Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ДШМ/1209

 

 

 

 

 

 

    2024         10             31                                         2024/ДШМ/1209

 

Г.А, Г.Э нарт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

яллагдагч Г.А, түүний өмгөөлөгч Д.О,

яллагдагч Г.Эийн өмгөөлөгч Б.Г, Д.М,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/1521 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжиний бичсэн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаар эсэргүүцлийг үндэслэн Г.А, Г.Э нарт холбогдох эрүүгийн 2302005790475 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн  Г.Э, 1964 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалтын байцаагч ажилтай, ам бүл 3, нөхөр, охины хамт ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../;

Шү овгийн  Г.А, 1972 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч, нягтлан бодогч мэргэжилтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалтын байцаагч ажилтай, ам бүл 3, нөхөр, охины хамт .....................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;

Яллагдагч Г.А нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 дахь хэсэгт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт /Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх/, 37.1.2 дахь хэсэгт “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж,

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Т” ХХК-ийн захирал З.Ттай уулзаж, түүний өөрт нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн “Ачтан эмнэлгийн эмч Даваагийн Эг “Т" ХХК-д 2014 оноос 2019 оны хооронд 1 сарын 1,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан мэтээр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тэтгэврийн хэмжээг өндрөөр тогтоолгох” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “Даваагийн Э”-г “Т” ХХК-д ажилласан байдлаар нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэж өгнө гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд З.Таас 15,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

Улмаар Г.А нь З.Таар дамжуулан 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “... “Т” ХХК-ийн нэр дээр Д.Эг тус компанид ажилласан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн бүртгүүлэх...” хууль бус хүсэлтийг гаргуулан, хүлээн авч, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын байцаагч Г.Этэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2300063 дугаартай “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай” хууль бус, хуурамч актыг гаргаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд З.Таас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрандаа 5,400,000 төгрөгийн үнэ бүхий Делл /Dell OptiPlex 3070 desktop/ загварын 2 ширхэг суурин компьютерыг хахуульд авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Яллагдагч Г.Э нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт, шалгалтын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холблогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 дахь хэсэгт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт /Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх/, 37.1.2 дахь хэсэгт “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, яллагдагч Г.Атай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн,

“Т” ХХК-ийн захирал З.Таас 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “... “Т” ХХК-ийн нэр дээр Д.Эг тус компанид ажилласан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн бүрдүүлэх...” гэсэн хууль бус хүсэлт гаргасныг хүлээн авч,

Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2300063 дугаар “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай” хууль бус, хуурамч актыг гарган, дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар З.Таас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрандаа 5,400,000 төгрөгийн үнэ бүхий Делл /Dell OptiPlex 3070 desktop/ загварын 2 ширхэг суурин компьютерыг хахуульд авсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

 Г.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг судалж үзээд Г.А, Г.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, гэмт хэрэг гарсан цаг хугацааг тодорхойлохдоо З.Тын мэдүүлгээр тодорхойлсон байх бөгөөд түүний хамаарал бүхий этгээдүүдээс мэдүүлэг авч мэдүүлгийн эх сурвалжийг нарийн сайн тогтоогоогүй байна. Хэргийн нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн нотлогдоогүй байна. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тухайн өдөр ажиллаж байсан ажилтан болох гэрчүүдээс мэдүүлэг авч энэ байдлын тодруулах, яллагдагч Г.Ад компьютер өгөөд байгаа үйл баримтыг тогтоох зорилгоор камер байсан эсэхийг шалгах, бусад шаардлагатай ажиллагааг хийх, 2020 онд хяналтын байцаагчаар хэн хэн ажиллаж байсныг тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Архив албан хэрэг хөтлөлтийг хэн хийдэг, дотоод журмаараа ямар зохион байгуулалттай байдаг эсэхийг шалгах, тухайн этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, яллагдагчаар татсан тогтоолд прокурор нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлт оруулж байгаа тохиолдолд яллагдагч болон түүний өмгөөлөгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй оролцуулах, танилцуулах ёстой. Үүнийг зөрчжээ. Яллагдагчаар татсан тогтоолд прокурор нэмэлт өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана гэж заажээ. Дээрх үндэслэлээр Г.А, Г.Э нарт холбогдох эрүүгийн 2211 01773 2032 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.А, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд, анхан шатны шүүх “...яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг яллагдагч болон түүний өмгөөлөгчид танилцуулаагүй, эрхээр нь хангаагүй гэж дүгнэжээ. Гэтэл мөрдөгч хяналтын прокурорын өөрчлөлт оруулсан тогтоолыг яллагдагч Г.А, Г.Э нарт танилцуулсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж хуульчилжээ. Дээрхээс мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин шүүхийн ийнхүү хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох арван тохиолдлыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тодорхой заасан ба хуульд тусгайлан нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцож, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болно.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, прокуророос яллаж буй баримтуудыг няцаан үгүйсгэж чадаагүй атал хэргийн үйл баримтаас хальж, хэрэгт хамааралгүй 2020 онд ажиллаж байсан хяналтын байцаагч болон 2020 онд камер байсан эсэх талаар хэрэгт ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзнэ. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоож, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож ...” гэж тус тус заасан байна. Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ бөгөөд анхан шатны шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна гэж үзнэ. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1521 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Г.Агийн өмгөөлөгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын яллагчийн эсэргүүцэл биелэгдэх боломжгүй, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах буюу захирамж ойлгомжгүй, хэргийн хэмжээ хязгаараас хэтэрсэн гэдэг үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Өмгөөлөгч миний зүгээс мөрдөн байцаалтын шатнаас Г.Агийн өмгөөлөгчөөр оролцсон. Шүүгчийн захирамжид дурдсан хүсэлтийг би хавтаст хэргийн 118 дахь хуудсанд тэмдэглэгдэн дурдсан, удаа дараа прокурор, мөрдөгчид өгч байсан. Энэ хэрэг хэт нэг талыг барьсан буюу Т ба түүний хамаарал бүхий этгээдүүдээр миний үйлчлүүлэгчийг гүтгэсэн байх магадлалтай тул бусад баримтаар нотлоод өгөөч гэсэн хүсэлтийг албан ёсоор бичгээр гаргаж байсан. Үүнийг прокурор, мөрдөгч хүлээж авч, хангаагүй тул Улсын ерөнхий прокурор хүртэл гомдол гаргаж явсан. Улмаар шүүхийн шатанд ирж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт үндэслэлээ тайлбарласан. Шүүгчийн захирамж нь улсын яллагчийн бичсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн зүйл огт байхгүй. Мөн шүүгчийн захирамж хэмжээ, хязгаараас хэтэрсэн гэсэн үйл баримтыг ярьдаг ч өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхлээд л хэргийн материалд Т ба түүний дүү, эхнэр гэсэн хамаарал бүхий этгээдүүд мэдүүлэг өгөөд байхад 4 жилийн өмнө болсон үйл явдлыг тогтоохын тулд бусад байдлаар нотлоод өг гэсэн. Учир нь, тухайн үед ажлын байранд нь аваачиж өгсөн 5,400,000 төгрөгийн компьютер гэсэн үйл баримтыг тогтоохын тулд тухайн өдөр ажиллаж байсан ажилтнуудыг гэрчүүдийг асуугаад өгөөч гэсэн. Энэ үед Ковидын нөхцөл байдалд байсан тул төрийн байгууллага руу гэрч гэх нөхөр ороод 2 ширхэг компьютер оруулж өгсөн гэдэг үйл баримт үгүйсгэгдэнэ. Үүнийг нотлогдсон гэж үзвэл гэрчүүдээр ямар оврын, ямар компьютер, эд зүйл авч орж байгаа нь камерт бичигдсэн, эсхүл ямар байдлаар рапортод бичигдсэн, Г.Атай уулзсан  гэх тухайн өдрийн үйл баримтуудыг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Энэ бол хэрэгт ач холбогдолтой. Мөн Т Эгээс 10,000,000 төгрөг авсан үйлдэл нь данснаас дансны хооронд нотлогддог. Гэтэл энэ нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байдаг. Акт гарсан болон Эгээс Тын авч байгаа мөнгөний, мөн Т компьютер авч байгаа цаг хугацаа бүгд зөрүүтэй. Үүнтэй нийцүүлж акт гаргасан нь хэрэг гэж үзвэл шалтгаан, нөхцөл нь юу вэ гэдгийг мөрдөгч, прокурор тогтоох ёстой. Гэтэл Т өөрөө Хан-Уул дүүргийн цагдаагийн газар шалгуулаад ирэхээрээ Г.А руу гүтгэсэн үйл баримт хэргийн материалаас харагддаг. Тиймээс шүүх үүнийг зөв дүгнэж, хэргийн материалыг шүүгч Баярмаа “Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судалж үзэхэд шүүхэд шилжүүлэх үндэслэл байхгүй, дараах үндэслэлээр өмгөөлөгч Д.Оийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна, учир нь нотолбол зохих асуудал нотлогдоогүй байна, үйл баримтыг нотолж байгаа баримт хэт нэг талыг барьсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн учраас бусад байдлаар нотол” гэсэн зарчмыг барьж буцаасан. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй байх үндсэн зарчмыг хангасан, хэргийн хэмжээ хязгаараас хэтрээгүй. Энэ талаарх хүсэлтээ би мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гаргаж ирснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсч байна. Тиймээс прокурорын эсэргүүцэлд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл огт байхгүй, хэмжээ хязгаараас хэтэрсэн зөрчилгүй. Зөвхөн Т ба түүний хамаарал бүхий этгээдүүдийн мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд зааснаар буруутгаж болохгүй. Цагаатгах талын нотлох баримтуудыг мөрдөгч, прокурор цуглуулах ёстой. Хэт нэг талыг барьсан үйл баримт биш, хууль ёсны ба үндэслэл бүхий байх, шударга ёсны зарчмыг баримталж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийг хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч, зөв харж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзээд ийм дүгнэлтийг гаргасан. Иймд шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Би тэр үед орлого, шимтгэлийн тасгийн дарга биш хяналтын тасгийн дарга байсан. 15,000,000 төгрөгийг би акт бичихдээ “Актынхаа төлбөрийг төлөөрэй” гэдэг шаардлага тавьсан. Гэтэл түүнийг өөртөө авах гэж байгаа мэтээр тайлбарлаж мэдүүлэг өгсөн байсан. Үүнд нь гомдолтой байна. ...” гэв.

Яллагдагч Г.Эийн өмгөөлөгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн Г.Эийн хүсэлтээр шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцсон. Урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон ба шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцэлд бичгээр өгсөн тайлбараа шүүх бүрэлдэхүүнд тайлбарлах ёстой байх. Эсэргүүцлийн нэгдүгээрт, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа мөрдөгч яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан тул  эрхийг нь хангасан гэж байна. Шүүгчийн захирамжид эрхийг нь хангаагүй гэж үзсэн. Үүний үндэслэлийг дараах зүйлээр тайлбарлаж болох юм. Тодруулбал, ямар ч хүн яллагдагчаар татагдсан бай Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-т зааснаар тайлбар, мэдүүлэг өгөх эрхтэй ба уг эрхийг нь хязгаарласан гэж шүүх дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 3.14.б-д зааснаар яллагдагч өөрийн оногдуулсан ял, зэмлэлийн талаар бүрэн мэдээлэл авч, түүнийг эсэргүүцэх боломжтой байхаар зохицуулсан. Энэ тайлбарыг аваагүй нь эрхийг нь хангаагүй гэж үзэх үндэслэл болно. Хэрэв энэ эрхийг нь хангахгүйгээр үргэлжлүүлбэл энэ процессыг дараа дараагийн шүүхэд хангах бололцоогүй. Хоёрдугаарт, шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй ба үүнийг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дурдсан. Гэрч З.Т, түүний эхнэр Эрдэнэчимэг, үеэл дүү Т гэсэн ашиг сонирхол нэгтэй 3 хүний мэдүүлгээр Г.Эийг шууд буруутгах үндэслэлгүй. Шүүх захирамждаа бусад гэрчүүдийг байцаа гэсэн нь 2020 оны 05 дугаар сард Ковид эрчимтэй гарч, тусгай хуулиар зохицуулагдан төрийн байгууллагууд цахимаар ажиллаж байсан үе юм. Тиймээс иргэдийг хүлээж авдаггүй байсан. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст оройдоо жижүүр ажиллаж, өдөртөө байдаггүй. Өдөр нь угтах үйлчилгээ гэж улсын байцаагч нар гаднаас ирж буй иргэдтэй уулзаад дээш нь оруулдаггүй байсан. Шүүгч энэ үйлдлийг шалгаж, тухайн үед ямар байцаагч нар ажиллаж байсан, түүнд холбогдох архивын материалуудыг өмгөөлөгч Д.М мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчид өгсөн боловч аваагүй. Хэрэв авсан бол 05 дугаар сарын 12-ны өдөр хаагуур явж байгаад том овортой зүйлсийг төрийн байгууллага руу оруулсан болох нь хэнд ч харагдана. Нөгөө талаар тухайн байгууллагад камер байсан бол камерын бичлэгт үлдсэн байх магадлалтай. Үүнийг эргэлзээгүй тогтоож байж Г.Э, Г.А нарын гэм буруутай асуудлыг хэлэлцэн тогтоох бололцоотой. Энэ асуудлыг шалгаж тогтоогоогүй тохиолдолд гэм буруугийн асуудлыг хэлэлцэхэд хүндрэлтэй, эргэлзээтэй байна гэсэн үг. Мөн нийгмийн даатгалын улсын байцаагч нар ээлжээр угтах үйлчилгээнд ордог байсан тул энэ материалууд байгууллагын архивт байх боломжтой. Иймд эдгээр асуудлыг тогтоогоогүй тул гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж шүүгч захирамж гаргасан нь үндэслэл бүхий бөгөөд хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна. ...” гэв.

Яллагдагч Г.Эийн өмгөөлөгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эсэргүүцлийн 2-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэж гомдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор бодитой хэрэгжүүлээгүй. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой байтал үүнийг мөн хэрэгжүүлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцдаа тухайн хийх заалтуудыг хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт болох улсын байцаагчийн акт нь зохих салбарын хуулийн дагуу зөвшөөрөгдсөн, дугаар бүхий хэвлэл, маягтаар үйлдэгдсэн, тухайн байгууллагын дотоод журмын дагуу дугаар авагдсан эсэх, тухайн хэргийн талаар өгсөн гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байтал дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Улсын байцаагчийн актыг хуурамчаар үйлдсэн гэдэг боловч актын дугаарыг мөрдөгч буруу асууснаас болж нийгмийн даатгалын байгууллагын алба хаагч нар мэдүүлэхдээ “Ийм дугаартай акт манай байгууллагад бүртгэлгүй байна” гэсэн хариу өгсөн. Энэ асуудлаар өмгөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцаад анхнаасаа буруу дугаар асуусан байх тул үүнийг дахин асууж өгнө үү гэж лавласан. Гэтэл “Хэргийн материалд авагдсан улсын байцаагчийн актын дугаар манайд бүртгэлтэй байсан, ийм тоот хэвлэл, маягт дээр энэ хоёр байцаагч акт үйлдсэн байна” гэсэн хариуг өгсөн. Үүнийг дээд шатны прокурорт гомдол гаргахдаа хавсарган өгч, хэрэгт бэхжүүлэхээр хүсэлт гаргасан. Мөн гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй буюу нэг бол гурвуулаа очсон юм шиг, эсхүл хоорондоо таньдаг, таньдаггүй юм шиг мэдүүлсэн байхад ийм зөрүүтэй мэдүүлгээр хүнийг буруутгаж болохгүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлгийн нүүрэлдүүлэн мэдүүлэг авах, мэдүүлгийг шалгах, таньж олуулах ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.А, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.” гэж заасан.

Харин анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарсан цаг хугацааг З.Тын мэдүүлгээр тодорхойлсон, эх сурвалжийг нарийн сайн тогтоогоогүй тул Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тухайн өдөр ажиллаж байсан ажилчдаас мэдүүлэг авах,

яллагдагч Г.Ад компьютер өгөөд байгаа үйл баримтыг тогтоох зорилгоор камер байсан эсэхийг шалгах, бусад шаардлагатай ажиллагааг хийх,

2020 онд хяналтын байцаагчаар хэн хэн ажиллаж байсныг тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

архив албан хэрэг хөтлөлтийг хэн хийдэг, дотоод журмаараа ямар зохион байгуулалттай байдаг эсэхийг шалгах, тухайн этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах,

яллагдагчаар татсан тогтоолд прокурор нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд яллагдагч болон түүний өмгөөлөгчийг зайлшгүй оролцуулах, танилцуулах ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаахдаа дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийснээр шүүх шийдвэр гаргахад зайлшгүй ач холбогдолтой гэж үзэхэд учир дутагдалтай бөгөөд шүүх хуралдаанд шаардлагатай оролцогчдыг бүрэн оролцуулж, талуудын эрх тэгш мэтгэлцээний дүнд хэрэгтэй гэж үзсэн зарим зүйлийг нотлох боломжтой байна гэж үзэв.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/1521 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Билгүүжиний бичсэн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаар эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.

Яллагдагч Г.А, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/1521 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Г.А, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

                                             ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ