Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 225

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

            Улсын яллагч А.Дэлгэрмөнх,

            Шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Б.Батбаяр

            Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч П.Баасандорж

            Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж

Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 2, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт Ж.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Л нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0100 0081 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1958 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор, эдийн засагч мэргэжилтэй, Батлан хамгаалах яамны сайдын Нийгмийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байр 28 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,Хуучид овогт Ж.А /регистрийн дугаар ХН 58102174/,

 

2.Монгол Улсын иргэн, 1949 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 67 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Ард даатгал ХХК-ийн хөрөнгө оруулагч, ам бүл 6, охин, хүргэн, 2 зээ дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагийн 05-107 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сайрлай овогтой Ц.Т /регистрийн дугаар ХМ 49120709/

 

3.Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 15 тоотод оршин суудаг,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бээсүүд овогтой Б.А /регистрийн дугаар УС 81032552/

 

4.Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн. 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Худалдааны менежер мэргэжилтэй, “Дүлцэн” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 хороо, Бэлхийн 53-367 тоотод оршин суудаг,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогтой Б.Л /регистрийн дугаар ИЧ77030211/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

1.Яллагдагч Ж.А нь Батлан хамгаалах яамны сайдын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байхдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайханы 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/07 дугаар тушаалаар “2016 оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан дадлага, сургуулийн хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны гишүүнээр ажиллаж байхдаа “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал”-ын тендерт оролцогч “Ард даатгал” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2009 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн санхүүгийн нэмэлт тайлан, санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг нотлох журмын 1, 2 дугаар хавсралтаар баталсан тайлан сүүлийн 1 жилийн” гэсэн шаардлагын дагуу тайлан ирүүлээгүй, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгт /ТШӨХ/-ИЙН 4.2, мөн тендерийн хүчинтэй байх хугацаа 45 хоногт хүрэхгүй байгаа нь ТШӨХ-ийн 15.1 дэх заалтуудыг тус тус хангахгүй байхад “Ард даатгал” ХХК-ийг тендерт шалгаруулж, улмаар 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус компанийн хувь эзэмшигч яллагдагч Ц.Таас тус компанийн менежер Э.Мөнхбатаар дамжуулан 5,000,000 /таван сая/төгрөгийг хээл хахуульд авсан,

2016 оны энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2, 3, 4, 6 дугаар багцууд буюу гахайн мах, загас, загасан бүтээгдэхүүн, тахианы мах, борц зэргийг нийлүүлэх тендерт оролцогч “Дүлцэн” ХХК нь үйлдвэрлэгчийн зөвшөөрөл байхгүй, ижил төстэй ажил гэрэгээр гүйцэтгэсэн 1 жилийн мэдээлэл ирүүлээгүй, 2015 оны санхүүгийн тайлан э-бланс Засгийн газрын санхүүгийн нэгдсэн цахим хуудаст нийтлэгдсэн тайлангаас зөрүүтэй, 2015 онд алдагдалтай ажилласан, түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ нь заасан хэмжээнд хүрэхгүй, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтийн /ТШӨХ-ийн/ 18.1 /а/, 18.1 /б/, 18.1 /г/, 18.2 /г/, 18.2 /д/-д заагдсан шаардлагыг тус тус хангаагүй байхад тус компанийн банкны баталгааг тендерийн баримт бичиг нээсний дараа сольж, тендерт шалгаруулан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэхгүй ёсгүй үйлдлийг хийж яллагдагч Б.Алтангэрэл, Б.Л нараас 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хээл хахууль авсан,

2016 оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан дадлага, сургуулийн хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож буй, “Ард даатгал”, “Дүлзэн”, “Алтан гялбаа од” зэрэг компаниудтай хувийн харилцаа тогтоож, тендерт шалгаруулах зорилгоор үнэлгээний хорооны гишүүн Б.Эрхэмбаярт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн хээл хахууль өгсөн,

СЕSКА ZВROJO\/КА модел Z загварын хагас автомат галт зэвсэг, 6,35 мм калибртай 6 ширхэг сум, 7,62 x 39 мм калибртай ган зүрхэвч бүхий 199 ширхэг сум буюу байлдааны галт хэрэгслийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 3-р хороо 25 дугаар байрны 28 тоотод байрлах өөрийн гэртээ хууль бусаар хадгалсан,

 

2.“Ард даатгал” ХХК-ийн хувь эзэмшигч яллагдагч Ц.Тогтохбаяр нь “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал”-ын тендерт өөрийн хувь эзэмшдэг “Ард даатгал” ХХК-ийг шалгаруулах зорилгоор Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайханы 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/07 дугаар тушаалаар “2016 оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан дадлага, сургуулийн хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээ”-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байсан Батлан хамгаалах яамны сайдын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Жамбаа овогтой Алтансүхэд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хээл хахууль өгсөн,

 

3.Яллагдагч Б.Алтангэрэл нь “2016 оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан дадлага, сургуулийн хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээ”-ний тендерийн хэрэгцээт хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын 2,3,4,6 дугаар багцууд буюу гахайн мах, загас, загсан бүтээгдэхүүн, тахианы мах, борц зэргийг нийлүүлэх тендерт оролцогч “Дүлцэн” ХХК-ийг шалгаруулан өгч, тендерийн үнийн дүнгийн 10 хувийг нь авна гэж тус компанийн захирал Б.Лхагванинжид урьдчилан амлаж улмаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагч Ж.Алтансүхэд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хээл хахууль өгсөн,

 

4.Яллагдагч Б.Лхагванинж нь Энхийг дэмжих ажиллагааны 2016 оны хэрэгцээт хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийн 2-оос 6 дугаар багцууд буюу гахайн мах, загас, загсан бүтээгдэхүүн, тахианы мах, нөөш, борц зэргийг нийлүүлэх тендерт оролцож, шалгарах зорилгоор “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” Төрийн өмчит үйлдвэрлэлийн газрын дарга асан Б.Алтангэрэлийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тендерийн үнэлгээний хорооны гишүүн Батлан хамгаалах яамны сайдын Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Аэд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогдоцгоожээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт “…Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 5 дугаар сард надад төрийн албанаас чөлөөлөх тушаал ирсэн. Тэгээд 2016 оны 03 дугаар сард дахин албан ёсоор ажлаас чөлөөлсөн. Миний бие Төрийн албанд орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ хугацаанд бусад хүмүүс ярихдаа урьд хийж байсан албан тушаалыг яриад байдаг. Энэ тендерийн асуудлаар 2016 оны 03 сарын 04-ны өдөр нээсэн тендерээр намайг ялласан. Үүнд намайг “Ард даатгал” компанийг шалгаруулсан шалгаруулалтад нөлөөлсөн гэдэг. Энэ асуудлаар намайг гурван  зүйл ангиар буруутгаж байна. Нэгдүгээрт “Ард даатгал” компанийн санхүүгийн тайланг Сангийн яамнаас өгөөгүй шалгаруулсан, Хоёрдугаарт тендерийн ерөнхий хүснэгт буруу өгөгдсөн, Гуравдугаарт 45 хоног хүрээгүй байхад намайг шалгаруулсан гэдэг. Уг тендерийн комиссын Ариунболдын мэдүүлэгт энэ тендерийг шалгаруулахад Ариунболд, Эрхэмбаяр хоёр тэр материалуудыг урьдчилан шалгаад хүснэгт дээр анх удаа “Монре Даатгал”-ыг шалгаруулсан зүйл ирээгүй учир шалгаруулахгүй. Ингээд албан ёсоор тендерийн хүчинтэй байх хугацааны баталгаа шаардлага хангаагүй. Анх хуралдахад хүчингүй болсон. Тухайн үед тендерийн шалгаруулалт хүчингүй болсон. Ариунболд хэлэхдээ Цэргийн Олон Улсын баг гээд байна.  Хүнс нь тасрах гээд гэсэн. Зарласан тендер дээр дахин тендер зарлах гэхээр хугацаа нь болохгүй байсан. Тэгээд Сангийн Яаманд 03 дугаар сарын 25-ны өдөр албан бичиг явуулсан. Уг албан бичигт даатгалыг яаж үргэлжлүүлэх, хугацааг нь сунгаж өгөөч гэсэн утгатай юм. Энэ талаар хэрэгт байхгүй. Намайг яллах зүйлийг зөвхөн ярьдаг. Эдгээр гол зүйлсийг ерөөсөө анхаарахгүй байна. Тендерийн хүчинтэй байх хугацаа 04 дүгээр сарын 17-ны өдөр дуусна гэж оролцогч компаниуд тендерийн хугацааг худлаа гаргасан. 18-ны өдөр намайг байхгүй байхад хуралдаад хурлын протокол үйлдсэн байсан. Тэгээд намайг гадаад явах гэж байхад шалгуулахаар мэдэгдэл өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл 45 хоногт мэдэгдэл өгөөд гэрээ хийх талаар Тендерийн тухай хуульд заасан байдаг. Энэ нь нэгэнт хүчингүй болсон. Зүгээр шалгаруулах юм бол цэргийн албан хаагчид өгөх аль илүү даатгалыг нь сонгоё гэсэн. Үүн дээр “Ард даатгал” байсан. Тэрийг би тодруулж хэлсэн. Хүчингүй болсон тендер дээр Ариунболдын гэрч байхад намайг буруутгасан. Мөн Алтансүх шалгуулсан гэж хэлээд, заавал намайг яллах гээд байдаг. Өөрсдийнхөө хэргийг санаатайгаар хамгаалаад байна. Ариунболд нь мэдүүлэхдээ  03 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан хуралдаан энэ тендерүүдийг дахин зарлахаар боллоо. Тендер бүр дээр аль компанийг сонгох юм, хамгийн багыг нь сонгохоос өөр аргагүй гэсэн мэдүүлдэг. Би үүнийг хэлсэн. Гэтэл байцаагч нь ерөөсөө сонсохгүй байсан. “Дүлцэн” ХХК дээр мөн адил. “Дүлцэн” ХХК тендер зарласан байхад “Ард Даатгал” ХХК, “Дүлцэн” ХХК хоёр Батлан хамгаалах яамны тендерт удаа дараа оролцсоныг мэддэг байсан. “Дүлцэн” ХХК урьд шалгарч байсан. Тендерт шалгаруулаагүй байхад “Дүлцэн” ХХК-тэй гэрээ хийсэн байсан. Тендер шалгаруулахад шаардлага хангахгүй байсан. Дараагийн ажил явуулна гэж Эрхэмбаяр, Ариунболд нар хэлдэг. Тэгээд намайг байхгүй байхад бичсэн байдаг. Сонгон шалгаруулалтын хугацаа дуусахаас нь өмнө гэрээ хийнэ гэсэн. Дараа нь өөрсдөө сонгож гэрээ хийсэн байдаг. Тендерийн хороо хууль бус зүйл хийсэн. Үүнийгээ хамгаалахын тулд надтай олон ярьсан. Тендерийн баталгаа шаардахгүй байхад шалгаруулсан. Миний хэлсэн үгийг тоохгүй байсан. Тэрийг өөрсдийнхөө хэлсэн үгээр баталдаг. Ариунболд хэлэхдээ юу хариуцах юм даргаа гэхээр үнэлгээний хорооны гишүүдийн хариуцах ажлын хуваарь гэж хэлсэн. Түүнд зөвхөн Алтансүх нь тендерийн маягтууд гэсэн. Намайг яллаад байгаа санхүүгийн тайлан, банкны баталгааг дарга Бямбажав гаргасан. Санхүүгийн баримтуудыг яасан гэж асуухад Ганхуяг хурандаад өгөөд явуулсан гэж бичдэг. Материалаар баталгаа өгсөн хүмүүс намайг сүүлд нь материал сольсон гэж хэлсэн. Өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг баталгаажуулах хурал хийсэн нь сүүлийн хурал байна. Дараа нь тендер шалгаруулахад оролцож байсан компаниуд таньдаг хүмүүстэйгээ яриад байсан. 04 дүгээр сараас хойш 1-2-ны өдөр надтай Тогтохоо утасдаад уулзъя гэж хэлсэн. Тэгээд анх уулзахад Мөнхбаттай тэр өдөр танилцсан. Мөнхбат бүгдийг мэдэж байсан. Компаниас итгэмжлэгдсэн тендерийн материалыг урьд нь оруулж байсан. Дараа нь намайг танихгүй мэт ярьсан. Тогтохбаяр тухайн үед хэлэхдээ манай хүү тендерийн материал явуулсан гэж хэлсэн. Тухайн үед би тендерийн тухай юм яриагүй. Тогтохбаяр, Зоригоо нарын ярьснаар санхүүгийн туслалцаа авах, хувьцаа зарах талаар ярьж ирсэн. Тэрнээс хойш Мөнхбат надтай 2-3 удаа утсаар ярьсан. Тухайн үед би үүнийг шийдвэрлэхгүй. Яагаад гэвэл энэ тендер шаардлага хангахгүй байна. Намайг явсан хойно дүгнэлт гаргаад, уг дүгнэлтээ Мөнхбатад өгсөн байсан. Намайг хүрч ирэхэд тендерийн хүчинтэй хугацаа дууссан хууль бус зүйл хийгээд яваад байсан. Дараа нь гэрээ хийхээр тохирсон байсан. Ингэж болохгүй. 45 хоногийн дотор энэ гэрээ дуусах ёстой. Сангийн Яамны судлаач шинжээч худлаа яриад байгаа юм. Энэ нь хуульд заасан байхад ингэж намайг гүтгэж болохгүй. Намайг ирэхэд залгасан байсан. Энэ утасны бичлэг бүгд байгаа. Мөнхбат над руу олон удаа залгасан байсан. Би дугаарыг нь мэддэг учир залгасан дугаарыг аваагүй. Нэг дэх өдөр би хүлээн авалтад орсон байхад 18 цагт над руу залгаад уулзъя гэсэн. Хүлээн авалт тарсны дараа дахиад ярьсан. Тэрнээс хойш 1-2 цаг гаруй Хувьсгалт намын байрны гадаа намайг хүлээлгэсэн. Тэгээд ирэхээр нь би машиндаа орж суусан. Мөнхбат хэлэхдээ даатгалын гэрээн дээр гомдол гарсан байна. Манайх шалгаруулах гэхэд хугацаа нь өнөөдөр дуус ч байгаа юм. Тэгээд намайг зохицуулж өгөөч гэж хэлсэн. Би хариуд нь тийм зүйл байхгүй. Энэ нь анхнаасаа хүчингүй болсон.  Мөн энэ хууль бус гэж хэлсэн. Хувьсгалт намын байрнаас явахаар нь би бас яваад зоогийн газар очсон. Тэгээд 21 цагийн үед танайхан орж ирээд намайг бариад аваад явсан. Тэгээд намайг дарамтлаад чи хэдэн төгрөг өгсөн гэх зэргээр юм ярьдаг. Би сонгуулийн хороон дээр сайдтай очсон. Тэгээд намайг дарамтлаад чиний цүнхэнд юу байгаа юм гэж хэлсэн. Надад карт болон хэдэн төгрөг байсан. Миний цүнхэнд 500.000.000 төгрөг байна гэсэн юм ярьдаг. Би тийм зүйл байхгүй гэж хэлэхэд намайг аваачаад хийчихсэн. Үүнээс хойш 10 хоногийн дараа Мөнхбатаас 20.000.000 төгрөг чинь байна гэж хэлсэн. Үүнд  миний өөрийн 600.000 төгрөгийг оруулчихсан байсан. Энэ ямар учиртайг би сайн ойлгохгүй байна. Би тухайн өдөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийх гэж байсан. Байцаагч надад тулгахад би анх энэ талаар мэдсэн. Дараа нь 05 дугаар сарын 20-ны өдөр байцаагч чи Эрхэмбаярт 4.000.000 төгрөг өгсөн байна гэж хэлсэн. Би энэ талаар мэдэхгүй гэж хэлсэн. Эргээд бодоход санаатайгаар шалтгаан учир холбоог харахгүйгээр прокурор намайг буруутгаад байдаг. Шалгаруулаад ашгаа авсан Эрхэмбаяр, Ариунболд нарыг яагаад шалгахгүй байгаа юм. Эрхэмбаярын мэдүүлгийг надад харуулсан. Тэгэхэд мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байсан. Надаас хэзээ мөнгө авсан гэхэд тендер эхлэхээс өмнө авсан гэж хэлсэн байдаг. Тэр хугацаанд надад өгөх гэж байсан бол яагаад өгч болоогүй юм. Эрхэмбаяр нь дандаа Батлан хамгаалах яамны тендерт ордог гэдгийг мэддэг. Би Алтангэрэлийг танина. Сонгуулийн анхны штаб байгуулж байсан. Би томилогдож байсан Баянзүрх дүүргийн намын хэсгүүдийн түрээсийн мөнгийг өгөх байсан. Тэр мөнгө нь дутуу учир би нөхрийн хуваарь тусалсан. Тэгээд 2.000.000 төгрөг өгсөн чинь түүнийг “Дүлцэн” ХХК-тай холбосон. Мөн намайг хүний нэр төр гутаасан зэрэг бүх асуудлаа над руу чихсэн. Дараа нь бууны асуудал байна. Намайг барьсны дараа гэрт нэгжлэг хийсэн. Сейфнээс буу авсан. Бууны гэрчилгээ сейфин дотор байгаагүй. Намайг сонгуулийн өмнө чөлөөлсөн. Би бууны бичиг баримтыг авчирч өгсөн. Энэ нь хууль ёсны юм. Тухайн үед байсан буу нь хурандаагийн бэлэглэлийн буу байсан. Надад буу өгсөн хурандаа сүүлд байцаагдсан байсан. Дараа нь буугаа авъя гэхэд байгаагүй. Тухайн бэлэглэлийн гэрээ нь дээр буу нэг сумтай, хайрцаг зуун гаруй сумтай гэж бичсэн байсан. Надад 5 жилийн өмнө өгч байсан. Хууль ёсны гэрчилгээтэй буу байхад батлан хамгаалах яамны гэрчилгээгүй буу авсан байна гэдэг. Надад гомдолтой байна. “Ард даатгал” ХХК-ийн асуудал дээр Мөнхбат намайг сайн мэдэж байсан. би ял авч байгаа учир бүх зүйлээ хэлж байна. “Ард даатгал” ХХК-ийг цаасан дээр хараар тэнцэх боломжгүй гээд бичсэн байсан. Нөгөө идсэн мөнгөө хуучны аргаар хамгийн бага үнэтэй юм уу, өөрсдийнхөө компанийг шалгаруулдаг. Үүний дагуу шалгаруулчхаад протокол дээр нөхөж бичдэг байсан. Миний гарын үсэг үүн дээр байхгүй. Мөн би зөвшөөрөөгүй. Улсын яллагчийн өмнөх дүгнэлтэн дээр бага зүйл   анги байсан. Одоо 4 зүйл ангитай болгочихсон байна. Яагаад санаатайгаар өсөөд байгааг би ойлгохгүй байна. 2015 оноос хойш энэ процессоор явж байгаа. Үүнийг тодруулах хэрэгтэй байна…”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2016.04.25-ны өдөр миний 88461669 дугаарын утас руу Тогтохбаяр 2 удаа залгаж ярихаар нь би одоо уулзах зав алга орой ажил тарахаар уулзъя гэж хэлсэн. Тэгээд орой ажил тарчхаад 19 цагаас хүлээн авалттай байсан учир тэрний цагийг болохыг хүлээж байсан чинь Тогтохбаяр дахиж утсаар яриад хэзээ уулзах вэ гэхээр нь би өнөөдөр уулзаж амжихгүй юм шиг байна гэж хэлсэн чинь Тогтохбаяр өнөөдөр ямар ч байсан уулзана би чам руу нэг залуу явуулна гэж хэлсэн. Түүний дараа нэг залуу над руу яриад би Тогтохбаярын ярьсан хүн байна та завтай болохоороо над руу яриарай гэж хэлсэн. 19 цагт Туркийн элчинд хүлээн авалтад орж байсан чинь Тогтохбаярын яриулсан залуу дахиад залгахаар нь би одоо завгүй байна гэж хэлсэн. Хүлээн авалт 20 цаг өнгөрөөгөөд тарахаар нь би сайд БХЯ-ны сайд Цолмонгийн машинд суугаад МАХН-ын байрны гадаа очоод би өөрийнхөө жолооч руу ярих гэсэн чинь сайдын жолооч таны машиныг дуудчихсан гэж хэлсэн. Тэр үед сайд намын байр руу ороод би гадаа үлдсэн. Тэгээд намайг МАХН-ын байрны гадаа машиндаа хүлээж байхад нөгөө залуу дахиж утсаар яриад 120-оос одоо гарч байна гэхээр нь би жолооч ирээгүй байна амжвал хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл Лексус 470 маркийн машинтай манай жолооч ирэхээр нь би одоо хүн ирнэ түр хүлээж бай гэж хэлсэн чинь жолооч машинаас буугаад гадаа сайдын жолоочтой хамт зогсож байсан. Тэр үед би нөгөө залуу уруу утсаар яриад чи болоогүй бол би явлаа гэж хэлэхэд яг одоо эргээд орж байна гэхээр нь харсан жижиг цагаан машин ирж байхаар би өөрийнхөө машины хойд талын суудал дээр суусан чинь утсаар яриад байсан залуу машины арын суудал дээр орж ирээд суусан. Тэр залуу машинд суугаад би Тогтохбаярын ярьсан хүн байна гэж хэлэхээр нь би ямар хэргээр явж байна гэж асуусан чинь манай компанийн даатгалын тендерт орсон гэхээр нь би тэр тендер шийдэгдээд өнгөрсөн гэж хэлэхэд тэр залуу юм тодруулах гэсэн юм гэж хэлээд манай компанийг ямар журмаар шалгаруулсан юм бэ гэхээр нь би зүгээр санал өгдөг хүн, гэрээ хийх асуудлыг би мэдэхгүй өөр хүмүүс хийдэг гэж хэлсэн чинь тэр залуу танд баярлалаа гэж хэлээд дүлэгнээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байсан бөгөөд тэр үед би утсаар ярьж жолоочоо дуудаад жолооч машин ороод нөгөө залуу танд их баярласан шүү гэж хэлээд буугаад явсан. Монгол ардын хувьсгалт намын байрны гаднаас хөдлөөд Романс гэж ресторанд очоод хоёр хүнтэй уулзаад байж байхад Авилгалтай тэмцэх газрын хүн орж ирж надтай уулзаад машинд суулгаад Авилгатай тэмцэх газар дээр аваачсан.

Хүнсний бүтээгдэхүүний 2,3,4,6 дугаар багцуудад Дүлцэн ХХК-аас гадна багц тус бүр дээр нэг л компани оролцохоор материалаа ирүүлсэн байсан бөгөөд Дүлцэн болон нөгөө оролцогч компани хоёулаа тендерийн шаардлага хангахгүй байсан бөгөөд тухайн хүнсний бүтээгдэхүүнүүд нь яаралтай хэрэгтэй байсан учир аль бага үнийн саналаар аль нэгийг нь сонгох хэрэгтэй болсон. Тэгээд үнэлгээний хороо санал хураагаад шийдвэрлэсэн. Уг багцуудыг хүчингүй болгоод дахиж тендер зарлах гэхээр дахиад 30 хоногийн хугацаа хүлээх болсон учир бага үнийн саналаар Дүлцэн ХХК-ийг сонгосон. Би Алтангэрэлийг танина гэхдээ хээл хахуульд Алтангэрэлээс 2 сая төгрөг авсан зүйл байхгүй.

.... Тэр цүнхэнд миний 300-400 орчим мянган төгрөг байснаас өөр мөнгө байгаагүй. Худалдаа хөгжлийн банкны цаасан ууттай 5,000,000 төгрөг ямар учиртай мөнгө болох талаар би мэдэхгүй, Тогтохбаярын явуулсан залуу машин дотор сууж байхдаа баярлалаа гэж хэлээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь би иймээ тиймээ юм байхгүй шүү гэж хэлсэн. Тэр залуугийн сууж байсан машины суудал дээр миний цүнх байсан. Одоо бодоод байхад тэр залуу надад мэдэгдэлгүй миний цүнхэнд тэр мөнгийг хийсэн юм болов уу гэж бодож байна. Дүлцэн ХХК-ий тендерийн банкны баталгааг солиогүй, анхны байгаагаараа байгаа.

Би ял нэмж сонсгож байгаа тогтоолтой танилцлаа, Нэмж сонсгож байгаа ялын агуулгатай танилцлаа. Би Эрүүгийн 185 зүйлийн 185.1 дэх заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жижигхэн гар бууны хувьд Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Дагвасүрэн гэж хурандаа надад нилээн хэдэн жилийн өмнө бэлэглэж байсан би ойролцоогоор 5 жилийн өмнө байх гэж бодож байна. Энэхүү буу нь албан ёсны миний нэр дээр гэрчилгээтэй, гэрчилгээ нь манай гэрт байгаа, гэхдээ би яг хаана байгааг нь мэдэхгүй байна. Энэхүү бууны дайзанд байсан 6 ширхэг сум нь буутайгаа хамт бэлгэнд ирсэн. Би энэхүү бууг ашиглаж буудлага үйлдэж байгаагүй. Би Жанжин штабаас 2016 оны 04 дүгээр сарын эхээр байх винтов, ППШ маркийн хоёр шиг бууг худалдаж авсан бөгөөд уг бууг худалдан авахад 200 гаран ширхэг сум дагалдаж ирсэн бөгөөд буундаа гэрчилгээ авахдаа буугаа сумтай авчраарай гэхээр нь би хэдэн ширхэг сумны хамт буугаа аваачиж өгсөн. Би энэ хоёр буугаар буудлага үйлдэж үзээгүй. Би буу, сумыг БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газрын зэвсэглэл хариуцсан мэргэжилтэн дэд хурандаагаас хүлээж авсан, би одоо нэрийг нь санахгүй байна. Нэр нь Пүрэвдорж гэж байсан санагдаж байна. Энэхүү бууг хүлээж авахад Жанжин штабаас албан ёсны тушаал гарсан байгаа байх.

... Би Эрхэмбаярт 4 сая төгрөгийн хээл хахууль өгөөгүй. Би гарын үсгээ хуучин монгол бичгээр болон таталдаж гэсэн хоёр янзаар бичдэг. Би эхний байцаалтуудад гарын үсгээ зурахдаа зүгээр нэрээ бичсэн…” гэсэн мэдүүлэг /3-р хавтас 7-15/,

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт “…Намайг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Алтансүх даргад  2.000.000  төгрөгийн хахууль өгсөн гэж үзэж байгаа. Тухайн үед Алтансүх даргатай яаманд танилцаад уулзсан. Хамт ажилладаг хүний хувьд намын байрны түрээс өгөх гэсэн юм туслалцаа үзүүлээч гэж хэлсэн. Тухайн үед би хүүхдийнхээ төлбөрийг өгөх гээд 4.000.000 төгрөгтэй явж байсан. Би гарч явж байхдаа бодсон. Алтансүх даргад тусалъя гэж бодоод хамт ажилладаг Энхцэцэг гэдэг эгчийг дуудаад, би яаралтай ажилтай явж байна гээд хүнээр өгч оруулсан. Намайг хахууль өгсөн гэх шалтгааныг тодруулж хэлье. Би хэрэв хахууль өгөх гэж байсан бол 10 минутын өмнө орохдоо өгч болох байсан. Мөн гэрчтэй хүн дуудаад өгөөд байгаа юм. Миний зүгээс өөрийн хайхрамжгүй байдлаасаа болж ийм асуудалд орлоо гэж үзэж байна. Би энэ мөнгийг хахууль өгөх зорилгоор өгөөгүй. Авилгалтай тэмцэх газрын тогтоосон 04 дүгээр сарын 01-ны өдөр Намын байрных нь түрээс төлөгдсөн гэсэн баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ нь миний мөнгө өгсөн зорилгыг тодорхойлж байгаа болов уу гэж бодож байна гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2015 оны 5 сарын үед БХЯ-нд махан бүтээгдэхүүн буюу борц, нөөш, хиам зэрэг зэргийг нийлүүлэх тендерт манай ТӨААТҮГ шалгарсан.Тэгээд энэхүү ажлаа гүйцэтгэхээр судалгаа хийж байхад Цэргийн амралтын Баагий гэж тухайн үед надтай ирж уулзаад өөрийгөө танилцуулаад “Дүлцэн” гэж компани байгаа энэхүү компани нь махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найдвартай гэж хэлээд захирал гэх Лхагваа гэж хүнийг надтай уулзуулсан. Би Баагий, Лхагваа гэж хүмүүсийн бүтэн нэрийг мэдэхгүй байна. Тэгээд би Лхагваа гэж ахтай уулзаад ТӨААТҮГ гэж байгаагүй Зэв концерн гэж байхад БХЯ-аас олгон ажил үйлчилгээнээс нийт үнийн дүнгээс 5 хүртэл хувийн ашиг авч үйл ажиллагаандаа зарцуулна гэж заасан Элбэгдорж ерөнхийлөгч сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа гаргаж байхад тушаал байдаг бөгөөд энэхүү тушаалын дагуу манай газар 5 хувиа авна танайх хугацаандаа НӨАТ татвараа төлөөд бараа бүтээгдэхүүн нийлүүлж чадах уу гэж хэлэхэд Лхагваа гэж ах болно гээд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж түүнээс хойш таньдаг болсон.

2016 оны 02 дугаар сарын сүүлээр байх БХЯ-аас мах махан бүтээгдэхүүн нийлүүлэн тендер зарлагдчихсан байхаар нь би өөрөө Лхагваа ах руу утсаар ийм тендер байна та орох уу гэсэн чинь тэгье гэхээр нь би танай компанийг бололцоогоороо дэмжүүлье та дараа нь шагнал өгнө биздээ гэсэн чинь Лхагваа ах болно гэж хэлэхээр нь би та материалаа бүрдүүлээд өгчих гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 03 дугаар сард би БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Алтансүх даргатай уулзаад махны тендер зарлагдсан байна энэ тендерт орж байгаа "Дүлцэн" гэж компанийг дэмжиж өгөх арга байна уу гэж асуусан чинь комисс шийднэ шдээ гэхээр нь би та дэмжиж өгөхийг бодоорой гэж хэлэхэд Алтансүх ах комиссын гишүүдэд юм өгөх байхдаа гэж хэлсэн. Тэгээд би комиссын гишүүдэд юм өгөх юм биш үү гэж Лхагваа ахад хэлэхэд Лхагваа тэгнээ болно өгөх юмаа өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа мах махан бүтээгдэхүүний багцын тендерт "Дүлцэн" компани шалгарчихсан гэдгийг Лхагваа ах надад хэлсэн. “Дүлцэн” ХХК тендерт шалгарсны дараа Алтансүх дарга над руу утсаар яриад чиний хэлсэн компанийг шалгаруулчихсан арван хувийг нь өгөөрэй гэж надад хэлэхээр нь би за ойлголоо гэж хэлчхээд “Дүлцэн” компанийн захирал Лхагваа ахад энэ талаар хэлэхэд тэгий тэгий би өгөх юмыг нь өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш 4-р сарын эхээр Алтансүх дарга над руу утсаар яриад мөнгө хэрэгтэй байна өнөөдөр 2 сая төгрөг хэрэгтэй авчраад өгчих, намын байрны түрээсийн мөнгө өгнө одоо намын хурал болох гээд байна хурдал гээд шаардаад байхаар нь би Лхагваа ахтай утсаар яриад нөгөө ярьсан хүн маань мөнгөө нэхэж байна гэсэн чинь ах нь одоо Орос руу явж бараа татах гэж байна 09-ний өдөр гэхэд болгоно гэхээр нь би Алтансүх даргад энэ талаар нь хэлсэн бөгөөд Алтансүх дарга одоо мөнгө хэрэгтэй яаралтай 2 сая төгрөг аваад ир гэж хэлэхээр нь би Лхагваа ахаас бараандаа явж байхад нь мөнгө нэхээд байх надад эвгүй байсан учир би дараа нь Лхагваа ахаас авчихна гэж бодоод өөртөө байсан 2 сая төгрөгийг аваад БХЯ-ны гадаа очоод хуучин хамт ажиллаж байсан Энхцэцэг гэж эмэгтэйд Алтансүх даргад оруулаад өгчих гэж хэлээд мөнгийг өгсөн. Тухайн үед би Алтансүх даргатай утсаар яриад хүнээр мөнгийг орууллаа гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын дундуур Алтансүх дарга над руу 9 гэсэн яасан гэж мессэж бичихээр нь би хариу бичилгүй Лхагваа ах руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа Алтансүх дарга над руу утсаар яриад мөнгө юу болж байна гээд ярьдаг байсан бөгөөд би Лхагваа ах руу залгаад нөгөө хүн мөнгөө нэхээд байна гэж хэлэхээр за ах нь өгнө өө гэж хэлээд байсан. Өнөөдрийн байдлаар би Лхагваа ахаас нэг төгрөг ч аваагүй бөгөөд миний хувьд Лхагваа ахаас мөнгө нэхээд байх асуудалтай байсан учир Лхагваа ах өөрийнхөө мөнгөөр бараагаа аваад түүнийгээ хүлээлгэж өгсний дараа санхүүжилт авдаг учир мөнгө муутай байгаа гэж бодоод нээх нэхэж чадаагүй.

Тендерийн үнийн дүнгийн 10 хувийг авна гэж надад хэлсэн бөгөөд би ойлгохдоо 80-90 сая төгрөгийн тендер байна гэж бодсон. Тэгэхээр 8-9 сая төгрөгийг өгөх юм байна дээ гэж дотроо бодож байсан. Миний хувьд Лхагваа ахаас тэдэн төгрөг авна гэж ярьсан зүйл байхгүй, Алтансүх дарга 10 хувийг нь өгчхөөд, Лхагваа ахын надад шагнал гэж өгснийг нь авна гэж бодож байсан. Алтансүх дарга надад ярихдаа комиссын гишүүдэд мөнгө өгнө гэж байсан. Алтансүх дарга надад ярихдаа намынхаа байрны түрээсийн мөнгийг өгнө яаралтай 2 сая төгрөг хэрэгтэй байна гээд байсан.

Алтансүх дарга надад ярихдаа “Дүлцэн” ХХК-ий банкны баталгаа нь багц тус бүртээ хийлгүй бөөнд нь хийчихсэн байна энэ хүндрэлтэй байгаад байна гэж хэлж байсан бөгөөд энэ талаар нь би Лхагваа ахад хэлээд Лхагваа ах банкны баталгаагаа салгаж цэгцлээд надад баримтыг нь өгөхөөр нь би тэр банкны баталгааны баримтыг Алтансүх даргад өгч байсан…” гэсэн мэдүүлэг /3-р хавтас 42-47/,

 

Шүүгдэгч Б.Лхагванинж: шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс өөр хэлэх зүйлгүй…”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Алтангэрэлийн хувьд намайг тендерийн материал аваад явж байхад тааралдаад тентерт оролцох гэж байгаан юм уу наад тендерт чинь би яриад шалгаруулаад өгье надад тендер шалгаруулах комисст таньдаг хүн байгаа, та тендерийн үнийн дүнгийн 10 хувийг нь өгөөрэй гэж хэлэхээр нь би шалгаруулаад өгвөл 10 хувийг нь өгнө гэж хэлсэн. Би Алтансүх гэх хүнтэй уулзаж ямар нэгэн зүйл ярьж тохироогүй, тэр хүнийг огт танихгүй. Тендерийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг би Алтангэрэлд өгнө гэж ярьсан боловч өгөөгүй. Тендерийн үнийн дүнгийн 10 хувь нь тухайн үед 11,8 сая төгрөг болж байсан санагдаж байна. Мөн Алтангэрэл өөрөөсөө 2 сая төгрөг гаргаж Алтансүх гэж хүнд өгсөн гэдгийг би Авилгатай тэмцэх газар дээр ирж байцаалт өгөхдөө мэдсэн. Алтангэрэл тендерт шалгарсны дараа мөнгөө өгөх боломж байна уу гэж утсаар надаас асууж байсан бөгөөд би тухайн үед нь мөнгө өгөөгүй…” гэсэн мэдүүлэг /6-р хавтас 199/,

 

Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт “…Би Алтансүхийг олон жилийн өмнөөс танина. Тухайн үед би тэр компанид хувь эзэмшдэг байсан. Манай хүүхэд тэнд ажиллаж байсан. Батлан хамгаалах яамнаас тендер зарлагдсан гэж ярьж байсан. Би Алтансүхтэй яриад, би уулзъя гэж хэлсэн. Бид хоёр олон жил уулзаагүй учир тэр уулзалтан дээр уулзаад бизнесийн талаар ярьсан. Тэгээд би манай ахын хүүхэд батлан хамгаалах яамны тендерт орж байгаа юм байна. Чи тусалж өгөөч гэж хэлсэн нь үнэн. Тэгээд Алтансүх юу ч хэлэлгүй явсан. 5.000.000 төгрөгийн тухайд Алтансүх би гадагшаа явах гэж байна. Танд мөнгө байна уу гэж хэлээд над руу залгасан. Би авилгал өгч байна гэдгээ ойлгоогүй. Тухайн үед таньдаг хүний хувиар мөнгө хэрэгтэй болж байна гэж бодоод огт юм бодолгүй Мөнхбатын шимтгэлийг хурдан гаргаад өгөөч гэж хэлээд хүүхдээрээ мөнгө өгүүлсэн…”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Намайг сэжигтнээр тооцсон тогтоолтой танилцлаа. Намайг ямар хэрэгт холбогдуулж шалгаж байгааг ойлгож байна. Би 5 сая төгрөгийг Алтансүхэд шимтгэл гэж үзэж өгсөн. Би хээл хахууль гэж бодохгүй байна. Миний төрсөн охин Дуламхандын нөхөр Мөнхбат нь Ард даатгал ХХК-д орлогын менежерийн ажил эрхэлдэг юм. Түүний үндсэн ажил нь даатгагч байгууллагын нэмэгдүүлэх, даатгуулагч олж ирэх, орлогын төлөвлөгөөтэйгөөр ажилладаг юм. Тэрээр 2016 онд эхээр тэрээр Батлан хамгаалах яамнаас “Энхийг сахиулах ажиллагаанд явж байгаа байлдагч нарын гэнэтийн ослын даатгалын тендерт” зарлагдсан байна. Би материалаа өгчихлөө, тендерт шалгарахад таны дэмжлэг хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Би түүний ажлыг дэмжье гэсэн үүднээс Мөнхбатаас “тендерийн үнэлгээний хороонд нь ямар ямар хүмүүс байгаа юм бэ?” гэж надаас асуухад “Үнэлгээний хорооны даргаар нь Алтансүх гэдэг хүн ажиллаж байгаа” гээд өөр бас бус хүмүүсийн нэр хэлсэн юм. Би Мөнхбатаас “миний хуучны танил Алтансүх гэдэг барилгын салбарт ажилладаг хүн байсан. Би түүнээс зөвлөгөө авч байсан юм, тэр хүн мөн үү?” гэж асуухад мэдэхгүй байсан. Тэгэхээр нь миний таньдаг байсан Алтансүхтэй найзалдаг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний захирал Зоригоогоос “Алтансүх хаана ажиллаж байгаа вэ?” гэж асуухад “Батлан хамгаалах яаманд ажиллаж байгаа” гэж хэлсэн.

Би Зоригоогоос Алтансүхийн утасны дугаарыг аваад түүний 88461669 гэсэн дугаар руу залгаад “би Ард даатгал ХХК-ний Тогтохбаяр байна, чи Батлан хамгаалах яаманд байгаа юм байна, намайг таньж байна уу?” гэж хэлэхэд “би таныг таньж байна, таныг Ард даатгалдаа ажиллаж байгааг мэдсэнгүй, манай яаман дээр танай даатгалын компанийн материал ороод ирсэн байгаа шүү дээ, 6 компаниас материалыг авчихсан байгаа” гэж хэлсэн. Ингээд бид 2 утсаар ярьж байгаад олон жил уулзаагүй юм чинь гээд уулзахаар тохирсон юм.

Би Зоригоогоос Алтансүхийн утасны дугаарыг аваад түүний 88461669 гэсэн дугаар руу залгаад “би Ард даатгал ХХК-ний Тогтохбаяр байна, чи Батлан хамгаалах яаманд байгаа юм байна, намайг таньж байна уу?” гэж хэлэхэд “би таныг таньж байна, таныг Ард даатгалдаа ажиллаж байгааг мэдсэнгүй, манай яаман дээр танай даатгалын компанийн материал ороод ирсэн байгаа шүү дээ, 6 компаниас материалыг авчихсан байгаа” гэж хэлсэн. Ингээд бид 2 утсаар ярьж байгаад олон жил уулзаагүй юм чинь гээд уулзахаар тохирсон юм.

Утсаар ярьснаасаа хойш хэд хоногийн дараа би Алтансүх рүү дахиж утсаар яриад “чамтай уулзмаар байна шүү дээ” гэхэд “би ажил ихтэй байдаг, уулзах зав гарахгүй байх” гэхээр нь “чамтай уулзаад юу удах вэ дээ, 30 гаруй минут гаргаж чадахгүй гэж үү, би чам руу дөхөөд яваад очъё” гэхэд зөвшөөрсөн юм. Би Зоригоо, болон хүргэн хүү Мөнхбат нарыг дагуулаад кино үйлдвэрийн ойролцоо байдаг Украин хоолны газар руу очоод Алтансүхтэй уулзсан юм. Тэрээр хоол унд ,идэж уухгүй гэхээр “Ард даатгал ХХК-ний тендерт шалгаруулж өгөөч, манай компанийн хувьд шалгарахгүй байх зүйл байхгүй, бичиг баримтын хувьд асуудал гарахгүй, манай компанийг дэмжээрэй” гэж хэлсэн. Алтансүх надад “6” компани тендерээ ирүүлсэн байгаа, танай компанийн материал ирсэн байна лээ” гэж надад хэлсэн. Би компанийнхаа давуу тал болон эрсдэлийн талаар түүнд нилээд ойлгуулж хэлж яриад “Батлан хамгаалах яамнаас 84,5 сая төгрөгийн санхүүжилт манай компанид орж ирэх юм байна, танд үүний 22 хувь буюу 18 сая төгрөгийг өгье” гэж эхлээд салцгаасан. Алтансүх тухайн үед танай компанийг шалгаруулаад өгье гэж надад хэлээгүй, харин ойлголоо гээд яваад өгсөн.

Би энэ явдал болсноос хойш нилээд удсан бөгөөд би огт анхаарал хандуулахгүй хаячихсан юм. Гэтэл Мөнхбат надад “Алтансүх ах утсаа авахгүй байна” гэж хэлэхээр нь би өөрөө залгаад юу болж байгааг асуухад “үнэлгээний хорооны хурал болоогүй байгаа” гэж хэлсэн. Би түүнд бас л “манай компанийг дэмжинэ шүү” гээд л хэлээд авсан. Би Зоригоод бас “цаад Алтансүх чинь утсаа авахгүй байна, чи нэг яриад өгөөч, үнэлгээний хорооны хурал юу болж байгаа бол асуугаад өгөөч” гэж ярьж байсан. Зоригоо би яриад өгье гэдэг боловч Алтансүхтэй юу гэж ярьсан талаараа надад хэлж байгаагүй.

Би Алтансүх гэдэг хүн нь Батлан хамгаалах яамнаас зарласан тендерийн үнэлгээний хорооны даргаар ажиллаж байгаа юм байна, миний таньдаг хүн байгаа юм гэж Ард даатгал ХХК-ний захирал Батболд-д хэлж байсан санагдаж байна. Тэрээр “за ашгүй дээ, та сайн хөөцөлдөөрэй” гэхэд нь “харин тиймээ Мөнхбатын орлого биелэхгүй, хямрал болоод байгаа учраас хаа хаанаа ажил хайж орлого, олохгүй бол хэцүү байна” гэж ярилцаж байсан юм.

Хэзээ гэдгийг нь санахгүй байна Мөнхбат надад “манай компанийн Батлан хамгаалах яамны тендерт ялсан талаар үнэлгээний хорооны нарийн бичиг нь ярьж байна, манай компанийг мэдэгдлээ ирж ав, гэрээгээ байгуул” гэсэн байна гэж хэлсэн. Би түүнд “сайн байна” гэж хэлээд орхисон бөгөөд тэрээр “би гэрээнийхээ төсөл дээр ажиллаж байна” гээд л яваад байсан.

2016 оны 04 сарын 24-ны өдөр Мөнхбат надад “Алтансүх ах над руу утсаар яриад танайх урьдчилгаа шимтгэлээ өгөх арга байна уу? намын санхүүжилт нэхээд хэцүү байна” гэж хэлэхээр нь зөрүүлээд “компанийн удирдлагатай яръя” гэж хэлсэн. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Туушин зочид буудлын ард талд Өнгөт хэвлэлийн байранд байрлах Ард даатгал ХХК-ний байранд очиж гүйцэтгэх захирал Батболдтой уулзаж “Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулагдахаар гэрээ нь боловсруулагдаж байна, Алтансүх гээд миний найз байгаа, түүнд урьдчилгаа хэдэн төгрөгийг нь өгөхгүй бол болохгүй нээ” гэхэд Батболд захирал надад “удахгуй сонгууль болно, засгийн газар солигдоод гэрээ нь цуцлагдаад Батлан хамгаалах яамны санхүүжилт зогсчихвол хэцүү шүү дээ, дараа нь эзэнгүй авлага үүсчих учраас сайн бодохгүй бол болохгүй гээд байсан.

Тэгэхээр нь Даатгалын газрын дарга Эрдэнэтулгатай уулзаж “Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулах гэж байна, Алтансүхээс намын санхүүжилт өгөх хэрэгтэй гээд мөнгө өгөөч" гээд байна. Ямар ч байсан урьдчилгаа хэдэн төгрөг өгөөд гэрээ байгуулж аваад гэрээгээ уяад байж байдаг юм билүү” гэж ярилцаж тохирсон. Би түүнд "хэрвээ гэрээний санхүүжилт зогсвол би өөрөө дараа нь хувиасаа төлнө, чи ямар ч байсан баталгаа гаргаад өгөөч" гэхэд цаасан дээр гараараа 5 сая төгрөг олгоход баталгаа гаргаж байна гэх утга бүхий /би уншаагүй учраас сайн мэдэхгүй байна/ зүйл бичээд өгөхөөр нь Мөнхбат-д өгөөд “чи наад баталгаагаа аваад Батболд захиралтай уулзаад мөнгөө аваарай, Алтансүх-д аваачиж өгөөрэй” гэж хэлээд би явсан.

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн үед Мөнхбат над руу утсаар яриад “Би Алтансүх ахтай уулзчихлаа” гэж хэлсэн. Түүнийг 5 сая төгрөгийг Алтансүхэд өгсөн байх гэж бодож байна.

Даатгалын байгууллага их онцлогтой байгууллага байгаа юм. Даатгагч байгууллагад даатгуулагч олж өгсөн аливаа иргэн аж ахуй нэгж байгууллагад гүйцэтгэлийн 15-22 хувийн шимтгэлийг нь өгдөг практик байдаг юм. Би Алтансүхийг манай компанитай харьцвал эрсдэлийг чинь давхар даатгалд давхар даатгуулж, найдвартай хамгаалалт үүсгэе гэж хэлсэн. Батлан хамгаалах яамнаас 84,5 орчим сая төгрөг орж ирэх байсан. Би Алтансүхэд энэ мөнгөний 22 хувь буюу 18 сая төгрөгийг өгье гэж хэлсэн байсан бөгөөд үүний урьдчилгаа болгож 5 сая төгрөгийг компанийнхаа санхүүгээс авч Мөнхбатаар өгүүлсэн юм.

Тэр 5 сая төгрөг нь Ард даатгал ХХК-ний мөнгө байгаа юм. Би хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлээд авсан компанийн мөнгө байгаа юм.

Одоо би урьд нь ямар мэдүүлэг өгсөн болохоо би санахгүй байна. Би 3 жилийн өмнөөс тэтгэвэрт суусан бөгөөд одоо “Ард даатгал” ХХК-ий хувь эзэмшигчээр ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд ТУЗ нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Улирал тутам нэг удаа хуралдаж компанийн үйл ажиллагаатай танилцаж, бодлого чиглэлийг тодорхойлдог. Одоо Ард даатгал ХХК миний хүргэн хүү Мөнхбат ажилладаг бөгөөд Мөнхбатын ажилд туслах гэж байгаад ийм асуудалд орчихлоо.

Алтансүх надаас намын санхүүжилт гээд мөнгө хэрэгтэй болоод танай компани чинь коммишень буюу шимтгэл өгнө биздээ гэхээр нь би өгөлгүй яахав дээ гэж хэлсэн. Тухайн үед яг тэдэн төгрөг өгнө гэж Алтансүхтэй мөнгөний тоо, хэмжээ яриагүй.

...Тэр өдөр Алтансүх над руу утсаар яриад нөгөөдөр би гадаад явах болчихлоо, намд хэдэн төгрөг хэрэгтэй болоод байна та шимтгэл, урамшууллаасаа хэдэн төгрөг өгөх боломжтой байна уу гэж хэлэхээр нь би за ойлголоо гэж хэлээд 2016.04.25-ны өдөр би Батболдтой утсаар яриад Мөнхбатын оролцсон Батлан хамгаалах яамнаас зарласан тендерт компани шалгараад мэдэгдлээ авчихсан юм байна Мөнхбатын урамшууллыг өгөх боломж байна уу хэдэн төгрөг хэрэгтэй болоод байна гэж хэлсэн чинь Батболд захирал албан ёсоор гэрээ байгуулаагүй, хураамж нь компанид орж ирээгүй тэгээд ч сонгууль болох гэж байгаа учир удирдлагууд нь солигдчихвол бүтэхгүй болчхож магадгүй гээд дургүйцээд зөвшөөрөөгүй. Тэгээд би Даатгалын газрын захирал Эрдэнэтулгын өрөөнд очиж уулзаад Мөнхбатад хэдэн төгрөгийн урамшуулал өгчихөөч тендерт шалгарсан гээд мэдэгдлээ авчихсан юм чинь гэж хэлсэн чинь Эрдэнэтулга захирал бас л мөнгө нь орж ирээгүй юм чинь өгөх боломжгүй дараа нь эзэнгүй авлага үүсчихнэ гээд байхаар нь би уурлаад тэгвэл би баталгаа гаргаж өгий гэж хэлээд Эрдэнэтулгаар өөрөөр нь баталгаа бичүүлээд Мөнхбатыг дуудаж баталгаанд гарын үсэг зуруулаад Батболд захиралд өгсөн. Тэгээд би Мөнхбатад чамд компаниас 5 сая төгрөг өгнө тэр мөнгийг аваад Алтансүхэд аваачаад өгчих гэж хэлээд Алтансүхийн утасны дугаарыг би Мөнхбатад өгсөн…” гэсэн мэдүүлэг /3-р хавтас34-41/,

 

Гэрч Р.Зоригтын “...Тогтохбаяр эгч бид хоёр байнга уулздаг байсан бөгөөд хэзээ гэдгийг би яг санахгүй байна ямар ч байсан надаас Алтансүхийн гар утасны дугаарыг авч байсан. ...Би өдрийг яг санахгүй байна. 2016 оны 04 дүгээр сарын эхээр байж магадгүй гэж бодож байна. Ресторанд уулзахад Тогтохбаяр эгч өөрийнхөө Ард даатгал ХХК-ийн талаар танилцуулга хийгээд сан бөгөөд мөн хувьцаагаа зарах талаар ярьсан. Ингэж ярьж байхад би пиво ууж байсан бөгөөд уулзаж байхдаа дундуур нь босч бие зассан, мөн тэр ресторан дотор цагаан өнгийн төгөлдөр хуур байхаар нь очиж үзээд тагийг нь үйлчлэгч охиноор сөхүүлээд сонирхож үзсэн. Энэ үед Алтансүх, Тогтохбаяр эгч хоёр уулзаад сууж байсан. Мөн энэ үед би Алтансүхэд манай компаниар хийлгэх үнэлгээний ажил байна уу гэж асууж байсан. ...тухайн үед ресторанд Тогтохбаяр эгчийн жолооч бололтой машиныг нь барьж явсан залуу хамт орсон бөгөөд тэр залуу бид гурваас жоохон зайтай газар суусан байсан…”гэсэн мэдүүлэг /2-р хавтас 21-24/,

 

Гэрч Т.Батцэнгэлийн “...2016.04.25-ны өдөр гүйцэтгэх захирал Батболдын даатгалын менежер Мөнхбатад урамшуулал 5.0 сая төгрөг олгох тухай тушаал гарч над дээр тушаал нь ирсэн бөгөөд Мөнхбат мөнгө олгохыг хүссэн өргөдөл бичээд ирэхээр нь гүйцэтгэх захирлын тушаал гарчихсан учир өргөдөл дээр урьдчилгаагаар хүртэл мөнгийг олгох гэж цохолт хийсэн. Үүний дагуу нягтлан бодогч төлбөрийн даалгавар бичиг гүйцэтгэх захирал Батболд бид хоёр төлбөрийн даалгаварт гарын үсэг зурж мөнгийг Мөнхбатад олгосон. Урамшуулал гэдэг нь компанид орлого оруулсан ажилчдад тодорхой хэмжээний урамшуулал олгодог.

...Батлан хамгаалах яамнаас зарласан тендерт ялсан талаар манай байгууллагад мэдэгдэл ирсэн бөгөөд энэхүү ажлыг нь урамшуулан гүйцэтгэх захирлын тушаал гарч урамшууллыг Мөнхбатад олгосон байх. Өргөдөл дээр би урьдчилгаа гэж бүртгэх талаар цохолт хийсэн шалтгаан нь Батлан хамгаалах яамнаас зарласан тендерт ялсан гэсэн мэдэгдэл ирснээс биш албан ёсоор гэрээ хийгдэж, манай байгууллагад мөнгө нь орж ирээгүй учир урамшууллын зарлага гэж гүйлгээний утгыг бичилгүйгээр урьдчилгаагаар бүртгэх талаар цохолт хийсэн. Батлан хамгаалах яамнаас зарласан тендерт Мөнхбат өөрөө бүх материалыг бүрдүүлэн компанийг төлөөлөн оролцсон.

Мөнхбатад 5.0 сая төгрөгийн урамшуулал олгох тухай гүйцэтгэх захирлын тушаал гарсны дагуу урамшууллын 5.0 сая төгрөгийн гүйлгээг хийх зөвшөөрлийг би олгосон…” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 25-27/,

 

Гэрч А.Батболдын “...Тогтохбаяр гуай өөрөө ТУЗ-ийн гишүүн учир цалин авдаггүй бөгөөд Тогтохбаяр гуай би цалингүй байгаа учир даатгалын ажил олж түүнээс урамшуулал авч бай гэсэн санал тавьж түүнийг би зөвшөөрсөн юм. Батлан хамгаалах яамнаас зарласан тендерт Мөнхбат компанийг төлөөлөн итгэмжлэлээр оролцсон бөгөөд уг тендерт оролцоод явж байхад Тогтохбаяр гуай Батлан хамгаалах яамнаас зарласан тендерийг би хөөцөлдөж байгаа шүү гэж надаа хэлж байсан учир уг тендерийг Тогтохбаяр гуай хөөцөлдөж байгаа гэдгийг мэдэж байсан. Тэгээд 2016.04.25-ны өдөр Тогтохбаяр гуай Батлан хамгаалах яамнаас зарласан тендерт шалгараад мэдэгдлээ авчихсан юм чинь урамшууллаа олгохгүй юм уу гэж ярихаар нь би гэрээ хийгдээгүй, хураамж нь орж ирээгүй байгаа юм чинь одоо олгох боломжгүй гэж хэлсэн чинь Тогтохбаяр гуай урамшуулал өгчих гээд гуйгаад байхаар нь албан ёсоор гэрээ хийгдэж мөнгө орж ирээгүй юм чинь урьдчилгаа байдлаар 5.0 сая төгрөг олгоё гэж хэлээд даатгалын менежер Мөнхбатад 5.0 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнах тухай А/16/111 дугаартай тушаалыг гаргаж 2016.04.25-ны өдөр 5 сая төгрөг олгосон. Мөнхбатын гарын үсэг баталгаа гаргах тухай энэ бичгийн талаар мэдээгүй байж байгаад танай байгууллагын хүмүүс манай компани дээр нэгжлэг хийж байхдаа тэр бичгийг надад харуулахад нь уг бичгийн талаар мэдсэн. Тэр бичгийн талаар би Эрдэнэтулгаас асуухад Тогтохбаяр захирал бичиж өгсөн гэж надад хэлсэн. Миний хувьд баталгааны бичиг хийж өг гэж шаардсан зүйл байхгүй.

Мөнхбат өөрөө урамшуулал авъя гэж санал хүсэлт гаргаагүй, Мөнхбат гэрээ хийгдэж хураамж компанид орж ирээгүйг мэдэж байгаа учир урамшуулал авах тухай яриа гаргаагүй. ...Тогтохбаяр гуай өөрөө урамшууллын мөнгө олгоод өгөөч гэж гуйсан боловч Батлан хамгаалах яамнаас зарласан тендерт Мөнхбат материал бүрдүүлж оролцож байсан учир компанийн зүгээс Мөнхбатыг урамшуулан шагнаж түүний данс руу 5.0 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөнхбатын данс руу мөнгө шилжүүлсний дараа тухайн мөнгийг хэн авсан болохыг нь би мэдэхгүй. Тогтохбаяр гуай өмнө нь би тендерийг хөөцөлдөж байгаа шүү гэж? надад хэлж байсан учир би бодохдоо өөрөө хөөцөлдсөн гэдэг утгаараа Тогтохбаяр гуай өөрөө урамшуулал авах гэж байгаа юм байна гэж ойлгож байсан…” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 31-33/,

 

Гэрч Н.Эрдэнэтулгын “...2015.04.25-ны өдөр намайг ажил дээрээ байж байсан чинь Тогтохбаяр захирал манай өрөөнд орж ирээд надтай уулзаад бид хоёр компани хувь зарах асуудлаар ярьж байсан чинь Тогтохбаяр захирал чи Мөнхбатын ажлыг дэмжиж байгаарай гэснээ Батлан хамгаалах яамнаас зарласан тендерт Мөнхбат ороод шалгараад мэдэгдлээ авчихсан байна лээ чи урамшууллыг нь олгочхооч гэхээр нь би гэрээгээ байгуулаагүй, хураамж нь орж ирээгүй байхад яаж болох юм бэ тэгж болохгүй гэж хэлсэн чинь Тогтохбаяр захирал надтай наадах чинь асуудалгүй бүтнэ мэдэгдлээ авчихсан юм чинь одоо удахгүй гэрээгээ байгуулах юм чинь урамшууллыг нь өгчхөөч гэхээр нь би төрийн байгууллагын мөнгө асуудалтай одоо сонгууль болох гэж байна тэгээд мөнгө байхгүй гээд таг болчихвол яахын урамшуулал олгож болохгүй гэсэн чинь Тогтохбаяр гуай мөнгө хэрэгтэй байна хэрвээ гэрээ нь бүтэхгүй бол би авсан мөнгийг дааж, буцааж төлнө чи баталгаа биччих гээд Тогтохбаяр захирлыг гуйгаад байхаар нь би өөрийнхөө компьютер дээр баталгаа бичиж хэвлээд Тогтохбаяр захиралд өгсөн чинь Тогтохбаяр захирал Мөнхбатаар гарын үсэг зуруулаад миний ширээн дээр тавьсан. Энэхүү урамшууллын талаар Тогтохбаяр захирал Батболд захиралтай уулзаж гуйсан гэдгийг би сүүлд нь мэдсэн. Мөнгө гаргах асуудлыг Батболд захирал шийдвэрлэдэг бөгөөд миний хувьд компаниас мөнгө гаргах эрх байхгүй учир 5 сая төгрөгийн урамшуулал олгосон гэдгийг нь би маргааш нь мэдсэн. Тэр хоёрын хэн нь авсан болохыг би мэдэхгүй байна, Тогтохбаяр захирал урамшууллын мөнгө олгоод өгөөч гээд яриад байсан…”гэсэн мэдүүлэг /2-р хавтас34-36/,

 

Гэрч Г.Энхцэцэгийн “...2016 оны 04 дүгээр сарын эхээр намайг ажил дээрээ байсан чинь өдөр Алтангэрэл над руу өөрийнхөө 99075919 дугаарын утаснаас над руу яриад Энхээ эгчээ та хаана байна завтай байна уу гэхээр нь би ажил дээрээ байна одоо яам руу орж Алтансүх даргад гэрээний маягт оруулж өгөх гэж байна, завтай байна гэж хэлсэн чинь Алтангэрэл та ажлынхаа гадаа гараад ир түр уулзъя би жоохон яарч байна гэж хэлэхээр нь би яаманд өгөх гэрээний маягтаа аваад яамны урд талын авто машины зогсоол дээр Б.Алтангэрэл өөрийнхөө саарал өнгийн суудлын машинтай ганцаараа сууж байхаар нь машинд орж суугаад Алтангэрэлтэй уулзсан чинь Алтангэрэл ажил ямар байна гэж асууснаа энийг Алтансүх даргад өгчих гээд надад хоёр боодол 10,000 /арван мянга/ төгрөгийн дэвсгэрт өгөхөөр нь би аваад өөрийнхөө барьж явсан гэрээний маягт бүхий бичгийн цаасаар мөнгийг ороож бариад яам руу орж Ж.Алтансүх даргын өрөөнд ороод гэрээний маягтыг өгөөд мөн 2 боодол 10,000 /арван мянга/ төгрөгийн дэвсгэртийг Алтангэрэл танд өгчих гэсэн гээд өгсөн чинь Алтансүх дарга аан за гээд авсан. Тэгээд би Алтансүх даргын өрөөнөөс гараад шууд ажил руугаа орсон. Үүнээс хойш Алтангэрэлтэй дахиж уулзаагүй. Би сар, өдрийг нь сайн санахгүй байна. Би тэмдэглэлийн дэвтрээ харахаар 4 дүгээр сарын 1 юм уу эсвэл 6-ны өдөр байж магадгүй харагдаад байгаа юм учир нь тэр өдрүүдэд би барилга руу яваагүй, дандаа ажлын өрөөндөө сууж ажилласан байсан. Алтангэрэл өөрийнхөө 99075919 дугаарын утаснаас миний 89658320 дугаарын утас руу залгаж яриад тэгээд бид хоёр машины зогсоол дээр уулзсан…”гэсэн мэдүүлэг /2-р хавтас 44-46/,

 

Гэрч Г.Наранцэцэгийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дүлцэн ХХК нь манай тооцооны төвд тендерийн баталгаа гаргуулах хүсэлт гаргаж үүнийх нь дагуу 2.915.000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээж Батлан хамгаалах яаманд 117DОСВD160262 дугаартай тендерийн баталгааг гаргаж өгсөн. Мөн 2016.03.15-ны өдөр “Дүлцэн” ХХК өмнө нь буюу 2016.03.02-ны өдрийн тендерийн баталгааг багц тус бүрт нь салгуулж, баталгааны хүчинтэй хугацааг 2016.05.18-ны өдөр хүртэл болгож засуулан авах хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу 2016.03.15-ны өдөр 2-р багц 440,000 төгрөг, 3-р багц 890,000 төгрөг, 4-р багц 670,000, 5-р багц 442,000 төгрөг, 6-р 473,000 төгрөг гэж багц тус бүрт нь тендерийн баталгааг салгаж мөн баталгааны хүчинтэй хугацааг 2016.05.18-ны өдрийг дуустал гэж засаж дахин тендерийн баталгааг гаргаж өгсөн. Энэхүү баталгааг засаж гаргаж өгөхдөө өмнө нь гаргасан тендерийн баталгааны 117DОСВD160262 дугаараар гаргаж өгсөн.

2016.03.15-ны өдөр тендерийн баталгааг засаж өөрчлөлт оруулж дахин гаргаж өгсөн учир 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэж он сар өдрийг тавьж өгсөн байх ёстой. Банк тендерийн баталгаа гаргаж өгөхдөө тухайн өдрийн он сарыг өдрөөр гаргаж өгдөг түүнээс он сар өдрийг урагшлуулах, хойшлуулах хэлбэрээр тендерийн баталгааг гаргаж өгдөггүй. Хэрвээ тендерийн баталгааны он сар өдрийг урагшлуулсан, хойшлуулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа бол тухайн тендерийн баталгаа хүссэн компани өөрсдөө засварласан байгаа байх гэж бодож байна. Голомт банкны дотоод журамд тендерийн баталгааг харилцагчийн хүсэлтийг үндэслэж засвар болон хугацаа сунгалт хийж болно гэж заасан байдаг. Манай банк тендерийн баталгаа гаргаж өгөхөд 30,000 төгрөгийн хураамж авдаг бөгөөд өөрчлөлт оруулж засуулахад 20,000 төгрөгийн хураамж авдаг…”гэсэн мэдүүлэг /2-р хавтас 47-49/,

 

Гэрч Д.Болормаагийн “...2016.03.02 гэж бичсэн бичвэр миний бичгийн хэв мөн би бичсэн байна. Анхны тендерийн баталгааг гаргахдаа багц тус бүрт нь үнийн дүнг салгалгүй бүхэл дүнгээр биччихсэн байсныг Дүлцэн ХХК-ийн захирал гэх хүн нь багц тус бүрт нь үнийн дүнг салгаж 2016.03.02-ны өдрөөр гаргаж өгнө үү гээд албан бичгээ бариад 2016.03.15-ны өдөр ирүүлсэн. Тэр үед би өмнөх тендерийн баталгаа авах хүсэлтийг харахад багц тус бүрт нь салгаж тендерийн баталгаа гаргаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байсан бөгөөд мөн манай зээлийн эдийн засагч Бат-Отгон өмнө нь багц тус бүрт нь салгаж гаргах байсныг манайх буруу гаргачихсан юм байна энийг засаад он сар өдрийг нь 2016.03.02-ны өдрөөр гаргаад өгчих гэж хэлэхээр нь би мөнгөн дүн болон утга агуулга нь өөрчлөгдөөгүй зөвхөн үнийн дүнг багц тус бүрт нь салгаж байгаа учир болох юм байна гэж бодоод энэ талаар ахлах руу утсаар хэлээд захиралд танилцуулаад тендерийн баталгааг би гаргаж өгсөн. Засварласан тендерийн баталгааг гаргаж өгөхдөө он сар өдрийг нь 2016.03.02-ны өдөр гэж бичсэн Би Бат-Отгоныг болно гээд хэлээд байхаар нь ахлахад утсаар танилцуулж, мөн захиралд биечлэн уулзаж танилцуулаад өмнө гаргасан баталгаанд засвар оруулж багц тус бүрт нь салгаж баталгааг дахин гаргаж өгсөн…”гэсэн мэдүүлэг /2-р хавтас 53-55/,

 

Гэрч Л.Бат-Отгоны “...Дүлцэн ХХК 2016 онд манай тооцооны төвөөс тендерийн баталгаа гаргуулан авсан яг хэдэн удаа авсан болохыг би мэдэхгүй. Би өөрөө тендерийн баталгаа гаргадаггүй, тендерийн баталгааг хянагч нягтлан бодогч гаргадаг. Би сар өдрийг нь санахгүй байна намайг ажил дээрээ байхад Лхагванинж ирж надтай уулзаад тендерийн баталгаанд задаргаа оруулж дахиж авах гэсийн гэхээр нь би мөнгөө тушаагаад хянагчтай уулзчих гэж хэлээд өрөөнөөсөө гаргасан бөгөөд Лхагванинж буцаж манай өрөөнд орж ирээд дараалал ихтэй байна би яараад байна чи хэлээд өгөөч гэхээр нь би хянагч Болдмаатай уулзаад тендерийн баталгаанд задаргаа хийлгэх гэж байгаа юм байна яаралтай хэрэгтэй байгаа гэнээ хурдан гаргаад өгөөч гэж хэлээд тэр хоёрыг хооронд холбож өгчихөөд буцаад би өрөөндөө орсон. Тэгээд Лхагванинж надтай эргэж уулзаагүй бөгөөд баталгаагаа аваад явсан байх…”гэсэн мэдүүлэг /2-р хавтас 56-57/,

 

Гэрч Б.Анхбаярын “...2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хувьд өглөө 08 цагаас Ж.Алтансүх даргыг гэрээс нь очиж аваад батлан хамгаалах яаманд буулгасан, тэгээд би шууд өөрийнхөө 089-р анги руугаа яваад явж очоод Ж.Алтансүх даргыг дуудахыг хүлээж байсан. Орой 18 цагийн орчим Ж.Алтансүх дарга батлан хамгаалах яаман дээр хүрээд ир гэж дуудахаар нь яваад очтол Турк улсын элчин сайдын яам руу хүргүүлсэн, тэнд хүлээн авалттай гэж ярьж байсан учраас энэ талаар мэдэж байна. Турк улсын элчин сайдын яамны гадаа би хүлээгээд сууж байсан, 20 цагийн орчим хүлээн авалт нь тарж байгаа бололтой хүмүүс гарч ирэхэд дарга Ж.Алтансүх батлан хамгаалах яамны сайд Цолмонтой хамт гарч ирээд Цолмон сайдын машинд суугаад яваад өгсөн, удалгүй Цолмон сайдын жолооч Баяраа над руу гар утсаараа залгаад дагаад МАХН-ын байран дээр хүрээд ир гэж байна шүү гэхээр нь араас нь дагаж МАХН-ын байрны гадаа яваад очтол Цолмон сайдын жолоочтой хамт Ж.Алтансүх дарга намайг хүлээгээд юм яриад зогсож байсан. Намайг ирэнгүүт Ж.Алтансүх дарга шууд машины ард ороод суучихсан шууд явах юм байх гэж бодсон чинь энд нэг хүн ирнэ уулзчихаад явъя гэхээр нь болоогүй байна гэж ойлгоод машинаасаа буугаад даргад саад болоод яахав гэж бодоод Цолмон сайдын жолооч Баяраатай юм ярьж зогссон, угаасаа бид нар нэг ангид хамт ажилладаг адилхан дарга нарын жолооч хийдэг хүмүүс. Ингээд намайг Баяраа жолоочтой юм яриад машинд нь хамт сууж байхад Алтансүх дарга удаагүй над руу залгаад за болчихлоо явъя гэхээр нь би явж очоод Герман элчингийн ойролцоо байдаг Рамада рестораны гадаа хүргэж өгчхөөд гадаа нь хүлээгээд зогсож байгаад дуудагдаж хүрч ирсэн.

Хэнтэй уулзсан эсэхийг нь мэдэхгүй байна, тэр орчим их олон хүмүүс байнга орж гардаг юм байна лээ, харин миний албаны машины хажууд саарал өнгийн приус маркийн машин зогсож харагдсан, тэрнээс биш ямар хүн ирээд уулзчихаад явсныг нь мэдэхгүй байна. Би машинд хүн орж суухыг нь анзаарч хараагүй, ямар ч байсан машины хажуул саарал өнгийн приус маркийн машин ирж зогсож байсан. Тэр машин ирж зогссоны дараа удалгүй 3-5 минутын дараа Алтансүх дарга миний гар утас руу залгаад явъя гэж хэлэхээр нь би сайдын жолоочтой машин дотор нь сууж байгаад машинаас бууж машинаа бариад Герман элчингийн зүүн талд байрлах ресторан руу очсон. Тухайн үед би Алтансүх даргыг ямар хүнтэй уулзсан болохыг мэдээгүй.

Арын суудал дээр байсан хар өнгийн цүнх Алтансүх даргын цүнх. Би нэгжлэг хийхэд хажууд нь байлцсан бөгөөд цүнхэн дотор баахан бичиг баримт болон бор өнгийн цаасан ууттай 20,000 /хорин мянга/ төгрөгийн дэвсгэртээр 2 бүтэн боодол, нэг тал боодол буюу нийт 5,000,000 /таван сая/ төгрөг байсан. Бас бор өнгийн цаасан ууттай мөнгөнөөс гадна тусдаа дан 20,000 /хорин мянга/ төгрөгийн дэвсгэртээр 600,000 /зургаан зуун мянга/ гаран төгрөг байсан. Нэгжлэг хийж байхад тухайн үйл явцыг нэг залуу камераар бичээд байсан. Би тэр мөнгө хэний, ямар учиртай мөнгө болох талаар мэдэхгүй. Алтансүх дарга тэр хар өнгийн цүнхийг байнга авч явдаг…”гэсэн мэдүүлэг /2-р хавтас 60-62/,

 

Гэрч Г.Ариунболдын “...Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайханы 2016.01.26-ны өдрийн А/07 дугаартай тушаалаар “2016 оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан дадлага, сургуулийн хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээ”-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг томилсон. Үнэлгээний хорооны даргаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд хурандаа Э.Бямбажав, гишүүдэд Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Эрхэмбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ж.Алтансүх, хувийн хэвшлээс тэтгэвэрт суусан, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүү, Батлан хамгаалах яамны ахмадын хорооны дарга Д.Баярмагнай, нарийн бичгийн даргаар Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн, дэд хурандаа Г.Ариунболд миний бие тус тус томилогдсон. “2016 оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан дадлага, сургуулийн хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээ” -ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер нь 6 тендер болж тус тусдаа зарлагдсан. Үүнд: 1. Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багийн алба хаагчдын, гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх, 2.Түлш шатахуун нийлүүлэх, 3.Эм, ороох, боох материал нийлүүлэх, 4.Хувцас хэрэглэл нийлүүлэх, 5.Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, 6.Бусад төрлийн бараа материал нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж 6 удаагийн тендер сонгон шалгаруулалтыг дээрх үнэлгээний хорооны бүрэлдэхүүн явуулсан. 6 тендерийн баримт бичгийг хурандаа Эрхэмбаяр бид хоёр үнэлгээний хорооны тушаал гарсны дараа боловсруулсан. 2016.02.03-ны өдөр 1. Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багийн; алба хаагчдын гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх, 2. Түлш шатахуун нийлүүлэх, З. Эм, ороох, боох материал нийлүүлэх, 4. Хувцас хэрэглэл нийлүүлэх, 5. Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Зууны мэдээ сонин болон, Худалдан авах ажиллагааны цахим сайтад зарласан. Бусад төрлийн бараа материал нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2016.02.08-ны өдөр дээрх сонин, сайтад зарласан. Би ариун цэврийн өрөө орчхоод буцаад хурал хийж байсан өрөөнд орсон чинь Алтансүх дарга нэлээд ууртай царайтай амандаа юм үглээд тендерт оролцогч компаниас ирүүлсэн хавтастай баримтыг задлаад материал нэмж хийж байхаар нь би санаа зовоод хажууд нь байгаад байж чадалгүй буцаад өрөөнөөс гарсан…”гэсэн мэдүүлэг /2-р хавтас 69-72/,

 

Гэрч Д.Ганхуягийн “...Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайханы тушаалаар үнэлгээний хороог байгуулж би үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Энэхүү үнэлгээний хороон даргаар Бямбажав, гишүүдэд Алтансүх, Эрхэмбаяр, Ариунболд, ахмадын хороон дарга Баярмагнай, бэлтгэл генерал Баасанхүү болон миний бие ажилласан. Энэхүү үнэлгээний хороо энхийг дэмжих ажиллагааны хүнс, хувцас, даатгал зэрэг тендерүүдийг зарласан бөгөөд хүнс, хувцас, хэрэглээний тендер нь дотроо багцуудад хуваагдаж байсан. Би үнэлгээний хороонд ажилласан Ард даатгал ХХК-ийг шалгаруулсан хуралд суугаагүй. Надаас бусад гишүүд оролцсон. Ард даатгал ХХК-ийг шалгаруулсны дараа уг тендерт оролцогч Соёмбо даатгал ХХК Сангийн яаманд гомдол гаргаж улмаар дахин хэлэлцээд Монре даатгал ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон. Монре ХХК-ийн шалгаруулсан үнэлгээний хуралд Алтансүхээс даргаас бусад нь гишүүд оролцсон …”гэсэн мэдүүлэг /6-р хавтас 188-189/,

 

Гэрч Н.Пүрэвдоржийн “...Би зэвсэглэл, техникийн хангалт шинэчлэлийг асуудлыг хариуцан ажилладаг. Би энэхүү албан тушаалд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдон ажиллаж байна. Засгийн газрын нууц тогтоолоор загвар хуучирсан, зэвсэглэлээс хасах бууны жагсаалтыг гаргасан байдаг бөгөөд энэхүү зэвсэглэлээс хассан буунууд Зэвсэгт хүчний агуулахад хадгалагддаг бөгөөд мөн засгийн газрын нууц тогтоолоор зэвсэглэлээс хассан агуулахад хадгалагдаж байгаа бууг худалдан борлуулах эрхийг Батлан хамгаалахын сайдад олгосон байдаг. Энэхүү тогтоолын дагуу Батлан хамгаалах яамны сайдын нууц тушаалаар буу авахыг хүссэн иргэдэд олгодог. Буу зэвсгийг худалдан борлуулахдаа дансалсан үнийн дагуу Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн дансанд мөнгийг тушаалгадаг. 2016 оны эхээр байх Батлан хамгаалахын сайдын тодорхой хүмүүст буу олгох тухай нууц тушаал гарсан бөгөөд энэхүү тушаалын хавсралтад заагдсан хүмүүсийн дунд Ж.Алтансүхийн нэр байсан. Ж.Алтансүх нь 7,62 мм-ын Орос винтов, 7,62 мм-ын ТТ маркийн гар буу, ППС маркийн гурван төрлийн буу авсан. ППС маркийн буугаар буудлага үйлдэх боломжгүй бэлэг дурсгал, цуглуулгын хэлбэрээр ашиглах боломжтой. Ж.Алтансүх нь Винтов маркийн бууг өөрийнхөө нэр дээр авсан бөгөөд нөгөө хоёр бууг өөр хүмүүсийн нэрээр авч байсан санагдаж байна, би энэ талаар яаж мэдэж байгаа юм бэ гэхээр гарал үүслийн бичгийг яамнаас Нийслэлийн цагдаа руу хүргүүлдэг бөгөөд энэхүү бичгийг би бэлтгэж хүргүүлж байсан. Батлан хамгаалах яамны зэвсэглэлд болон зэвсэглэлээс хасагдсан Чехословак улсад үйлдвэрлэгдсэн буу байхгүй. Ж.Алтансүх нь БХЯ-аас ийм төрлийн буу авч байгаагүй. Ж.Алтансүх нь сум худалдан аваагүй, БХЯ-аас буу худалдан авахад сум дагалдуулан өгдөггүй. Буу, сумыг олгох тухай нууц тушаалыг сайд гаргаж Зэвсэгт хүчний жанжин штабын даргад эрх олгодог. Сайдын нууц тушаалын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын дарга тушаал гаргаж зэвсэглэл хариуцсан Зэвсэгт хүчний 015 дугаар анги буу, сумыг олгодог. Буу сумыг олгосны дараа тухайн иргэн Батлан хамгаалах яаманд гарал үүслийн бичиг авах тухай хүсэлт гаргаж улмаар яамнаас гарал үүслийг тодорхойлсон нууц бичгийг хийж Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлдэг …”гэсэн мэдүүлэг /2-р хавтас 81-82/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3081 тоот актын “...Шинжилгээнд 1952 онд Чехословак /хуучин/ улсад бие хамгаалах зориулалтаар үйлдвэрлэгдсэн СЕSКА ZВROJOVKA model Z загварын галт зэвсэг ирүүлсэн байна.

                     1.Шинжилж буй галт зэвсэгт ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй.

                     2.Дээрх галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой.

                     3.Шинжилж буй галт зэвсэг нь 6,35 мм калибртай.

                     4.Шинжилгээнд ирүүлсэн дайз нь шинжилж буй СЕSКА ZВROJOVKA model Z загварын галт зэвсгийн дайз мөн.

          5.Шинжилж буй галт зэвсгээр буудаж загвар болгон авсан хошуу, хонгио нь ШШҮХ-ийн галт зэвсгийн лабораторид хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн хошуу, хонгионуудтай тохирохгүй байна.

                     6.Шинжилгээнд ирүүлсэн 7,62x39 мм калибртай 199 ширхэг сум нь 7,62x39 мм калибртай сумны байртай галт зэвсгүүдээр буудлага үйлдэхэд зориулагдсан.

                     7.Шинжилж буй 7,62x39 мм калибртай 199 ширхэг сумаар буудлага үйлдэх боломжтой.

                     8.Шинжилж буй дайзанд байх 6,35х15 мм калибртай 6 ширхэг сум нь 6,35x15 мм калибртай сумны байртай галт зэвсгүүдээр буудлага үйлдэхэд зориулагдсан.

                     9.Шинжилж буй дайзанд байх 6,35x15 мм калибртай 6 ширхэг сумаар буудлага үйлдэх боломжтой.

                     10.Шинжилгээнд ирүүлсэн 6,35x15 мм калибртай 6 ширхэг сум нь шинжилж буй СЕSКА ZВROJOVKA model Zзагварын галт зэвсэгт таарч тохирон буудлага үйлдэгдэнэ.

                     11.Шинжилгээнд ирүүлсэн 7,62x39 мм калибртай 199 ширхэг сум нь 1975 онд үйлдвэрлэгдсэн. Харин шинжилж буй 6,35x15 мм калибртай 6 ширхэг сумыг хэдэн онд үйлдвэрлэгдсэнийг тогтоох боломжгүй…” гэсэн дүгнэлт /2-р хавтаст х-175-176/,

 

Хүний биед нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст х-16-19/, Нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст х-22-32, 47-49, 54-59, 2-р хавтаст х-9-10/, Үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст х-50-52, 2-р хавтаст х-15-18, 20/, Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /1-р хавтаст х-35, 66, 2-р хавтаст х-11, 6-р хавтаст х-170/, Тендерийн баталгаа /1-р хавтаст х-72/, Батлан хамгаалах яамнаас Ард даатгал ХХК-д хүргүүлсэн албан бичиг /1-р хавтаст х-234/, Үнэлгээний хороо байгуулах тухай Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын А/07 тушаал /1-р хавтаст х-104/, Энхийг дэмжих ажиллагааны бараа нийлүүлэлтийн тендерийн баримт бичиг /1-р хавтаст х-105-148/, “Ард даатгал” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт, албан бичиг /1-р хавтаст х-220-221/,  Ж.Алтансүхийн ажлаас чөлөөлөх, томилох тухай тушаалууд ажлын байрны тодорхойлолтууд/3-р хавтаст х-81-93/, Бэлэглэлийн гэрээ /6-р хавтаст х-59/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хавтаст х-52, 53, 54/, оршин суугаа газрын тодорхойлолт, /6-р хавтаст х-205/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хавтаст х-199,/, Хувийн байдлыг тогтоосон баримтууд /7-р хавтаст х-198-202/, Дүлцэн ХХК-ийн татварын тайлан /6-р хавтаст х-203-209/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /8-р хавтаст х-133-135/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгч Ж.А, Ц.Т, Б.А, Б.Л нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

1.Шүүгдэгч Ж.Аэд холбогдох хэргийн тухайд:

Прокуророос шүүгдэгч Ж.Аийг СЕSКА ZВROJO\/КА модел Z загварын хагас автомат галт зэвсэг, 6,35 мм калибртай 6 ширхэг сум, 7,62x39 мм калибртай ган зүрхэвч бүхий 199 ширхэг сум буюу байлдааны галт хэрэгслийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 3-р хороо 25 дугаар байрны 28 тоотод байрлах өөрийн гэртээ хууль бусаар хадгалсан гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-д “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл,… хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол…” гэж,

Галт зэвсгийн тухай хуулийн З дугаар зүйлийн 3.1.3-т “байлдааны зориулалттай галт зэвсэг” гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эдийг, мөн хуулийн 3.1.6-д “хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг” гэж цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, авилгатай тэмцэх байгууллага, эсхүл тагнуулын байгууллагын мөрдөн шалгах, төрийн тусгай хамгаалалтын албаны хамгаалагчийн эзэмшиж байгаа галт зэвсгийг” тус тус ойлгохоор хуульчилжээ.

Хэрэгт авагдсан гэрч Н.Пүрэвдоржийн мэдүүлэг, Бэлэглэлийн гэрээ болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3081 тоот актын дүгнэлтэд шүүгдэгч Ж.Аийн хууль бусаар хадгалж байсан гэх СЕSКА ZВROJO\/КА модел Z загварын хагас автомат галт зэвсэг нь 1952 онд Чехословак /хуучин/ улсад бие хамгаалах зориулалтаар үйлдвэрлэгдсэн СЕSКА ZВROJO\/КА model Z загварын галт зэвсэг гэжээ.

Дээрх шинжээчийн дүгнэлт зэргээс харахад шүүгдэгч Ж.Аийн хууль бусаар хадгалж байсан гэх галт зэвсэг нь 1952 онд Чехословак /хуучин/ улсад бие хамгаалах зориулалтаар үйлдвэрлэгдсэн буу болох нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Аийн хууль бусаар хадгалж байсан гэх галт зэвсэг буюу бие хамгаалах зориулалтаар үйлдвэрлэгдсэн буу нь Эрүүгийн хууль болон Галт зэвсгийн тухай хуульд заасан “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг”-т хамаарахгүй байна.

Иймд прокуророос шүүгдэгч Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Мөн прокуророос шүүгдэгч Ж.Аийг 2016 оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан дадлага, сургуулийн хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож буй, “Ард даатгал”, “Дүлзэн”, “Алтан гялбаа од” зэрэг компаниудтай хувийн харилцаа тогтоож, тендерт шалгаруулах зорилгоор үнэлгээний хорооны гишүүн Б.Эрхэмбаярт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн хахууль өгсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Ж.Аийг тендерийн үнэлгээний хорооны гишүүн Б.Эрхэмбаярт 4.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэж ялласан атлаа хахууль авсан гэх Б.Эрхэмбаярыг 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн ¹291 тоот прокурорын тогтоолоор 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хахууль өгөх гэмт хэргийн шинж нь өгөгч, авагч талуудын харилцан сонирхол нэгдлийн илэрхийлэл байдаг бөгөөд хахуулийг зөвхөн эрх мэдэл бүхий албан тушаалтанд өгдгөөрөө онцлогтой юм.

Гэтэл прокуророос хахууль авсан гэх Б.Эрхэмбаярын үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон атлаа хахууль өгсөн гэх Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд шүүгдэгч Ж.Аийг тендерийн үнэлгээний хорооны гишүүн Б.Эрхэмбаярт 4.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэрэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Мөн прокуророос шүүгдэгч Ж.Аийг Батлан хамгаалах яамны сайдын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байхдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайханы 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/07 дугаар тушаалаар “2016 оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан дадлага, сургуулийн хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны гишүүнээр ажиллаж байхдаа “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал”-ын тендерт оролцогч “Ард даатгал” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2009 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн санхүүгийн нэмэлт тайлан, санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг нотлох журмын 1, 2 дугаар хавсралтаар баталсан тайлан сүүлийн 1 жилийн” гэсэн шаардлагын дагуу тайлан ирүүлээгүй, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгт /ТШӨХ/-ИЙН 4.2, мөн тендерийн хүчинтэй байх хугацаа 45 хоногт хүрэхгүй байгаа нь ТШӨХ-ийн 15.1 дэх заалтуудыг тус тус хангахгүй байхад “Ард даатгал” ХХК-ийг тендерт шалгаруулж, улмаар 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус компанийн хувь эзэмшигч яллагдагч Ц.Тогтохбаяраас тус компанийн менежер Э.Мөнхбатаар дамжуулан 5.000.000 /таван сая/ төгрөгийг хахуульд авсан,

2016 оны энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2, 3, 4, 6 дугаар багцууд буюу гахайн мах, загас, загасан бүтээгдэхүүн, тахианы мах, борц зэргийг нийлүүлэх тендерт оролцогч “Дүлцэн” ХХК нь үйлдвэрлэгчийн зөвшөөрөл байхгүй, ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн 1 жилийн мэдээлэл ирүүлээгүй, 2015 оны санхүүгийн тайлан э-бланс Засгийн газрын санхүүгийн нэгдсэн цахим хуудаст нийтлэгдсэн тайлангаас зөрүүтэй, 2015 онд алдагдалтай ажилласан, түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ нь заасан хэмжээнд хүрэхгүй, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтийн /ТШӨХ-ийн/ 18.1 /а/, 18.1 /б/, 18.1 /г/, 18.2 /г/, 18.2 /д/-д заагдсан шаардлагыг тус тус хангаагүй байхад тус компанийн банкны баталгааг тендерийн баримт бичиг нээсний дараа сольж, тендерт шалгаруулан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэхгүй ёсгүй үйлдлийг хийж яллагдагч Б.Алтангэрэлээр зуучлуулан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол…” гэж заажээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4, Авилгын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.8, 6.1 дүгээр зүйлийн 6.1.14, Төрийн албаны тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.14 “улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал” гэж зааснаас харахад шүүгдэгч Ж.А нь Нийтийн албан тушаалтанд хамаарахгүй байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Ж.Аийг Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, төрийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал болон түүнийг Батлан хамгаалах яамны сайдын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилсон тушаалуудаар тогтоогдож байна.    

Иймд Прокуророос Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөв.

 

Шүүгдэгч Ж.А нь Батлан хамгаалах яамны сайдын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байхдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайханы 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/07 дугаар тушаалаар “2016 оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан дадлага, сургуулийн хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны гишүүнээр ажиллаж байхдаа “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал”-ын тендерт оролцогч “Ард даатгал” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2009 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн санхүүгийн нэмэлт тайлан, санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг нотлох журмын 1, 2 дугаар хавсралтаар баталсан тайлан сүүлийн 1 жилийн” гэсэн шаардлагын дагуу тайлан ирүүлээгүй, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгт /ТШӨХ/-ИЙН 4.2, мөн тендерийн хүчинтэй байх хугацаа 45 хоногт хүрэхгүй байгаа нь ТШӨХ-ийн 15.1 дэх заалтуудыг тус тус хангахгүй байхад “Ард даатгал” ХХК-ийг тендерт шалгаруулж, улмаар 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус компанийн хувь эзэмшигч яллагдагч Ц.Тогтохбаяраас тус компанийн менежер Э.Мөнхбатаар дамжуулан 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахуульд авсан,

Мөн 2016 оны энхийг дэмжих ажиллагааны хэрэгцээт хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2, 3, 4, 6 дугаар багцууд буюу гахайн мах, загас, загасан бүтээгдэхүүн, тахианы мах, борц зэргийг нийлүүлэх тендерт оролцогч “Дүлцэн” ХХК нь үйлдвэрлэгчийн зөвшөөрөл байхгүй, ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн 1 жилийн мэдээлэл ирүүлээгүй, 2015 оны санхүүгийн тайлан э-бланс Засгийн газрын санхүүгийн нэгдсэн цахим хуудаст нийтлэгдсэн тайлангаас зөрүүтэй, 2015 онд алдагдалтай ажилласан, түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ нь заасан хэмжээнд хүрэхгүй, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтийн /ТШӨХ-ийн/ 18.1 /а/, 18.1 /б/, 18.1 /г/, 18.2 /г/, 18.2 /д/-д заагдсан шаардлагыг тус тус хангаагүй байхад тус компанийн банкны баталгааг тендерийн баримт бичиг нээсний дараа сольж, тендерт шалгаруулан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэхгүй ёсгүй үйлдлийг хийж яллагдагч Б.Алтангэрэлээр зуучлуулан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хахууль авсан болох нь дээр дурьдсан гэрч Р.Зоригт, Т.Батцэнгэл, А.Батболд, Н.Эрдэнэтулга, Г.Энхцэцэг, Г.Наранцэцэг, Д.Болдмаа, Л.Бат-Отгон нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Т, Б.А нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ж.Аийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс шүүгдэгч Ж.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ингэхдээ шүүгдэгч Ж.Аийн цагдан хоригдсон 59 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, …тооцож эдлэх ялаас хасна.” гэж зааснаар түүнд оногдуулсан торгох ялаас 885.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Аээс шүүгдэгч Б.А, Б.Л нараас авсан 2.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

2.Шүүгдэгч Ц.Тт холбогдох хэргийн тухайд:

Шүүгдэгч Ц.Тогтохбаяр нь “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал”-ын тендерт өөрийн хувь эзэмшдэг “Ард даатгал” ХХК-ийг шалгаруулах зорилгоор Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайханы 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/07 дугаар тушаалаар “2016 оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан дадлага, сургуулийн хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээ”-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байсан Батлан хамгаалах яамны сайдын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ж.Алтансүхэд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь гэрч Р.Зоригт, Т.Батцэнгэл, А.Батболд нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Ц.Тын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Тын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин түүний нас, эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

3.Шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийн тухайд:

Прокуророос шүүгдэгч Б.Аийг  “2016 оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан дадлага, сургуулийн хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээ”-ний тендерийн хэрэгцээт хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын 2,3,4,6 дугаар багцууд буюу гахайн мах, загас, загсан бүтээгдэхүүн, тахианы мах, борц зэргийг нийлүүлэх тендерт оролцогч “Дүлцэн” ХХК-ийг шалгаруулан өгч, тендерийн үнийн дүнгийн 10 хувийг нь авна гэж тус компанийн захирал Б.Лхагванинжид урьдчилан амлаж, улмаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ж.Аэд 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Г.Энхцэцэгийн мэдүүлэг, шүүгдэгч Б.А, Б.Л нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийн агуулгаас харахад шүүгдэгч Б.А нь “2016 оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан дадлага, сургуулийн хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээ”-ний тендерийн хэрэгцээт хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын 2,3,4,6 дугаар багцууд буюу гахайн мах, загас, загсан бүтээгдэхүүн, тахианы мах, борц зэргийг нийлүүлэх тендерт оролцогч “Дүлцэн” ХХК-ийг шалгаруулан өгч, тендерийн үнийн дүнгийн 10 хувийг нь авна.” гэж тус компанийн захирал Б.Лхагванинжид урьдчилан амлаж, улмаар Ж.Аэд 2.000.000 төгрөгийг өгсөн үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан буюу хээл хахуульд зуучилсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх бөгөөд тэрээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан буюу хээл хахуульд зуучилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурьдсан гэрч Г.Энхцэцэгийн мэдүүлгээс гадна шүүгдэгч Б.А, Б.Л нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн” зааснаар шүүгдэгч Б.Аийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн байна.

Иймд шүүгдэгч Б.Аийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

4.Шүүгдэгч Б.Лид холбогдох хэргийн тухайд:

Прокуророос шүүгдэгч Б.Лхагванинжийг Энхийг дэмжих ажиллагааны 2016 оны хэрэгцээт хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийн 2-оос 6 дугаар багцууд буюу гахайн мах, загас, загсан бүтээгдэхүүн, тахианы мах, нөөш, борц зэргийг нийлүүлэх тендерт оролцож, шалгарах зорилгоор “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” Төрийн өмчит үйлдвэрлэлийн газрын дарга асан Б.Алтангэрэлийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тендерийн үнэлгээний хорооны гишүүн Батлан хамгаалах яамны сайдын Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Аэд 2.000.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгов.

Учир нь: Шүүх шүүгдэгч Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэг болгон өөрчлөх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэг болгон өөрчилсөн тул шүүгдэгч Б.Лид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Лхагванинж нь Энхийг дэмжих ажиллагааны 2016 оны хэрэгцээт хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийн 2-оос 6 дугаар багцууд буюу гахайн мах, загас, загсан бүтээгдэхүүн, тахианы мах, нөөш, борц зэргийг нийлүүлэх тендерт оролцож, шалгарах зорилгоор “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” Төрийн өмчит үйлдвэрлэлийн газрын дарга асан Б.Алтангэрэлээр дамжуулан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тендерийн үнэлгээний хорооны гишүүн Батлан хамгаалах яамны сайдын Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Аэд 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь шүүгдэгч Б.А, Б.Л нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Лийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

5.Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч Ж.А, Ц.Т, Б.А, Б.Л нарт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Аийн цүнхэнд хийсэн үзлэгээр эд мөрийн баримтаар тооцож хураагдсан 5.640.000 төгрөг, энэ хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Б.Эрхэмбаярын албан өрөөнд нэгжлэгээр хураан авч эд мөрийн баримтаар тооцсон 4.000.000 төгрөгийг тус тус улсын орлогод оруулж,

Мөн “Ард даатгал” ХХК-ийн тендерийн баримт бичгийг хуулбарласан “Ард даатгал” гэсэн бичигтэй цагаан өнгийн хавтгай флаш диск 1 ширхэг, Ж.Аийн гар утас дээрх бичлэгийг хуулсан компакт диск 1 ширхэг, Т.Мөнхнасан, Б.А нарын хоорондоо утсаар ярьсан яриа бүхий компакт диск 1 ширхэг, Ц.Тын эд зүйлд үзлэг хийх үеийн бичлэг бүхий компакт диск 1 ширхэг, Ж.Аийн албан хэрэгцээнд унаж байсан 02-22 УБЗ улсын дугаартай хар өнгийн Лексус-470 маркийн машинд хийсэн нэгжлэгийн үеийн бичлэг бүхий компакт диск 1 ширхэг, Б.Эрхэмбаярын албан өрөөнд хийсэн нэгжлэгийн үеийн бичлэг бүхий компакт диск 1 ширхэг, “Дүлцэн” ХХК-ийн тендерийн баримт бичгийн хуулбар хувь 1 хавтас 96 хуудас баримтыг хэрэгт хавсарган үлдээж, “Дүлцэн” ХХК-ийн тендерийн баримт бичгийн эх хувь 1 хавтас 96 хуудас баримтыг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Үүнээс гадна хэрэгт мөрдөн байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч Ц.Тын өмчлөлийн Лексус-470 маркийн 0470 УНН улсын дугаартай автомашин, шүүгдэгч Б.Аийн өмчлөлийн ЧД-ийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 14 дүгээр байрны 13 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Мөн Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.А, Ц.Т, Б.А нарыг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/2023 дугаартай “Гадаад зорчих эрхийг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгээр тэдгээрийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлжээ.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчингүйд тооцогдсон байх тул шүүгдэгч Ж.А, Ц.Т, Б.А нарын гадаад зорчих эрхийг түр түдгэлзүүлсэн дээрх Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/2023 дугаартай албан бичиг нь мөн адил хүчингүйд тооцогдох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх нэр бүхий шүүгдэгч Ж.А, Ц.Т, Б.А нарт Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Прокуророос шүүгдэгч Ж.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

мөн прокуророос шүүгдэгч Ж.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож,

мөн прокуророос шүүгдэгч Б.Ад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх х эсэг болгож тус тус өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Тыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.000 нэгжтэй тэнцэх буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4.000 нэгжтэй тэнцэх буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аийн цагдан хоригдсон 59 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 885.000 төгрөгийг хасаж тооцсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Аийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, Ц.Т, Б.Л нар  нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарласугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аээс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9.640.000 төгрөгийг улсын орлогод оруулж, “Ард даатгал” ХХК-ийн тендерийн баримт бичгийг хуулбарласан “Ард даатгал” гэсэн бичигтэй цагаан өнгийн хавтгай флаш диск 1 ширхэг, Ж.Аийн гар утас дээрх бичлэгийг хуулсан компакт диск 1 ширхэг, Т.Мөнхнасан, Б.А нарын хоорондоо утсаар ярьсан яриа бүхий компакт диск 1 ширхэг, Ц.Тын эд зүйлд үзлэг хийх үеийн бичлэг бүхий компакт диск 1 ширхэг, Ж.Аийн албан хэрэгцээнд унаж байсан 02-22 УБЗ улсын дугаартай хар өнгийн Лексус-470 маркийн машинд хийсэн нэгжлэгийн үеийн бичлэг бүхий компакт диск 1 ширхэг, Б.Эрхэмбаярын албан өрөөнд хийсэн нэгжлэгийн үеийн бичлэг бүхий компакт диск 1 ширхэг, “Дүлцэн” ХХК-ийн тендерийн баримт бичгийн хуулбар хувь 1 хавтас 96 хуудас баримтыг хэрэгт хавсарган үлдээж, “Дүлцэн” ХХК-ийн тендерийн баримт бичгийн эх хувь 1 хавтас 96 хуудас баримтыг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт мөрдөн байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч Ц.Тын өмчлөлийн Лексус-470 маркийн 0470 УНН улсын дугаартай автомашин, шүүгдэгч Б.Аийн өмчлөлийн ЧД-ийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 14 дүгээр байрны 13 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

10.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

                               

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.А, Б.А, Б.Л, Ц.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР