Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 411

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч Ц.Майбаяр,

Хохирогч С.Цэвэлмаа,

Шүүгдэгч Б.Энхцэцэг /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Энхцэцэгт холбогдох эрүүгийн 1811008520387 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Хөх тэнгэр овогт Болдын Энхцэцэг, 1987 оны 7 сарын 30-ны өдөр Улааанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Рич” караокег түрээслэн ажиллуулдаг, ам бүл 2, нөхрийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 18 дугаар гудамжны 147 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ЧЙ87073002/

 

Шүүгдэгч Б.Энхцэцэг /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2018 оны 3 сарын 12-ны өдөр 16:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” зочид буудалд байрлах караокед иргэн С.Цэвэлмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Энхцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..2018 оны 3 сарын 12-ны өдөр манай зөөгч ар гэрийн асуудлаар тухайн өдөр ажилдаа ирээгүй. Би өөрөө зөөгчөө хийгээд ажилтантайгаа хамт хоёулаа байсан тэр үед 3 эмэгтэй орж ирээд манай караокены 1 нойморын өрөөнд 3 ширхэг Сэнгүр пиво аваад дуулсан. Би цаг нь дуусахаас 5 минутын өмнө би орсон та 3 үргэжлүүлж суух юм уу гэж хэлэх гээд ортол чи гарч бай цагаа сунгуулвал бид нар өөрөө гарч ирээд хэлнэ гэсэн. Гарч ирэхгүй байхаар нь 30 минутын дараа ороод цаг чинь дууссан бид нар өөр үйлчлүүлэгч авсан шүү гэж хэлтэл над руу чи үйлчлүүлэгч хаан гэж мэдэхүү гэж хэлээд хоёулаа нийлээд намайг бүлэглэн үсдэж, зодсон. Би өөрийгөө хамгаалж маажсан байж магадгүй. Би гэртэй 2 өдөр халуураад хэвтсэн тэгээд шүүх эмнэлэгт үзүүлтэл надаа гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байсан. Маргалдаж байх үедээ хэвлий хэсэгт 2 удаа өшиглөсөн. Адилхан эмэгтэй хүн байж би үнэхээр их гомдолтой байна. Би одоог хүртэл ээж болоогүй байгаа. Хохирогч өөрөө өөрийгөө маажсан байж магадгүй гэж бодож байна. Хэрэглэгч хаан гээд орилоод байсан соёлтой байсан бол би хаан шиг хүндлэх байсан. Энэ маргалдаан болж байхад манай ах гаднаас орж ирээд маргалдааныг зогсоож намайг өөрийнхөө ард оруулаад та нар гарцгаа гэж хэлэхэд гарахгүй байсан тэгээд манай ах Хаш-Эрдэнэ бичлэг хийж байхад над руу гүйж ирэн өшиглөж байгаа бичлэг хүртэл байгаа. Тэр үед манай ажилтан цагдаа дуудсан байсан. Цагдаа ирэхэд нь би гомдол өгсөн гомдол өгсөний хариуд өнөөдөр би энд шүүгдэгч гэдэг нэр аваад зогсож байна. Маргалдаж байх үед миний хүзүүний зүүлт алга болсон цагдаа нарыг шалгаад өгөөч гэхэд нэгжиж өгөөгүй. Би эд хөрөнгө, бие эрхтэнээрээ хохирчоод энд ингээд сууж байгаадаа харамсаж байна гэсэн мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “..2018 оны 03-р сарын 12-ны едөр би өөрийн түрээслэн ажиллуулдаг “Рич” караокед 16 цагийн үед очсон бөгөөд манай эрэгтэй зөөгч байхгүй байсан болохоор би өөрөө очиж ажилласан юм. Намайг ажил дээр байж байхад 3 эмэгтэй орж ирж байсан бөгөөд нэг өрөө захиалсан. Тэгээд манай бармен Уянгаа тэр 3 эмэгтэйг өрөөнд нь оруулж, цагийг нь хийж өгөөд, захиалсан 3 Сэнгүр нэртэй пивийг нь оруулж өгсөн. 1 цагийн дараа цаг нь арай дуусахаас өмнө би барменыг өрөөнд оруулах гэсэн чинь байхгүй байсан болохоор би өрөөнд орж “цагаа сунгуулах уу” гэж асуусан чинь “байж бай, ярилцаж байж болно, гарч бай, сунгуулахаар бол өөрсдөө очиж уулзъя” гэсэн. Тэгээд 30-40 минут болчихоод өрөөнөөс гарч ирэхгүй цагаа сунгуулахгүй байхаар нь би өөр 2 хүнийг уг өрөөнд оруулахаар захиалгыг нь  авсан. Тэгээд би өрөөнд нь ороод цаг чинь дуусчихсан шүү, дараагийн хүмүүс орох гэж байна, өрөө чөлөөлж өгөөрэй гэсэн чинь тэр 3 эмэгтэй “одоо сунгачихъя” гэхээр нь би “одоо боломж байхгүй ээ, дараагийн хүнийг нь хүлээлгэчихсэн” гэж хэлсэн. Гэтэл нэг эмэгтэй нь захиалсан пивоо дуусаагүй гээд суугаад байхаар нь би дууссан пивог нь аваад ширээгээ цэвэрлэх гэсэн чинь өмнөөс хэрэлдээд байсан. Тэгээд ширээг нь цэвэрлэчихээд эргээд харсан чинь тэр 3 эмэгтэй хаалганы хажууд тэгнэж зогсчихоод өрөөнөөс гаргахгүй “үйлчлүүлэгч хаан гэдгийг мэдэх үү” гэж хэлээд нүдний шилтэй эмэгтэй нь намайг түрүүлээд өшиглөсөн. Тэгээд өрөөнөөс ноцолдоод коридорт гарч ирээд коридорын зурагт хуудасны хажууд очоод хэрэлдэж байсан чинь нэг эмэгтэй нь миний үснээс зулгаагаад, гэтэл бас нэг нь үснээс зулгаасан. Ингээд 2 талаасаа үснээсээ зулгаалгачихсан байсан чинь манай ах Хаш-Эрдэнэ гаднаас орж ирээд надаас тэр 2 эмэгтэйг салгасан. Тэгээд манай ax гар утсан дээрээ бичлэг хийгээд “одоо та нар гар, та нарт үйлчлэхгүй” гэсэн чинь гарахгүй хэрэлдээд намайг өшиглөөд байсан. Тэгээд караокенаас түлхэж гаргачихаад манай бармен цагдаа дуудсан..” гэсэн мэдүүлэг, /хх-50-51/

 

Хохирогч С.Цэвэлмаагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..2018 оны 3 сарын 12-ны өдөр Би дүүтэйгэ явж байгаад хамаатны эгч Тогтохтой таараад бид 3 караокед суухаар болоод шүүгдэгчийн ажиллуулдаг караокед орсон. Бид 3 ойрд уулзаагүй байсан учир караокены цаг дуусахаар нь юм яриад сууж байхад энэ хүн орж ирээд цагаа үргэжлүүлэх үү гэхээр нь за бид 3 ярилцаад хэлий гэсэн. Тэгээд удалгүй 5 минутын дараа орж ирээд та нар гар бид дараагийн хүмүүсээ авмаар байна гээд загнаад хөөгөөд байсан. Бид 3 үйлчлүүлэгч хаан бид 3 цагаа үргэжлүүлмээр байна гэхэд хөөгөөд байхаар нь бид 3 гарий гэж байгаад гэнэт уур хүрээд тэгвэл даргаа дууд бид 3 гарахгүй гэхэд би дарга нь байна тэгээд яахын гэхээр нь тэгвэл цагдаа дууд гэж хэлтэл өөрсдөө дууд гээд манай дүүг араас нь түлхсэн тэгтэл ах нь гарч ирээд дүүгээ хамгаалалтанд авсан. Тэгээд ахынхаа араас гарч ирээд цохиод байсан. Цагдаа дээр бид гурвыг үгээр идэж, доромжилсон. Тэр хүзүүний зүүлтийг бол огт мэдэхгүй худлаа гүтгэж байна гэсэн мэдүүлэг.

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “..2018 оны 03 сарын 12-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Рич” нэртэй зочид буудлын 00 давхарт караокед хамаатны эгч болох Тогтох, төрсөн дүү Цэнд-Аюушийн хамтаар ойрд уулзаагүй болохоор дуулж, юм ярихаар орсон, ..тэгээд бид 3 цагаа үргэлжлүүлэхээр болсон бөгөөд үйлчлэгч нь орж ирэхгүй болохоор нь өрөөндөө сууж байсан чинь караокены эзэн гэж эмэгтэй орж ирээд “гарцгаагаарай, дараагийн хүнээ авчихсан” гэхээр нь би “өө үргэлжлүүлнэ шүү дээ юу яриад байгаа юм” гэсэн чинь л “гарцгаа, дараагийн хүнээ авчихсан” гэснээс болж маргалдаж эхэлсэн. ...Манай дүү Цэнд-Аюушийг уг захирал гэх эмэгтэй эхэлж цохиж эхэлсэн бөгөөд текин дээрээс ах нь гэх эрэгтэй гүйж ирээд захирал гэх эмэгтэйг хамгаалчихсан байсан чинь тэр эмэгтэй ахынхаа гаран доогуур гарч ирээд намайг маажиж, өшиглөөд, манай эгч, дүү хоёрыг ч гэсэн өшиглөөд байсан. Бас нэг удаа баруун талын гуя руу өшиглөсөн. Тухайн үед миний баруун гуя хөхөрч, өвчин орсон байсан. Дух хэсэгт 3 урт маажигдаж улаасан, хамрын баруун тал, уруулын дээд хэсэг, хүзүү хэсэгт маажигдаж, зүүн талын хамрын угалзны хэсэг, баруун хөмсөгний доор маажигдаж шалбарсан байсан..Сүүлд нэрийг нь мэдсэн Энхцэцэг гэх эмэгтэй үүсэгсэн.” гэсэн мэдүүлэг, /хх-13-16/

 

Гэрч Т.Уянгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19-20/ “..2 жижигхэн биетэй хүүхэн, 1 өндөр биетэй хүүхэн байсан..Энхцэцэг нэг жижиг биетэй хүүхнийг маажчихсан байсан. Гэхдээ духных нь тэр хавьд л маажигдсан байх шиг харагдаж байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Цэнд-Аюушаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүсэн: /хх-21-22/ “..Цэвэлмаа эгчийг тэр караокены эзэн гээд байгаа эмэгтэй ахынхаа хажуугаар гарч ирээд маажиж, цохиод байсан бөгөөд Цэвэлмаа эгчийн нүүр нь нилээн олон газар маажигдаж шалбарсан байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №3585 дугаар дүгнэлтэнд: /хх-29/ “..1.С.Цэвэлмаагийн биед дух, зовхи, хамрын угалз, эгэмд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт,

 

шүүгдэгч Б.Энхцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-53/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3671 дугаартай шинжээчийн дүгнэлт, 567 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

2018 оны 3 сарын 12-ны өдрийн 16:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” зочид буудалд байрлах караокед хохирогч С.Цэвэлмаа нь өөрийн дүү нар болох Тогтох, С.Цэнд-Аюуш нарын хамт орж 1 цаг түрээслэн үйлчлүүлж нэг нэг пиво уун дуулжээ. Тус караокег ажиллуулдаг шүүгдэгч Б.Энхцэцэг цааш цаг сунган үйлчлүүлэх эсэхийг тэднээс лавлаж асуухаар орсон боловч тэд хоорондоо маргалдан улмаар хохирогч, шүүгдэгч нар харилцан зодолдсон байна.

 

 Энэ зодооны улмаас хохирогч С.Цэвэлмаагийн биед дух, зовхи, хамрын угалз, эгэмд зулгаралт бүхий гэмтэл, шүүгдэгч  Б.Энхцэцэгийн баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогджээ. Энэ гэмтлийн тэд харилцан бие биедээ учруулсан байна. Гэвч шинжээч эмчийн удаа дараагийн дүгнэлтээр шүүгдэгч  Б.Энхцэцэгийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг саринуулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь тогтоогдсон бол хохирогч С.Цэвэлмаагийн биед учирсан дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Энхцэцэгийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Цэвэлмаа нь хохиролтой холбоотой ямар нэгэн баримт ирүүлээгүй боловч цаашид нүүрэнд үүссэн сорвийг арилгуулахад гарсан зардлаа нэхэмжлэх хүсэлтээгээ илэрхийлсэн тул түүнийг энэ талаарх холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Энхцэцэг нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хавсаргуулах болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөх тэнгэр овогт Болдын Энхцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Энхцэцэгийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхцэцэгт оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Энхцэцэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Хохирогч С.Цэвэлмаа нь нүүрэнд үүссэн соривыг арилгахтай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Энхцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Энхцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Б.МӨНХБАЯР