Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2026/0342

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э*******,

Хариуцагч: Сангийн яам,

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.*******,

Хариуцагч: Эдийн засаг, хөгжлийн яам,

Хариуцагч Эдийн засаг, хагжлийн яам итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Т*******,

Маргааны төрөл: концессын гэрээтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т*******, түүний өмгөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус холбогдуулан “Монгол Улсын Засгийн газар болон “Э*******” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Ө******* аймгийн төвийг нийслэлтэй холбосон автозамын “*******”-ийн уулзвараас ******* сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барих-шилжүүлэх концессын гэрээний үлдэгдэл төлбөр болох “/концессын гэрээний 1.15-д заасны дагуу концесс эзэмшигч “Э*******” компанид учирсан ханшийн зөрүүний алдагдал/ болох 3,393,945.49 ам.доллар буюу 12,174,557,638 төгрөгийг баталгаажуулж, уг төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Үндэсний хөгжлийн газрын эрх залгамжлагч Эдийн засаг, хөгжлийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

Концесс эзэмшигч “Э*******” компанид төлбөл зохих 3,393,345.49 ам.доллар буюу 12,174,557,638 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллага буюу Монгол Улсын Их Хуралд хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

  1. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 264 дугаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” тогтоолоор Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Ө******* аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “*******”-ийн уулзвараас ******* сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессын гэрээг  “Э*******” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээнд зарцуулагдах 39,018,597.0 ам доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарт үүрэг болгож шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр “Концессоор хэрэгжүүлэх авто замын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 4 дэх заалтаар “… “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 264 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн “39.018.597.0 … гэснийг “35,922,290.00 …” гэж өөрчилсүгэй. …” гэж өөрчлөлт оруулсан байна.
  2. Монгол Улсын Засгийн газар болон “Э*******”  ХХК нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Ө******* аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “*******”-ийн уулзвараас ******* сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барих-шилжүүлэх (BT) концессын гэрээ байгуулсан.

3.1. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулалтаар дээрх концессын гэрээнд “…1.21 дэх заалтын “3 сарын” гэснийг “8 сарын” гэж өөрчлөн найруулсан, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулалтаар “… 1.7 дахь заалтын “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө” гэснийг “2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө” гэж өөрчлөн найруулсан,

3.2. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 05/21 дүгээр нэмэлт, өөрчлөлт оруулалтаар “…1.7 дахь заалтын “2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө” гэснийг “2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө” гэж өөрчлөн найруулж, /концессын гэрээний 1.13-т заасан эргэн төлөлтийн хуваарийг 28,737,832.00-2022 оны 06 сарын 30-ны өдрөөс өмнө, 7,184,458.00-2023 оны 06 сарын 30-ны өдрөөс өмнө/ гэж өөрчилж, 2.28-д “Концесс эзэмшигч нь зөвлөхийн үлдэгдэл зардлыг эрх бүхий этгээдийн шаардсан хугацаанд нэн даруй шилжүүлэх үүрэгтэй.” гэснийг “Концесс эзэмшигч нь зөвлөхийн үлдэгдэл зардлыг эрх бүхий этгээдийн дансанд дараах хуваарийн дагуу шилжүүлэх үүрэгтэй” гэж өөрчлөн найруулж, /150,000,000.00-2021 оны 06 сарын 11-ний өдөр, 300,000,000.00-2021 оны 07 сарын 05-ны өдөр, 500,000,000.00-2021 оны 08 сарын 15-ны өдөр, 965,842,612.00-2021 оны 09 сарын 10-ны өдөр/ гэж, 2.29-д “Концесс эзэмшигч нь энэхүү гэрээний 2.28-д заасан хугацаанд зөвлөхийн үлдэгдэл зардлыг эрх бүхий этгээдэд шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хоцорсон хоног тутамд зөвлөхийн үлдэгдэл зардлын үнийн дүнгийн 0.01%-ийн алдангийн эрх бүхий этгээдэд төлнө. Эрх бүхий этгээд нь алдангийг концесс эзэмшигчид өгөх төлбөрөөс үл маргах журмаар суутган авна” гэсэн заалт нэмсэн өөрчлөлтийг тус тус хийсэн байна.

  1. Тодруулбал, дээрх төслийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө дуусган ашиглалтад оруулах талаарх дээрх нэмэлт, өөрчлөлт оруулахаар зохицуулж, улмаар 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06/10/21 дүгээр “Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлт”-ээр ажлыг хүлээлгэн өгсөн.
  2. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч компани руу дараах байдлаар тооцон шилжүүлсэн байна. Үүнд:

Огноо

Мөнгөн дүн /төгрөг/

  1.  

2022.07.06

10,000,000,000.00

  1.  

2022.07.08-ны өдөр шилжүүлсэн нь 2022.07.18-ны өдөр шилжүүлэгдсэн

10,000,000.00

  1.  

2022.07.19

9,990,000,000.00

  1.  

2022.08.11

2,969,600,000.00

 

2022 онд

22,969,600,000.00

  1.  

2023.05.26-ны өдөр шилжүүлсэн нь 2023.05.29-ний өдөр ирсэн

36,746,463,927.36

  1.  

2023.05.31

2,086,994,742.64

  1.  

2023.05.31

3,000,000,000.00

  1.  

2023.06.14

1,030,457,217.73

  1.  

2023.06.14

2,000,000,000.00

  1.  

2023.06.16-ны өдөр шилжүүлсэн нь 2023.06.19-ний өдөр ирсэн

38,803,001,452.27

 

2023 онд

83,666,917,340.00

 

Нийт

106,636,517,340.00

 

  1. Нэхэмжлэгчээс дээрх гэрээнд заасан ханшийн зөрүүний 3,393,945.49 ам.долларыг улсын төсөвт тусгуулахыг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 25/25 дугаар албан бичгээр Сангийн яаманд, мөн өдрийн 25/24 дүгээр албан бичгээр Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус хүсэлт гаргасан байна.
  2. Ийнхүү тус албан бичгүүдэд хариу өгөөгүй тул шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасныг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2025/5128 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 221/ШТ2025/0727 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон байна.
  3. Улмаар татгалзсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс материал ирүүлснээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2025/8144 дүгээр захирамжаар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 221/ШТ2026/0039 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
  5. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “… Нэг. Хэргийн үйл баримтын тухайд:

Манай компани нь Монгол Улсын Засгийн газартай 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Ө******* аймгийн төвийг Нийслэлтэй холбосон автозамын “*******”-ийн уулзвараас ******* сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барих-шилжүүлэх концессын гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу ажлыг гүйцэтгэн 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүрэн барьж, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн 06/10/21 тоот акт, дүгнэлтээр ашиглалтад оруулж, хүлээлгэн өгсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 264 дүгээр тогтоолын 3 дахь заалт, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолын 4 дэх заалтад заасны дагуу концессын гэрээний үнийг 35,922,290.00 доллар байхаар гэрээний 1.6-д зааж, тус гэрээний 1.13-т заасан хуваарийн дагуу төлөх үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээсэн байдаг.

Улмаар концессын гэрээний дагуу төлөх төлбөрийг 2022, 2023 онуудад дараах байдлаар төлсөн.

Д/д

Огноо

Харилцагч

Авсан санхүүжилт /төгрөгөөр/

Тухайн өдрийн монголбанкны хаалтын албан ханш

Авсан санхүүжилт /Ам.доллар/

1.

2022.07.06

Э******* ХХК дансаар

10,000,000,000.00

3,144.66

3,179,994.022

2.

2022.07.18

Э******* ХХК дансаар

10,000,000.00

3,150.14

3,174.46

3.

2022.07.19

Э******* ХХК дансаар

9,990,000,000.00

3,153.70

3,167,707.77

4.

2022.08.11

Э******* ХХК дансаар

2,969,600,000.00

3,181.44

933,413.8

 

2022 онд хүлээн авсан нийт дүн

22,969,600,000.00

 

7,284,290.06

5.

2023.05.30

Э******* ХХК дансаар

36,746,463,927.36

3,447.92

10,667,574.40

6.

2023.05.31

Гаалийн хаалт /******* ХХК/

2,086,994,742.64

3,447.50

605,364.68

7.

2023.05.31

Гаалийн хаалт /******* ХХК/

3,000,000,000.00

3,447.50

870,195.79

8.

2023.06.14

Гаалийн хаалт /******* ХХК/

1,030,457,217.73

3,439.93

299,557.61

9.

2023.06.14

Гаалийн хаалт /******* ХХК/

2,000,000,000.00

3,439.93

581,407.18

10.

2023.06.19

Э******* ХХК дансаар

38,803,001,452.27

3,436.15

11,292,580.78

 

2023 онд хүлээн авсан нийт дүн

83,666,917,340.00

 

24,306,680.45

 

Нийт дүн

106,636,517,340.00

 

31,590,970.51

Гэтэл тус ханшийг үндэслэн шилжүүлсэн нийт үнийн дүн нь 31,590,970.51 ам.доллартай тэнцэж байгаа нь дээр дурдсан Засгийн газрын шийдвэрүүд болон концессын гэрээний 1.6-д заасан үнээс 3,393,945.49 ам.доллароор дутуу байгаа болно /Монгол Улсын Аудиторын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/35 тушаалаар баталгаажуулсан Аудитын тайланг үндэслэн хассан 937,374.00 ам.долларыг хассанаар тооцсон/

Концессын гэрээнд заасан төлбөрийг шилжүүлсэн үнийг дүнг тооцож үзэхэд манай компанид төлсөн нийт мөнгөн төлбөрийг шилжүүлэхдээ зөвхөн тухайн жилийн төсөвт суулгах зохицуулалт бүхий гэрээний 1.14-т заасан “...эргэн төлөлтийг тухайн жилийн төсөвт тусгахдаа Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу тухайн үеийн өдрийн Монгол банкны зарласан ханшаар хөрвүүлж тооцно...” гэсэн заалтыг үндэслэн зөвхөн төсөвт суулгах үеийн ханшаар нь манайд тооцож шилжүүлсэн байдаг. Дээрх байдлаар ханшийн зөрүүнээс үүсэх аливаа нөхцөлийг талуудын хооронд байгуулсан концессын гэрээний 1.15-д “... хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс эргэн төлөх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигчид алдагдал гарах тохиолдолд уг алдагдлыг дараагийн төлбөрт нөхөн тусгана” гэж тодорхой зохицуулсан ба улсын төсөвт суулгахдаа тооцсон болон эргэн төлөх өдрийн ам.долларын ханшийн зөрүүний дагуу манай компанид 3,393,945.49 ам долларын бодит алдагдал үүсээд байна.

Дээрх ханшийн зөрүүний алдагдал нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн Авто зам барилга угсралтын ажлын гүйцэтгэлд огт дурдагдаагүй бөгөөд манай компаниас удаа дараа ханшийн зөрүүний алдагдлын талаар тооцоо нийлэх хүсэлтийг хүргүүлсэн боловч шийдвэрлэж өгөөгүй болно. Манай компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 264 тогтоол, концессын гэрээний 1.15-д заасныг үндэслэн концессын гэрээний үлдэгдэл төлбөр буюу концесс эзэмшигчид учирсан ханшийн зөрүүний алдагдал болох 3,393,945,49 ам.доллартай тэнцэх төлбөрийг төгрөгөөр тооцож 2026 оны улсын төсөвт тусгах саналыг эрх бүхий байгууллагад өргөн мэдүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 25/24, 25/25 дугаар албан бичгүүдээр Монгол Улсын Сангийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус хүргүүлсэн боловч хуульд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлэхгүй, хариу өгөлгүй өнөөдрийг хүргэж байна.

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс татгалзсан болон Монгол Улсын Сангийн яамны Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 264 тогтоолоор хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байгаа эс үйлдэхүйн улмаас манай компани нь 3,393,945.49 ам.доллар буюу 12,174,557,638 (2025.07.30-ны өдрийн Монголбанкны ам долларын ханш 3587.14 төгрөг) төгрөгийн төлбөрийг дутуу авч эрх ашиг маань зөрчигдөж байгаа болно.

Хоёр. Эрх зүйн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болох тухайд:

2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг буцаан хэрэглэхгүй...” 2 дугаар зүйлд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулагдсан концессын гэрээ болон бусад дагалдах гэрээний нөхцөл нь хүчин төгөлдөр хэвээр байхаар заасан. Дээрх хуульд заасны дагуу Концессын тухай хуулийн хүрээнд байгуулагдсан гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны гэрээнд тооцогдох тул манай гаргасан нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байх ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 001/XT2024/0067 дугаар тогтоолоор 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө байгуулагдсан концессын гэрээтэй холбоотой аливаа маргааныг харьяалал нь Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдан шийдвэрлэхээр заасан болно.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах нь яамны эрхлэх нийтлэг ажилд хамруулахаар заасан болно. Концессын тухай хуулийн 4.1.2.-т зааснаар “Барих-шилжүүлэх”-концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тул талуудын хооронд байгуулсан Концессын гэрээний 1.13-т заасан хэмжээ бүхий хөрөнгө оруулалтыг нөхөж авах эрхтэй ба хариуцагч нар нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 264 дүгээр тогтоолыг биелүүлж, концесс эзэмшигч “Э*******” ХХК-д гэрээний дагуу олгохоор заасан 35,922,290.00 ам долларыг бүрэн шилжүүлэх ёстой болно. Гэтэл хариуцагч нар нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмаар” хамгаалагдсан итгэл хамгаалагдахгүй болсон сөрөг үр дагавар үүсэж, эрх нь зөрчигдөж байгаа болно.” гэжээ.

10.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаж буй концессын гэрээ нь тухайлан зохицуулсан хуультай мөн, тодорхой харилцааг зохицуулдаг. Төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой ажил гүйцэтгэх харилцаа биш. Барих-шилжүүлэх нөхцөлөөр хийгдэж байгаа концессын гэрээ нь Засгийн газрын тогтоол дээр дурдсан гэрээний үнэ, гэрээнд заасан үнийг баталгаа болгон концесс эзэмшигч концессыг ажлыг авдаг. Эцсийн бүлэгт бид нар энэ ажлыг хүлээлгэн өгсөн бол энэ мөнгийг авна гэдэг байдлаар бүх гарч болох эрсдэл, алдагдлыг хүлээж оролцдог харилцаа байгаа. Талуудын хооронд байгуулсан концессын гэрээний үндэслэл болсон гэрээний дүнг Засгийн газрын тогтоолоор баталсан. Энэ концессын гэрээг хийх эрхийг Засгийн газрын тогтоолоор олгосон. Гэрээний дүнд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтийн дагуу гэрээ байгуулсан. Концессын гэрээний 1.6-д 35,922,290.00 ам.доллартой тэнцэн төгрөг байна гэснээ илэрхийлсэн. Энэ нь өөрөө авах хэлбэрийн төгрөг юм. Гэрээний үнэ нь ам.доллароор илэрхийлэгдэж байгаа нөхцөл байдал байгаа. Нэхэмжлэгч тус дүнд итгэж концессын ажлыг хүлээн авсан. Нотлох баримт шинжлэн судалж байхад хариуцагч талаас алдагдал, зээлийн хүү, бусад алдагдлыг бүгдийг нь тооцоолж оролцсон байна гэсэн. Энэ нь урьдчилж тооцоолж байгаа таамаглал юм. Бид нарын тооцоолж болохгүй ханшийн зөрөөний асуудал гэж гарч ирнэ гэдгийг 2 тал хүлээн зөвшөөрсөн. Концессын гэрээн дээр маш олон хийгддэг жишиг заалтууд байдаг. Шүүхээр шийдвэрлэгдсэн олон зүйл байдаг. Энэ нөхцөл байдлыг концессын гэрээний 1.15-д заасны дагуу зохицуулна. Танай алдагдлыг бид нар хариуцна. Мөн улсын төсвөөс хариуцна гэсэн баталгааг төр өгч байгаа. Бид нар энэ итгэл үнэмшлээр концессын гэрээг байгуулсан. Олон жил хугацаа сунгасан асуудал байгаа. Бүх зүйлийг үл хайхран бүх зүйлээ зориулаад ажлыг бүрэн хүлээлгэж өгсөн. *******г холбосон зам байдаг. Бүх хүмүүс энэ замаар явж байгаа. Ажлыг нь бүрэн хүлээлгэж өгсөн. Бид нар хийсэн ажлынхаа хариу төлбөрийг гэрээнд заасан дүнгээрээ авах эрхтэй. Доллароор орох ёстой мөнгө төгрөгөөр илэрхийлэгдэн дансанд орж ирэх тэр өдрийн валютын ханшаар тооцож, нийт хэдэн доллар авсан гэдгээр бид нар тооцоолж гаргасан нь гэрээний 1.15-д бүрэн нийцэж байгаа. Хэрвээ ханшийн зөрүү нь эсрэгээрээ төрд ашиггүй байсан бол үүнийг хэрэглээд суутгаж аваад явах бүрэн боломжтой гэсэн үг. Манайд энэ нь эсрэгээрээ хэрэгжиж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэх баталгаа болсон тул бид нар баяртай байгаа. Энэ гэрээний хэрэгжилтийг хангуулах зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яамтай удаа дараа холбогдсон. Мөн мэргэжилтнүүдтэй нь холбогдсон. Тэгээд дүнгүүдээ солилцсон. Энэ дээр тодорхой албан ёсны хариу өгөхгүй байсан. Мөн тодорхой шийдэл гарч ирэхгүй байсан. Тэгээд эхний ээлжид нь асуулга явуулсан. Улсын төсөвт суулгаж, саналаа явуулна гэдгийг баталгаажуулах зорилгоор албан бичиг асуулгагүй өгсөн. Түүн дээр тодорхойгүй хариулт өгсөн. Цааш нь өргөн мэдүүлэх процессын ажиллагааг хийгээгүй. Мөн хийсэн талаарх ямар ч мэдээлэл байдаггүй. Хэрвээ хийсэн бол түүн дээр хариулт өгөх байсан байх. Ийм зүйл байхгүй байсан тул эцсийн бүлэгтээ Сангийн яаманд хандсан. Төлбөртэй холбоотой асуудлыг улсын төсөвт суулгах чиг үүргийг Сангийн яаманд шууд тогтоолоор олгосон. Засгийн газрын тогтоол гарсан байхад Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам нь Яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасныхаа дагуу Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал байгаа. Энэ нь үндэслэлгүй юм. Ямар ч тооцоолол хийгээгүй. Бид нартай тооцоо нийлэх ёстой байсан. Өөр концессын гэрээн дээр тооцоо нийлж баталгаажуулах акт үйлдэнэ гэсэн байдаг. Манай гэрээн дээр тийм зүйл байхгүй байна. Энэ нээлттэй байдлыг ашиглаад эд нар эс үйлдэхүй гаргаад байдаг. Цаашаагаа өргөн мэдүүлдэггүй нөхцөл байдалтай байна. Нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж зөрчиж байгаа нөхцөл байдал байгаа. Гэрээнд болон Засгийн газрын тогтоолд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Ийм эс үйлдэхүй аль аль яаманд байгаа. Энэ эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байна. Иймд эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү. Бид нар валютын ханшийг Монголбанкны ханшаар тооцож он цаг дарааллын дагуу бүх тооцооллыг гаргаж, төгрөгийг ам.доллар луу хөрвүүлэн нэгтгэхэд нэг дүн гарсан. Тус дүнг нэхэмжлэл гаргах үеийн төгрөгийн ханшаар илэрхийлсэн. Гэрээнд төгрөгөөр илэрхийлнэ гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс цаашид нэхэмжлэл гаргах санаа зорилго байхгүй. Энд байгаа асуудлаа энэ дүнгээрээ шийдүүлснээр энэ гэрээг хаах байр суурьтай байгаа. Хульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Засгийн газрын тогтоол концессын гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал байна. Хууль бус гэрээ, тогтоолтой нийцэхгүй нөхцөл байдал байгаа тул энэнээс гарч байгаа үр дагаврыг арилгах ёстой. Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яам нь Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэхтэй холбоотой Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан тодорхой цаглаврын дагуу үйл ажиллагаа, чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой төрийн захиргааны байгууллага юм. Манай гэрээний ханшийн зөрүүний үлдэгдэл төлбөр болох 3,393,945.49 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн төгрөгийн ханшаар 12,174,557,638 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгах санал дэвшүүлж Монгол Улсын Их Хуралд хүргүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яаманд даалгаж өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гүлжан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “… Сангийн яам нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглабарын дагуу жилийн төсвийн төслийг нэгтгэн боловсруулж хуульд заасан хугацаанд Засгийн газарт хүргүүлдэг. Төсвийн ерөнхийлөн захирагч нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2-т “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох” гэж, 14.2.3-т “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тус тус заасны дагуу концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дээрх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжилтийг улсын төсөвт тусгахаар ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд 102,328.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг, 22,969.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд 11,293.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг, 91,293.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр тусган дээрх 2 жилд улсын төсвөөс нийт 114,263.7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгож бүрэн санхүүжүүлсэн байна.

Харин Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/1938 тоот албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын 2026 төсвийн төсөлд дээрх төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг нэмэгдүүлэх, ямар нэг үлдэгдэл санхүүжилттэй холбоотой санал ирүүлээгүй болно. Иймд Төсвийн тухай хуулийн 8 дугаар 8.4.3, 8.4.4 дэх заалтад заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж 2026 оны төсвийн төслийг 08 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлж хуулийн хүрээнд ажилласан тул Сангийн яамнаас эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байна.” гэжээ.

            11.1. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж Засгийн газарт хүргүүлж хуулийн хүрээнд ажилласан тул Сангийн яам эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “…Нэг. Нэхэмжлэгчийн зүгээс тус концессын гэрээг дүгнэн төлбөр, тооцооны асуудлаар тооцоо нийлж, концессын гэрээний эргэн төлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухайд:

Нэхэмжлэгч “Э*******” ХХК болон концессын эрх бүхий этгээд Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Ө******* аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “*******”-ийн уулзвараас ******* сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн санхүүгийн гүйцэтгэлийг харилцан баталгаажуулсан байдаг. Тус гүйцэтгэлийн акт нь гэрээгээр олгогдох санхүүжилтийг эцсийн байдлаар баталгаажуулан баримт бичиг тул түүнд үндэслэн гүйлгээ хийгддэг. Тус актын дагуу Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Э*******” ХХК-д 2022 онд 22,969,600,000.00 төгрөг /гүйцэтгэлийн актаас өмнө шилжүүлсэн төлбөр/, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 83,666,917,340.00 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3,136,273,489.25 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээт ажлын санхүүжилтийг бүрэн олгоод байна. Нэхэмжлэгчийн зүгээс валютын ханшийн зөрүүг баталгаажуулж, олгохыг шаардаж буй боловч 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр уг төслийн гүйцэтгэлийг баталгаажуулж, тооцоо нийлэхдээ валютыг тухайн ханшаар тооцож төлбөр авахыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэгчийн зүгээс өмнө баталгаажуулсан гүйцэтгэлийн баримт бичиг, буюу тооцоо нийлсэн актыг үгүйсгэж валютын зөрүү гэх 3,393,945.49 ам доллар буюу 12,174,557,638 төгрөгийг улсын төсөвт тусгуулахаар шаардах эрхгүй юм.

Хоёр. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тухайд:

Нэхэмжлэлд дурдсан асуудлаар “Э*******” ХХК-ийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 23/75 дугаар албан бичиг, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 24/15 дугаар албан бичгээр тус тус валютын ханшийн зөрүү баталгаажуулах хүсэлтийг Эдийн засаг, хөгжлийн яаманд ирүүлж байсан. Тус хүсэлтэд “талууд тус асуудлаар харилцан тохиролцож барилгын ажлын гүйцэтгэл, тооцоо нийлсэн акт зэргийг үйлдэж баталгаажуулсан тул валютын ханшийн зөрүүг баталгаажуулах үндэслэлгүй байна” гэх хариуг Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03/2220, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 03/1905 дугаар албан бичгүүдээр тус тус “Э*******” ХХК-д хүргүүлж, татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Э*******” ХХК-ийн ирүүлсэн хүсэлтэд ямар нэгэн хариу өгөхгүйгээр эс үйлдэхүй үзүүлж байсан удаагүй ба тухай бүр татгалзаж шийдвэрлэж байсан болно. Дээрх албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан татгалзсан үйлдэл буюу захиргааны актад хамаарах ба нэхэмжлэгчийн зүгээс тус асуудлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч нь Эдийн засаг, хөгжлийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03/2220 татгалзлыг хүлээн авснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр жил хагасын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн байж болзошгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

    1. Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Концессын гэрээний 1.15-д заасан зохицуулалтыг хэрэглэх талаар талуудын өөр өөр байр суурь байгаа нь хуралдааны явцад тодорхой болсон. Концессын гэрээний 1.15-д заасан заалт нь үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журам нь илт өөрөөр ойлгогдохоор томъёлогдсон байна. Иргэний хуулийн 193 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг гүйцэтгэх журам, хэлбэр нь ойлгомжгүй байгаа тохиолдолд шударга ёсны зарчмыг баримтлан энэхүү үүрэг гүйцэтгэх механизмыг тодорхойлно. Концессын гэрээний 1.15-д зааснаар манайх төлбөрийн валютын ханшийн эрсдэлээ зохицуулж, шийдвэрлүүлэх, валютын эрсдэл хийх зохицуулалт нь өөрөө хязгаарлагдмал байна. Нэхэмжлэгч талаас валютын ханшийн зөрүүний алдагдлыг хязгааргүй хугацааны туршид нэхэх боломж олгодог гэж ойлгогдоод байна. Энэ дээр шүүх зарчмаа баримтлаад яаж хэрэглэх ёстой байсан эсэх дээр хууль зүйн тайлбар өгөх байх гэж бодож байна. Анх концессын гэрээ байгуулахад төлбөрөө 3 жил дараалж хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, 2020, 2021, 2022 онд хийх ёстой байсан. Энэ 3 жилийн хугацааны валютын ханшны эрсдэлийг дундажлаж менежмент хийх, хоёр талд аль алинд нь ашигтай байх, мөн явц дундаа валютын ханшийн зөрүүг тооцоод явна гэсэн зорилгоор хийгдсэн байх ёстой. Нотлох баримт шинжлэн судлах явцад бид нар 2022 онд төсвийн тооцоо хийж байсан гэдэг нь тодорхой харагдсан. Хэрвээ шүүх нэхэмжлэгч талд 35,922,290.00 ам.доллартой тэнцэх төгрөг олгогдох ёстой гэж шийдэх тохиолдолд аудитаас хасаж тооцсон 2,9 тэрбум төгрөг, гүйцэтгэлийн баталгааны дагуу авч үлдсэн дүн, нэхэмжлэгчид сүүлд олгосон 3,100,000,000 орчим төгрөгийг хасах нь зүйтэй гэж үзэж байна. Бид нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Төсвийн тухай хуульд зааснаар манай төсвийн ерөнхийлөн захирагч буюу Эдийн засаг, хөгжлийн яамнаас төсвийн санал хүргүүлээгүй тохиолдолд төсвийн төсөл дээр санал тусгуулах боломжгүй. Тэр тогтоол дээр яагаад тусгасан бэ гэхээр манайхаас санал хүргүүлчхээд байхад тэр саналыг үндэслэлгүйгээр хасахгүй гэдэг агуулгаар Засгийн газрын тогтоолд тусгасан байдаг. Энэ дээр Сангийн яамны эс үйлдэхүй байхгүй байна.” гэжээ.
    2. Хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны өмгөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэрээний 1.14, 1.15 дахь заалтад дүгнэлт өгөх ёстой. Сүүлд нэмэлт өөрчлөлт орсон байсан. Нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдсэн тооцоо нийлсэн акт нь бид нарын ярьж байгаа тайлбар юм. Үүгээр гэрээ дууссан гэдгийг хангалттай илэрхийлж байна. Тухайн үед гэрээ байгуулагдаад цаашид төлбөрийн үүрэг хүлээхгүй гэдэг агуулга байгаа. Гэрээний 1.15 дахь зохицуулалт нь эрсдэл хувааж байгаа хэлбэр юм. Нэхэмжлэгч талаас ханшийн зөрүүний алдагдлаа яаж олох процесс зохицуулалт нь өөрөө гэрээнд байхгүй байна гэж ярьж байна. Гэрээний 1.15 дахь заалт нь төлбөр хийх үеийн ханш байгаа. Гэрээний гүйцэтгэлд мөнгөн дүн бүрэн төлөгдөж, ажил хүлээлцсэн акт үйлдэгдэхээс өмнө нэхэмжлэгч тал өөрсдөө нэхэмжлээд тооцоо нээлгэнэ. Улсын төсөвт 2023 оны тооцоо нийлсэн акт үйлдэж байхад 3194 төгрөгийн ханшаар гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдэж байгаа тооцоо нийлсэн акт гэдгийг тухайн үед мэдэж байсан. Мэдэж байсан тул өөрсдөө маягтаа бөглөж өгсөн. 06 дугаар сарын 19-ний өдөр сүүлийн төлбөр хийгдсэний дахиж нэхэмжилсэн байна. Гэрээний 1.15-д заасан тасалбар болгох буюу дараагийн төлбөр байхгүй болсон хугацааны дараа нэхэмжлээд байгаа нь өөрөө ямар ч үндэслэлгүй байна. Мөн ойлгомжгүй процессоор нэхэмжлээд байгаа гэсэн үг. Тооцоо нийлсэн акт, алдагдлыг баталгаажуулах ёстой гэж ярьж байна. Алдагдал баталгаажуулах хүсэлтэд гэрээний хэрэгжилтийг явцад ямар ч сонирхол илэрхийлж байгаагүй нь өөрөө асуудалтай байна. Төлбөр хийгдсэний дараа хожим мэдсэн юм шиг нэхэмжлээд байна. 12 тэрбум төгрөгийг үндэслэлгүйгээр гэрээнд заасан зохицуулалт, сүүлд батлагдсан нэмэлт өөрчлөлтийг үгүйсгэсэн байдлаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ дээр захиргааны акт эсвэл захиргааны гэрээтэй холбоотой маргаан уу гэдгийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангалттай хэмжээнд дүгнэх боломжгүй болж байна. Иймд зайлшгүй урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шат дамжлага болон бүх асуудлыг дүгнэх ёстой гэж үзэж байна. Энэ дээр анхнаасаа нэхэмжлэл гаргах үндэслэл байгаагүй. Нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэлээ өөрөө эс үйлдэхүй гэж байгаа нь магадгүй урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөвтгөх үндэслэл байсан байж болно. Зөвтгөх үндэслэл зорилгоор хийгдсэн байх боломжтой юм шиг байна. Иймэрхүү ойлгомжгүй асуудал үүсэж байна. Өөрсдөө татгалзлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг агуулгыг дурддаг. Тухайн үед уулзаад ханшийн зөрүүг баталгаажуулахын тулд хөөцөлдөж байсан. Тэгээд ямар ч ажиллагаа хийгээгүй гэж дурддаг боловчиг гэрээ байгуулаад мөнгөн төлбөр шилжсэний дараа өөрсдөө ханшийн зөрүүний алдагдал гэж тайлбарлаж байгаа зүйлээ нэхэмжилж орж ирж байна. Түүнд ямар ч хариу өгөөгүй, эс үйлдэхүй гаргаад цаашаа явуулаагүй гэдэг асуудлыг ярьдаг боловчиг эс үйлдэхүй гаргаж байгаа гэж үндэслэж байгаа. Тэгэхдээ албан бичгээр бид нар хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний үүрэг дүйцсэн гэдэг агуулгаар хангалттай мэдэгдсэн. Иймд байхад Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яам эс үйлдэхүй гаргасан байна гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. Энэ асуудал дээр шүүх дүгнэлт өгөх байх гэж бодож байна. Анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Хэргийн үйл баримтын тухайд.
    1. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар болон  “Э*******” ХХК-ийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Ө******* аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “шар тээг”-ийн уулзвараас ******* сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто зам төслийн барих-шилжүүлэх (ВТ) концессын гэрээ байгуулсан.
    2. Уг гэрээний 1.6-д зааснаар нийт хөрөнгө оруулалт нь 35,992,290.00 ам.доллартой тэнцэх төгрөг байхаар гэрээний үнийг тохирч гэрээлжээ.
    3. Улмаар 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, гэрээнд “... Концесс эзэмшигч нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гэснийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө болгон өөрчлөлт оруулж, мөн Концессын гэрээний 1.13-т заасан эргэн төлөлтийн хуваарьт дараах байдлаар өөрчлөлт оруулсан байна.

Төлбөрийн дүн /ам.доллар/

Төлбөрийн дүн /үсгээр/

Төлбөр гүйцэтгэх огноо

1

28,737,832.00

Хорин найман сая долоон зуун гучин долоон мянга найман зуун гучин хоёр

2022 оны 06 сарын 30-ны өдрөөс өмнө

2

7,184,458.00

Долоон сая нэг зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун тавин найм

2023 оны 06 сарын 30-ны өдрөөс өмнө

    1. Гэрээний дагуу 2021 оны 12 дугаар сарын 27-ны Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн 06/10/21 тоот дүгнэлтээр ашиглалтад оруулжээ.
    2. Улсын төсвөөс концессын гэрээний төлбөрийг “Э*******” ХХК-д 2022 онд 22,969,600,000 төгрөг, 2023 онд 83,666,917,340 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байна.
    3. Улсын төсвөөс гэрээний дагуу нийт төгрөгөөр шилжүүлсэн төлбөр болон хуваарийн дагуу шилжүүлсэн эсэх дээр талууд маргаан байхгүй талаараа тайлбарласан, харин нэхэмжлэгчээс төгрөгөөр төлсөн төлбөрийг төсөвт суулгах үеийн ханшаар суутган шилжүүлснээр ханшийн зөрүүний үлдэгдэл гарсан гэж үзэж маргасан.
  1. Нэхэмжлэгчээс “...2022 оноос 2023 оны хооронд нийт 106,636,517,340 төгрөгийг төлбөр төлсөн, уг дүнг нэхэмжлэгчид төлбөр шилжүүлсэн өдрийн долларын ханшаар тооцон нэгтгэхэд нийт 31,590,970.51 ам.доллар болсон бөгөөд нэхэмжлэгчтэй анх тохирсон гэрээний нийт дүн болох 35,992,290.00 ам.долларт хүрэхгүй буюу 3,393,945.49 ам доллар буюу 12,174,557,638 төгрөгөөр дутуу байгаа. Уг төлбөр бол ханшийн зөрүүний үлдэгдэл гэрээний 1.14-д зааснаар зөвхөн төсөвт суулгах үеийн ханшаар тооцож шилжүүлсэн зөрүүнээс уг алдагдал үүссэн гэж, 
    1. Хариуцагчаас “...гэрээний дагуу гэрээт ажлын санхүүжилтийг бүрэн олгож, тооцоо нийлсэн, тооцоо нийлэхдээ валютыг тухайн ханшаар тооцож төлбөр авахыг хүлээн зөвшөөрсөн...” гэж тус тус маргаж байна.
  2. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах, Концессын тухай (2010 оны) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.-т зааснаар “Барих-шилжүүлэх”-концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх”, 6 дугаар зүйлийн 6.2-т Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 6.2.8-д концессын гэрээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, хяналт тавих, концессын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, 23 дугаар зүйлийн 23.1-д “23.1.Гэрээний талууд харилцан тохиролцож концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.” гэж тус тус заажээ.
  3. Концессын гэрээний 1.14-т Энэхүү Гэрээний 1.13-т заасан эргэн төлөлтийг улсын тухайн жилийн төсөвт тусгахдаа Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу тухайн үеийн өдрийн Монгол банкны зарласан ханшаар хөрвүүлж тооцно. 1.15-д Энэхүү гэрээний 1.13-т заасан хуваарийн дагуу хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс эргэн төлөх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигчид ашиг гарах тохиолдолд дараагийн төлбөрөөс уг ашгийг хасаж тооцох бөгөөд хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс эргэн төлөх өдрийн гадаад валютын ханшийн зөрүүнээс концесс эзэмшигчид алдагдал гарах тохиолдолд уг алдагдлыг дараагийн төлбөрт нөхөж тусгана.” гэж тус тус ханшийн зөрүүний талаар гэрээнд тусгажээ.
  4. Хэрэгт цугларсан баримтуудыг судлан үзэхэд концессын гэрээний дагуу хариуцагч ханшийн зөрүү буюу концессын гэрээний үлдэгдэл олгохгүй байгаа, баталгаажуулахгүй  байгаа эс үйлдэхүй хууль бус гэх үндэслэл тогтоогдохгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
  5. Нэг. 2022 оны концессын төлбөрт ханшийн зөрүүний алдагдал үүссэн эсэх.
    1. Улсын төсөвт 2022 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтын Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх “барих-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалтын I.1.1.6-д зааснаар Ө******* аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “*******”-ийн уулзвараас ******* сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто зам төсөлд 22,969.600,000 төгрөгийг суулгасан байна.
    2. Улмаар уг төлбөрийг шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс эргэн төлөх өдрийн гадаад валютын ханшаар гаргаж өгөөгүй гэж маргаж, хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс эргэн төлөх өдрийн гадаад валютын ханшаар тооцсон тооцооллыг гаргаж өгсөн ба уг тооцоололд 2022 онд төлсөн 22,969.600,000 төгрөгийг эргэн төлөх өдрийн долларын ханшаар тооцоход 7,284,290.60 ам.доллар байхаар тооцсон байдаг.
    3. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Эдийн засаг, хөгжлийн яамны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 03/813 тоот “Санхүүжилтийн эрх нээлгэх тухай” албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн хүсэлтэд “...Монгол улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар төслийн санхүүжилтэд 22,969,600,000 төгрөг батлагдсан, 2022 оны 07 дугаар сарын 05-аас 08 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр тус санхүүжилт олгогдсон. Дээрх 4 удаагийн гүйлгээ хийгдсэн өдрийн Монгол банкны албан ханшаар хөрвүүлэн олгосон санхүүжилтийг ам.долларт шилжүүлж олгосон санхүүжилтийг гарган, үлдсэн 28,618,760 ам.долларыг 2023 оны Улсын төсөв боловсруулах үеийн албан ханшаар 1 ам.доллар нь 3190 төгрөгтэй тэнцэх ханшаар тооцоолон Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар тус төслийн санхүүжилтэд 91,293,800,000 төгрөг батлагдсан...” гэж дурдсан байдаг.
    4. Гэтэл нэхэмжлэгчийн концессын гэрээний нийт үнэ болох 35,992,290.00 ам.доллароос 2023 оны төсөвт суулгахаар тооцсон 28,618,760 ам.долларыг хасаж үзэхэд нэхэмжлэгчийн хийсэн тооцооллоор эргэн төлөх өдрийн долларын ханшаар тооцсон дүн болон нэхэмжлэгчидтэй тооцоо нийлсэн баримт дээр 2022 онд төлсөн ам.долларын хэмжээтэй таарч байгаагаар нэхэмжлэгчид 2022 онд төсөвт суусан төлбөрийг эргэн төлөх өдрийн долларын ханшаар тооцон төлсөн нь тогтоогдож байгаа юм.
    5. Нэхэмжлэгчээс хэдий хариуцагч ийм албан бичиг явуулсан хэдий ч тэгж тооцсон гэдгийг батлахгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй, учир нь 2022 онд төлсөн төлбөрийг ханшийн зөрүүний алдагдал гарахааргүй дүнгээр хасаад үлдсэн 28,618,760 ам.долларыг 2023 онд улсын төсөв боловсруулах үеийн албан ханшаар тооцсон нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар тус төслийн санхүүжилтэд 91,293,800,000 төгрөг батлагдсанаар тогтоогдож байна.
    6. Иймд хариуцагчаас 2022 онд батлагдсан 22,969,600,000 төгрөгийг гүйлгээ хийгдсэн өдрийн Монгол банкны албан ханшаар хөрвүүлэн нэхэмжлэгчид бодож олгосон улмаар нийт төлөх ам.доллароос хасаж, үлдэгдэл төлбөр болох 28,618,760 ам.долларыг төсөвт суулгасан байх тул нэхэмжлэгчээс 2022 онд ханшийн зөрүүний алдагдал гарсан төсөвт суулгах үеийн ханшаар тооцсон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
  6. Хоёр. 2023 оны Концессын төлбөрт ханшийн зөрүүний алдагдал үүссэн эсэх.
    1. 2023 оны Улсын төсөв боловсруулах үеийн албан ханшаар 1 ам.доллар нь 3190 төгрөгтэй тэнцэх ханшаар тооцоолон Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар тус төслийн санхүүжилтэд 91,293,800,000 төгрөг батлагдсан.
    2. Улмаар нэхэмжлэгчид 2023 оны Концессын гэрээний төлбөрт 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 83,666,917,340 төгрөг төлсөн байна.
    3. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг дахин байгуулсан бөгөөд уг гэрээгээр “...Концессын гэрээний 1.16.1-т “Энэхүү гэрээний 1.13-т заасан эргэн төлөлтийг Засгийн газраас төлөхдөө 2023 оны улсын төсөвт туссан санхүүжилтийн эргэн төлөлтөөс энэхүү гэрээний 1.12-т заасан төслийн барилгын ажлын өртгийг суутган, үлдэгдэл санхүүжилтийг концесс эзэмшигчийн Капитрон банкны 3096004614 тоот төгрөгийн дансанд, Худалдаа хөгжлийн банкны 417041191 тоот төгрөгийн дансанд концесс эзэмшигчийн ирүүлсэн албан хүсэлт, нэхэмжлэл, энэхүү гэрээ, Үндэсний аудитын газрын баталгаажуулсан дүгнэлт болон холбогдох баримт бичгийг тус тус үндэслэн шилжүүлнэ.”  гэсэн заалтыг нэмсэн байдаг.
    4. Концессын гэрээний 1.12-т “Гэрээний 1.9 болон 1.10 дах хугацаа дуустал Эрх бүхий этгээд нь төслийн барилгын ажлыг өртгийн 5 хувьтай тэнцэх ам.долларыг энэхүү гэрээний 1.13-т заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтөөс суутган авах бөгөөд гэрээний 1.10 дахь хугацаа дууссан тохиолдолд өртгийг концесс эзэмшигчид шилжүүлнэ.” гэж заасны дагуу нэмэлт гэрээгээр зүгшрүүлэх, тохируулах баталгаат хугацааг уг дүнгээр үлдэгдэл төлбөрөөс хасаж заасан хугацаа дууссаны дараа уг дүнгээр шилжүүлэхээр тохиролцсон байна.
    5. Талууд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Авто зам барилга угсралтын ажлын гүйцэтгэл №1 актаар тооцоо нийлсэн акт үйлдэж, гүйцэтгэлийн хүлээж авч хянасан хэсэгт нэг талаас Эдийн засаг, хөгжлийн яамны албан тушаалтнууд, нөгөө талаас “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан байдаг.
    6. Уг актад бүгд дүн 35.992.290 ам.доллар, 2022 онд авсан санхүүжилт 7,284,290 ам.доллар буюу 22,969,600,000 төгрөг, Гэрээний үлдэгдэл төлбөр 28,638,000 ам доллар буюу 91,293,800 төгрөг гэж тодорхойлоод үүнээс Баталгаат хугацааны барьцаа 4,256,659,599 төгрөг, туузан хашлага /дутуу ажил/ 380,000,000 төгрөг, аудитаас хянаж хассан дүн 2,990,223,060 төгрөгийг хасаад, санхүүжилт авах дүн хэсэгт 83,666,917,340 төгрөг гэж тэмдэглээд Баталгаат хугацааны барьцаа болон туузан хашлагийн зардлыг нөхцөл биелсэн үед санхүүжүүлнэ гэж тэмдэглэсэн байна.
    7. Улмаар сүүлд буюу 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Барьцаа хөрөнгийн зардлын эрх олгох жагсаалт гэх баримтаар одоо олгох дүн хэсэгт 4,636,659,599.50 төгрөг үлдэгдэл дүн 2,990,223,060.50 гэж тэмдэглэн баталгаажуулан олголт хийсэн байдаг.
    8. Мөн Эдийн засаг хөгжлийн яамнаас Сангийн яам руу холбогдох зардлыг хасаад үлдэгдэл санхүүжилтийг хүссэн албан бичгүүд болон нэхэмжлэгчээс Эдийн засгийн хөгжлийн яам руу уг дүнгээр зөвшөөрч санхүүжүүлэхийг хүссэн албан бичгүүд нь хэрэгт авагдсан байдаг.
    9. Нэхэмжлэгчээс уг дүнг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг бөгөөд гэрээний нийт хөрөнгө оруулалтын төлбөрөөс тодорхой хэмжээнд хасах дүнг заасан байх боловч нэхэмжлэгчээс гаргасан тооцооллоор анх 35.992.290 ам.доллароор гэрээлсэн одоо өгсөн төгрөгийг ам.доллар руу шилжүүлэхэд 31,590,970.51 төгрөг болж байгаа, үүнээс аудитын тайлангаар хасагдах дүн 937,374.00  ам.долларыг хасаад үлдсэн төлбөр 3.393.945.49 төгрөг нь ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, нийт төлөх гэрээний дүнгээс тодорхой зардлууд хасагдсан үүнийг нэхэмжлэгчээс тооцоо нийлсэн актаар болон нэмэлт гэрээнд зааснаар хүлээн зөвшөөрөөд холбогдох хасалтууд хийгдсэн байх тул нэхэмжлэгчийн уг тооцоолол үндэслэлгүй байна.
    10. Шүүхээс нэхэмжлэгчийн тооцоолол болон уг дутуу үлдсэн үлдэгдэл бүгд ханшийн зөрүүний үлдэгдэл мөн эсэх болон ингэж тооцох нь зөв  эсэх тал дээр шүүх хуралдаан дээр тодруулсан боловч уг тооцооллоороо маргаж байгаа болохоо илэрхийлсэн болно.
    11. Мөн гэрээний 1.14, 1.15-д тус тус заасны дагуу хэрвээ ханшийн зөрүүний алдагдал концесс эзэмшигчид үүссэн гэж үзвэл дараа оны төсөвт суулгах байдлаар ханшийн зөрүүний асуудлыг шийдвэрлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгчээс ханшийн зөрүүний алдагдал үүссэн эсэх талаар 2022-2023 онуудад бичгээр хүсэлт гаргаж байгаагүй нь тогтоогдсон.
    12. Түүнчлэн дээрх 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр холбогдох зардлыг хасаад концесс эзэмшигчийн албан хүсэлт, нэхэмжлэл, энэхүү гэрээ, үндэсний аудитын газрын баталгаажуулсан дүгнэлт болон холбогдох баримт бичгийн тус тус үндэслэн шилжүүлэхээр тохиролцож, уг гэрээгээр 2023 онд төлөгдөх үлдэгдэл төлбөртэй холбоотой нэмэлт зохицуулалтыг хийж талууд зөвшөөрч гэрээлсний дагуу холбогдох баримтуудаар тооцоо нийлээд, улмаар нэхэмжлэгч уг дүнгээр хүлээн зөвшөөрснөөр гэрээний төлбөр шилжигдэж дууссан ба нэхэмжлэгчээс үйлдэж гаргасан гэх тооцоо нийлсэн актаар санхүүжилт авах 83,666,917.340 тэрбум төгрөгийг хүлээн зөвшөөрснөөр ханшийн зөрүүний алдагдал гараагүй, талууд уг дүнгээр тохиолцсон, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
  7. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч захиргааны байгууллагууд нь нэхэмжлэгчид ханшийн зөрүү олгохгүй байгаа, баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэх үндэслэл тогтоогдсонгүй түүний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.8, 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газар болон “Э*******” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Ө******* аймгийн төвийг нийслэлтэй холбосон автозамын “*******”-ийн уулзвараас ******* сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барих-шилжүүлэх концессын гэрээний үлдэгдэл төлбөр болох “/концессын гэрээний 1.15-д заасны дагуу концесс эзэмшигч “Э*******” компанид учирсан ханшийн зөрүүний алдагдал/ болох 3,393,945.49 ам.доллар буюу 12,174,557,638 төгрөгийг баталгаажуулж, уг төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхгүй байгаа хариуцагч Сангийн яам болон Үндэсний хөгжлийн газрын эрх залгамжлагч Эдийн засаг, хөгжлийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Концесс эзэмшигч “Э*******” компанид төлбөл зохих 3,393,345.49 ам.доллар буюу 12,174,557,638 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналыг эрх бүхий байгууллага буюу Монгол Улсын Их Хуралд хүргүүлэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.МӨНХДЭЛГЭР