| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 127/2026/0004/3 |
| Дугаар | 127/ШШ/2026/0005 |
| Огноо | 2026-04-30 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 127/ШШ/2026/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2026/0004/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Б,
Хариуцагч: Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар болон Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл,
Гуравдагч этгээд: П.А нарын хоорондын “Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор 36,200,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д , хариуцагчийн өмгөөлөгч Б.Б /цахим/, хариуцагч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч О.Б гээс “Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд анх гаргасан.[1]
1.2 Нэхэмжлэгч нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор 36,200,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” гэж тодруулсан.[2]
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
2.1 Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаартай тушаалаар О.Бг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд түр томилсон байна[3].
2.2 Улмаар Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаал гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргыг томилсон Эрүүл мэндийн газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаартай хууль бус гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна[4].
2.3 Нэхэмжлэгч О.Б нь дээрх захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Засаг дарга болон Төрийн албаны зөвлөлд тус тус гомдол гаргасан байна. Уг гомдолд нь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга А.Ж 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9/181 тоот албан бичгээр “...аймгийн Засаг даргын бүрэн эрхэд дээрх асуудлыг шийдвэрлэх талаар тусгаагүй байна” гэсэн хариуг[5], Төрийн албан зөвлөлийн гишүүн Л.Золзаяа 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04/221 тоот албан бичгээр “...төрийн албаны зөвлөл хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлгүй”[6] гэсэн хариуг тус тус өгчээ.
Мөн нэхэмжлэгч О.Б нь Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 562 дугаартай албан бичгээр “Хэнтий аймгийн Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хорооны гишүүд шинэчлэн томилогдоогүй учир хуралдах боломжгүй” гэх хариуг авсан байна. [7]
2.4 “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасныг хүлээн авч, мөн оны 7 дугаар сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна[8]. Тус шүүх нь 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 321/ШЗ2025/03161 дугаартай шүүгчийн захирамжаар “шүүхийн харьяалал зөрчсөн” гэх үндэслэлээр О.Бгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн байна[9].
2.5 Нэхэмжлэгч О.Б 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 127/ШЗ2026/0027 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
2.6 Нэхэмжлэгч О.Бгээс гаргасан хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 127/ШЗ2026/0043 дугаартай шүүгчийн захирамжаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг уг хэрэгт хамтран хариуцагчаар татсан болно[10].
3. Нэхэмжлэгч О.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Миний бие Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчээр 2012 оноос тасралтгүй ажиллаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 09-нд Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдсон.
Нэгдсэн эмнэлгийн даргын ажил үүргийг зохих ёсоор, ямар ч алдаа дутагдалгүй гүйцэтгэж байтал 2024 оны орон нутгийн сонгуулиар Хэнтий аймагт Ардчилсан нам ялсан бөгөөд багаа бүрдүүлэх шуурганд миний бие өртөж 2025 оны 5 дугаар сарын 23-нд хууль бусаар ажлаас халсан.
Тухайн үед ажлаас халах процесс ажиллагаанд Хэнтий аймгийн төрийн албаны салбар зөвлөл толгойлон оролцож халах утга бүхий албан бичийг Эрүүл мэндийн газар руу явуулсан байдаг.
Миний бие төрийн үйлчилгээний албан хаагч учир Хэнтий аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч харьяалал зөрчсөн захиргааны хэргийн шүүхэд хамаарах маргаан байна гээд 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Тухайн үед Хэнтий аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь төрийн албан хаагчаа хамгаалах үүргээ биелүүлэх нь битгий хэл ажлаас халах утга бүхий заалттай бичиг явуулж байсан учир урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангуулахаар Хэнтий аймгийн Засаг даргад хандсан.
Хэнтий аймгийн Засаг даргаас уламжлал ёсоор Эрүүл мэндийн газрын даргаа хамгаалсан утга бүхий хариуг ирүүлсэн.
Ийнхүү шүүгчийн захирамжийн дагуу Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд харьяаллын дагуу уг нэхэмжлэлийг гаргаж байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” гэжээ.
4. Нэхэмжлэгч О.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Миний бие 2012 оны 07 дугаар сараас эхлээд 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн их эмчээс эхлээд амбулаторийн улаан туузын эмч, арьс халдварлалын эмч гэх мэт нарийн мэргэжлээр суралцаж тасралтгүй ажиллаж байсан. 2023 оны 10 дугаар сард тухайн үеийн аймаг болон Эрүүл мэндийн газрын удирдлагуудаас нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах санал ирсэн. Уг саналыг хүлээн авч 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Өргөсөн тангарагтаа үнэнч, Хэнтий аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, хүртээмжтэй, чанартай хүргэх зорилгоо өвөртөлж залуу хүний хувьд маш шаргуу ажиллаж байсан. Түүнийг гэрчлэх тод жишээ тухайн ажлын хүлээн авснаас хойш хагас жилийн дараа буюу 2024 оны 05 дугаар сард Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар ур чадварын нэмэгдэл авч байсан. Мөн Д.Д дарга тухайн үед нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга байсан. Тэр утгаараа хавтаст хэргийн 97-р хуудасны дээрээсээ 7 дахь мөр дээр “О.Б нь ажиллаж байх хугацаандаа сайн ажиллаж байсан гэж Д.Д дарга ярьдаг” гэж хэлсэн байсан. Тэгэхээр би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, дутагдал гаргалгүйгээр чин сэтгэлээсээ ажиллаж байсан. Гэтэл 2024 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль болсон. Тухайн сонгуулийн үр дүнд манай аймагт Ардчилсан нам ялж аймгийн удирдлагууд бүгд солигдсон. Энэ үеэс эхлээд надад ардын намын үед томилогдсон хүн гэдэг утга, агуулгаар ажлын байрыг минь авах гэсэн, намайг халах гэсэн дарамтууд аймгийн удирдлагууд, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж , аймгийн Засаг дарга А гэх мэт хүмүүсээс удаа дараа ирж байсан. Тийм ч учраас бид нар ам зөрөх үе байсан. Би энэ албан тушаалыг өгөхгүй гэж хэлээгүй. Энэ бол миний хувийн эзэмшил биш. Хуулийн дагуу авахыг хүлээн зөвшөөрч байна гэдгийг удаа дараа хэлж байсан. Тийм ч учраас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тухайн Эрүүл мэндийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э гэдэг хүнд аймгийн Засаг даргын албан бичиг ирсэн байдаг. Хавтаст хэргийн 34-р талд хавсаргасан байсан. О.Бг чөлөөл, гуравхан хоногийн дотор 02 дугаар сарын 04-ний өдөр гэхэд хариуг ирүүл гэсэн бичгүүд ирдэг. Тухайн үед Э даргаас Засаг даргаас чамайг хал гэсэн шахалт ирж байна. Би эрүүл мэндийн улсын байцаагч хүн учраас хууль дүрмийг дээдэлдэг. Би ийм хууль бус үйлдэл хийхгүй гэдгээ илтгэсэн. Тийм ч бичгээ явуулсан. Тийм учраас тухайн үедээ намайг чөлөөлнө гэсэн гэж ярьж байсан. Түүнээс хойш аймгийн Засаг дарга Э даргыг ажлаас нь чөлөөлж Д.Д даргыг Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Тухайн томилсон үеэс эхлээд ажлын байрны дарамт, ямар нэгэн үйл ажиллагаанд оролцуулахгүй чиглэлүүдийг бүх хүмүүс мэдэж байгаа. Ядаж эрүүл мэндийн салбартай холбоотой үйл ажиллагаа дээр Нэгдсэн эмнэлгийн дарга гэж дуудаж тайзан дээр гаргахгүйгээс эхлээд ажлын байрны дарамтыг удаа удаа үзүүлж байсан. Тэрэнд залуу хүний хувьд хүлээцтэй хандаж байсан. Тэгээд ямар нэгэн хариу тайлбар байхгүйгээр 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хэсэг бүлэг хүмүүс орж ирж ажлын байрнаас ажлыг минь авсан. Мэдээж алийн болгон хэрэлдэж, заргалдаж явахав, миний хувийн эзэмшлийн албан тушаал биш учраас тухайн үед ажлаа хүлээлгэж өгөөд өрөөнөөсөө хөөгдөх шахаад гарсан. Энэ тушаал дээр ямар нэгэн ээлжийн, амралтын цалин хөлс юу ч бодогдоогүй. Намайг шууд гудамжинд өшиглөөд гаргасан гэсэн үг. Би энэ байгууллагад 10 гаруй жил ажиллахдаа энэ хүмүүстэй хамтарч ажиллаж байсан. Хүн ёсны зарчим ямар ч агуулга агуулаагүй намайг гудамжинд хөөж гаргасан. Би Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдохоосоо өмнө хүний их эмч мэргэжлээрээ ажиллаж байсан тангараг өргөсөн эмч хүн. Би энэ дээд боловсролыг эзэмших гэж 10 гаруй жил сурсан. Өнөөдөр эмчээ ч хийх эрхгүйгээр улс төрийн золиос болж халагдсандаа залуу хүний хувьд гомдолтой байна. Ингэж ажлаас халагдсанаараа миний амьдралд маш олон сөрөг талууд бий болсон. Нийгмийн даатгалын шимтгэл тасарна. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй ажилласнаараа 5 жил тутамд авах тэтгэмж хасагдаж байна. Залуу хүний хувьд амьдрал ахуйгаа дээшлүүлэх орон байрны зээл авах байсан. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэдгээрээ хасагдаж байна. Тийм учраас би туйлын харамсалтай байгаагаа удаа дараа хэлмээр байна. Намайг гудамжинд юу ч үгүй болгоод хаячхаад эргэж нэг ч харахгүй, уулзахгүй. Энэ хүмүүс хүн ёсны зарчим, хуулиа дээдэлье гэсэн удирдах албан тушаалтанд байх ёстой ёс зүйг эрхэмлээгүй. Эргэж уулзахгүй хүмүүс шиг зан гаргасанд гомдолтой байна. Тэгэхээр би ажилгүй байх хугацааныхаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүд, цалин, ур чадвар, ээлжийн амралтын мөнгө гэх мэт бүх зүйл буюу 36.200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг минь бүрэн хангаж өгнө үү” гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Бид бүхэн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг хууль бусаар тооцуулж, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Ер нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль ийм байвал энэ шаардлагаар явдаг. Энэ жишгээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. ... Өнөөдрийн энэ ямар маргаан юм бэ? гэвэл хөдөлмөр эрхлэлтийн маргаан ... Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаал ... Төрийн албан тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд орно.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хуулийн үйлчлэх хүрээ” гэж, мөн зүйлийн 3.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана гэж заасан. Миний үйлчлүүлэгч Нэгдсэн эмнэлгийн даргын ажлыг хийж гүйцэтгэсэн юм бол Хөдөлмөрийн тухай хууль үйлчилнэ. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т хуульчилж өгсөн. ...Өнөөдрийн энэ харилцаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаа мөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т ”энэ хууль” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хууль бол шууд эх сурвалж юм. Тийм учраас би Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг гүйцэтгэх, ажил олгогч буюу төлөөлөн удирдах зөвлөл нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөл, ажлын байраар хангаж байгаа. Эндээс нэг л харилцаа байх юм бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж үздэг. Тэгэхээр энэ хөдөлмөр эрхлэлтийн харилцаа мөн юм байна. Бид нар хууль бусаар цуцалсан гэдэг агуулгыг ярьж байна. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол” гэж заасан. Хөдөлмөрийн харилцаанд нэг номер нь Захиргааны ерөнхий хууль биш. Төрийн үйлчилгээний албан хаагчийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бол хуульд өөрөөр заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т хэрвээ эрхээ зөрчигдсөн гэж үзэх юм бол 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргана гэж заасан. Үүний дагуу миний үйлчлүүлэгч 30 хоногийн дагуу гурван талт хороонд хандсан. Гэвч тухайн үед Хэнтий аймагт гурван талт хороо байгуулагдаагүй гэсэн хариу өгсөн. ... Ингээд шүүхэд хандаад шүүх иргэний хэрэг үүсгэсэн. Тэгвэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэдэг өмгөөлөгчийн гаргалгаа няцаагдаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага түүний салбар, төлөөлөгчийн газар гэж заасан. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.10.5-т тус тус зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл энэ хүнийг сонгон шалгаруулна, томилно, чөлөөлнө гэж байгаа. Өнөөдрийн үйл баримтаас харахад яагаад яарсан юм бэ? Төлөөлөн удирдах зөвлөл байсан юм байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж байсан. Хууль зүйн факт гэж хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөгдөх, дуусгах болгоход чиглэгдсэн нөхцөл байдлыг хэлдэг. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэн хөдөлмөрлөж эхэлснээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүснэ. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг бол миний үйлчлүүлэгч О.Б д биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 47 дугаар зүйлийн 47.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д тус тус зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй. ... 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий акт гаргасан. Энэ хөдөлмөрийн харилцаа учраас Захиргааны ерөнхий хууль ямар ч хамаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримталсан байна. Нэгэнт хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 78.3, 78.4-т заасан үндэслэлээр гаргах ёстой байсан. Гэтэл сөрөг нөлөөлөл бүхий тушаал гарсан. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг хууль бус гэж үзээд байгаа. Гэтэл оронд нь томилсон Алтанзул гэж хүнээ сонгон шалгаруулалтад оруулаагүй байдаг. ... Чөлөөлөх эрх нь Эрүүл мэндийн газрын даргад байхгүй. Харин Төлөөлөн удирдах зөвлөл байсан. Тухайн үед Төлөөлөн удирдах зөвлөл байсан. Сонгон шалгаруулалтаа яаж хийх нь та нарын асуудал. Миний үйлчлүүлэгч сонгон шалгаруулалтад саад болсон зүйл огт байхгүй. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөл чөлөөлнө гэдгийг мэдсээр байж Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлаад оронд нь сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг томилсон.
Дараагийн асуудал 2 сарын дараа одоо байгаа даргыг томилсон байсан. 2 сар хүлээгээд миний үйлчлүүлэгчийг сонгон шалгаруулалтад орохыг нээж өгөөд тэр хугацаандаа ажлаа хийж байна биз. Шүүх хуралдааны тэмдэглэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Золбаяр сайн ажилтан байсан юм байна лээ гэж хэлсэн байсан. ...Тэгвэл Төлөөлөн удирдах зөвлөл Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-д зааснаар энэ хүнийг чөлөөлөх боломжтой байсан. Ийм ажиллагаанууд хийгдэх боломжтой байсан. ... сонгон шалгаруулалтаа зарлаад, зараа өгөөд чөлөөлөхдөө хууль ёсны шийдвэр гаргасан бол миний үйлчлүүлэгч маргахгүй байсан. Магадгүй тэнцэхийг ч үгүйсгэхгүй. Тэгсэн бол одоо ажиллаж байсан. ...Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, шүүхээр явсан гэдэг. Шүүхийн шийдвэрийг 01 дүгээр сарын 02-ны өдөр гардаж авсан баримт байгаа. Үүнээс 30 хоног тоолоод хугацаанд нь өгсөн. Төрийн албан зөвлөлд ... өгсөн. Төрийн албан зөвлөлд шүүхийн шийдвэрээ өгөөгүй учраас хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэх нь аргагүй. Бид нар зарга хийгээд явж байгаа гэж хэлээгүй. Анх удаагаа хандсан юм шиг бичигдсэн байсан. Бид нар анхнаасаа баримтаа буруу өгсөн учраас буруутгахгүй.
Төлөөлөн удирдах зөвлөлийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан юм гэхээр хэрвээ шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэж бодоход боловсролын газрын дарга томилох боломжгүй. Тийм учраас хамтран хариуцагчаар Төлөөлөн удирдах зөвлөлийг татуулах хүсэлт гаргасан. Хэдийгээр Төлөөлөн удирдах зөвлөл тухайн үед шийдвэр гаргаагүй ч гэсэн хэрвээ ажилд эгүүлэн томилох үүрэг нь ажил олгогч буюу Төлөөлөн удирдах зөвлөл учраас Хөдөлмөрийн тухай хуулиар 61 дүгээр зүйлийн 61.1.2-т урьд эрхэлж байсан ажилд шүүхийн шийдвэрээр томилогдоход ажил олгогч эргүүлэн авдаг. Энэ шийдвэрийг ...Төлөөлөн удирдах зөвлөл шийдэх ёстой гэсэн утгаар нь хамтран хариуцагчаар татсан. Нэхэмжлэлийн шаардлага дээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сүүлийн 3 сарын дунджаар гэж хэлсэн байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.
6. Хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа[11]: “…О.Б нь ЭМГ-ын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаартай тушаалаар Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэхь заалт, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16.1, 16.3.2, 16.3.3, Төрийн албаны тухай хуулийн дагуу сул орон тооны сонгон шалгаруулалт зарлаагүй, Нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заагдсан шалгуур хангахгүй. Хэнтий аймгийн Аудитын газрын 2024 оны төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогын байдалд хийсэн гүйцэтгэлийн аудит болон Хэнтий аймаг дахь Төрийн албаны Салбар Зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55, 56 дугаартай албан бичгүүдийн дүгнэлтээр тус албан тушаалд томилохдоо хуулийг хэрэгжүүлээгүй ажилласан байна.
2023 оны 10 дугаар сард Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн Удирдах Зөвлөл ажиллаж байсан боловч Төлөөлөн удирдах зөвлөлийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй байсан байна.
Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон О.Бд утсаар мэдэгдэж 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11.00 цагт ЭМГ-ын даргын өрөөнд байлцуулан миний бие, Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Д, ХШҮМХэлтсийн дарга Н нар болон Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн А нь сонсох ажиллагааны мэдэгдэл танилцуулж, мэдэгдлийг албан бичгээр О.Бд гарт нь өгсөн. Мэдэгдэлд хариу тайлбар өгөх хугацааг тодорхой заасан байсан бөгөөд заагдсан хугацаанд тайлбар ирүүлээгүй учир 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаартай тушаалыг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 48 дугаар зүйлүүдэд заасантай нийцсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.3-д "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" гэж,
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д "Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана." гэж, 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана." гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын даргаас иргэн О.Бд хүргүүлсэн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9/181 дугаартай албан бичгээс үзэхэд захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргаж гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.3-д тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү”[12] гэжээ.
7. Хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... М даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаартай тушаалаар О.Б дарга томилогдсон. Би 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мерит зарчмаар томилогдсон. 2024 оны 10 дугаар сард аймгийн Аудитын газраас Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил төлөвлөлтөд одоогийн нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хийгээд аудитын бичиг ирсэн байсан. Энэ дээр Нэгдсэн эмнэлгийн даргыг сонгон шалгаруулалтгүй томилсон, ажлын байранд заасан шалгуур хангаагүй гэсэн хэд хэдэн заалтуудыг тусгаж ирүүлсэн байсан. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлд зөвлөгөө авах гэж хандсан. Төрийн албаны зөвлөлөөс тушаал хүчингүй гэсэн утгатай албан бичиг ирүүлж байсан. Нэгдсэн эмнэлгийн даргыг ажиллаж байх хугацаанд Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь аймгийн Засаг даргаар томилогдож байсан. Үүний нэг жишээ нь хэд хэдэн бичиг баримт дээр харагдаж байсан. Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл ажиллаж байхад яагаад сонгон шалгаруулаагүй юм бэ? гэсэн утгатай. Эрүүл мэндийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн тушаалыг хүчингүй болгосон гэж үзэж байна. Томилох, чөлөөлөх эрх байхгүй. Эмнэлгийн тусламжийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд тодорхой заалтууд байдаг. Төлөөлөн удирдах зөвлөл сонгоно, шалгаруулна, чөлөөлнө гэсэн байдаг. Эрүүл мэндийн газар томилсон учраас өмнөх даргын тушаалыг хүчингүй болгосон. Үүнийг Төрийн албаны зөвлөл, Хэнтий аймаг дахь Аудитын газрын тайлангийн эцсийн дүгнэлт дээр үндэслээд шийдвэр гаргасан. Эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн дүрэмд байхгүй. Ур чадварын хувьд Эрүүл мэндийн газарт төрийн үйлчилгээний удирдлагуудын ур чадварыг дүгнэж үнэлдэг. Гэхдээ ажлын хэсэг газрын даргын тушаалаар ажиллуулдаг. Тэрний протокол байхгүй. Төлөөлөн удирдах зөвлөл ажиллаж байгаа бол үр дүнг нь дүгнэнэ. Гэрээгээ байгуулна. Ур чадвар гэдэг бол энэ тушаалтай холбоогүй. Өөрийнх нь ажлыг үнэлсэн тушаал гэж үзэж байна. Эргэж хараагүй ийм зан гаргасан гэж байна. Би хуулийн хүрээнд ажиллаж тушаалыг хүчингүй болгох гэж байгааг танилцуулсан. Олон жил нэг нутагт ажиллаа. Өөр санаа, оноо юу байна. Яалтчгүй төлөөлөн удирдах зөвлөл дүгнэх юм байна гэж хэлсэн чинь би өөрөө Засаг даргатай уулзсан, хэд хэдэн санал хэлсэн. Нэгдсэн эмнэлэгтээ үлдье гэж хэлсэн. Тэрийг Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэх учраас тушаалыг хүчингүй болгосон” гэв.
8. Хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Хариуцагчийн гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна. Төрийн албаны тухай хуулиар төрийн алба тасралтгүй үргэлжлэх зарчимтай байдаг. Өөр хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилчихлоо. 2 сар хүлээж болоогүй юм уу гэж ярьж байна. Хууль бус томилгооны асуудлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг 2 сар хүлээж нэхэмжлэгчид цалин урамшуулал олгоод явна гэсэн ойлголт байхгүй.
Маргаан бүхий 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалын 2 дахь үндэслэлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 57 дугаар зүйлийн 57.5, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 17 дугаар зүйлийн 17.15-д Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.4-д заасныг үндэслээд өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг эдэлж аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргыг томилсон Эрүүл мэндийн газрын 2024 оны Б/88 дугаар хууль бус тушаалыг хүчингүй болголоо гэж байна. ...Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нь эрүүл мэндийн салбарын нарийвчлан зохицуулсан хууль ба эдгээр хуулиудаар Нэгдсэн эмнэлгийн даргыг томилж, чөлөөлөх асуудлыг Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд эрх, үүргээр оногдуулсан. ... Нэхэмжлэгч хууль зөрчсөн тушаал, томилгоотой яваад байх байсан байна. Удирдах албан тушаалтан, Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтан энэ хууль бус үйлдлийг таслан зогсоохгүй өөхшүүлээд байна гэж байхгүй. Ийм мэдээжийн зүйл дээр гаргах ёсгүй тушаал гаргасан мэтээр 2 сар хүлээж болоогүй юм уу? арга хэмжээ аваад халаагүй юм уу? гэх мэтээр маргааны агуулгыг оновчтой, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ гаргаж чадахгүй байна гэж үзэж байна.
Мөн өмгөөлөгчийн зүгээс урьд нь хэргийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа талаар дурдаж хүсэлтээ гаргаж байсан. Гэвч шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх журам биелэгдсэн гэдэг агуулгаар дүгнэлт хийгээд хүсэлтийг хангахаас татгалзаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдлаа гэж бодоход нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хэрхэн, яаж сэргээгдэх юм бэ? Ийм тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдалд нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. Маргаан бүхий тушаал болох Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
9. Хариуцагч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Р.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа[13]: “... Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот "Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай" тогтоолоор удирдах зөвлөлийн даргыг сонгосон бөгөөд миний бие 3 жилийн хугацаанд тус зөвлөлийн даргаар сонгогдож, тухайн өдрөөс эхлэн Төлөөлөн удирдах зөвлөл албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.
Миний бие тус зөвлөлийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноог авч сонгогдож, зөвлөл одоогийн байдлаар хуульд заасан гишүүнчлэл бүрдсэн, үйл ажиллагаа хуулийн хүрээнд хэвийн явагдаж байна. Төлөөлөн удирдах зөвлөл бүрдэж, үйл ажиллагаа эхлүүлэх үед аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, орлогч дарга нар бүгд ажлаас чөлөөлөгдсөн байсан.
Төлөөлөн удирдах зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл хуулийн хүрээнд ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн өндөр оноо авсан П.Анхмандахыг эмнэлгийн даргаар томилж, одоогоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Нэхэмжлэгч О.Б гийн тухайд аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан гэх бөгөөд тухайн албан тушаалыг хашиж хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй байсан.
Цаашлаад түүнийг томилсон 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тушаалыг хүчингүй болгосон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тушаал гарсан нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл бүрдэхээс өмнөх цаг хугацааны эрх зүйн акт бөгөөд тус тушаалын хэрэгжилт, тушаал гарах болсон нөхцөл байдал, үр дагавар ТУЗ-д ямар нэгэн байдлаар хамаарахгүй.
Нэхэмжлэгч хэдийгээр хариуцагчийг өөрөө тодорхойлох боловч түүний эрх ашгийг ямар нэгэн байдлаар зөрчсөн гэх үйл баримт байхгүй, нэхэмжлэлийг хариуцах этгээд нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл биш тул түүний ТУЗ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
10. Хариуцагч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Р.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Төлөөлөн удирдах зөвлөл нь аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар, дараа нь орон нутгийн сонгуультай холбогдуулаад 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/482 дугаар тушаалаар мөн шинэчлэн томилогдсон юм байна. Одоо ажиллаж байгаа Төлөөлөн удирдах зөвлөл нь 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан. Намайг төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдоход Нэгдсэн эмнэлгийн дарга ажлаасаа чөлөөлөгдсөн. Шүүхэд хандсан байсан. Эмнэлэг ерөнхий эмч, орлогч байхгүй. 1 эмч нь 3 эмчийн ажил хийгээд явж байсан. Тийм учраас Нэгдэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт хийгээд Анхмандах даргыг сонгосон...” гэв.
11. Гуравдагч этгээд болох Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга П.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа[14]: “...Миний бие Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан тусгай шаардлагыг хангасны үндсэн дээр, төлөөлөн удирдах зөвлөлөөс зохион байгуулсан шалгалтад хамрагдаж, хамгийн өндөр оноог авсан бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 09-өдрийн 02 тоот тогтоолоор Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлаар томилогдсон. Одоогийн байдлаар хуульд заасан үндэслэлээр томилогдсон албан тушаалаа хашиж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж, албан үүргээ гүйцэтгэж байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
… Шүүх хуралд оролцох боломжгүй тул эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг хүргүүлэв” гэжээ.
|
|
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар болон хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нараас гаргасан тайлбарууд, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч О.Б гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч О.Б нь “Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор 36,200,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “алдаа зөрчил гаргаагүй байхад аймгийн удирдлагууд орон нутгийн сонгуулиар солигдсоноос болж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж чөлөөлсөн учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу маргаан бүхий захиргааны акт хууль бус, хүчингүй болгох үндэслэлтэй гэж,
Хариуцагч нараас: “…өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргыг томилсон байх тул хуулийг хэрэгжүүлж томилсон тушаалаа хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүйн дээр нэхэмжлэгч О.Б нь Нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заагдсан шалгуур хангаагүй, Аудитын байгууллага болон Төрийн албаны салбар зөвлөлөөс хууль хэрэгжүүлж ажиллах талаар албан бичиг ирүүлсэн, мөн сонгон шалгаруулалтаар Нэгдсэн эмнэлгийн захирал томилогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй” гэж маргаж байна.
Гуравдагч этгээдээс: “… би хуульд заасан шаардлагыг хангаж, төлөөлөн удирдах зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноог авч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 09-өдрийн 02 тоот тогтоолоор Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлаар томилогдон албан үүргээ гүйцэтгэж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тайлбарладаг.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн “41.2.Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэж заасан.
4. Нэхэмжлэгч О.Б нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаартай тушаалаар[15] аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, улмаар 2024, 2025 онд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг[16] төсвийн шууд захирагчийн хувиар батлан ажиллаж байснаас үзвэл хөдөлмөрийн харилцаа үүсжээ.
Мөн нэхэмжлэгч О.Б нь тус албан тушаалыг эрхэлж, хуульд заасан бүрэн эрхийг эдэлж, үүргийг хүлээж байсан ба аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдох үед тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлаар томилогдсон хүн байгаагүй, үүн дээр талууд маргаагүй.
5. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг[17] Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 17 дугаар зүйлийн 17.10.5, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.4 дэх хэсгийг баримтлан “өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн” гэх үндэслэлээр Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-нийн өдрийн Б/88 дугаартай тушаалыг хүчингүй болгожээ.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч О.Бг аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр анх томилсон Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаартай тушаалыг хүчингүй болгосон байна.
6. Маргаан бүхий захиргааны акт нь “Өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн” гэх үндэслэлээр захиргааны байгууллага өөрийнхөө өмнө гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон агуулгатай хэдий ч, уг тушаалын 2 дугаар заалтаар албан үүргийг нь Чанарын албаны даргад хавсран гүйцэтгүүлж, түүний ажлыг хүлээлцүүлэхээр зааж, энэ талаар акт үйлдсэн[18] нь нэхэмжлэгч тус албан тушаалаас чөлөөлөгдсөн нь тогтоогдож байна. Ингэснээр нэхэмжлэгч О.Бгийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болжээ.
7. Маргаан бүхий захиргааны актыг дараах хуулиудыг үндэслэн гаргасан ба Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно.” гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн “12.2.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө.”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн “17.10.Төлөөлөн удирдах зөвлөл дараах эрхтэй байна: 17.1 .5. эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх;” гэж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн “16.1.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн “16.4.Эмнэлгийн захирлыг төлөөлөн удирдах зөвлөл таван жилийн хугацаагаар томилох бөгөөд дахин нэг удаа улируулан томилж болно.” гэж тус тус заажээ.
8. Хууль бус захиргааны актыг тодорхой тохиолдолд хүчингүй болгох эрхийг захиргааны байгууллагад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар олгосон ч, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох харилцаанд илүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэнэ.
9. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна.” 14.1.2.-т “... эрүүл мэнд ... зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал.” гэж зааснаар төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалд хамаарч байна.
10. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.” гэж заасан.
11. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 80 дугаар зүйлд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, цуцлах үндэслэлүүдийг заасан ба маргаан бүхий захиргааны актад энэхүү зохицуулалтыг баримтлаагүй, уг хуульд заасан үндэслэлүүдийн алийг ч дурьдаагүй байх тул хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгоогүй байна гэж үзэхээр байна.
Учир нь хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д нь “…анх томилох тушаал гаргахдаа өөрт олгогдоогүй эрх эдэлж томилсон тул хуулийг хэрэгжүүлж уг тушаалыг хүчингүй болгосон” гэсэн агуулгаар маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ тайлбарладаг.
Иймээс нэхэмжлэгч О.Бгийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хэрэглэх ёстой хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглээгүй байна.
11. Нэхэмжлэгч нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн “106.3.Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.1.захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж заасан шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргасан.
Шүүх нь захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаар тухайн нэхэмжлэлийн зүйл болох захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох шийдвэр гаргана.
12. Уг маргаан бүхий захиргааны акт нь дээр дурьдсанаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох үндэслэлээр дуусгавар болгоогүй нь хууль зүйн үндэслэлгүй ч нэхэмжлэгчийн хувьд сэргэх хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна гэж үзлээ.
13. Учир нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн болон орон нутгийн өмчит ... Нэгдсэн эмнэлгийн ... удирдлага, зохион байгуулалт ... холбогдох харилцааг энэ хууль болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна”, 17.4-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь Нэгдсэн эмнэлгээс бусад Нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ” гэж ,
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ.”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.
Мөн Эрүүл мэндийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дугаар тушаалаар батлагдсан "Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулна.”, 2 дугаар зүйлийн 2.1-д “Эмнэлгийн захирлын албан тушаалд ажилтныг сонгон шалгаруулах үйл ажиллагааг эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл зохион байгуулна.” гээд сонгон шалгаруулалтын журмаар нарийвчлан зохицуулсан байна.
14. Дээр дурьдсан хуулийн зохицуулалтаас үзэхэд аймгийн Нэгдсэн эмнэлэг нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байна, Төлөөлөн удирдах зөвлөл нь захирлыг сонгон шалгаруулж томилох , чөлөөлөх эрхтэй, аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон захирал аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхээр байна.
15. Гэтэл нэхэмжлэгч О.Б нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад оролцоогүй нь нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “намайг ажиллаж байхад сонгон шалгаруулалт зарлагдаагүй буюу ороогүй” гэх тайлбар,[19] хариуцагч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай “…нэхэмжлэгч О.Б нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө сонгон шалгаруулалт зарлаж байгаагүй…”[20] гэсэн агуулгатай албан бичгээр тогтоогдож байна.
16. Хэнтий аймгийн Засаг дарга 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/326 дугаартай захирамж гаргаж[21], Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулжээ. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах Зөвлөлөөс 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай тогтоол гаргаж[22], эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг зарласан ба сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн П.Анхмандахыг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилох 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор томилжээ[23].
17. Дээрх үйл баримтаас дүгнэвэл, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь өөрт хуулиар олгогдоогүй эрх эдэлж О.Бг Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсныг маргаан бүхий захиргааны акт болох Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалаар хүчингүй болгох замаар Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, нэхэмжлэгч О.Б гийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5-д заасныг мөн зөрчин чөлөөлөх эрхгүй этгээд чөлөөлсөн шийдвэр гаргасан хэдий ч нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан сонгон шалгаруулалтад ороогүй байх тул түүнийг чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчид сэргэх хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна гэж үзлээ.
18. Захиргааны хэргийн шүүх захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол түүнийг хүчингүй болгож зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээдэг ба энэ тохиолдолд хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
19. Нэхэмжлэгч О.Бг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны Б/88 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн “47.1.Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт болох шинжийг агуулж байгаа ч энэ үндэслэлээр талууд маргаагүй учир шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг, мөн зүйлийн 17.10.5 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар болон Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор 36,200,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч О.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч О.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
5. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРМАА
[1] Хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас,
[2] Хавтаст хэргийн 230-232 дугаар хуудас,
[3] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас,
[4] Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас,
[5] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас,
[6] Хавтаст хэргийн 88 дугаар хуудас,
[7] Хавтаст хэргийн 148 дугаар хуудас,
[8] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас,
[9] Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас,
[10] Хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас,
[11] Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас,
[12] Хавтаст хэргийн 29,30 дугаар хуудас,
[13] Хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас,
[14] Хавтаст хэргийн 113, 119 дугаар хуудас,
[15] Хавтаст хэргийн 88 дугаар хуудас,
[16] Хавтаст хэргийн 178-213 дугаар хуудас,
[17] Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас,
[18] Хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас,
[19] Хавтаст хэргийн 242 дугаар хуудас,
[20] Хавтаст хэргийн 107 дугаар хуудас,
[21] Хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас,
[22] Хавтаст хэргийн 63 дугаар хуудас,
[23] Хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас,