Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1186

 

   2024           10              24                                     2024/ДШМ/1186

 

Н.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Янжиндулам,

шүүгдэгч Н.Т-н өмгөөлөгч Б.Балжидмаа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/658 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Ариунболдын бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 94 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Н.Т-д холбогдох 2402 00338 0240 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

М овгийн Н-н Т, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр ...... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........... дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;                        

Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар цэцэрлэгийн хашаан дотор өөрийн биедээ гялгар ууттай, 9.0118 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад багтдаг “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Т-г “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-г байнга оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр сургууль, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Н.Т-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Н.Т-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа нийт 9.0118 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.  

Дээд шатны прокурор Ц.Ариунболд бичсэн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, энэ төрлийн гэмт хэргийн криминологийн нөхцөл байдлыг харгалзах нь зүй ёсны хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн ангилал, оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг хууль тогтоогчийн зүгээс тодорхойлсон хууль ёсны байдал, гэмт хэрэг нэг бүрд оногдуулах эрүүгийн хариуцлагын хамгийн зүй зохистой байдлаар тухайлан оногдуулах зарчим зэрэгт нийцүүлэн шийдвэрлэх учиртай. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Т-д 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухай зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна. Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 658 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Г.Янжиндулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокуророос шүүгдэгч Н.Т-д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд тохироогүй гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч Н.Т-н хууль бусаар хадгалсан өвс гэх нэршилтэй ургамал нь Монгол Улсад түгээмэл байдаг бөгөөд хадгалсан хэмжээ нь бага, түүний хувийн байдлын хувьд Санхүү эдийн засгийн их сургуульд суралцдаг тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр, өөрчлөлт оруулах саналтай байна. Энэ талаар дээд шатны прокурорт танилцуулахад дэмжсэн. Энэ төрлийн гэмт хэрэгт заавал хорих ял оногдуулахаар заагаагүй. Шүүгдэгч Н.Т-н үйлдсэн гэмт хэргийн шинжийг оногдуулсан ялтай харьцуулахад 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь урт хугацаа юм. Анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон. Гэтэл шүүгдэгч Н.Т нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Санхүү эдийн засгийн их сургуульд суралцдаг тул зорчих бүсчлэлийг нэмэх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.Т-н өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэдэг. Анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суух хаягаар нь буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон. Оршин суух хаяг нь шилжсэн тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр шүүхийн шийдвэрийг өөрчилнө. Санхүү эдийн засгийн их сургууль Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамаардаг тул бүсчлэлийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр нэмж тогтоож өгнө үү. Шүүгдэгч Н.Т нь эхийн хамт хоёул амьдардаг, өмнө нь “Ж..” ХХК-д тасралтгүй 2 жил гаран хугацаанд ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Одоо “М...”-ны Баянгол дүүргийн салбарт ажилд орох гэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Н.Т нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар цэцэрлэгийн хашаан дотор өөрийн биедээ гялгар ууттай, 9.0118 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад багтдаг “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ажлын ярилцлагад орох гэж гэрээсээ гарсан. Тэгээд гадуур түгжрэлтэй болохоор нь би хүний нөөц рүү залгаад “өнөөдөр амжихгүй юм байна, маргааш явж очъё” гэж хэлээд Тэнгис кино театрын автобусны буудал дээр буусан. И залгаад бид 2 хорооллын тэнд 4-5 цаг гаруй тоглоод тамхилах гээд 176 дугаар цэцэрлэгийн хашааны саравчинд очсон. Тэгээд би цүнхэндээ байсан өвсөө гаргаж ирээд цаасанд тамхи шиг ороогоод асаагуураар асаагаад утааг нь сорсон. Би И-д “чи хэрэглэж үзэх үү” гэхэд зөвшөөрөөд хамт хэрэглэсэн. Ингээд бид 2 өвсөө сороод байж байсан чинь цагдаагийн алба хаагч ирээд “та хоёр хар тамхи хэрэглээд байгаа юм уу” гэж асуухаар нь “тийм” гэж хэлсэн. ... Би тухайн өвсийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Тэнгисийн тэнд ганцаараа явж байхдаа хуучны танил Б гэх ахаас авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 66-67/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн “Н.Т УО03321971 99501219” ... гэж хаягласан шээсний дээжүүдээс Тетрагидроканнабинол /Tеtгаhydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол /Tеtгаhydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтад багтана...” гэх 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3077 дугаартай дүгнэлт /хх 34-36/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г-182 Н.Т-н биеэс хураан авсан “өвс” д\ч Г.Бат-Эрдэнэ 2024.05.16” гэж хаягласан зип лок ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлсээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 Tеtгаhydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 9.0118 грамм байна. ...” гэх 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 3076 дугаартай дүгнэлт /хх 43-45/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-31/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 14-17/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл “... Н.Т-г ... зориулалтын саванд шээлгэж үр дүнг харахад 3 минутын дараа “1 дүгээр багана буюу ТНС-илэрсэн...” гэснээр болон уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-20/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Т-н хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Т-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хугацаанд түүний байнга орших суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр сургууль, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Н.Т нь анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг болон түүний хувийн байдал зэргийг харгалзан, түүнд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж үзэв.

Дээд шатны прокурор Ц.Ариунболдоос “...Н.Т-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ял нь түүний гэм буруу, Тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар зэрэгт тохироогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар. ...” дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн боловч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад прокурор Г.Янжиндуламаас “... Н.Т-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү, мөн зорчих эрхийг хязгаарлах ялын нутаг дэвсгэрийг бүсчлэлийг нэмж өгнө үү. ...” гэж дээд шатны прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг өөрчилжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн байнгын оршин суух хаяг болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр сургууль, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх ба шийтгэх тогтоолыг биелүүлэх явцад шүүгдэгч Н.Т нь холбогдох эрх бүхий байгууллагад хандан хуульд заасан үндэслэл журмын дагуу оршин суух газраа өөрчлөх, зорчин явах талаар хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.  

Иймд дээд шатны прокурор Ц.Ариунболдын бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 94 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулах атал Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх Газрын Мөрдөн шалгах газарт даалгаж, ноцтой биш боловч алдаа гаргасныг зөвтгөж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/658 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

- 2 дахь заалтын “... 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ...”  гэснийг “... 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ...” гэж,

- 9 дэх заалтын “...зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж...” гэснийг “... зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, устгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн тэмдэглэлийг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг тус байгууллагад даалгаж...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Ариунболдын бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 94 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                          Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                          М.АЛДАР