| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2408000000184 |
| Дугаар | 2024/ДШМ/1138 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1138
2024 10 10 2024/ДШМ/1138
М.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч Г.Баяржаргал,
шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч М.Төмөрцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/857 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Б, Г.О, А.Э, М.Г нарт холбогдох 2408 00000 0184 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Р овогт Э-ны Б, .... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ........... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “С -О” ХХК-д операторч ажилтай, ам бүл 1, ............. гэх газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;
2. О овогт Г-н О, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ............ ажил хийдэг, ам бүл 2, хүүхдийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./;
3. У овогт А-н Э, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ........... ажил хийдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......./;
4. А овогт М-н Г, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Ж К” ХХК-д менежер ажилтай, ам бүл 1, ................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................. тоотод түр оршин суух, /РД: ............/,
Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 318 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 88 дугаар зүйлийн “б”, 109 дүгээр зүйлийн “б”, 169 дүгээр зүйлийн “б”-д зааснаар нийт 6 жилийн хорих ял шийтгүүлж, Улаанбаатар хотын шүүхийн 1988 оны 7 дугаар арын 15-ны өдрийн 202 дугаар магадлалаар 1986 оны Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж сулласан,
Октябрийн районы шүүхийн 1992 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлд зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 5 жил 4 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 10 сар 20 хоногийн хорих ял шийтгүүлсэн,
Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Октябрийн районы шүүхийн 1992 оны 186 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 4 жил 4 сар 27 хоногийн хорих ялыг нэмж, 6 жил 4 сар 27 хоногийн хорих ял шийтгүүлсэн,
Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 68 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 5 жил 1 сар 19 хоногийн хорих ялыг нэмж, 7 жил 1 сар 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн,
Нийслэлийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 71 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 134 дүгээр тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 5 жилийн хорих ял шийтгүүлсэн;
Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс ховор амьтны жагсаалтад орсон Алтайн хойлог гэх гурван толгой шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, мөн дээрх шувууг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын зах дээр Г.О-д худалдсан,
шүүгдэгч Г.О нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын зах дээр Э.Б-с ховор амьтны жагсаалтад орсон Алтайн хойлог гэх гурван толгой шувууг худалдан авч, А.Э-т худалдсан,
шүүгдэгч А.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын зах дээр Г.О-с ховор амьтны жагсаалтад орсон Алтайн хойлог гэх гурван толгой шувууг худалдан авч, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эмээлт”-ийн хяналтын цэг хүртэл ..-.. БНА улсын дугаартай “Тоёота алфард” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт М.Г-д худалдахыг завдсан,
шүүгдэгч М.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр .............тоот гэртээ байхдаа ховор амьтны жагсаалтад орсон Алтайн хойлог гэх гурван толгой шувуу худалдан авахаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт оршин суух А.Э-н эзэмшлийн ..... дугаарын утас руу холбогдон захиалж, 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт худалдан авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Б, Г.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Б-г ховор амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, хадгалсан, худалдсан буюу Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.О-г ховор амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, худалдсан буюу Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.Э-г ховор амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, тээвэрлэсэн, бусадтай бүлэглэн худалдсан буюу Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 24.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М.Г-г бусадтай бүлэглэн ховор амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Г.О, М.Г, А.Э нарыг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Г-г 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, А.Э, Э.Б, М.Г тус бүрд оногдуулсан торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, А.Э, Э.Б, М.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тэдэнд анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа Алтайн хойлог шувууны 3 ширхэг бодгаль, Тоз-8-01 загварын бага калибрын винтов буу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор битүүмжлэгдсэн “Тоёота алфард” загварын .... БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжилснийг хүчингүй болгож, энэ талаар хууль ёсны эзэмшигчид нь мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч М.Төмөрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулсныг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, тус хуулийн заасныг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч нь Баянхонгор аймгийн худалдааны төв дээр арьс шир, түүхий эдийн худалдан авч борлуулдаг газар хааяа, амьжиргааны зардлаа олохоор зогсдог эгэл жирийн эмэгтэй. 2024 оны 01 дүгээр сарын дундуур зах дээр зогсож байхад Э гэгч нь хойлог шувууны мах асууж, эмчилгээнд хэрэглэх гэсэн юм гэж хэлсэн тул ховор амьтан тул олдохгүй байх гэж бодож “байхгүй” гэж хэлсэн. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зах дээр байж байтал үл таних 30 орчим насны залуу ирээд “3 ширхэг хойлогны мах байна, худалдаж авах уу” гэж асуухад нь Э захиж байсан тул түүний утас руу залгахад “авна аа” гэсэн. “Мөнгийг нь яах вэ” гэхэд “чи өгөөд явуулж бай, би очоод авъя” гэхэд нь мөнгийг нь өөрөө төлөөд тухайн хүнийг явуулсан. Э захисан болохоор л “чи хэдэн төгрөгөөр авах уу” гэж асуухад “135.000 төгрөгөөр авъя” гэсэн тул тэр үнээр нь өгсөн өөрөө бол 90.000 төгрөгөөр аваад талхныхаа мөнгийг гаргаж авсан гэдэг. Харин Б гэдэг залууг бол огт танихгүй Э-г захисан болохоор л аваад байж байсан. Э ч ирээд гурван хойлогны махыг аваад явсан. Монгол хүний, тусч өрөвч сэтгэлээр өвчтэй хавдартай юмуу хүнд тус болох гэсэн сайхан сэтгэлийн илэрхийлэл байсан. Үүнийг санаатай гэмт хэрэг гэхэд бас эргэлзээтэй гэж миний хувьд үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Г.О-н ам бүлийн байдлыг буруу бичсэнийг залруулах хүсэлттэй байна. Г.О-н нөхөр 2003 онд нас барсан, хоёр хүүхэд нь тусдаа гарсан, одоо нэг хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд анхан шатны шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлсөн, чин сэтгэлээсээ гэмшиж харамсаж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөн ганц бие өрх толгойлсон эмэгтэй, тогтсон ажил орлогогүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгуулийн ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг ямар нэгэн байдлаар эсэргүүцээгүй. Шийтгэх тогтоолыг үндэслэлтэй, зөв гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй. Засаг даргын тодорхойлолтоор Г.О-г амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэсэн байх боловч уг баримт нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөх баримт болж чадахгүй. Г.О нь хувиараа ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой хэмжээний орлоготой учраас анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг тэнсэх боломжгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Б, Г.О, А.Э, М.Г нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг, 36.8 дугаар зүйлд тогтоох хэсэгт тавигдах хуулийн шаардлагын талаар хуульчилсан.
Прокуророос М.Г-г ховор амьтны жагсаалтад орсон “Алтайн хойлог” гэх гурван толгой шувуу худалдан авахаар захиалсан, худалдан авахыг завдсан гэж үзэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх М.Г-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2 удаа ял шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлага хангаагүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ бүхий байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх М.Г-н “Алтайн хойлог” гэх гурван толгой шувуу худалдан авахыг завдсан гэж үзэн эрх зүйн дүгнэлт хийж, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан “худалдан авахаар захиалсан” гэх үйлдлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Үүнээс гадна, шүүгдэгч нар “Алтайн хойлог” гэх гурван толгой шувууг бие биедээ худалдан борлуулах замаар хууль бусаар ашиг орлого олсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хууль бусаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэх эсэх, цаашлаад уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцуулах, уг хөрөнгийн хураан авах эсэхийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/857 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хүчингүй болгож шийдвэрлэв.
Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/857 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Э.Б, Г.О, А.Э, М.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР