| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2026/0258/З |
| Дугаар | 128/ШШ2026/0537 |
| Огноо | 2026-05-25 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2026/0537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У******* овогт О*******ын Б*******, РД:ДБ*******,
Хариуцагч: Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******, Н.Б******* нарын хоорондын “Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “О.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2025 оны жилийн эцсийн (III, IV улирал) үр дүнгийн мөнгөн урамшуулал 2,171,000 төгрөг гаргуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/143 дугаар тушаалаар О.Б*******д “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан.
1.2. О.Б*******ас дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба тус зөвлөлөөс 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04/103 тоот албан бичгээр “... холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй байх тул маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна” гэх хариуг өгсөн.
1.3. Нэхэмжлэгчээс анх шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “О.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “2025 оны жилийн эцсийн (III, IV улирал) үр дүнгийн мөнгөн урамшуулал 2,171,000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч О.Б******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “О.Б******* миний бие Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
Улмаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Э.Б*******ээр албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/06 дугаар тушаалын 5 дугаар заалтаар Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2023 оны Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгосноор Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөн.
Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б******* нь 2025 оны Б/22, Б/112, Б/143 дугаартай тушаалаар 3 дахь удаагаа сахилгын шийтгэл ногдуулаад байна. Үүнд:
1. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны Б/22 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг Төрийн албан зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Тушаалууд хүчингүй болгох тухай” 300 дугаартай тогтоолоор хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгосон.
2. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсанд Төрийн албаны зөвлөлд 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гомдол гарган хариуг 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 06/2530 дугаартай албан бичгээр хариуг хүлээж авсан. Тус хариунд маргаан хянан шалгах комисс холбогдох баримтыг татан авч нягтлан шалгах ажиллагаагаар “О.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгосон болохыг мэдэгдээд хавсралтаар Биеийн тамир, спортын улсын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг ирүүлснээр хүчингүй болсон тухай мэдсэн. Уг тушаалын нэгдүгээр хэсэгт “... сахилгын шийтгэл ногдуулахдаа эрх зүйн актыг давхардуулан ногдуулсан...” гэжээ.
3. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/143 дугаар тушаалаар өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж хариуг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04/103 дугаартай албан бичгээр хүлээн авсан болно.
Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1213 дугаартай сөрөг дүгнэлт нь Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу аудитын дүнд үндэслэсэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан бөгөөд тайланд зөрчил илрүүлсэн, эдгээр зөрчил нь холбогдох хууль зөрчсөнийг тайлагнасан байна. Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1213 дугаартай сөрөг дүгнэлтээр хариуцлага ногдуулах талаар буруутай албан тушаалтныг нэр заан цохоогүй, хариуцлага тооцуулах талаар агуулга дурдаагүй, хариуцлага тооцуулахыг шаардаагүй байна.
Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1213 дугаартай сөрөг дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар чиглээгүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шинжийг агуулаагүй, мөн үүрэг бий болгоогүй, эрх хязгаарлаагүй захиргааны акт биш байтал сахилгын хариуцлага ногдуулах үндэслэл болгосон байна.
Төрийн захиргааны удирдлагын газрын даргад сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт заасны дагуу томилох эрх бүхий этгээд ногдуулна. Үндэсний аудитын газраас албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах талаар албан шаардлага ирүүлээгүй болно.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2 дахь хэсэгт Үндэсний аудитын газраас Биеийн тамир, спортын улсын хорооны 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланд хийсэн аудитаар “Сөрөг” дүгнэлт өгсөн тул буруутай албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцохыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад даалгасан байтал Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б******* нь “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, хяналт тавих хэрэгжүүлээгүйн улмаас 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн үүргээ гүйцэтгэлд хийсэн аудитаар “Сөрөг” дүгнэлт авсан зөрчил гаргасан” гэх үндэслэлээр хариуцлага тооцсон.
Тэмдэглэлд буруутай албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулахыг сайдад даалгасан мөн хэн буруутай, ямар хууль, журам хэрхэн зөрчсөнийг шалгаж тогтоолгүй сахилгын шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна.
Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б******* нь сахилгын шийтгэл ногдуулахдаа хууль болон журамд заасан зохицуулалтуудыг харгалзахгүйгээр хувийн шалтгаан, үзэмжээрээ сахилгын шийтгэл удаа дараа ногдуулж байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийн 37.1.2, 37.1.6, 37.1.13 дахь заалт, 39 дүгээр зүйлд заасан 39.1.2, 39.1.3 дахь заалт, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй бол Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтран баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын дагуу шалган тогтоогоогүй.
Үндэсний аудитын газар сөрөг дүгнэлтээр ирүүлсэн зөрчил нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б*******эд 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1213 дугаартай албан бичгээр ирсэн байтал Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасны дагуу сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй болно гэснийг зөрчсөн. Иймд холбогдох хууль, журам зөрчиж гаргасан хууль бус Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хууль бус 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/143 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын тушаалаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Улмаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаалын 5 дугаар заалтаар өмнө нь гаргасан тушаалыг хүчингүй болгосон тул томилгооны албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүргээс чөлөөлөгдсөн. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б******* 2025 онд Б/22, Б/112, Б/143 гэсэн 3 тушаалаар сахилгын шийтгэл дараалан ногдуулсан. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны Б/22 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг Төрийн албан зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Тушаалууд хүчингүй болгох тухай” 300 дугаартай тогтоолоор хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгосон. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байсныг Биеийн тамир, спортын улсын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/138 дугаар тушаалаар хүчингүй болгосон.
Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/143 дугаар тушаалаар өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж үзэж эс зөвшөөрч байна. Тухайн тушаалын үндэслэлд Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1213 дугаартай сөрөг дүгнэлт байдаг. Төрийн аудитын тухай хуулийн зарчмыг үндэслэн зөвлөмж бүхий аудитын тайланг хүргүүлсэн. Энэ тайланд тухайн Үндэсний аудитын сөрөг дүгнэлтээр буруутай албан тушаалтныг нэр заан цохоогүй, хариуцлага тооцуулах талаар агуулга дурдаагүй, хариуцлага тооцуулахыг шаардаагүй байна. Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1213 дугаартай сөрөг дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу тодорхой нэг тохиолдлыг зохицуулаагүй, эрх зүйн шууд үр дагавар бий болох захирамжилсан шийдвэрийг гаргуулаагүй, үүрэг болгоогүй, эрх хязгаарлаагүй захиргааны акт биш байхад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон байна. Мөн Төрийн захиргааны удирдлагын газрын даргын сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т зааснаар томилох эрх бүхий этгээд ногдуулах ёстой. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2 дахь хэсэгт Үндэсний аудитын газраас Биеийн тамир, спортын улсын хорооны 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланд хийсэн аудитаар “Сөрөг” дүгнэлт өгсөн тул буруутай албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцохыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад даалгасан байтал Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б******* нь “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Сөрөг” дүгнэлт авсан зөрчил гаргасан” гэх үндэслэлээр хариуцлага тооцсон. Сахилгын шийтгэл ногдуулахыг буруутай албан тушаалтныг тогтоож гэдэг байдлаар дурдсан байсан. Иймд тухайн албан тушаалтныг тогтоолгүй сахилгын шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна.
Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б******* нь сахилгын шийтгэл ногдуулахдаа хууль болон журамд заасан зохицуулалтуудыг харгалзахгүйгээр хувийн шалтгаан, үзэмжээрээ сахилгын шийтгэл удаа дараа ногдуулж байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийн 37.1.2, 37.1.6, 37.1.13 дахь заалтуудыг үндэслэл болгож тухайн тушаалуудыг гаргасан. Сахилгын шийтгэл ногдуулахдаа төрийн албаны нийтлэг үндэслэлийг зөрчсөн гэж харж байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12-д “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу би ямар нэгэн асуудал гаргаагүй. Миний бие өргөсөн тангарагтай үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдсан ашиг сонирхлын зөрчилд автагдсан байх, хууль бус шударга бус явдалтай эвлэрсэн зүйл байхгүй тул өргөсөн тангаргаа хэрхэн зөрчиж, нийтийн ашиг сонирхлоос хэрхэн хувийн ашиг сонирхолд автан хууль бус үйлдэл, шударга бус байдалтай эвлэрснийг тогтоогоогүй. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасныг баримтлан Төрийн захиргааны удирдлагын газрын дарга миний бие харьяа дээд байгууллагын албан тушаалтан болох Биеийн тамир, спортын улсын хорооны даргын түр орлон гүйцэтгэгч төсвийн шууд захирагч Э.Б*******ийн өгсөн үүрэг даалгавар, хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, мөн тогтоогоогүй. Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангахаар 2025 оны Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэл төлөвлөгөөг шууд удирдлагаар хэрэгжүүлж хагас болон бүтэн жилээр хангалттай үнэлэгдсэн. Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангаагүй гэдгийг тогтоогоогүй. Дээрх гурван үндэслэлийг тогтоохдоо Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоох журмын хэрэгжүүлж, үндэслэн шалгаж тогтоогоогүй гэж үзэж байгаа.
Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн талаар зохицуулсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” зэрэг хориглосон үйл ажиллагааг зөрчсөн гэж үзсэн. Төрийн захиргааны удирдлагын газрын дарга миний бие албаны үүргээ хэрхэн хэтрүүлсэн, ямар хуульд нийцээгүй шийдвэрийг гаргасан, энэ асуудлаар дээр дурдсан 2024 оны санхүүгийн гүйцэтгэлийн тайланд ямар нэгэн үг үсэг байхгүй. Ийм байдлаар Төрийн захиргаа удирдлагын газрын төсвийн ерөнхийлөн захирагчийн байгуулсан гэрээний үүргийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга өөрөө хүлээх ёстой. Миний бие тухайн эрх үүргийг хүлээж байсан хугацаа маань 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон тул 09 дүгээр сарын 11-ний өдөр гарсан тушаал нь Төрийн захиргаа удирдлагын газрын даргын чиг үүрэгт хамаарахгүй байгаа тул энэ үндэслэл боломжгүй юм. Мөн адил энэ үндэслэлийг Төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын дагуу шалгаж тогтоогоогүй.
Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэсэн Э.Б*******ийн гаргасан тушаалаар шийтгэл ногдуулахдаа Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.1-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. 09 дүгээр сарын 11-ний өдөр энэ заалтыг хэрэгжүүлэх хүн нь төсвийг төвлөрүүлэн захирагч Э.Б******* дарга өөрөө байгаа. Төрийн захиргаа удирдлагын газрын дарга энэ чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй. Иймд тухайн цаг хугацаанд хууль үйлчилж байгаа гэдэг үүднээс энэ хуулийн үндэслэл нь үндэслэлгүй.
Үндэсний аудитын газрын дүгнэлт тайлан байдаг. Энэ дүгнэлт тайлангаар Захиргааны байгууллагаас гаргасан зөвлөмж болон бусад агуулгыг агуулдаг, захирамжилсан шинжийг агуулаагүй, үүрэг эрхийг хязгаарлаагүй, захиргааны акт биш гэдэг асуудлыг тавьж байгаа. Би хуулийн үндэслэл болон тушаал гарсан процедур нь алдаатай гарсан гэдгийг тайлбарлаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэл байдаг. Энэхүү тэмдэглэлээр буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад даалгасан байтал Э.Б******* дарга энэхүү асуудлыг шийдэж Төрийн захиргаа удирдлагын газрын дарга арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Энэ тушаалын үндэслэлтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хуульд заасан дараах тусгай зарчмуудыг баримтлаагүй байна гэж үзэж байна. Үүнд хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй байна.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 36/32 тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах журмын 1.3.3, 1.3.4-д тус тус заасныг зөрчсөн бол энэ журмын сахилгын шийтгэл ногдуулах журмыг баримтлаагүй байна гэж үзэж байна. Энэ журмын 2 дугаар зүйлийн 2.2-т “тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид “шалгагч” гэх/ шалган тогтооно”, 2.4.1-д “гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах”, 2.4.2-д “шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар, тодруулга авах”, 2.4.3-д “шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах”, 2.4.4-д “гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох”, 2.4.5-д “цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах” гэж заасан байдаг. Мөн журмын 2.6-д “Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргана” гэж заасан ажиллагаа огт хийгдээгүй. Дээрх хуульд үндэслэх гэсэн Захиргааны ерөнхий хуульд заасан тусгай зарчмыг баримлаагүй байна. Мөн үр нөлөөтэй байх гэсэн зарчмыг мөн адил баримтлаагүй. Үндэсний аудитын газрын албан шаардлагад 04 дүгээр сарын 25-ны өдөр гарсан биелэлтийг 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд даалгасан байдаг. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нь тухайн тайлбарыг ирүүлсэн. Иймд хэрэгжилт нь хангагдсан. Үндэсний аудитын газрын сөрөг дүгнэлтээр илэрсэн зөрчил нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулах болно гэдгийг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн нийтлэг үндэслэл болох 37, 39 дүгээр зүйлүүдийг шалгахдаа тухайн журмыг баримтлаагүй байна. Илрүүлээгүй байна гэдгийг яаж тогтоож байгаа вэ гэхээр нэмэлт материал гаргуулна гэж байхад би энэ баримтыг Биеийн тамир, спортын улсын хорооноос гаргуулна гэж шаардсан. Энэ материалыг ирүүлээгүй байгаа тул тухайн материал байхгүй гэдэг нь нотлогдож байна. Үндэсний аудитын газрын албан шаардлага биелэлтийг 04 дүгээр сарын 25-ны өдөр явуулсан. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 05 дугаар сарын 30-ны өдрийн 011610 дугаартай бичгээр Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч миний биеийг албан тушаалаас чөлөөлсөн, сахилгын шийтгэл тооцсон гэдэг байдлаар хүргүүлсэн. Тухайн үед ажиллаж байсан сайд нь өөрийн эрх мэдлийн хүрээнд энэ шийдвэрийг гаргасан гэж үзэж байгаа тул шийтгэл давхардах үндэслэл үүссэн гэж үзэж байна. Иймд дээрх хууль болон дүрмийг үндэслээд миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал.
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Б******* нь Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Тус хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл 2 жил 1 сарын хугацаанд ажилласан.
1. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны Б/22 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг Төрийн албан зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Тушаалууд хүчингүй болгох тухай” 300 дугаартай тогтоолоор хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгосон гэжээ.
Дээрх сахилгын шийтгэл ногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2, 2.4, 2.6 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон. Хүчингүй болгох тухай 300 дугаартай тушаал нь аудитын дүгнэлт буруу гэж үзээгүй. О.Б******* нь төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлж өөртөө давуу байдал олгосон, хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Сөрөг” дүгнэлт авсан, төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй тул “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах” сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэлтэй юм.
2. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсанд Төрийн албаны зөвлөлд 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гомдол гарган хариуг 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 06/2530 дугаартай албан бичгээр хариуг хүлээж авсан. Тус хариунд маргаан хянан шалгах комисс холбогдох баримтыг татан авч нягтлан шалгах ажиллагаагаар “О.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгосон болохыг мэдэгдээд хавсралтаар Биеийн тамир, спортын улсын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг ирүүлснээр хүчингүй болсон тухай мэдсэн. Уг тушаалын нэгдүгээр хэсэгт “...сахилгын шийтгэл ногдуулахдаа эрх зүйн актыг давхардуулан ногдуулсан...” гэжээ.
Дээрх Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. О.Б*******д Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2, 2.4, 2.6 дахь заалтын дагуу ажиллагааг хийж, улмаар Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлээр тушаал төлөвлөсөн боловч О.Б*******д удирдлагын зүгээс өөрт нь дахин ганцаарчлан сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаалын баримт бичгийн бүрдлийн хүрээнд техникийн алдаа гарч хуулийн заалтыг хасахгүйгээр тушаалыг албажуулсан нь шийтгэлийг давхардуулан олгосныг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/138 дугаартай тушаалаар хүчингүй болгосон.
3. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/143 дугаар тушаалаар өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж хариуг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04/103 дугаартай албан бичгээр хүлээн авсан болно гэжээ. Дээрх Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/143 дугаар тушаалаар өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1213 дугаартай сөрөг дүгнэлт нь Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу аудитын дүнд үндэслэсэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан бөгөөд тайланд зөрчил илрүүлсэн, эдгээр зөрчил нь холбогдох хуулийг зөрчсөн бөгөөд тухайн үед байгууллагын удирдлагаар ажиллаж байсан О.Б*******ын гаргасан зөрчлүүдийг илрүүлсэн. Мөн Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1213 дугаартай сөрөг дүгнэлтээр хариуцлага ногдуулах талаар буруутай албан тушаалтныг нэр заан цохоогүй, хариуцлага тооцуулах талаар агуулга дурдаагүй, хариуцлага тооцуулахыг шаардаагүй байна гэжээ. 2023 оны 01 дүгээр сараас эхлэн О.Б******* нь Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу төсвийн төвлөрүүлэн захирагчаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Төсвийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийг даган мөрдөж ажиллах үүрэгтэй. Гэвч О.Б******* нь хариуцсан үүргээ биелүүлээгүй улмаас Үндэсний аудитын газрын шалгалтаар олон төлбөрийн актууд тогтоосон. Иймд Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1213 дугаартай сөрөг дүгнэлт, Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу сахилгын хариуцлага ногдуулах үндэслэлтэй байна. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б******* нь төрийн чиг үүргийг хуульд заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хувийн шалтгаан, үзэмжээрээ удаа дараа авах боломжгүй бөгөөд зөвхөн дээд газраас ирүүлсэн зөрчил, алдаа дутагдлыг арилгах, зохих хууль ёсны шийтгэлийг ногдуулан ажилласан. О.Б*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Б******* нь 2023 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажилласан. Өмнөх шүүх хуралдаанд “Өнөөдөр Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Б*******ын албан тушаалын асуудлын талаар огт яриагүй. 2023 оноос 2025 оны 02 дугаар сар хүртэл Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн хугацаандаа тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлээгүйгээс 2024 оны Үндэсний аудитын газрын сөрөг дүгнэлтээр 24 тэрбум төгрөгийн зөрчил гарсан сөрөг дүгнэлтийг хүргүүлсэн байдаг. Энэ сөрөг дүгнэлтийн дагуу албан шаардлага, төлбөрийн акт, зөвлөмжүүд ирсэн. Төлбөрийн акт дээр тодорхой хэмжээний албан тушаал болон нэрээр нь заагаад ирсэн байдаг. Нэхэмжлэгч өөрөө Үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлттэй маргахгүй байгаа” гэж хэлсэн. Үндэсний аудитын газар нь Монгол Улсад байдаг эрх бүхий төсвийн шууд захирагч нарын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд жил болгон санхүүгийн шалгалтыг зохион байгуулаад зөвлөмж дүгнэлтийг гаргадаг. Биеийн тамир, спортын улсын хороо нь өөрөө 24 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан. Энэ зөрчил нь ийм байдлаар гарсан байна гэдгийг тогтоосон байдаг. Ийм сөрөг дүгнэлт гарахад тухайн байгууллагын удирдлага өөрөө хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа. Иймд Аудитын газрын гаргасан дүгнэлт зөвлөмж, төлбөрийн актыг Биеийн тамир, спортын улсын хороо хянах шаардлагагүй юм. Үүнийг мэргэжлийн байгууллага шалгаад сөрөг дүгнэлттэй байна гэсэн дүгнэлтийг өгсөн. Тухайн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тухайн зөвлөмж дүгнэлт төлбөрийн актуудаа барагдуулсан байх ёстой гэсэн захирамжилсан шинжтэй бичиг баримт байдаг. Иймд 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 143 дугаар тушаалаар өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулах нь ямар учиртай юм бэ гэхээр Төсвийн захирагчаар ажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдал, зардлын ангиллыг өөрчлөх, өртэй байх зэрэг алдаа дутагдал гаргасан бол ажлаас чөлөөлөх үндэслэл болдог. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д “Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн төсвийн тухай хуульд заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулалт бусаар ашигласан бол тухайн эрхэлж байгаа албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно”, 70.5-д “Төсвийн захирагч тухайн жилийн батлагдсан төсвийг зохистой удирдаагүйн улмаас авлага, өр төлбөр үүсгэсэн нь албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно” гэж заасан байдаг. Иймд Биеийн тамир, спортын улсын хорооны 2025 оны 11 дүгээр сарын Б/143 дугаар тушаалаар даргын эрх мэдлийн хүрээнд үүргээ хэрэгжүүлээд нэхэмжлэгчид ганцаарчилсан сахилгын шийтгэл ногдуулсан. Ажлаас халах бүрэн эрх зүйн үндэслэлтэй байсан. Нэхэмжлэгч анх удаа ийм алдаа дутагдал гаргасан тул цаашид энэ алдаа дутагдлаа залруулах боломжтой гэдэг үүднээс ганцаарчилсан сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.
Нэхэмжлэгчийн тайлбар дээр “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайдын эрх мэдэл байхад өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны даргыг түр орлон гүйцэтгэгч Э.Б******* нь хувийн ашиг сонирхлоор надад гурван удаагийн сахилгын арга хэмжээ авсан байна” гэж дурдсан байна. Ямар ч хувийн ашиг сонирхлын зөрчилгүй, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд, Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдаанд манай асуудал сөрөг дүгнэлтэй байхад яагаад энэ арга хэмжээг аваагүй вэ гэх асуудал яригдсан. Засгийн газрын 16 дугаар хуралдааны тэмдэглэл дээр буруутай этгээдэд энэ хариуцлагыг тооцно гээд нэр цохоод ирүүлээгүй байна гэж нэхэмжлэгч талаас ярьж байна. Биеийн тамир, спортын улсын хорооны нэг л албан тушаал байдаг. Нэхэмжлэгч тал нэр заагаагүй гэж ярьж байна. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга санхүүгийн ажиллагаанд хяналт тавьж, чиглүүлж, удирдан зохион байгуулж байх ёстой байтал Үндэсний аудитын газраас 24 тэрбум төгрөгийн сөрөг дүгнэлт аваад өнөөдрийн шүүх хуралдаанд би энэ асуудалд хамаагүй гэж ярьж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд удаа дараагийн дээд шатны байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу тухайн үед түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Б*******д хариуцлага тооцохоор тушаал шийдвэрийг гаргаад холбогдох байгууллага буюу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд болон Засгийн газарт хүргүүлсэн. Сахилгын шийтгэл ногдуулсны улмаас 2025 оны 3, 4 дүгээр улирлын мөнгөн урамшууллаа авч чадаагүй гэж хэлж байна. Төрийн албан хаагч нар хагас болон бүтэн жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээ жилд хоёр удаа үнэлүүлдэг. Тухайн үндсэн цалингийн 50 хувь буюу хагас бүтэн жилээр урамшууллаа авдаг. Нэхэмжлэгчид 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй тул 2025 оны 3 болон 4 дүгээр улирлын урамшууллыг хуульд заасны дагуу олгогдоогүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан эхний нэхэмжлэл буюу Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/143 дугаар тушаалаар өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэлийг хэвээр нь үлдээж, нэмэлт нэхэмжлэлийн шаардлага болох гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал олгох нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Б*******ас Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан “Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “О.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2025 оны жилийн эцсийн (III, IV улирал) үр дүнгийн мөнгөн урамшуулал 2,171,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ:
- буруутай албан тушаалтныг олж тогтоогоогүй,
- тушаал гаргасан процедур нь алдаатай,
- Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны зарчмуудыг баримтлаагүй,
- сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтрүүлсэн,
-сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Маргааны үйл баримтын тухайд,
3.1. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын,
3.1.1. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар О.Б*******ыг тус хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд томилжээ.
3.1.2. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар “Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Б******* нь Төрийн албаны тухай хууль зөрчиж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах нийтлэг чиг үүргийг зөрчсөн тул түүнд 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж,
3.1.3. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 300 дугаар тогтоолыг үндэслэн Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/22 дугаартай О.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай, ... тушаалуудыг хүчингүй болгож,
3.1.4. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар О*******ын Б*******д “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах” сахилгын шийтгэл ногдуулж,
3.1.5. 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/188 дугаар тушаалаар О.Б*******д сахилгын шийтгэл ногдуулахдаа эрх зүйн актыг давхардуулан ногдуулсан үндэслэлээр дээр Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгож,
3.1.6. 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/143 дугаар тушаалаар ... Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1213 дугаартай сөрөг дүгнэлт, Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар хэсэг, ... тус тус үндэслэн О.Б*******д өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
3.2. Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаас 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар О.Б*******ар Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн сайдын 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Б/06 дугаар тушаал гарснаар дуусгавар болсон тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
4. Үндэсний аудитын газраас хийсэн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар Биеийн тамир, спортын улсын хорооны 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд “Сөрөг” дүгнэлт өгсөн байх ба уг дүгнэлтийг Үндэсний аудитын газраас 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1213 тоот албан бичгээр Биеийн тамир, спортын улсын хороонд тус тус хүргүүлжээ.
5. Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар хэсэгт “Үндэсний аудитын газраас Биеийн тамир, спортын улсын хорооны 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланд хийсэн аудитаар “Сөрөг” дүгнэлт өгсөн тул буруутай албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцох” гэснийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/2924 албан бичгээр Биеийн тамир, спортын улсын хороонд хүргүүлсэн байна.
6. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35, 4.1.37, 4.1.38, 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дугаар тогтоолын дагуу Биеийн тамир, спортын улсын хорооны дарга нь тус хорооны төсвийн шууд, тус хороо болон орон нутаг дахь биеийн тамир, спортын газар, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Спортыг дэмжих сангийн төсвийн төвлөрүүлэн захирагч байна.
7. Энэ тохиолдолд нэхэмжлэгч О.Б******* нь Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”, 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх ба дээрх 4 дэх хэсэгт дурьдсан аудитын “Сөрөг” дүгнэлт хүчин төгөлдөр нөхцөлд нэхэмжлэгчийг энэхүү үүргээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлээгүйтэй холбогдуулж авсан арга хэмжээ, тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
8. Өөрөөр хэлбэл, О.Б******* нь төсвийн шууд болон төвлөрүүлэн захирагч болохынхоо хувьд Төсвийн тухай хуулиар хүлээсэн харьяалах төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах үүргээ биелүүлээгүй болохыг Үндэсний аудитын газраас тогтоосон, нэхэмжлэгч нь энэхүү “Сөрөг” дүгнэлттэй маргаагүй, гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй, дүгнэлт хүчин төгөлдөр болсноор Засгийн газрын хуралдаанаас хариуцлага тооцуулах чиглэл ирүүлсэн байх тул О.Б******* нь төсвийн шууд болон ерөнхийлөн захирагчаар ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулиар хүлээсэн хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох тул “хариуцагчаас мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг хэрэгжүүлж сахилгын шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй.
9. Аудитын дүгнэлтээр тогтоогдсон зөрчлийн тухайд төсөвт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд буруутай этгээдийг нэг бүрчлэн тогтоох нь ач холбогдолтой байна. Харин Төсвийн тухай хуульд заасан төсвийн төвлөрүүлэн захирагч, шууд захирагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбогдуулж гарсан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн “аудитын дүгнэлтэд буруутай албан тушаалтныг нэрлээгүй, тодорхойгүй байхад заасан буруутай этгээдийг олж тогтоогоогүй” гэх тайлбар үндэслэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Сөрөг” дүгнэлт авсан, төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй” гэх тайлбар үндэслэлтэй.
10. Нэхэмжлэгчээс шийтгэл оногдуулах эрхгүй этгээд шийтгэл оногдуулсан, шийтгэлийг давхардуулсан гэх агуулгаар маргаж байгаа нь дээрх 3.1.3, 3.1.5, 3.2 болон 4 дэх хэсгүүдэд дурьдсан шийдвэр, үйл баримтуудаар няцаагдав.
11. Тодруулбал, маргаан бүхий акт нь түүнийг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсний дараа түүнийг тус хорооны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байх хугацаанд гарсан байгаагаас үзвэл, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны Б/06 дугаар тушаал нь аудитын сөрөг дүгнэлтийг үндэслэл болгосон гэж үзэхээргүй, мөн хариуцагч нь Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаас томилогдсон албан тушаалтан байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.1.1-т “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах”, 48.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.
12. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гэж зааснаас үзвэл, аудитын сөрөг дүгнэлт нь тухайн дүгнэлтэд дурьдсан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн этгээдийн хувьд үр дагавар үүсгэхийн зэрэгцээ заавал биелэгдэх шинжээрээ захиргааны актад хамаарч болохоор байх тул нэхэмжлэгчийн “захирамжилсан шинжгүй эрх зүйн баримт бичгийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй” гэх агуулга бүхий тайлбар мөн үндэслэлгүй.
13. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.9-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/ ...” гэж заасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2025/0042 дугаар тогтоолоор “...нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ногдуулсан сахилгын шийтгэлд холбогдуулан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дүнд Төрийн албаны зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тогтоолыг хариуцагчид хүргүүлсэн, улмаар хариуцагчаас зөрчлийг шалган тогтоох ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр явуулсан байх бөгөөд дээрх хугацаа нь журмын 3.9-д заасан “зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацаа”-д хамаарна” гэж тайлбарласан.
14. Аудитын сөрөг дүгнэлт 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр хариуцагч байгууллагад хүргүүлсэн байх тул сахилгын зөрчлийг илрүүлсэн хугацааг энэ өдрөөр тооцно.
15. Улмаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргын Б/22 дугаар тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 300 дугаар тогтоолоор шийдвэрлэснийг мөн оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03/1500 албан бичгээр хариуцагч байгууллагад хүргүүлсэн байна.
16. Үүний дараа дээрх зөрчилд 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг О.Б******* нь мөн эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлын дагуу зөвлөлийн хянан шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд хариуцагчаас Б/118 дугаар тушаал гаргаснаас уг ажиллагаа дуусгавар болсон болох нь Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06/2530 тоот албан бичгээр тогтоогдов.
17. Иймд тухайн зөрчилд Төрийн албаны зөвлөлөөс хянан шалгах ажиллагаа явуулж байсан 2025 оны 03 дугаар сарын 25-аас 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаа, мөн 2025 оны 09 дүгээр сарын 30-аас 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааг сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацаанд хамааруулахгүй тул нэхэмжлэгчийн “шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн” гэх тайлбарыг мөн хүлээж авах боломжгүй.
18. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/255 дугаар тушаалаар баталсан “Биеийн тамир спортын улсын хорооны Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.9-т “Сахилгын шийтгэлтэй хугацаанд шагнал, урамшуулал олгохгүй” гэж заажээ.
19. Иймд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан “2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хөдөлмөрийн дотоод журмын энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгчид урамшуулал олгоогүйг мөн хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
20. Дээр дурьдсан үндэслэлүүдээр О.Б*******ас Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан гаргасан “Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “О.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2025 оны жилийн эцсийн (III, IV улирал) үр дүнгийн мөнгөн урамшуулал 2,171,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.6, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.4, 48.5, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35, 4.1.37, 4.1.38, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.2.3, 16 дугаар зүйлийн 16.4, 16.4.5, 16.5.2, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б*******ас Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан гаргасан “Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “О.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2025 оны жилийн эцсийн (III, IV улирал) үр дүнгийн мөнгөн урамшуулал 2,171,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ