| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2403 00508 0663 |
| Дугаар | 2024/ДШМ/1235 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ДШМ/1235
2024 11 12 2024/ДШМ/1235
Ц.Э д
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ /томилолтоор/,
шүүгдэгч Ц.Э /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/750 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүүгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Э д холбогдох эрүүгийн 2403 00508 0663 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.Э нь согтуугаар Баянгол дүүргийн 27 дугаар хороо, “Хэрмес” худалдааны төвийн зүүн талын замд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 51 минутын орчим Тоёота приус маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахыг завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Г ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос: Шүүгдэгч Ц.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э-г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Э ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Ц.Э д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хорих ял эдлэх хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.Э д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хорих” ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Ц.Э нь хохирогч Д.Г ын эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролд нийт 6.000.000 төгрөг төлсөн болохыг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, жолооч Ц.Э ын “жолооны үнэмлэх” шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Э аас хохирогч Д.Г од эмчилгээний зардалд зарцуулсан 342.660 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн өнөөдрийн байдлаар 16 нас 28 хоногтой насанд хүрээгүй Элбэгжаргалын Энхзаяад харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Ц.Э намайг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна.
Миний бие анхан шатны шүүхээс дээрх хэрэгт гэм буруутайд тооцож байгааг хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзэлгүй шууд хорих ял оногдуулж шийдвэрлэснийг оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр төлсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн шүүгдэгч Ц.Э аас Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлсөн 342.600 төгрөгийн баримтыг гарган өгье. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байгаа. ...Миний буруу, би маш их харамсаж байгаа. ...” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гэхдээ шүүгдэгчийн хохирол төлбөрөө төлсөн байдал, ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Э д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүүгийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц.Э нь согтуугаар Баянгол дүүргийн 27 дугаар хороо, “Хэрмес” худалдааны төвийн зүүн талын замд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 51 минутын орчим Тоёота приус маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахыг завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Г ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх3/, 102 тусгай дугаарт 88712210 дугаараас дуудлага мэдээлэл өгсөн дуудлагын лавлагааны хуудас /хх4/, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх5-8/, согтуурлын зэрэг 2.53 хувьтай гэх жолоочийн согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх11/, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 8992 дугаартай “хохирогч Д.Г ын биед “хүндэвтэр” гэмтэл тогтоогдсон” гэх шинжээчийн дүгнэлт /хх14-15/, “хүчинтэй хугацаа 2031.08.04 хүртэл” гэх жолооны үнэмлэхийн лавлагаа /хх48/, хохирогч Д.Г ын Эрүүл мэндийн даатгалын газраас тусламж үйлчилгээ авсантай холбоотой баримтууд /хх54-55/, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “...сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлагагүй” гэх хохирогч Д.Г ын “баталгаа” гаргасантай холбоотой маягт /хх67/, хохирогч Д.Г од 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хохирол төлбөрт 6.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх102/, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын санд 342.600 төгрөг төлсөн баримт /хх131/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.Элбэгзаяагийн “...**** тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /хх21, 24/,
хохирогч Д.Г ын “...эмчилгээний зардал 600.000 орчим болсон. ...жолоочоос 6.000.000 төгрөг авсан. ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /хх28/,
яллагдагч Ц.Э ын “...явган хүний гарц нь дээр явж байсан хүнийг мөргөсөн. Тэгээд би машинаас буугаад мөргүүлсэн хүн дээр очоод түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд мөргүүлсэн хүнийг аваад явсан. Намайг драйгер багажаар үлээлгэж шалгахад согтолтын зэрэг 2,53 хувьтай гарсан бөгөөд миний машиныг ачаад аваад явсан. Харин намайг эрүүлжүүлэх байранд хийсэн. ...Тухайн үед 30-40 км цагийн хурдтай явж байсан ба мөргүүлсэн хүний эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг өгсөн. Хохирогч гомдол саналгүй гэсэн...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.Э ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж өгсөн ба анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, улмаар шүүдэгч Ц.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр төлсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.
Харин давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ...болно.” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Э д оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Э ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдэлдээ маргаагүй нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, түүний анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал мөн хохирогчид хохирол төлбөрт 6.000.000 төгрөгийг /хх102/, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад Эрүүл мэндийн даатгалын санд төлбөл зохих 342.600 төгрөгийг /хх131/ тус тус төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөрчилж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Ц.Э ыг Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хязгаарлалт тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдэж шийдвэрлэлээ.
Түүнчлэн, шүүгдэгч Ц.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсон хоногийн нэг хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, эдлэх ялаас нь хасаж тооцох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/750 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Э ыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/750 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Э ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Э ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Ц.Э ыг Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Э ын цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийн нэг хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, эдлэх ялаас нь хасаж тооцохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай...” гэсэн,
“Шүүгдэгч Ц.Э д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай...” гэсэн,
“Шүүгдэгч Ц.Э аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 342.660 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай...” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Э ыг нэн даруй сулласугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ