| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/0620/Э |
| Дугаар | 785 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 785
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа, Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянүз дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-т холбогдох эрүүгийн 1806001320368 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ,
2001 оны 9 сарын 28-ны өдрийн Нийслэлийн шүүхийн 103 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хорих мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзах,
2002 оны 2 сарын 21-ний өдрийн Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх 29 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг хорих ял дээр Нийслэлийн шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 103 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн бүгд 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн,
2009 оны 2 сарын 4-ний өдрийн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шийтгэх 18 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар буюу Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар 5 жил 3 сарын ялаас заримыг буюу 2 жилийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан Н.Гт Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 2 сарын 4-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолд Улсын дээд шүүхийн 2009 оны 5 сарын 29-ний өдрийн 241 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулан оногдуулсан 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хорих ялаас эдлээд үлдсэн 3 жил 1 сар 10 хоногийн ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Н.Г
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр автобус баазын хойд талд оршуулгын газрын баруун талд иргэн Б.Жаргалын хоолойг ороолтоор нь боож самсунг эс 5 маркийн гар утас, бэлнээр 97.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Жаргалын: “...Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн 0375 УБГ улсын дугаартай Мицубиши Колт маркийн мөнгөлөг саарал өнгөтэй тээврийн хэрэгслээр халтуур хийж байгаад, орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 22-р хороо Асайт худалдааны төвийн гаднаас монелийн эцэс рүү 4 хүн суулгаад халтууранд явсан. Тэгтэл 3 хүн нь замдаа буугаад нэг эрэгтэй нь “гэртээ хүргүүлье” гээд үлдсэн. Тэгээд тухайн эрэгтэй гэрээ автобус баазын ард шарилын ойролцоо гэж хэлээд уг газар луу нь явсан. Тухайн зам нь монелийн шинэ замаар хойш яваад шороон замаар яваад баруун гар тийшээ буюу зүүн тийш эргээд явсан. Тэгээд тухайн шороон замаар зүүн тийш явж байтал “зүүн гар тийш эргэ” гэсэн. Эргээд явж байтал “манайх энд, зогсоорой” гэсэн. Тэгээд би зогстол араас ороолтоор хоолойг маань боогоод хойш нь татсан. Би ноцолдоод арай гэж нэг тавиулаад буугаад зугтах гэтэл нөгөөдөх чинь машинаас бууж ирээд машины хойно намайг барьж аваад миний ороолтоор дахин намайг боосон. Тэгэхээр нь би гар болон бусад бие рүү нь чадах чинээгээрээ гараараа цохисон чинь жаахан суларсан. Би “намайг зүгээр орхичихооч, би байгаа юмаа өгье” гэсэн чинь “юу байгаа юм” гэхээр нь би байгаа 97000 төгрөгөө өгсөн чинь дахиад өөр юу байгаа юм гэхээр нь гар утсаа өгсөн. Тэгтэл намайг ээмгээ өг гэсэн. Тэгэхээр нь би миний ээмэг хуурамч ээмэг гэж хэлээд өгөөгүй. Бас миний бөгжийг аваад эргүүлээд надад өгчихсөн. Тэгээд би машинаа бариад нөгөө эрэгтэй хажууд суугаад монелийн эцсийн дэлгүүр лүү очсон. Тэгээд тэр эрэгтэй монелийн эцсийн дэлгүүрийн гадаа буугаад үлдсэн. Би шууд хариад нөхрөө дагуулаад эргээд очсон чинь нөгөө хүн байхгүй байсан. Буусан газрынх нь урд талын дэлгүүр лүү орж нөгөө хүний талаар асуухад тэндээс гурилан боов, сүү, ундаа зэрэг зүйл аваад гарсан байсан архи дарс аваагүй гэж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13-17/,
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Сайнбуянгийн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны орой Асайт худалдааны ТҮЦ-нд ажиллаж байхад үл таних 30-40 орчим насны халамцуу эрэгтэй хүн “утсаараа яриулаач” гэхэд нь би эхлээд “үгүй” гэсэн. Тэгтэл тэр эрэгтэй тэр орчмоор байсан хүмүүсээс утсаар яриулаач гээд гуйгаад байсан. Тэгээд тэр хүн дахин над дээр “утсаараа яриулаач” гэхээр нь би утсаараа яриулахад 88728093 дугаарын утас руу залгаад, би самранд яваад ирлээ гэсэн. Цаанаас нь эмэгтэй “чи хаана байгаа юм бэ” гэхэд нөгөө эрэгтэй “би офицер дээр байна” гэтэл “чи замдаа буухгүй яасан юм бэ, яагаад офицерт очсон юм” гэтэл эрэгтэй нь” би очих газар байхгүй нэг хүүхнийд очихоос гэсэн чинь нөгөө эмэгтэй нь уурлаад наанаа очих гэж байгаа юм бол над руу яах гэж залгасан юм” гээд утсаа салгачихсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20/,
Мөрдөн байцаалтанд гэрч С.Ганбаатарын: “...2017 оны 12 дугаар сарын 20-ны орой ойролцоогоор 23 цаг өнгөрөөд 00 цаг болох гэж байхад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 19-419 тоотод гэртээ ирээд “би боолгуулаад юмаа дээрэмдүүлчихлээ” гэсэн. Тэгээд болсон хэргийн талаар асуухад манай эхнэрийн 03-75 УБГ улсын дугаартай автомашинд сууж үйлчлүүлж явсан хүн нь машин дотор эхэлж боогоод, машины ард гаргаж боогоод сүрдүүлж байгаад гар утас, мөнгийг нь аваад явсан байсан. Тухайн үед манай эхнэрийн хүзүү улайсан байсан бөгөөд би эхнэрээ дагуулж гараад дээрэмдсэн гэх газарт нь очиход байхгүй байсан. Тэгээд уруудаад дэлгүүрт ороход дэлгүүрийн хүн таны өмнө хацар шанаа хэсэгт жижиг маажуулсан хүн орж ирээд ундаа, гурилан идэх юм аваад гарсан гэсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Отгонцэцэгийн: “...Би тухайн 2017 оны 12 дугаар сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 28-р хороо, 4 дүгээр хэсэг 42-1540 тоотод гэртээ байсан. Тухайн орой Г над руу яриад “би дүүгийнх рүүгээ монелийн эцэс рүү очлоо шүү” гэж танихгүй дугаараас ярьсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,
Мөрдөн байцаалтанд Н.Гийн яллагдагчаар /гэрчээр/: “...Би ганцаараа тухайн машинд үлдээд монелоос дээшээ явж байгаад алтан өлгийн оршуулгын орчимд жолооч эмэгтэйгийн араас ороолтоор нь хоолойг нь боогоод гар утас, 50.000 төгрөг зэрэг эд зүйлийг нь аваад машинаас нь буугаад яваад өгчихсөн юм. Би тухайн үед маш согтуу байсан машинаас буугаад дүү Тунгалагийн гэрт орж унтаж амарсан юм. Би таксины жолоочийн хоолойг ороолтоор боож гар утас, 50000 төгрөгийг нь дээрэмдэж авсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Утас нь самсунг маркийн хар өнгийн гар утас байсан. Би тухайн мөнгөөр Монелын эцэст байдаг дэлгүүр лүү орж сүү, боорцог аваад гэр лүүгээ орсон. Би тэр орой 23 цагийн орчимд таксинд суухаасаа өмнө нь ТҮЦ-ний утсаар эхнэр Отгонцэцэгийн 88728093 гэсэн дугаар руу залгаж ярьсан...
Би яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би дахин ийм гэмт хэрэг, зөрчил гаргахгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-24-24, 65/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №478 тоот:
Н.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, урьд ял шийтгэгдэж байсан шүүхийн шийдвэрүүдийн хуулбар /хх-46-60/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Г: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр автобус баазын хойд талд оршуулгын газрын баруун талд иргэн Б.Жаргалын хоолойг ороолтоор нь боож Самсунг эс 5 маркийн гар утас, бэлнээр 97,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Жаргалын: “...Эргээд явж байтал “манайх энд, зогсоорой” гэсэн. Тэгээд би зогстол араас ороолтоор хоолойг маань боогоод хойш нь татсан. Би ноцолдоод арай гэж нэг тавиулаад буугаад зугтах гэтэл нөгөөдөх чинь машинаас бууж ирээд машины хойно намайг барьж аваад миний ороолтоор дахин намайг боосон. Тэгэхээр нь би гар болон бусад бие рүү нь чадах чинээгээрээ гараараа цохисон чинь жаахан суларсан. Би “намайг зүгээр орхичихооч, би байгаа юмаа өгье” гэсэн чинь “юу байгаа юм” гэхээр нь би байгаа 97000 төгрөгөө өгсөн чинь “дахиад өөр юу байгаа юм” гэхээр нь гар утсаа өгсөн. Тэгтэл намайг ээмгээ өг гэсэн. Тэгэхээр нь би миний ээмэг хуурамч ээмэг гэж хэлээд өгөөгүй. Бас миний бөгжийг аваад эргүүлээд надад өгчихсөн. Тэгээд би машинаа бариад нөгөө эрэгтэй хажууд суугаад монелийн эцсийн дэлгүүр лүү очсон....” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13-17/,
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Сайнбуянгийн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны орой Асайт худалдааны ТҮЦ-нд ажиллаж байхад үл таних 30-40 орчим насны халамцуу эрэгтэй хүн утсаараа яриулаач гэхэд нь би эхлээд үгүй гэсэн. Тэгтэл тэр эрэгтэй тэр орчмоор байсан хүмүүсээс “утсаар яриулаач” гээд гуйгаад байсан. Тэгээд тэр хүн дахин над дээр утсаараа яриулаач гэхээр нь би утсаараа яриулахад 88728093 дугаарын утас руу залгаад “би самранд яваад ирлээ” гэсэн. Цаанаас нь эмэгтэй “чи хаана байгаа юм бэ” гэхэд нөгөө эрэгтэй “би офицер дээр байна” гэтэл “чи замдаа буухгүй яасан юм бэ, яагаад офицерт очсон юм” гэтэл эрэгтэй нь “би очих газар байхгүй нэг хүүхнийд очихоос” гэсэн чинь нөгөө эмэгтэй нь уурлаад “наанаа очих гэж байгаа юм бол над руу яах гэж залгасан юм” гээд утсаа салгачихсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20/,
Мөрдөн байцаалтанд гэрч С.Ганбаатарын: “...2017 оны 12 дугаар сарын 20-ны орой ойролцоогоор 23 цаг өнгөрөөд 00 цаг болох гэж байхад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 19-419 тоотод гэртээ ирээд би боолгуулаад юмаа дээрэмдүүлчихлээ гэсэн. Тэгээд болсон хэргийн талаар асуухад манай эхнэрийн 03-75 УБГ улсын дугаартай автомашинд сууж үйлчлүүлж явсан хүн нь машин дотор эхэлж боогоод, машины ард гаргаж боогоод сүрдүүлж байгаад гар утас, мөнгийг нь аваад явсан байсан. Тухайн үед манай эхнэрийн хүзүү улайсан байсан бөгөөд би эхнэрээ дагуулж гараад дээрэмдсэн гэх газарт нь очиход байхгүй байсан. Тэгээд уруудаад дэлгүүрт ороход дэлгүүрийн хүн таны өмнө хацар шанаа хэсэгт жижиг маажуулсан хүн орж ирээд ундаа, гурилан идэх юм аваад гарсан гэсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Отгонцэцэгийн: “...Би тухайн 2017 оны 12 дугаар сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 28-р хороо, 4 дүгээр хэсэг 42-1540 тоотод гэртээ байсан. Тухайн орой Г над руу яриад би дүүгийнх рүүгээ монелийн эцэс рүү очлоо шүү гэж танихгүй дугаараас ярьсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,
Мөрдөн байцаалтанд Н.Гийн яллагдагчаар /гэрчээр/: “...Би ганцаараа тухайн машинд үлдээд монелоос дээшээ явж байгаад Алтан өлгийн оршуулгын орчимд жолооч эмэгтэйгийн араас ороолтоор нь хоолойг нь боогоод гар утас, 50.000 төгрөг зэрэг эд зүйлийг нь аваад машинаас нь буугаад яваад өгчихсөн юм. Би тухайн үед маш согтуу байсан машинаас буугаад дүү Тунгалагийн гэрт орж унтаж амарсан юм. Би таксины жолоочийн хоолойг ороолтоор боож гар утас, 50000 төгрөгийг нь дээрэмдэж авсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Утас нь самсунг маркийн хар өнгийн гар утас байсан. Би тухайн мөнгөөр Монелын эцэст байдаг дэлгүүр лүү орж сүү, боорцог аваад гэр лүүгээ орсон. Би тэр орой 23 цагийн орчимд таксинд суухаасаа өмнө нь түцний утсаар эхнэр Отгонцэцэгийн 88728093 гэсэн дугаар руу залгаж ярьсан...Би яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би дахин ийм гэмт хэрэг, зөрчил гаргахгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-24-24, 65/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №478 тоот: Б.Жаргалын биед хүзүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт /хх-28/ зэргээр нотлогдон тогтоогдов.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээсэн хүнд ял шийтгэлийг хөнгөрүүлэх заалт хуульчлагдсан. Залуу хүн урьд нь гэмт хэрэг үйлдэж хоригдож байгаад суллагдан гарч, нийгэмд хөлөө олохгүй явж байгаад уг үйлдлийг хийсэн байна. Залуу хүнд цаашдын амьдралд нь итгэл олгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар түүний гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй ял оногдуулах заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн саналыг гаргав.
Шүүгдэгч Н.Гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэн үзээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийг хүлээн авах боломжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Гт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806001320368 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г нь шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр 2 хоног баривчлагдсан, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох Самсунг эс 5 маркийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Гаас 105.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Жаргалд олгох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Г-г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Гт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Гийн баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Гаас 105.000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ж-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Н.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЛЗОД