| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 2234001480516 |
| Дугаар | 2024/ДШМ/74 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ДШМ/74
2024 10 31 2024/ДШМ/74
Д.М, М.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Долгор
Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Р.М
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Э, Р.Э
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Ж.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.М, М.Б нарт холбогдох эрүүгийн 2234001480516 дугаар хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, .............. оны ..........дүгээр сарын ....-ний өдөр .............р хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, нөхрийн хамт .......... аймгийн ........ сум ........ ........ гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бо........ овогт Д.............М............, /РД:............................/
2.Монгол улсын иргэн, .......... оны ..... дугаар сарын .......-ний өдөр Төв аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, ......... аймгийн ......сумын .........дүгээр багийн Байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт .......... аймгийн ...........сумын ............. дүгээр баг, .......... дэнж гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.......... овогт М......... Б......., /РД:........../
3.Шүүгдэгч Д.М нь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м.куб хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсний улмаас ойн санд 4,216,681 төгрөгийн буюу Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологийн-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж” 12,650,043 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч М.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу төрийн захиргааны албан хаагч болох байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүйгээр бусдад буюу өөртөө төрөл садангийн хүн болох Д.Мт давуу байдал бий болгон Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м.куб хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
4.Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.
5.Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Б....... овогт Д........ М........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б........ овогт М......... Б............-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б........ овогт Д............. М........... 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б........... овогт М............ Б-...г 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бгийн цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийн 1 /нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг шүүхээс тогтоосон Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Шүүгдэгч М.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын, шүүгдэгч Д.Мт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Мийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Ө.Оргилсайханы эзэмшлийн “Хьюндай 5 тонн гоулд” маркийн “89-65 УНҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 15,009,800 төгрөгийг шүүгдэгч Д.Мээс, шүүгдэгч Д.Мийн эзэмшлийн 181,000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин хөрөө, шүүгдэгч М.Бд хариуцуулсан гэх 532 ширхэг 32м3 хуурай нарс модыг тус тус улсын орлого болгож, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл”-ийг тус тус хүчингүй болгож,
Эрүүгийн 2234001480516 дугаартай хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Бгийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
6.Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Ж.Эгийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Шүүгдэгч М.Б нь Д.Мт ТӨА 21-093876, ТӨА 21-093875 тоот эрхийн бичгээр зөвшөөрөл өгсөн ба эдгээр эрхийн бичгийг анхан шатны шүүхээс нотлох баримтаар хэрэгт хамааралтай талаас нь үнэлэгдсэн, эсхүл үгүйсгэсэн, няцаасан талаар тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасныг зөрчсөн. “...Анх ойд Э.Галтыг гарахад М.Б эрхийн бичгийг бууж ирэхээр чинь машины дугаартай, куб метрийг хянаж шалгаад бичиж өгнө, эхлээд бичвэл та нар нэг эрхийн бичгээр хэд, хэдэн удаа явж зөрчил гаргах гээд байдаг, би байнга эргэж тойрч шалгах болно тэгээд ч цас ихтэй хэд хоног ч хийж магадгүй гэж хэлээд мод хийх газарт өөрийн биеэр очиж зааж өгч, хийх өдрүүдэд нь морьтой очиж хяналт тавьж байсныг гэрчилсэн Э.Галт, Д.М, М.Б нарын мэдүүлэг /1-p xx-135,136, 53, 58, 64, 65/..., мөн аймаг, сумаас түүний хяналт тавих газарт нь тухайн жилд хийх хэрэглээ, түлээ, цэвэрлэгээний модны хэмжээг зааж өгсөн дагуу тэрээр дээрх эрхийн бичгийг олгосон байна.
Улсын Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 370 дугаар тогтоолд “модны шинж чанар түүнийг бэлдсэн арга шаардагдах зөвшөөрлөөс хамааруулан ялгаатай авч үзэх шаардлагатай зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн тохиолдолд нийгэмд учруулах хор нөлөөг харгалзан тооцож гэмт хэрэг эсвэл зөрчлийн алинд хамааруулахыг шүүх шийдвэрлэх нь зүйтэй. Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ургах чадваргүй хуурай мод түлээний мод бэлдэх нь ойн санд хор учруулахгүйгээр үл барам ойг хамгаалах ойн хэвийн байдлыг сайжруулахад эергээр нөлөөлөх үйл ажиллагаа гэж үзэхээр заасан”. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2-т ...гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй... эдгээр байдлаас дүгнэлт хийхэд М.Б нь гэмт хэрэг хийх санаа зорилгогүй, албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүй бусдад давуу байдал бий болгоогүй гэж үзэж байна.
224 дугаар шийтгэх тогтоолд Д.М нь гарал үүслийн бичиггүй, цэвэрлэгээний мод Улаанбаатар хот руу тээвэрлэснийг ...төрөл садангийн хүнд давуу байдал бий болгосон гэж хууль зүйн дүгнэлтийн хэсэгт дурдсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүнд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно”, ...мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлагын хэсэгт шүүгдэгч М.Бгийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3-т “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно”... Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын иргэн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэж заасан.
Төв аймгийн хэсгийн төлөөлөгч н.Ганбат, Б.Анхбуян нар нь 99307181 дугаараас Д.М рүү мод авъя гэж худлаа ярьж Д.М, Э.Галт, н.Баатар нарыг мөрдөн мөшгөсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих мөрдөн мөшгөх эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно”, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйл, Мөрдөн шалгах нууц ажиллагааны хуульд заасан журмыг болон Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй дүгнэлтийг шийтгэх тогтоолд оруулсан... Төв аймгийн Батсүмбэр сумын Ойн ангийн мэргэжилтэн н.Батбаяр цэвэрлэгээний модонд үнэлгээ хийхдээ модны бодит байдлыг үзэлгүй зураг үзээд модны шинжийг ерөнхий нэршлээр нь хохирлыг эргэлзээтэй байдлаар тогтоож шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц байдалд хүргэсэн.
Улсын Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 370 дугаар тогтоол, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т зааснаар шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т Авлигатай тэмцэх байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүх хэргийн харьяаллыг зөрчсөн гэж үндэслэлгүйгээр хуулийг буруу тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй. Хууль болон Улсын Дээд шүүхийн тайлбарыг буруу хэрэглэж, тайлбарласан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг тал бүрээс нь бодитой хянаж шийдэж өгнө үү гэв.
Прокурор Б.Долгор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Бгийн олгосон эрхийн бичгийг анхан шатны шүүх хуралдаан дээр шинжлэн судлан нотлох баримтаар тооцсон. М.Б, Д.М нар нь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 32 метр куб мод бэлтгэсэн болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Хэрэгт авагдсан эрхийн бичиг буюу зөвшөөрөл нь Төв аймгийн Их булаг гээд шал өөр газарт нарс мод бэлтгэх, хугацааны хувьд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийн хооронд гэсэн 3 хоногийн хүчинтэй, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд хүчинтэй он, сар зөрүүтэй, огноо зөрүүтэй, бэлтгэсэн газар гэх мэтчилэн зөрүүтэй бичиг баримт хэрэгт авагдсан. Иймд Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас хууль бусаар бэлтгэсэн модонд эрхийн бичиг олгоогүй гэж үзэж байгаа. Түүнчлэн үнэлгээ гаргасан шинжээч нь өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд модны экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан.
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь заавал төрөл садангийн болон хэн нэгэнд хамаатуулах биш нийтийн албан тушаалтан хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас бусдад давуу байдал олгоод байгааг гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх ёстой гэж хуульчилсан. Хамаатан, төрөл садан гэдгээр нь яллаагүй. Харин бусдад буюу Д.Мт давуу байдал бий болгосны улмаас Экологи, эдийн засагт хохирол учраад байна гэдэг байдлаар шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн.
-Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж, мөрдөн мөшгөж энэ гэмт хэргийг илрүүлсэн гэж яриад байна. Тухайн хэргийг илрүүлэхийн тулд нууц аргаар хийж гүйцэтгэсэн ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа хэрэгт хийгдээгүй. Шүүгдэгч Д.М нь олон нийтийн сүлжээнд тухайн модыг “зарна” гэх зар байршуулсны дагуу цагдаагийн албан тушаалтан нь утсаар ярьсан байдаг. Цагдаагийн албаны тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах, гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх эрхтэй.
-Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа байгууллагын харьяалал зөрчсөн асуудал байхгүй. Уг хэргийг анх Төв аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулаад шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгэхээр 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Тухайн үед нэгэнт хэрэг шүүхэд шилжсэн байсан тул шүүгдэгч М.Бгийн үйлдлийг тусгаарлаж Авлигатай тэмцэх газарт шилжүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулах, буцаагаад нэгтгэх боломжгүй учир улсын яллагчийн зүгээс хэргийн бодит байдал, нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж яллана гэж заасны дагуу шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж оруулж ирсэн. Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Р.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасан хэлбэрийн төдий шинжийг агуулж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 3-т зааснаар эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байсан. Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд Ж.Э өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт ялын хувьд өөрчлөлт оруулж өгнө үү. М.Б нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Зорчих эрх хязгаарлах ялын хувьд өөрөө өвчтэй, гэр бүлийн хүн нь мөн өвчтэй тул нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч Р.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хавтас хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр олон тооны мод авагдсан. Тухайн бэлтгэсэн мод нь цэвэрлэгээний мод байсан юм уу, үгүй юу гэдгийг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ангилсан эсэх асуудлыг анхаарах шаардлага байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хэргийн харьяаллын асуудал зайлшгүй яригдана. Яагаад гэвэл М.Бгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар Авлигатай тэмцэх газраар шалгуулсан бол ийм гомдлууд гарахгүй байсан. Миний үйлчлүүлэгч зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч М.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч Д.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад давуу эрх олгоогүй гэдгийг хэлмээр байна. Ой нээгдсэн хугацаанд би мод бэлтгэх зөвшөөрөл авсан гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Ж.Эгийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
1.Шүүгдэгч Д.Мийг Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 19-ний өдрийг хүртэл зохих зөвшөөрөлгүйгээр 32м.куб хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсний улмаас ойн санд 12,650,043 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч М.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр Д.Мт давуу байдал бий болгон Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 19-ний өдрийг хүртэл зохих зөвшөөрөлгүйгээр 32 м.куб хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлүүлсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, хуулийн зүйл, хэсэгт заасан ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Ж.Э эс зөвшөөрч “...М.Б нь Д.Мт ТӨА 21-093876, ТӨА 21-093875 тоот эрхийн бичгээр зөвшөөрөл олгосон ба эдгээр эрхийн бичгийг анхан шатны шүүхээс нотлох баримтаар хэрэгт хамааралтай талаас нь үнэлэгдсэн, эсхүл үгүйсгэсэн, няцаасан талаар дүгнээгүй...төрөл садангийн хүнд давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүнд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно”, ... гэм буруугийн талаар маргаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3-т “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно”... Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын иргэн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1-т “хэд хэдэн яллагдагч, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна” гэж, мөн хуулийн 30.17 дугаар зүйлийн 3-т “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт ...ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, ...Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгагдаж байгаа тухай заана” гэж тус тус хуульчилжээ.
3.1.Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болох гэрч С.Галтын “...би Баяраа, Мөнхөө, Нямка нарын хамт Төв аймгийн Баянцогт сумын нутаг Хайрт ханы Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-09-ний үеэр мод бэлтгэж эхлээд 01 дүгээр сарын 19-ний өдөр гэхэд 1800 орчим хуурай нарсан шургааг бэлтгэсэн...би 2022 оны 01 дүгээр сарын 08-19-ний өдөр хүртэл ууланд мод бэлтгэж бууж ирээд модоо ачихдаа Баянцогт сумын Байгаль хамгаалагч М.Б гэдэг хүнээс 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 24 м.куб, 1 дүгээр сарын 23-24-ний өдөр 8 м.куб, нийт 32 м.куб мод бэлтгэх эрхийн бичиг аваад модоо ачиж явсан юм..” гэсэн мэдүүлэг, мод бэлтгэх ТӨА 21-093876, ТӨА 21-093875 дугаартай зөвшөөрлийн хуудас зэргээс үзэхэд шүүгдэгч М.Б нь 2 удаагийн үйлдлээр буюу 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл хугацаанд, 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл хугацаанд зохих зөвшөөрөлгүйгээр 32 м.куб хуурай нарс мод бэлтгэх зөвшөөрөл олгосон байхад прокуророос 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл хугацаанд мод бэлтгэх зөвшөөрлийг олгосон үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан атлаа 2 дахь удаагийн үйлдлийг буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-26-ны өдрийг хүртэл хугацаанд мод бэлтгэх зөвшөөрөл олгосон үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэхэд дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй, дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзнэ.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай эсэх, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байгаа эсэхийг бүхэлд нь дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэснээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдана.
4.1. Гэтэл прокуророос шүүгдэгч М.Бгийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл хугацаанд мод бэлтгэх зөвшөөрөл олгосон үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.
4.2. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор заасан” байх бөгөөд шүүх шүүгдэгч М.Бгийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ “үргэлжилсэн үйлдэл” байгаа эсэхэд огт дүгнэлт хийгээгүй атлаа “...үргэлжилсэн үйлдлээр...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй байна.
5.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй” гэж заасан үндэслэлээр хүчингүй болгож, шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Ж.Эгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгов.
6. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч М.Б, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Ж.Эгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч М.Б, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
А.ЦЭРЭНХАНД