| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 2434002680264 |
| Дугаар | 2024/ДШМ/75 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ДШМ/75
2024 10 31 2024/ДШМ/75
П.Лд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Д,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 787 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Дын бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч П.Лд холбогдох эрүүгийн 2434002680264 дугаар хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол улсын иргэн, ........ оны ..... дугаар сарын .........-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр, 2 хүүхдийн хамт .......... хотын ......... дүүрэг ..... дугаар хороо ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 349 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 673 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Б......... овогт П...... Л...../РД:................./
2.Яллагдагч П.Л нь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр баг бригадын төв гэх газарт 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 20 цагийн үед Ж.Эрдэнэжаргалтай маргалдан түлхэж унагаан таягаар цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн прокурорын газраас яллагдагч П.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
3. Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Б............... овогт П......... Л............-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434002680264 дугаар хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж,
Эрүүгийн 2434002680264 дугаар хэргийг прокурорт очтол яллагдагч Б....... овогт П........ Л...........-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн 2434002680264 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн урт нь 1 метр 14 см, өргөн нь 2.5 см төмөр таяг 1 ширхгийг хэргийн хамт шилжүүлж, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагч Б......... овогт П.......... Л................ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ
4. Прокурор Б.Д бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцээд шүүгчийн 787 дугаар захирамж гарган хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Шүүх шийдвэрлэхдээ: “...хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоолгүйгээр Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ган-Эрдэнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хохирогч, хуулийн этгээдийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор хязгаарласан зөрчил болсон.
Прокурорын шатанд хохирогч Ж.Э-...............лын өмгөөлөгч Ц.Ц................-аас Б.Цэдэндамбыг гэрчээр асуулгах, миний үйлчлүүлэгч 3 дугаар зэрэглэлээр тогтоосон учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх хүсэлтийг гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн талаар буюу П.Л бусдад зодуулсан талаар мэдүүлсэн байхад энэ үйл баримтыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх тодорхойгүй.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд анхдагч шинжилгээг нэг, түүнээс дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэй багаар хийлгэж болно" гэх, мөн 30 дугаар зүйлийн 30.1-т "ижил мэргэжлийн шинжээчийн баг 2, түүнээс дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэй байна" гэсний дагуу 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 722 тоот шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй буюу гар утсаар танилцуулсан нь үндэслэлтэй эсэх, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэлд шинжээчийн 132 дугаар дүгнэлтийг танилцуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 27.7 дугаар зүйлд заасан эрхийг хязгаарласан байх тул шинжээч нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй.
Яллагдагч П.Лы хувийн байдал болох урд ял шийтгэл эдэлж байсан талаарх нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй. Мөрдөгчөөс гаргасан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал нь хуулийн шаардлага хангаагүй байхад прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1, 30.15 дугаар зүйлийн 1, 2, энэ хуулийн 30.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус ноцтой зөрчсөн. Иймд яллагдагч П.Лд холбогдох эрүүгийн 2434002680264 дугаар хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Дээрх үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1-т "анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ" гэж хуульчилсан байна. Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-т заасан "Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
2. Шүүгчийн захирамжид "...хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан “...нотолбол зохих байдлын хүрээнд мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч П.Л нь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр баг бригадын төв гэх газарт 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 20 цагийн үед Ж.Эрдэнэжаргалтай маргалдан түлхэж унагаан таягаар цохиж, зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. Хэрэгт авагдсан хохирогч Ж.Эрдэнэжаргал, гэрч Д.Энхзаяа, Б.Цэдэндамба, яллагдагч П.Л нарын мэдүүлэг, Төв аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Чулуунбаатарын хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 247 дугаар дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар яллагдагч П.Лы гэм буруутай эсэх асуудлыг хянан хэлэлцэх бүрэн боломжтой байна. Иймд 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 787 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч П.Лд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Б.Дын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж үзсэний үндсэн дээр хэргийн бодит байдлыг нотлох үүргийг хүлээх юм.
Дээрх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгч өөрийн санаачлагчаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
1.1.Тодруулбал, давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч П.Л нь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн бригадын төв гэх газарт 2024 оны 4 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн үед Ж.Эрдэнэжаргал, Б.Цэдэндамба нартай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар тэднийг таягаар цохиж зодсон үйл баримтын талаар хэрэгт авагдсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Эрдэнэжаргал, Б.Цэдэндамба нарыг хохирогчоор тогтоон, тэдэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, мэдүүлэг авах ажиллагааг явуулсан, түүнчлэн хохирогч нарын эрүүл мэндэд яллагдагчийн үйлдлийн улмаас гэмтэл учирсан эсэхэд дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох тогтоол үйлджээ.
1.2.Мөрдөгч нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол үзлэг хийх, хохирогч гэрчээс мэдүүлэг авах, хэрэгт ач холбогдол бүхий баримтыг хураан авах, шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах гэх мэт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгасан.
1.3. Дээрхэд заасны дагуу мөрдөгч хохирогч Б.Цэдэндамбын эрүүл мэндэд гэмтэл учирсан эсэхэд дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон /хх-ийн 32-33/ байх боловч хохирогч шинжилгээ хийлгэхээс татгалзсан гэх үндэслэлээр дүгнэлт гаргуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилттой нийцэхгүй байхаас гадна, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэд хэдэн яллагдагч, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна” гэж заасныг зөрчсөн, хэргийн талаар “Нотолбол зохих байдал”-ыг нотлоогүй гэж үзнэ.
2.Энэ хэрэгт Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ган-Эрдэнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх ч түүнийг тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй эсэх нь хэрэгт тодорхойгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан бөгөөд мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоон, хуульд заасан эрхийг эдлүүлэх нь хэрэг хянан ажиллагааны оролцогчийн эрхийг тэгш хангахад чиглэгдэнэ.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар хохирогчоор тогтоох, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч томилох ажиллагаа нь хуульд зааснаар хийгдээгүй гэх үндэслэлийг тусгасан байх ч давж заалдах шатны шүүхээс зөвтгөн, холбогдох хуулийн этгээдийг хуулиар хамгаалагдсан эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхийг хангаж, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар иргэний нэхэмжлэгчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох нь зүйтэй гэж үзэв.
3.Мөрдөгч, прокурор нь хуульд зааснаар яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хүлээх ба энэ ч утгаараа яллагдагч П.Лы урд ял шийтгүүлсэн талаарх шийтгэх тогтоолын хуулбаруудыг хэрэгт хавсаргажээ.
Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эх хувийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3-т заасан.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаас үзэхэд хавтаст хэргийн 86-97 дугаар хуудсанд Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архиваас шийтгэх тогтоолын хуулбарыг цагдаагийн байгууллагад хүргүүлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэг бичигдсэн хуудас бүрд хуулбарлан олгосон байгууллага болон албан тушаалтны нэр, олгосон огноо зэргийг баталгаажуулсан тэмдэг дарагдсан хувийг ирүүлсэн байгааг яллагдагчийн хувийн байдлыг тодруулсан, шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжид энэ талаар заасан ажиллагааг заавал хийх шаардлагагүй байна.
Иймд “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 787 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх агуулгаар гаргасан прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг хүлээн авч, шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулан, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 787 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
А.ЦЭРЭНХАНД