2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/01038

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 05

191/ШШ2025/01038

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У тоот хаягт оршин байрлах, Д ФХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У тоот хаягт оршин суух, Б.Х /РД:-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,304,008.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д,

Хариуцагч Б.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Лхагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Хнь 2020 оны 3-р сарын 24-ны өдөр "Д ФХХК- тай ЗГ-2021861х дугаар "Зээлийн гэрээ байгуулж, 2,039,700 төгрөгийг, жилийн 34,8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь "Д ФХХК-иас олгосон зээлээр "С" ХХК-aac Samsung А51 гар утас, Media bd-198 угаалгын машин болон Media bd-198 маркийн хөлдөөгч худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт 1,655,150.00 /Нэг сая зургаан зуун тавин таван мянга нэг зуун тавин төгрөг/ төгрөгийн төлөлт хийсэн ба 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 3.2-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр түүний хүүгийн төлбөрийг төлөх хугацааг 90 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн ба зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн тул ноцтой зөрчил болно. Зээлийн гэрээний 3.4.4-т зааснаар зээлдэгч нь зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24,3-т заасны дагуу Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг үндсэн зээл дээр нэмж төлнө. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй бөгөөд зээлийн гэрээнд заасан нөхцөлийг үндэслэн зээлдүүлэгч нэг талын санаачлаагаар гэрээг цуцалсан тохиолдолд үүссэн үр дагавар хохирлыг зээлдэгч бүрэн хариуцна. Энэхүү зээлдэгчийн зээлийн гэрээний зөрчил нь зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд 2,304,008.13 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д ФХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Хд холбогдох иргэний хэрэгт зохигч талууд дараах байдлаар эвлэрч байна. Үүнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрмаа нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 171,006.14 төгрөг, нотариатын зардал болох 14,000 төгрөг, нийт 185,006.14 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Хтай 2,119,001.99 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 3 хувааж төлөх буюу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 706,337.33 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 706,337.33 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 706,337.33 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д ФХХК нь хариуцагч Б.Хд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,304,008.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрмаа нэхэмжлэлийн шаардлагаас 185,006.14 төгрөгөөс татгалзаж, Б.Хтай 2,119,001.99 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 3 хувааж төлөх буюу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 706,337.33 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 706,337.33 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 706,337.33 төгрөгөөр төлж барагдуулах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрмаа нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно, мөн зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж зохицуулсан ба зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүх хуульд зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Дэлгэрмаа нэхэмжлэлийн шаардлагаас 185,006.14 төгрөгөөс татгалзаж, Б.Хтай 2,119,001.99 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 3 хувааж төлөх буюу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 706,337.33 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 706,337.33 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 706,337.33 төгрөгийг тус тус хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 24,427 төгрөгийг хариуцагч Б.Хаас гаргуулж, нэхэмжлэгч ДФХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС