Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 28

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2016/0027/З/

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би иргэн Н.Цээпэлийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад холбогдох “...Бор-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/209  тоот захирамжийг хүчингүй болгуулах ” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Цээпэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга Д.Энх-Эрдэнэ нь “Газрын тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн Байгаль орчны сайдын 1995 оны 112 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших гэрээ”-ний гуравдугаар бүлгийн 1.2 дахь хэсэгт заагдсан үүрэг /...газар эзэмшигчийн газар эзэмшихтэй холбоотой зохих хууль, тогтоомжоор олгогдсон эрх ашгийг хамгаалах..., гэрээнд заасан газрыг тогтвортой эзэмших нөхцлийг бүрдүүлэх.../-ээ умартан надад газар эзэмшүүлэхээр гарсан Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 110 тоот захирамжийг 2016 оны 10 дугаар сарын 03 ны өдрийн А/209 тоот захирамжаараа хүчингүй болгосон. Уг газрын гэрчилгээг өмнө нь сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 143 тоот захирамжаар хүчингүй болгосныг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 30 тоот магадлалаар миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэгж талбарын 221000818 дугаар бүхий газрыг 2047 он хүртэл эзэмших эрх сэргээгдсэн. Шүүхийн шатанд шийдвэрлүүлэх явцад ’’Дэлгэр нуур” ХХК миний уг газарт 74.4 ам метр оруулан үйлчилгээний төвийн барилгаа барьсан юм. Дээрх 110 тоот захирамжийг удаа дараа хүчингүй болгож байгаа шалтгааныг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга “Дэлгэр нуур” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Арсланбаатар түүний гэр бүлийнхний миний газраас дээрэмдсэн 74,4 ам метр газрыг ашиг сонирхолдоо хөтлөгдөн тэдэнд ашигтайгаар шийдвэрлэх гэсэн хуйвалдааны хууль бус шинж чанарыг агуулсан гэж үзэж байна. Иймд Бор-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/209 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Цээпэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн 35-39 тоотод оршин суугч Нацагийн Цээпэл миний бие Бор-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 209 тоот захирамжийг хүчингүй болгуулах асуудлаар Хэнтий аймгийн Засаг даргад хандсан байсан. Уг асуудлыг Хэнтий аймгийн Засаг дарга авч үзээд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/453 тоот тушаалаараа хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгчийн хуульд заасан эрх үүрэгтэй танилцсаны үндсэн дээр танайд хандсан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Н.Цээпэл Бор-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/209 тоот захирамжийг хүчингүй болгуулах асуудлаар аймгийн Засаг даргад хандсан бөгөөд хүсэлтийг нь хянан үзээд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/453 тоот захирамжаараа хүчингүй болгосон байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх миний бие хуульд заасан эрх үүргийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн Н.Цээпэл нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан “...Бор-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/209  тоот захирамжийг хүчингүй болгуулах ” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Цээпэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх нар нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байна. Нэхэмжлэгч Н.Цээпэл нь “....Бор-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/209 тоот захирамжийг хүчингүй болгуулах асуудлаар Хэнтий аймгийн Засаг даргад хандсан байсан. Уг асуудлыг аймгийн Засаг дарга авч үзээд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/453 тоот тушаалаараа хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгчийн хуульд заасан эрх үүрэгтэй танилцсаны үндсэн дээр танайд хандсан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх  “...нэхэмжлэгч Н.Цээпэл нь Бор-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/209 тоот захирамжийг хүчингүй болгуулах асуудлаар аймгийн Засаг даргад хандсан бөгөөд хүсэлтийг нь хянан үзээд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/453 тоот захирамжаараа хүчингүй болгосон байна. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх миний бие хуульд заасан эрх үүргийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгааг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх" эрхтэй гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т “нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” эрхтэй гэж заасан. Дээрхи эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч Н.Цээпэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, татгалзлаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дїгээр зїйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зїйлийн 66.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасныг баримтлан иргэн Н.Цээпэлийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад холбогдох “...Бор-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/209  тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Г.БАЯСГАЛАН.