| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 375 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч Б.Тулга /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдын Тулгад холбогдох эрүүгийн 1809018410333 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Монгол Улсын Үндэсний Их Сургуульд эрх зүйчээр цагийн багш эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 34-425 тоотод оршин суудаг гэх, /Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 14 дүгээр байрны 11 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Болдын Тулга, /РД: ХГ77072072/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Тулга нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 34-425 тоотод оршин суух гэртээ бага насны өөрийн төрсөн хүүхэд хохирогч Т.Тэнхлүүнийг зодож биед нь баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Тулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Эрүүгийн 1809018410333 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Тулга нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би буйдан дээр зурагт үзээд сууж байсан. Тэгсэн чинь газарт манай хүүхдийн бишгүүр хөгжим байхаар нь аваад жоохон үлээсэн чинь хөгжим дотор нь шүлс орохоор нь бишгүүр хөгжмийг голоор нь дөрөв хэсэг салгачихсан цэвэрлээд байж байхад манай хүүхэд Тэнхэлүүн гүйж ирээд “та одоо миний хөгжмийг эвдлээд хаячихлаа” гээд орилоод байхаар нь “эвдэлсэн ч яадгийн дахиад аваад өгнө за юу” гэж хэлээд хүүгийнхээ толгой руу нэг удаа гараараа цохисон чинь хүү зөрүүлээд миний толгой руу гараараа нэг удаа цохиод авахаар нь гэнэт уур хүрээд буйдан дээрээс босож ирээд “чи яасан даварсан хүүхэд вэ” гэж хэлсэн чинь хүү надаас айгаад цаашаа гүйгээд сандал тээглээд газарт уначихсан юм. Тэгэхээр нь хүүгийн нүүр лүү нэг удаа хөлөөрөө өшиглөөд авсан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/.
Насанд хүрээгүй хохирогч Т.Тэнхэлүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 34-425 тоотод гэртээ аав Тулга, дүү Тэнгэрлэн нарын хамт байж байсан юм. Тэгсэн чинь манай аав Тулга нь миний бишгүүр хөгжим бариад буйдан дээр суучихсан хөгжмийн үлээдэг хэсгийг салгачихсан сууж байхаар нь “ааваа наадах чинь миний сургуулийн хөгжим ш дээ” гэж хэлсэн. Би уурлаад “битгий салгаад бай” гэж хэлсэн чинь миний толгой руу гараараа нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд аавынхаа толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авсан чинь аав буйдан дээрээс босч ирэхээр нь би айсандаа нөгөө өрөө рүү зугтаад гүйсэн. Гүйх үедээ замдаа сандал хөлөөрөө тээглээд газарт уначихсан юм. Тэгсэн чинь аав араас ирээд газарт унасан байхад миний толгой хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Гэрч Ч.Нарантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 23-ний өдөр сургууль амарсан болохоор хүүхдүүдээ гэртээ аавтай нь үлдээгээд ажилдаа явсан. Гэтэл 14 цагийн үед хүү маань ярьсан. Тэрээр аав намайг зодоод нүд хавдсан, шүд хугарсан гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹4234 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, Хүүхэд хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт /хх-ийн 23-36 дугаар хуудас/, гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /хх-ийн 37-42 дугаар хуудас/, Б.Тулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Тулга нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 34-425 тоотод оршин суух гэртээ бага насны өөрийн төрсөн хүүхэд болох насанд хүрээгүй хохирогч Т.Тэнхэлүүнтэй зүй бусаар харьцаж улмаар зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Тулгын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Т.Тэнхэлүүний мэдүүлэг, гэрч Ч.Нарантуяагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4234 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь өөрийн төрсөн хүү болох насанд хүрээгүй Т.Тэнхэлүүний толгой, нүүрэн тус газарт цохиж, хөлөөрөө өшиглөсөн зэргээр хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Тулгыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй зөв харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Б.Тулга нь насанд хүрээгүй хохирогч Т.Тэнхэлүүний эцэг болох нь тэдгээрийн мэдүүлэг, гэрч Ч.Нарантуяагийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогджээ.
Шүүх шүүгдэгч Б.Тулгад ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Тулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Улсын яллагчаас “ ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тулгад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн санал дүгнэлт гаргасан боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь бага насны хүүхдийн эрхийн эсрэг харгис хэлбэрээр үйлдэгдсэн байх тул тухайн зүйл заалтад заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжгүй гэж шүүх үзсэн болохыг тэмдэглэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “ ...хүүгийн бие эдгэрсэн, аав нь хүүгээ эмнэлгээр авч явж эмчлүүлсэн. Одоо бидэнд санал, гомдол байхгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 63/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Тулга нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.