| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01102/И |
| Дугаар | 320/ШШ2025/01072 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 320/ШШ2025/01072
| 2025 оны 09 сарын 24 өдөр | Дугаар 320/ШШ2025/01072 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *** сумын ** дугаар багт оршин суух, Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 320/2025/01102/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо оролцлоо.
Нэхэмжлэгч Д.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Б миний бие Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1970 онд төрсөн. Бага насаа эцэг эхийн асрамжинд өсөж бойжин бүрэн дунд боловсрол эзэмшин, 1988-1993 онд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын тресстэд нормын ажилчнаар ажиллаж байсан.
Д.Б миний бие тэтгэврээ тогтоолгох гэтэл Аймгийн архивын лавлагаагаар миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, чөлөөлсөн зарим нэг тушаалууд гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон зэрэг шалтгааны улмаас миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. 1990-2000 оны хоорондох улсаас нөхөн олгосон олговорыг би аваагүй. Зарим хэсгийг өөрөө төлсөн.
Иймд Д.Б миний 1991 оны 01 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, БНМАУ Улсын барилгын хорооны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, 17051761 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ****** дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 2-8 дугаар тал)
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 30/1123 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-11 (А) маягтын төрснийг бүртгэх анкетийн хуулбар, (хх-ийн 27-28 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 11/602 дугаартай албан бичгээр ирүүлсэн БНМАУ Улсын барилгын хорооны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 29-32 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 30/1124 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 33-36 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 556 бүртгэлийн дугаартай Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хх-ийн 47 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Архивын хэлтэсийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11/667 дугаартай албан бичгээр ирүүлсэн БНМАУ Улсын барилгын хорооны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбарууд (хх-ийн 51-69 дүгээр тал) зэрэг баримтыг тус тус бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивын лавлагаагаар миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, чөлөөлсөн зарим нэг тушаалууд гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон.
1991 оны 01 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шаардсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трест нь зах зээлийн системд шилжиж байгаатай уялдаж хамт олноос гарсан санал, хууль хяналтын байгууллагын зөвлөгөө, аймгийн Ардын хурлын 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Д.Б г ажлаас чөлөөлсөн болох нь Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 11/602 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай тушаал, уг тушаалын 4-р анги 47 гэх дэс дугаарт Д.Б , ажилчин гэх бичилттэй хавсралтын хуулбар зэргээр нотлогдлоо. (хх-ийн 29-32 дугаар тал)
Үүнээс үзэхэд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трест нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилчдаа чөлөөлөн татан буугдаж, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн байхад нэхэмжлэгч нь 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд ажилчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Б гийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Б.Д-ийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ