| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00215/И |
| Дугаар | 141/ШШ2025/00247 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 141/ШШ2025/00247
| 2025 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 141/ШШ2025/00247 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ***************** хаягаар оршин суудаг А овогт Ж.Б ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Ж.Б миний бие 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Би 1987 оноос 1990 он хүртэл сумынхаа Бадрал нэгдлийн Сант бригадад малчнаар ажиллаж байгаад 1990 оны 10 дугаар сараас 1992 оны 07 дугаар сар хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ниы өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан ББХК-д малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд Баянцагаан ББХК-д ажиллаж байсныг шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие одоогоор улсын тэмдэгтийн хураамж төлөх бололцоогүй байгаа тул улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шүүх хуралдаан болох хүртэл түр хойшлуулж өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан ББХК-д малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч А овогт Ж.Б нь 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан ББХК-д малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-А овогт Ж.Б ****** дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/317 дугаартай: ...Ж.Б нь 1987-1990 онд Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн Сант бригадад малчин, 1992-1994 онд Баянцагаан хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: Дээрх нэгдлийн 1987-1990 оны баримт шилжигдэн ирээгүй, 1992-1994 оны Баянцагаан компанийн баримтад холбогдох баримт олдохгүй байна... гэсэн тодорхойлолт,
-Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 25090002001305 дугаартай: ...Түдэвтэй сумын Баянцагаан ББХК нь ***** регистрийн дугаартайгаар 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдэж, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр татан буугдсан байна... гэсэн хуулийн этгээдийн лавлагаа,
-2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 623 дугаартай: ...Ж.Б 1987 оноос 1990 он хүртэл Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэсэн шүүхийн шийдвэрийн хуулбар,
-Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ...Ж.Б, РД:********* эрэгтэй, 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, Бадрал нэгдлийн Аргалант хэсэгт хоньчин ажилтай, эрхэлж эхэлсэн он 1987, бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр... гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
-Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: ...нөхөр Ж.Б, бүрэн бус дунд боловсролтой,эрхэлдэг ажил-малчин, 1996 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрлэсэн, 1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн... гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,
-Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 52 дугаартай: ...Ж.Б /РД:**********/ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нөхөн даатгалд хамрагдсан болно.
Мэдүүлгийн дугаар: 0915000109
Хамрагдсан жил: 6 жил, 7 сар
Материал өгсөн огноо: 2013 оны 02 сарын 25
Тушаасан мөнгө: 78120... гэсэн лавлагаа,
-Гэрч Д.Г: ...Ж.Б бид 2 нэг багт мал маллаж байсан. Намайг Баянцагаан багт 1990 онд мал маллах гээд ирэхэд Ж.Б нь тус багт мал маллаж байна. Ж.Б нь 1991 онд цэрэгт яваад 1992 онд цэргээс ирээд Баянцагаан багт мал малласан. Тэр үеэс одоог хүртэл Баянцагаан багт мал маллаж байна. Бид 2 насаараа нэг газарт мал маллаж байна. Нэгдлийн даргаар Б, Баянцагаан компанийн захирлаар Д ажиллаж байсан. Би 1992 он буюу Ж.Б цэргээс ирсний дараагаас одоог хүртэл Ж.Бтай нэг газарт мал маллаж байна. Ж.Б Шаварын гол, манайх Хунт гэх газарт зусдаг. Өвөлдөө Ж.Б Ар зураа, манайх Хүзүүвчийн цагаан өтөг гэх газарт өвөлждөг. Манай хоёрын зуслан 10 орчим километр, өвөлжөө 20 орчим километрийн зайтай. Бид нэг нэгнийдээ жилийн 4 улиралд очдог учраас түүнийг 1990 оноос мал маллаж байсныг сайн мэднэ... гэсэн мэдүүлэг,
-Гэрч Д.Д: ...Би Ж.Бтай 1 ангид 8 дугаар анги төгссөн. Бид 2 цуг 1987 онд илгээлтээр гарч мал малласан. Бид 2 Бадрал нэгдэл, Баянцагаан компанид мал маллаж байсан. Би Ж.Б Бадрал нэгдэл, Баянцагаан компанид 1994 он хүртэл мал маллаж байсныг сайн мэднэ. Ж.Б, Б, Б гэсэн 2 хүүхэдтэй хөдөө гарч мал малласан. Бид нэг газарт мал маллаж байсан. Бид Аргалант гэх газарт мал малладаг байсан. Бадрал нэгдлийн даргаар Б, Баянцагаан компанийн захирлаар Д ажиллаж байсан. Манай ангийн 24 хүүхэд илгээлтээр гарч байсан. 1991 онд манай ангийн хөвгүүд цэрэгт явсан. Нийт 11 хүн цэрэгт явсан. Цэргийн 1 жилийн албыг хаагаад 1992 онд Баянцагаан компанид мал малласан. Үүнээс хойш 1994 он хүртэл Баянцагаан компанид мал маллаж байсныг сайн мэднэ.. гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч А овогт Ж.Б нь 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан ББХК-д малчнаар байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Б ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А овогт Ж.Б нь 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан ББХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН