Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/1151

 

     2024           10             15                                        2024/ДШМ/1151

 

В.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч В.Н, түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 946 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Н-н өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор В.Н-д холбогдох 2308 03318 0755 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

И овгийн В-н Н, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой,  багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../,                        

Шүүгдэгч В.Н нь 2023 оны 09, 10 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дэвсгэрээс 1317,6 кг ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг худалдан авч, 2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн хооронд Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дэвсгэрээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл ...... УАТ улсын дугаартай “Киа бонго” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологи, ургамлын аймагт 130.310.640 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: В.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч В.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор, ховор ургамал, тэдгээрийг үрийг худалдан авч, тээвэрлэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н-г 3 жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэж, уг ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Н-с 390.931.920 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Экологийн цагдаагийн албаны хашаанд хадгалагдаж байгаа шүүгдэгч В.Н-н эзэмшлийн ... УАТ улсын дугаартай, 8.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “KIA Bongo 3” маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хураан авч, шүүгдэгч В.Н-н хохиролд мөн үнийн дүнгээр оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж, экологийн цагдаагийн албаны хашаанд хадгалагдаж байгаа нийт 1317.6 кг хуш модны үр, идээ самрыг улсын орлого болгон хэрэгцээний дагуу эрдэм шинжилгээний зорилгоор ашиглуулахаар Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнд шилжүүлж, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч В.Н-н өмгөөлөгч Д.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг шүүгдэгч болон өмгөөлөгч би эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх ял оногдуулахад нөлөөлсөн эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” байхад хэргийг шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул шийтгэх тогтоолд доорх өөрчлөлтийг оруулж өгнө үү.

1. Шүүгдэгч В.Н нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа, гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгаж өгнө үү.

2. Шүүгдэгч В.Н нь өөрийн иргэний үнэмлэхийн хаяг болох Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 20 дугаар гудамжны 11а тоотод оршин суудаг хаягаараа мэдүүлгээ өгсөн байдаг. Гэтэл В.Н нь эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оршин суудаг тул зорчих эрхийг хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр хязгаарлаж өгнө үү.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н-с 390.931.920 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, шүүгдэгч В.Н нь дээрх самрыг түүгээгүй, бэлтгээгүй, худалдаагүй, хадгалаагүй, боловсруулаагүй, ургамлын аймагт шууд хохирол учруулаагүй, харин бусдаас худалдан авч тээвэрлэсэн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирлыг зах зээлийн үнэлгээгээр төлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 6.588.000 төгрөгөөр үнэлэгдсэн тул дээрх үнэлгээгээр хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч В.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хөвсгөл аймагт амьдарч байгаа газрын гэрчилгээ байгаа. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш хотод байгаа. ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн хохирлыг тодорхойлохдоо экологи, эдийн засагт учруулсан хохирлоор тогтооно гэж хуульчилсан. Хуш модны үр идээ болох самар нь байгалийн ховор ургамалд тооцогддог тул зах зээлийн ханшаар хохирлын үнэлгээг гаргуулах талаар өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж, өмгөөлөгч “хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүх хэргийн бодит байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч В.Н нь 2023 оны 09, 10 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дэвсгэрээс 1317,6 кг ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг худалдан авч, 2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн хооронд Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дэвсгэрээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл ... УАТ улсын дугаартай “Киа бонго” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологи, ургамлын аймагт 130.310.640 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэнгисийн “…Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журмын 8.2 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төвлөрүүлэхээр заасан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Тийм учраас уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ховор ургамлын үр, идээ болж байгаа юм. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна. Одоогоор хохирол барагдуулсан зүйл байхгүй. ...” /1 хх 83-86/,

гэрч Ө.М-н “...Би В.Н гэдэг хүнийг огт танихгүй. Тухайн үед 2023 оны 10 сард байсан би яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна манай байгаль хамгаалагч Ц.Ж над руу утсаар хэд хэдэн удаа залгаад В.Н гэх хүнд самар худалдаж авах буюу ачиж явах тодорхойлолт хийгээд явуулаадах би дарга Б.Ц-д хэлчихсэн гэхээр нь би тухайн бичгийг гаргаж өгөхгүй гэж хэлсэн. Гэвч маш олон удаа залгаад байхаар дарга Б.Ц-с асуух гэтэл дарга Солонгос улс руу тухайн өдөр явж байсан учир утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би Ц.Ж ахад итгээд тухайн Ц.Ж ахын над руу бичээд явуулсан тодорхойлолтод даргын тамга, гарын үсгийн дардас дараад явуулсан. Тухайн үед дарга Б.Ц надад тухайн үед жилийн санхүүгийн баримт гүйлгээ хийхэд хэрэгтэй гээд тамга, гарын үсгийн дардас үлдээсэн байсан. Тэгээд бүр сүүлд 2023 оны 11 дүгээр сард Б.Ц дарга ирээд тухайн тодорхойлолтын талаар мэдсэн. ...” /1 хх 127-128/,

гэрч Ц.Л-н “... 2023 оны 10 дугаар сарын сүүлээр миний гар утас руу Н залгаад “Увс аймгийн Өндөрхангай сумаас бичиг ирэх ёстой, чи түүнийг унаанд дайгаад над руу явуулчихаарай” гэж хэлсэн. Тэгээд надад дугтуйтай бичиг ирэхээр нь бие задалж үзэлгүйгээр Н руу замын унаагаар өгч явуулсан, би ямар учиртай бичиг байсныг мэдэхгүй. ...Р.Н Ц.Ж-тай утсаар холбогдож тодорхойлолт аваад явуулаач гэж хэлэхээр нь би Жаргалсайхантай уулзаж тодорхойлолт хийлгэж явуулсан. ...” /1 хх 151-152/,

гэрч Ц.Ж-ны “... В.Н гэх хүнтэй өөр ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. ...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орчимд Ц.Л утсаар надтай яриад “В.Н самар ачиж тээвэрлэж яваад саатуулагдсан юм шиг байна, самрыг Ханхөхий нуруунаас түүсэн болох нь үнэн гэсэн тодорхойлолт гаргуулж өгөөч” гэж гуйсан. Тэгээд би Ханхөхий нурууны улсын тусгай хамгаалалтай газрын нутгийн хамгаалалтын захиргааны архив, бичиг хэрэг хэргээр ажилдаг Э.М-тэй утсаар холбогдож “надад нэг тодорхойлолт гаргаж өгөөч” гэж ярихад “дарга Солонгос улс руу явсан, би мэдэхгүй” гэж хэлсэн. Л-д тэр талаар хэлэхэд дахин надаас гуйсан тул би бичиг хэрэг М-с гуйж байгаад “В.Н нь Зүүнхангай сумаас ахуйн хэрэглээнд 1200 кг самар худалдан авч ... УАТ улсын дугаартай “Киа Бонго” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нь үнэн” гэсэн утгатай тодорхойлолт хийж хувь чатаар Ц.Л лүү явуулсан. ...” /1 хх 155-157/,

гэрч Б.Ц-н “... Би иргэн В.Н-д тодорхойлолт бичиж өгөөгүй. ... манай байгууллагын бичиг хэргийн ажилтан Ө.М бичиж миний гарын үсгийн дардас болон байгууллагын тэмдгийг миний зөвшөөрөлгүйгээр дарж иргэн В.Н-д өгсөн гэдгээ сая надад хэлсэн. ...” /1 хх 104/ гэсэн мэдүүлгүүд,  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн “...Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Мөн Ойн тухай хуулийн 3.1.12-т заасан “Ойн дагалт баялаг”-т хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь хуш-Pinus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. ... Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 22,9 хувь байх тул нойтон байна. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. ... Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98.900 төгрөг х 1317.6 кг = 130.310.640 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчны хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 130.310.640 төгрөг х 3 = 390.931.920 төгрөг байна. “Байгаль орчны хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 130.310.640 төгрөг х 5 = 651.553.200 төгрөг болж байна...” гэсэн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3841 дугаартай дүгнэлт /1 хх 161-164/,

Экологийн цагдаагийн албаны “... үүрэг гүйцэтгэх хугацаанд 97-45 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад В.Н нь гарал үүслийн бичиггүй, 30 гаран шуудай самар тээвэрлэж явсныг илрүүлэв. ...” гэсэн цагдаагийн дэд ахлагч Т.Хатанбаатарын бичсэн илтгэх хуудас /1 хх 12/, 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 13-16/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2 хх 63/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 30-47/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч В.Н-г зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор, ховор ургамал, тэдгээрийн үрийг түүж, худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч В.Н-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.  

Шүүгдэгч В.Н-н өмгөөлөгч Д.Оюунбилэгээс “... Зорчих эрхийг хязгаарлах ялын зорчих хязгаарыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү. ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирлыг зах зээлийн үнэлгээгээр төлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул зах зээлийн үнэлгээгээр буюу 6.588.000 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү. …” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг  шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь, өмгөөлөгч Д.Оюунбилэгийн давж заалдах гомдол хавсаргасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн засаг даргын тодорхойлолтоор В.Н нь уг багт түр оршин сууж байгааг тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн байнгын оршин суух хаяг болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

Харин шийтгэх тогтоолыг биелүүлэх явцад шүүгдэгч В.Н нь эрх бүхий байгууллага болох шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан хуульд заасан үндэслэл журмын дагуу оршин суух газраа өөрчлөх талаар хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэв.  

Анхан шатны шүүх Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3841 дугаартай дүгнэлтийг /1 хх 161-164/ үндэслэн Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг 390.931.920 төгрөгөөр тооцсон нь үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 болон 3 дахь заалтуудын ялгамжтай зохицуулалтыг баримтлан нөхөн төлүүлэх хохирлын дүнг ялгаатай байдлаар тодорхойлсон, мөн шүүгдэгч В.Н-н үйлдлийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тооцохдоо самар нь хуш модны үр тул ойн санд хохирол учруулсанд тооцох боломжтой гэж үзэн, экологи-эдийн засагт учирсан шууд хохирлын хэмжээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч В.Н-н өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан 1317.6 кг хуш модны самрыг улсын орлого болгохдоо хэрэгцээний дагуу шинжлэх ухааны байгууллагад шилжүүлсэн нь тохиромжгүй байх ба улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн эд зүйлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсний дараа зохих зохих ажиллагааг хийлгэх нь зүйтэй тул дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зарим өөрчлөлтийг оруулав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 946 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “... нийт 1317.6 кг хуш модны үр, идээ самрыг улсын орлого болгон хэрэгцээний дагуу эрдэм шинжилгээний зорилгоор ашиглуулахаар Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнд шилжүүлсүгэй.” гэснийг “... нийт 1317.6 кг хуш модны үр, идээ самрыг улсын орлого болгон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Н-н өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР