсан атлаа бодит байдал дээр Ц.Сэтэй холбоотой асуудлыг ярьж байгаа бол Х.Уад холбогдох эмзэг мэдээлэл, нэр хүндэд халдсан ямар үйлдэл гарсныг тусад нь тодорхойлоогүй. Хэрэв Х.Уыг хамаарал бүхий этгээд гэж үзсэн бол түүний нэр хүнд болон эмзэг мэдээлэлд хэрхэн халдсан талаар тодорхой дүгнэх ёстой байсан боловч ийм ажиллагаа хийгдээгүй байна. Мөн “доромжлох” гэх үгийн утгыг зөвхөн Монгол хэлний тайлбар толиор тайлбарлаж, тухайн үйлдлийн санаа, сэдэл, зорилгыг тогтоох ёстой ажиллагааг огт хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа баримтлах хууль ёсны шаардлагуудыг тодорхой заасан байхад тэдгээрийг үл хэрэгжүүлж, зөвхөн дотоод журмаар асуудалд хандсан нь хууль хэрэглэх зарчмыг зөрчсөн байна. Түүнчлэн тухайн журамд заасан бодит нөхцөл байдал, үнэн зөв байдлыг тогтоох, бусад албан хаагчдад үзүүлсэн нөлөөлөл, тухайн этгээдийн санаа, сэдлийг тодорхойлох зэрэг ажиллагааг хийлгүйгээр дүгнэлт гаргасан нь манай үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, хуульд заасан үндэслэлгүй үйлдэл болсон гэж үзэж байна. Яг ямар үйлдэл гаргасан, ямар үндэслэлээр буруутгаж байгаа нь тогтоогдохгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгааг шүүх анхааралдаа авахыг хүсэж байна.” гэжээ.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, Ч.Б нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ... Иргэн Ц.Сээс Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сг ёс зүйн зөрчил гаргасан гэх гомдлыг Боловсролын яамны дэргэдэх Ёс зүйн дэд хороонд ирүүлсэн. Иргэн Ц.Сэ тус гомдлыг Ёс зүйн дэд хорооны гишүүн А.М шалган, Ёс зүйн дэд хорооны хурлаар хэлэлцүүлсэн. Ёс зүйн дэд хороо хэлэлцээд 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.С нь ёс зүйн зөрчил гаргасан тухай” тай дүгнэлт гаргасан.
Гомдол дахь асуудлаар Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан төрийн албан хаагчийн хүлээсэн үүрэг, 8.2 дахь хэсэгт тусгасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн эсэхийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн tsahiur.mn цахим мэдээллийн хэрэгслээр хийсэн мэдээлэл, холбогдогч О.Сгаас ирүүлсэн тайлбар зэргээс хянан судалж, шалгасан. Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.С нь иргэн Ц.Сийн охин болох Х.Уыг “сонгон шалгаруулалтад оролцоогүй, материал ирүүлээгүй, ээж Ц.Сэ нь Монгол Улсын Их сургуульд ажилладаг” гэж Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-д Төрийн албаны хаагч “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойших хугацаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх” үүргээ зөрчсөн. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн хүүхдийн болон ээжийн нэр, ажлын газрын нэрийг дурдан тэтгэлэгт хамрагдаагүй, сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй талаар дурдсан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т “хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж шийдвэрлэсэн.
Иргэн Ц.Сэ нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус Ёс зүйн дэд хороонд О.Сгийн ёс зүйн зөрчил гаргасан тул ёс зүйн зөрчил хүлээлгэх агуулга бүхий хүсэлт ирүүлж байсан. Ёс зүйн дэд хороо иргэний ирүүлсэн хүсэлтийг шалгаад “ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хувь хүний гар утсаар бичсэн бичлэг бөгөөд О.Сд мэдэгдэлгүй хийсэн бичлэг байсан тул гомдлыг буцаасан. Иргэний гаргаж буй гомдлын талаар тухайн үед Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сд мэдэгдэж Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д “Гомдол, мэдээллийг хянан шалгахдаа тухайн албан хаагчид мэдэгдэн тайлбар, нотолгоо гаргуулна” гэж заасны дагуу тайлбар, нотлох баримтыг гаргуулан авсан. Үүний дагуу О.С иргэн Ц.Сийн гаргасан гомдолд дурдсан асуудлаар 2025 оны 12 дугаар сарын 03-ны 01/1177 тоот албан бичгээр тайлбар мэдээлэл, нотлох баримтыг ирүүлсэн. Сонсох ажиллагааны тухайд Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-д заасны дагуу үйл ажиллагааг явуулдаг ба Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-т заасны дагуу зөрчилд холбогдсон төрийн албан хаагч О.Сд 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08/6165 тоот албан бичгээр дүгнэлтийн хувийг хүргүүлсэн.
Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу гомдол, мэдээлэл гаргасан этгээд болон томилох эрх бүхий албан тушаалтанд дүгнэлтийн хувийг хүргүүлсэн болно. Ёс зүйн дүгнэлтийг үндэслэн Төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу тухайн төрийн албан хаагчийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийн асуудал юм. Ёс зүйн дэд хороо нь ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар болон ёс зүйн хариуцлага тооцох асуудлаар сонсох ажиллагаа явуулах чиг үүрэггүй болно.” гэжээ.
-
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Сэ Боловсролын яамны дэргэдэх Ёс зүйн дэд хороонд 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр анх гомдол гаргасан байдаг. Уг гомдолд хавсаргасан бичлэг, нотлох баримтыг шалгахад холбогдогч О.Сд мэдэгдэлгүйгээр гар утсаар хийсэн бичлэг байсан тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэн тухайн асуудлыг шийдвэрлэлгүйгээр иргэнд хариу хүргүүлсэн. Үүний дараа иргэн О.С 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахин Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан бөгөөд өмнөх болон сүүлд гаргасан гомдолдоо нийт 6 асуудал тусгасан байдаг. Боловсролын яамны Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан асуудлын хүрээнд ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг хянан хэлэлцдэг. Тухайн 6 асуудлаас 2 асуудал нь ёс зүйтэй холбоотой гэж үзэж, холбогдох нотлох баримт, тайлбар гаргуулах ажиллагааг явуулсан. Үүний хүрээнд миний бие Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Стай холбогдож, “таны талаар ийм гомдол ирсэн байна, гомдолтой танилцах боломжтой” талаар мэдэгдсэн. Үүний дагуу иргэний нэр, хувийн мэдээллийг нууцлан гомдлын холбогдох хэсгийг цахим шуудангаар хүргүүлсэн. Мөн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр холбогдох тайлбар, мэдүүлгийг ирүүлсэн. Үүнээс гадна tsahiur.mn сайтад байршуулсан бичлэгтэй холбоотойгоор тухайн сайтаас холбогдох бичлэгийг авах шаардлагатай эсэхийг тодруулахад “тухайн өдрийн бичлэгийг сайтаас өөрсдөө авах боломжтой, манай зүгээс бичлэг устгадаггүй” гэсэн хариу өгсөн байдаг. Tsahiur.mn сайтаас “тухайн өдрийн бичлэгийг өөрсдөө бүрэн авах боломжтой тул манай зүгээс шууд хүргүүлэх боломжгүй” гэсэн тайлбар өгсөн бөгөөд үүний дагуу Ёс зүйн дэд хороо тухайн бичлэг болон бусад нотлох баримтыг судалж хуралдсан. Гомдолд дурдсан асуудлаас иргэний хүсэлтэд хариу өгсөн эсэхтэй холбоотой асуудлаар О.Сгийн гаргасан тайлбарыг үндэслэн тухайн үед холбогдох хариуг өгч байсан, мөн өмнө нь ч удаа дараа хариу хүргүүлж байсан гэж үзэж, энэ хэсэгт ёс зүйн зөрчил тогтоогдоогүй талаар дүгнэлтэд тусгасан. Харин 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.Сэ болон түүний охин Х.Уа нартай холбоотой асуудлыг олон нийтэд жишээ татан дурдсан үйлдлийг хууль зөрчсөн гэж үзсэн. Учир нь тухайн үед дээрх иргэд сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар төрийн албан хаагч нь албан үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон хүний хувийн мэдээллийг олон нийтэд задруулахыг хориглодог. Иймд Ёс зүйн дэд хороо хуралдаж, 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15/тай дүгнэлтийг гаргасан байна. Тус дүгнэлтийг холбогдогч О.С, гомдол гаргагч болон томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн. Гэхдээ Ёс зүйн дэд хороо нь сахилгын арга хэмжээ ногдуулах чиг үүрэггүй бөгөөд зөвхөн дүгнэлт гарган томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлдэг. Харин тухайн төрийн албан хаагчид ямар арга хэмжээ авахыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу анх болон давтан үйлдэл эсэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан томилох эрх бүхий албан тушаалтан өөрөө шийдвэрлэх зохицуулалттай байдаг. Дараагийн асуудал нь сонсох ажиллагаатай холбоотой байсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын дагуу ёс зүйн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулах зохицуулалт байдаггүй. Харин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон холбогдох журмын дагуу тайлбар, нотлох баримт гаргуулан авдаг. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн зүйл, 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасны дагуу шаардлагатай тохиолдолд нэмэлт тайлбар, тодруулга авах, хуралд оролцуулах боломжтой зохицуулалттай байдаг. Иймд Ёс зүйн дэд хороо нь ирүүлсэн нотлох баримтын хүрээнд асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг дурдсан боловч Ёс зүйн дэд хороо нь сонгон шалгаруулалтын ажиллагааны хууль, журам зөрчсөн эсэхийг хэлэлцэх эрх хэмжээтэй байгууллага биш юм. Ёс зүйн дэд хороо нь зөвхөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд хамаарах асуудлын хүрээнд шалгалт явуулдаг. Харин тухайн гомдолд “иргэн болон түүний хүүхдийн нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээсэн” гэх асуудал дурдагдсан тул Ёс зүйн дэд хороо нь зөвхөн энэ асуудлын хүрээнд хянан хэлэлцсэн.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
- Тодорхойлох хэсэгт дурдсанаар иргэн Ц.Сээс нэхэмжлэгчид хандан гаргасан гомдлыг хянан үзээд хариуцагч нь тус хорооны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтээр “Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.С нь “Иргэн Ц.Сэ болон түүний охин Х.Уын нэр төр, хувийн мэдээлэл, ажил албан тушаалыг олон нийтэд түгээн гутаах” үйлдэл гаргасан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.3 дахь заалтад заасныг зөрчсөн” гэж ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна.
- Нэхэмжлэгчээс “... Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24 2-т заасны дагуу нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ болон 24.4-т заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдолд бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ тус тус биелүүлээгүй ..., О.Сгийн үйлдэл нь тус дүгнэлтэд дурдсан “бусдын болон өөрийн нэр алдрыг бусниулах, хүндгүй болгох” ямар шинж бүрэн хангагдаж “гутаасан” үйлдэл бүрэн төгссөнд дүгнэлт хийж, тогтоогоогүй нь маргаан бүхий дүгнэлтээр тогтоогдож байна. Харин тус дүгнэлтийн Үндэслэх хэсэгт “О.С нь ... гутаах гэснийг зөрчсөн гэж, Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүн үзлээ” гэсэн нь ойлгомжгүй дүгнэлт бөгөөд “гутаах” үйлдлийг зөрчсөн гэх нь эсрэг агуулгыг илэрхийлэх бөгөөд “гутаагаагүй” гэх санааг илэрхийлж байна. ...” гэж,
- Хариуцагчаас “... 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.Сэ болон түүний охин Х.Уа нартай холбоотой асуудлыг олон нийтэд жишээ татан дурдсан үйлдлийг хууль зөрчсөн гэж үзсэн. ... төрийн албан хаагч нь албан үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон хүний хувийн мэдээллийг олон нийтэд задруулахыг хориглодог. ... тухайн гомдолд “иргэн болон түүний хүүхдийн нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээсэн” гэх асуудал дурдагдсан тул Ёс зүйн дэд хороо нь зөвхөн энэ асуудлын хүрээнд хянан хэлэлцсэн. ... Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-т заасны дагуу зөрчилд холбогдсон төрийн албан хаагч О.Сд 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08/6165 тоот албан бичгээр дүгнэлтийн хувийг хүргүүлсэн. ...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
- Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д ““төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ” гэж төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг”, 5.1.2-т ““төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил” гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг” гэснээс үзвэл, ёс зүй гэдэг нь төрийн албаны харилцаанд төрийн албан хаагч хүний баримтлах ёстой ёс суртахуун, зан үйл, харилцаа, хандлагын нийтлэг хэм хэмжээ бөгөөд түүнийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь ёс зүйн зөрчилд тооцогдохоор заажээ.
- Боловсролын яамны ёс зүйн дэд хороо нь О.Сг нэр бүхий иргэний гомдлоор хянаад, Tsahiur.mn цахим мэдээллийн хэрэгслээр хийсэн ярилцлагын дундуур нэхэмжлэгч О.С нь “... Уа гэж хүүхдийн ээж Сэ гэж их сургуулийн багш байдаг юм байна лээ. Энэ хүн системд бүртгүүлээгүй хүүхдийнхээ төлбөрийг зээлийн санг шалгарууллаа гэж хандаж байгаа асуудал байгаа....” гэх мэдээллийг дурдсан үйлдэлд нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т “хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах;” гэж заасныг зөрчсөн гэж үзээд 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр уг маргаан бүхий дүгнэлт гаргасан байна.
- Дүгнэлтдээ Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.11-т “хүний хувийн мэдээлэл” гэж заасныг болон Монгол хэлний их тайлбар толь, Улсын дээд шүүхийн 2007 оны 40 дүгээр тайлбараас “гутаах”, “доромжлох” гэх үгийн тайлбаруудыг дурдаж, эдгээрийг үндэслэн энэхүү ёс зүйн зөрчлийн шинжийг агуулсан талаар тайлбарлажээ.
- Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянан үзэхэд нэхэмжлэгч О.Сгийн гаргасан үйлдэл нь Төрийн албаны хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан “хүний эмзэг мэдээллээр бусдыг гутаах” зөрчлийн шинжийг агуулаагүй, хуулийн заалтын зорилго, агуулгад нийцээгүй гэж үзлээ.
- Учир нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг; гэж зааж тодорхойлсноос үзэхэд ярилцлагад дурдагдсан мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд хамаарахгүй, хариуцагчаас хүний хувийн мэдээлэлд хамаарах заалтыг үндэслэл болгон уг зөрчилд хамааруулан дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.
- Түүнчлэн нэхэмжлэгч О.С нь Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/271 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад магистрын зэргийн өмнөх хэлний бэлтгэл, магистр болон докторын хөтөлбөрөөр суралцах төрийн албан хаагч, тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр болон техникийн боловсролын сургалтын байгууллагад үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсгийн даргаар О.С болон нэр бүхий гишүүдийг баталсан байна.
- Дээрх ажлын хэсгийн хяналт шалгалтын хүрээнд маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болгосон Tsahiur.mn сайтад өгсөн нэхэмжлэгчийн ярилцлагад Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан үүргийнхээ хүрээнд сэтгүүлчийн асуусан асуултад хариулах явцад тодорхой нэр, ажлын байр, гаргасан гомдлын талаар дурьдсан нь гомдол гаргагч иргэн Ц.Сэ, түүний охин Х.Уа нарыг олон нийтийн сүлжээгээр гутаан доромжилсон агуулгатай мэдээлэл гэж шууд нотлохгүй, санаа зорилгын хувьд гутаах шинж агуулсан мэдээлэл гэх үндэслэл уг бичлэгээс тогтоогдохгүй буюу үйлдэгдсэн шинж байдлын хувьд ч бичлэгт гутаан доромжлох агуулга байхгүй, энэ иргэдийн талаар мэдээлэл өгөхөөр зарлаж, мэдээлсэн мэдээлэл биш, ярилцлагын үеэр дурдагдсан асуудал гэдэг нь тогтоогдсон.
- Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар, Монгол хэлний их тайлбар толинд тайлбарласан тайлбараар ч нэхэмжлэгчийн өгсөн ярилцлага “гутаан доромжилсон” гэж тодорхойлж буй агуулгатай бүрэн нийцэхгүй буюу хуульд заасан уг зөрчлийн шинжид тохироогүй байна.
- Ёс зүй хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ёс зүйн хорооны ажиллах журмын 5.9. “Дэд хороо ёс зүйн зөрчлийг хянан шалгаж, шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг харгалзана:
5.9.1 зөрчил гаргасан тухайн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох;
5.9.2 бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх үр дагавар ;
5.9.3 гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарлаж буй хандлага;
5.9.4 байгууллагын хэвийн үйл ажиллагаа, байгууллага, албан хаагчийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн эсэх.
5.10 Дэд хороо нь гомдол, мэдээлэл хянан шалгаж, шийдвэрлэхдээ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан хугацааг баримтална.” гэж зааснаар Ёс зүйн хороо нь төрийн албан хаагчид гаргасан гомдлыг хянан шалгахдаа энэ журамд заасан нөхцөл байдлыг бүрэн тогтоож, харгалзан үзээгүйгээс дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзлээ.
- Шүүхээс маргаан бүхий дүгнэлтийн хүрээнд хянан үзээд хэрэгт авагдсан буюу маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болсон тsahiur.mn цахим мэдээллийн хэрэгслээр тавьсан мэдээлэл буюу 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн /7:10-7:50/ бичлэгт “... Х.Уа гэж хүүхдийн ээж Ц.Сэ гэж их сургуулийн багш байдаг юм байна лээ. Энэ хүн системд бүртгүүлээгүй хүүхдийнхээ төлбөрийг зээлийн санг шалгаруулаа гэж хандаж байгаа асуудал байгаа. ...” гэж дурдсан үйлдэл нь хүний эмзэг мэдээллээр бусдыг гутаах ёс зүйн зөрчлийн шинжийг агуулсан эсэхэд дүгнэлт хийсэн болно.
- Мөн Нэхэмжлэгчийн “сонсох ажиллагаа хийгээгүй” гэх үндэслэлийн тухайд,
9.1. Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ёс зүйн хорооны ажиллах журмын 6.8.“Нарийн бичгийн дарга нь ёс зүйн зөрчилд холбогдсон албан хаагч (цаашид албан хаагч гэх), гомдол гаргасан этгээдэд гомдлыг шийдвэрлэх хуралдаан болох огноо (он, сар, өдөр), байршил (байрлал, албан тасалгааны дугаар), хугацаа (эхлэх, дуусах төлөвлөсөн цаг)-г урьдчилан мэдэгдэж, уг хуралдаанд хүсэлтээр нь оролцуулна.”, 6.9.“Дэд хороо хуралдаанд гомдол, мэдээлэл хянан шалгасан гишүүн танилцуулга хийх ба оролцож буй албан хаагч болон гомдол гаргасан этгээдээс асуулт асууж, тайлбар, хариулт авч, нотлох баримтыг шинжлэн судална. Шаардлагатай тохиолдолд гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт гаргуулж, тодруулга авч болно.”, 6.10.“Дэд хороо гомдол, мэдээлэлд дурдсан асуудал бүрээр санал хурааж, дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ. Хэд хэдэн этгээдэд холбогдох нэг гомдол, мэдээллээр нэг шийдвэр гаргаж болно.”, 6.11.“Дэд хорооны шийдвэр нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасны дагуу дүгнэлт байна.” гэж зааснаар Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн дарга нь ёс зүйн зөрчилд холбогдсон албан хаагч, гомдол гаргагч иргэнд хурал болох байрлал, огноо, хугацаа зэргийг урьдчилан мэдэгдэж, оролцох боломжоор ханган улмаар дэд хороо нь албан хаагчаас асуулт асууж, тайлбар авах авах, ёс зүйн зөрчлийн улмаас цугларсан баримтыг шинэчлэн судлах зэрэг ажиллагааг хэрэгжүүлсний үндсэн дээр ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаарх дүгнэлтийг гаргахаар байна.
9.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зөрчилд холбогдогч эрх бүхий албан тушаалтан О.Сгаас 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/1177 дугаар албан бичгээр тайлбар, холбогдох баримтыг хүргүүлсэн байх бөгөөд Боловсролын яамны дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 25/14 дүгээр хуралдаанаар 2 асуудлыг хэлэлцэхээр болж, тус хуралдаанд дэд хорооны дарга Л.Т******* даргалж, нарийн бичгийн дарга Д.О*******, гишүүн Ч.Б, С.П*******, А.М, Б.М******* нар оролцсон нь уг хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд нэхэмжлэгчид хуралдаан болох өдрийг мэдэгдээгүй байна.
10. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.“Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ,”, 26.1.“Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заасан болон журамд зааснаар хариуцагч нь шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд бодит нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийг сонсож холбогдох тайлбар авах ажиллагааг бүрэн хэрэгжүүлэхгүйгээр маргаан бүхий 2025 оны дүгнэлтийг гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс хуралдаан болох өдрийг урьдчилан мэдэгдээгүй тул хуралдаанд оролцож тайлбар мэдүүлэг өгөх боломж олдоогүй гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлтэй байна.
11. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Сгаас Боловсролын яамны Ёс зүйн дэд хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.МӨНХДЭЛГЭР