Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00408

 

 

 

 

НӨАУГнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/02642 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч НӨАУГхариуцагч А Д ХХК-д холбогдуулан гаргасан 59,354,112 төгрөг гаргуулж, байрнаас албадан гаргуулах үндсэн, 3,274,180 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номин-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч А Д ХХК-аас 59,354,112 төгрөг гаргуулж, тус компанийг ...үйлчилгээний төвийн байрнаас албадан гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: А Д ХХК ...6-р корпусын 2 давхарт 316,24 м.кв талбайтай 18 өрөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 65-р тогтоолын 3-р хавсралтаар батлагдсан Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эзэмшиж, ашигласан. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4/345 албан бичгээр гэрээний хугацаа дууссан, цаашид сунгахгүй талаар мэдэгдэж 2020 оны 03 дугаар сарын 23-ны дотор байрыг чөлөөлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Иймд хариуцагч нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 6,548,360 төгрөг, алданги 3,274,180 төгрөг, нийт 9,822,540 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 18 сарын хугацаанд нийслэлийг өмчийг эзэмшиж, ашигласны төлбөрт сарын 2,751,754 төгрөгөөр тооцоход нийт 49,531,572 төгрөг, бүгд 59,354,112 төгрөг төлөх үндэслэлтэй гэжээ.

   2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газартай түрээсийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Түрээсийн гэрээг жилийн эцэст хоёр тал харилцан дүгнэж, цаашид сунгах, өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар харилцан тохиролцож протокол үйлдэж баталгаажуулах талаар гэрээнд заасан. Түрээсийн гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгч талд 2020 оны түрээсийн гэрээг байгуулах талаар амаар болон бичгээр мэдэгдэж, түрээсийн гэрээг дүгнэж, цаашид сунгах, өөрчлөлт оруулах эсэхийг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй талаар удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөөгүй тул түрээсийн гэрээг өмнө жилүүдэд байгуулсантай адил байгуулна гэж найдаж 2020 оны 01 сарын түрээсийн гэрээний төлбөрт 3,274,180 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл: 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр албан бичгээр түрээсийн гэрээг шинээр дахин байгуулахгүй болохоо баталгаажуулсан. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш түрээстэй холбоотой ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, гэрээний харилцаа үүсээгүй, уг хугацаанд компани түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаагүй. Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр шилжүүлсэн 3,274,180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. А Д ХХК нь 2000 оноос Нийслэлийн өмчийн ...худалдааны төвийн 6 дугаар корпусын 2 давхрын 316 м.кв талбайг 2019 он дуустал түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан. 2020 оноос түрээсийн гэрээ байгуулахгүйгээр байрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа. Нэхэмжлэгч талаас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр түрээсийн гэрээг цаашид сунгах боломжгүй талаар мэдэгдсэн. Мөн талбай чөлөөлөхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл байр чөлөөлж өгөөгүй. Төлбөр төлөөгүй, талуудын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Шүүх:  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан А Д ХХК-аас 6,548,360 төгрөгийг гаргуулж Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт олгож, нэхэмжлэгчийн 52,734,272 төгрөг нэхэмжилсэн шаардлага болон хариуцагчийн 3,274,180 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас байр албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 67,400 төрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 139,501 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

6.1 Анхан шатны шүүх Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, А Д ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр цуцлагдсан гэж үзсэн нөхцөлд нийслэлийн өмчийг уг компани ямар нэг гэрээ, хэлцэл зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглах үндэслэлгүй байна. Иймд .... байрлах Нийслэлийн өмчийн “...үйлчилгээний төв”-ийн 6 дугаар корпусын 316.24 м.кв талбай бүхий 18 өрөөг чөлөөлж, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт хүлээлгэн өгөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байх тул энэхүү шаардлагыг шийдвэрлэж өгнө үү.

6.2 А Д ХХК нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэгэнт ашиглаж, үйл ажиллагаа явуулахгүй байгаа Улсын өмчийн байр, талбайг өмчлөгчид нь буцааж хүлээлгэн өгөх үүрэгтэй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд А Д ХХК болон 9 аж ахуйн нэгжээс Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/216 дугаар “...үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай” захирамж , мөн төвийг хувьчлах тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжпэл гаргасан асуудал нь Иргэний хэргийн шүүхийн харьяаллын асуудалтай эрх зүйн хувьд холбогдолгүй тул байр албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд А Д ХХК болон бусад нэр бүхий 9 компанийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон Төрийн өмчийн хорооны 2007, 2008 оны хувьчлах тухай гаргасан захиргааны актын биелэлтийг тухайн захиргааны байгууллагад нь хэрэгжүүлэхийг даалгах, түүнтэй холбоотой хэд хэдэн захиргааны актыг хүчингүй болгуулах захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа. Маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгчийн асуудал эцсийн байдлаар шийдвэрлэгдээгүй. Шүүх нэхэмжлэлийн 2 шаардлагыг нэг маргааны үйл баримтад хамаарна гэж үндэслэлтэй дүгнэсэн. Иймд давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж байна.

2. Нэхэмжлэгч НӨАУГтүрээсийн төлбөр, алдангид нийт 59,354,112 төгрөг гаргуулж, байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А Д ХХК эс зөвшөөрч түрээсийн төлбөрт төлсөн 3,274,180 төгрөгийг буцаан гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

3. Нийслэлийн өмчийн .... 316,24 м.кв талбайтай 18 өрөөг хариуцагч А Д ХХК Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны  65-р тогтоолын 3-р хавсралтаар батлагдсан Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байсан, гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дууссан, түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч нь гэрээний хугацааг цаашид сунгахгүй талаар мэдэгдэж 2020 оны 03 дугаар сарын 23-ны дотор байрыг чөлөөлөхийг шаардаж байсан үйл баримт тогтоогджээ. /хх3-6, 10, 43-49, /

4. Анхан шатны шүүх түрээсийн төлбөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон гэрээний зүйлийг хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон  нь хуульзүйн үндэслэлтэй байна.

4.а. Гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусч, талуудын хэн аль нь гэрээг цуцлах талаар хүсэлт гаргаагүй, түрээслэгч үргэлжлүүлэн ашиглаж байсан байх тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т заасны дагуу гэрээний хугацаа тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 4.б. Нийслэлийн Засаг даргын А/216 дугаар захирамжаар ...үйлчилгээний төвийн барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарч, улмаар хариуцагч талд дээрх үндэслэлээр 2020 оны 03 дугаар сарын 23-ны дотор талбайг чөлөөлөхийг мэдэгдсэн бөгөөд анхан шатны шүүх гэрээний хугацааг энэ цаг хугацаагаар  дуусгавар болсон гэж үзснийг буруутгах үндэслэлгүй байна.  /хх75/

4.в. Хэргийн 93-97 дугаар талд авагдсан маргаан бүхий объектын орчны талаарх гэрэл зураг болоод уг төвийн үйл ажиллагааг ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж зогсоосон  нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч 2020 оны 4 дүгээр сараас уг талбайг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж ашигласан гэх үндэслэлгүй байна. Шүүх түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацааны төлбөр 6,548,360 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг төлнө гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгтэй нийцсэн.

Гэрээний зүйл болох 18 өрөө бүхий 316 м.кв талбайг эзэмшлээс нь чөлөөлөх нэхэмжлэлд холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 

4.г. Талуудын тайлбараар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд А Д ХХК зэрэг 9 аж ахуйн нэгжийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ...ахуйн үйлчилгээний төвийг хувьчлах тухай 11/65 тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, хувьчлахыг даалгах, тус төвийг буулгах шийдвэрийг хүчингүй болгох тухай хэрэг шийдвэрлэгдэж байгаа нь тогтоогдсон.

Дээр дурьдсан маргаан нь түрээсийн зүйлийг хууль бус эзэмшлээс чөлөөлөх иргэний хэргийн маргаантай шууд хамааралтай бөгөөд зохигчдын маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрвэл холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан болно. Иймд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

5. Харин анхан шатны шүүх түрээслэгчийн хариуцлагын талаарх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийн нэр томъёог буруу бичсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт залруулга хийсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/02642 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 232 дугаар зүйлийн 232.4 ...” гэсний дараа “ ... 326 дугаар зүйлийн 326.1“ гэж нэмж,

2 дах заалтын “Нэхэмжлэгчийн ...” гэсний өмнө “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...” гэж нэмж,

3 болон 4 дэх заалтаас “Монгол Улсын ...” гэснийг хасч өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

    ШҮҮГЧИД                                   Д.НЯМБАЗАР

                                                     А.МӨНХЗУЛ