| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0411/Э |
| Дугаар | 439 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч Ч.Алтансүх /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Алтансүхэд холбогдох эрүүгийн 1811015200504 дугаартай хэргийг 2018 оны 06 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Бээлий овогт Чимгээгийг Алтансүх, 1978 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улааанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнэ 2 дугаар гудамж 33-а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХБ78100216/
Шүүгдэгч Ч.Алтансүх нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Ч.Алтансүх нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 18 дугаар байрны гадаа хохирогч Г.Аюуштай маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Алтансүх нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 18 дугаар байрны гадаа хохирогч Г.Аюуштай маргалдаж, улмаар зодож, түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нуруу, баруун гарын алганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, хамрын доод хэсгийн зулгаралт, дээд, доод уруулын салстын язрал бүхий гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Г.Аюушийн /хх-9-10/: “..2018 оны 05 сарын 16-ны орой 17 цагийн үед би Дашка гэх залуугийн машиныг нь янзалж өгсөн юм. Бид 2 машинаа янзалж дуусчихаад Дашка бид 2 нэг шил виски хувааж уусан юм. Тэгээд сууж байтал Алтансүх гэдэг бас зүс таних залуу халамцуу орж ирээд суухаар нь би архинаасаа 2-3 удаа хийж өгөөд тэгээд одоо хариа гээд хэлсэн чинь эхлээд машинаас буугаад яваад өгсөн. Тэгсэнээ хэсэг хугацааны дараа автобус унаа зогссон байна таксины мөнгө олж харьмаар байна гээд машинд орж ирж суучихаад хараал ерөөл хэлээд пизда гээд амандаа үглээд янз бүрийн хараалын үг хэлээд байхаар нь би чи наад хэл амаа бодоо чи одоо харь чамд өгөөд байх таксины мөнгө бид хоёрт байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Алтансүх над руу чи муу юу гээд хуцаад байгаа юм, чи муу юу юм ална шүү гээд над руу дайрсан ба намайг суудал дээр хоолойноос боогоод боож дараад удаа дараа мөргөж хэд хэдэн удаа цохисон. Хоолой боож байгаад миний толгой нүүр хэсэг рүү 4-5 удаа мөргөсөн, 5-6 удаа гараараа нүүрэн тус газар цохисон..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Дашжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-13/ “..2018 оны 05 сарын 16-ны өдөр байсан би орой Г.Аюушаар өөрийн машинаа засуулчихаад баярласанаа илэрхийлээд 1 литрийн виски аваад миний машин дотор хувааж уусан. Тэгээд машин зассан багаж хэрэгслийг нь өөрийх нь машинд нь хийчихээд байж байхад Аюуш бас нэг шил архи аваад тэр архийг нь бид 2 Аюушын машин дотор хувааж уугаад сууж байсан. тэгэж байтал гаднаас Сүхээ гэх зүс танил залуу орж ирээд мэндэлээд бид 2-той хамт суугаад жоохон юм ярьсан. Тэгтэл Аюуш Сүхээг бид 2 хоорондоо юм яримаар байна чи гар гээд машинаасаа хөөсөн. Тэгэхэд Сүхээ гарч явчихаад эргээд буцаад хүрээд ирсэн. Тэгээд Сүхээ Аюуш 2 хоорондоо маргалдаад байхаар нь миний уур хүрээд уусан юмандаа ч согтоод унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь нөгөө 2-ын дуу нь чангараад хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь би Сүхээг араас нь татаад салгачихаад буцаад унтаад өгсөн. Тэгсэн ахиад хоорондоо зууралдаад зодолдоод байх шиг байсан тэгээд би больцгоо гээд ахиад салгасан чинь тэр 2 машинаас буугаад гадагшаа гарсан ба Аюуш цагдаа дуудаад эхэлсэн. Ийм л асуудал болсон..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №6387 дугаар дүгнэлтэнд: /хх-15/ “..1. Г.Аюушийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нуруу, баруун гарын алганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, хамрын доод хэсгийн зулгаралт, дээд, доод уруулын салстын язрал бүхий. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч Ч.Алтансүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-11, 24/ “..2018 оны 05 сарын 16-ны өдөр ажлаа тараад явж байхад танил Аюуш Дашка ах 2 мөн Өсөхөө гэх залуугын хамт машин дотроо архи уугаад сууж байсан ба намайг дуудахаар нь би яваад очсон тэгээд цуг архи уусан ба архи ууж байх үед Аюуш ах намайг хэл амаар доромжилж хошноггүй банди гэх зэргээр муухай үгээр дуудаад доромжилоод байсан тэгэхээр нь би та ингэж болохгүй гээд хэлсэн чинь миний үгийг сонсохгүй байсан тэгэхэд Дашка ах Аюуш ахыг боль гээд хэлсэн. Тэгэхэд Аюуш нь чи намайг мэдэх үү би цагдаагийн хүн байна чи бол намайг яаж ч чадахгүй гээд намайг зуураад цохих гээд ч байгаа юм уу мөргөх гээд ч байгаа юм шиг байсан ба бид 2 зууралдсан юм. Тэгээд би намайг тавь би явлаа гэж хэлтэл би чамайг цагдаад барьж өгнө гээд цагдаа дуудахаар нь би гарыг тавиулчихаад цаашаа явж байтал цагдаа нар ирээд бариад аваад явчихсан..” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Ч.Алтансүхийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-28/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт зэрэг мөрдөн шалгах ажиллааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹6387 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Аюушд учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Алтансүх нь хохирогч Г.Аюуштай маргалдаж, улмаар зодож, түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нуруу, баруун гарын алганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, хамрын доод хэсгийн зулгаралт, дээд, доод уруулын салстын язрал бүхий гэмтэл учруулсан болох нь нотлогдсон бөгөөд шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн болно.
Иймд шүүгдэгч Ч.Алтансүхийг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Алтансүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ч.Алтансүхийг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч Г.Аюуш нь шүүгдэгч Ч.Алтансүхээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Алтансүх нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бээлий овогт Чимгээгийн Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Алтансүхийг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Алтансүхэд оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Алтансүх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ч.Алтансүх нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Алтансүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Алтансүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР