Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,  

Шүүгдэгч Л.Үүрцайх /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхагвасүрэнгийн Үүрцайхад холбогдох эрүүгийн 1809015860280 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, орцны жижүүр ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Хангай хотхоны Б-1-2 тоотод оршин суух, Төв аймгийн Зуун мод 4 дүгээр баг, Зүүн дэлгэр а12 гудамжны  4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овгийн Лхагвасүрэнгийн Үүрцайх,  /РД:НС81020367/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Л.Үүрцайх нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 501 дүгээр байрны 1 дүгээр орцонд А.Гантуяаг модоор цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Үүрцайх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…“...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв…” гэв.

Эрүүгийн 1809015860280 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Э.Л.Үүрцайх нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би Гантуяад хандаж “чи яагаад эрэгтэй хүмүүстэй, манай нөхөртөй хамт архи уугаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Гэтэл Гантуяа уурлан “муу ядуу гуйлгачин, дэлбэрсэн хүүхэн минь юу гээд байгаа юм бэ? орцны шал долоож амьдардаг юм байж намайг юу гээд байгаа юм бэ? миний эгч СӨХ-ийн нягтлан бодогч чамайг ажлаас чинь халуулах болно” гэж орилж хашигчаад байсан. Мөн намайг хумсаараа гарт минь майжсан. Тэгээд би түүнээс очоод, биеэ хамгаалах гэж нэг удаа барьж явсан саваа модоороо баруун гарын тохой хэсэгт нь учиргүй чанга биш хүчээр цохисон. Өөрөөр зодоогүй. Гэтэл тэрээр “миний гар хугарчихлаа” гээд орилж хашигчаад байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Гантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2018 оны 3 сарын 31-ны орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 хороо 7 хороолол 501 байрны эргүүл Мөнхбаяр гэх хүний гэрт ганц пиво уугаад сууж байхад цахилгаанчин ах Мөнх-Ирээдүй, эргүүл Тэмүүжин хоёр орж ирээд гарсан. Тэгээд би удалгүй Мөнхбаяр ахтай цуг гараад лифтнээс бууж байхад намайг Мөнх-Ирээдүйгийн эхнэр намайг шууд модоор цохиж миний баруун гарын үений хэсгээр хугалсан. Намайг нөхөртөйгөө хардаж зодсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2018 оны 3 сарын 31-ны шөнө би ажилтай байсан. 20-21 цагийн орчим би гадаа ажилтай явж байтал манай ажлын нягтлан бодогчийн дүү Гантуяа таараад намайг “ганц пиво аваад өгчих” гэхээр нь би ганц нийслэл пиво аваад өгсөн чинь Гантуяа “танай гэрт ороод уучихъя” гэхээр нь “тэг тэг” гээд гэр рүүгээ дагуулаад орсон. Ороод Гантуяа пивоо ууж байсан чинь манай гэрт гаднаас Мөөгий орж ирээд байж байгаад гарахдаа манай эхнэр дээр байгаа гэсэн чинь Гантуяа намайг “гаръя, гадаа гаръя” гэхээр нь би “за за гаръя” гээд лифтэнд суугаад 12 давхар руу гараад Гантуяа нөгөө пивоо ууж дуусгаад бид хоёр лифтээр буцаад доошоо буусан чинь Үүрцайх 1-р давхарт зогсож байсан. Тэгсэн Үүрцайх, Гантуяа хоёр гэнэт л маргалдаад байсан би юу болсоныг ойлгоогүй. Үүрцайх гартаа мод барьчихсан байсан тэрүүгээрээ Гантуяаг цохих гэхээр нь дундуур нь орж салгасан. Тэгээд нэг мэдсэн чинь Үүцайх Гантуяагийн нэг гар руу нь модоороо цохисон байсан. Тэгсэн “гар хугарчихлаа” гээд Гантуяа эгчийгээ утсаараа дуудаж байсан яг аль гар руу нь цохисоныг бол би сайн анзаараагүй хоорондоо хэрэлдээд байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Мөнх-Ирээдүй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Гантуяа  манай эхнэр Үүрцайх хоёр хэрэлдсэн нөгөөх нь цохисон ч гэлүү нэг юм болсон гэсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹ 4404 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүнэлт:

  1. А.Гантуяагийн биед баруун тохой үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Батхандын мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, Л.Үүрцайхын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Л.Үүрцайх нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 501 дүгээр байрны 1 дүгээр орцонд А.Гантуяаг “нөхөртэй нийлж архидан согтуурлаа” гэсэн шалтгаанаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь баруун тохой үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Л.Үүрцайхын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Гантуяагийн  мэдүүлэг, гэрч Б.Мөнхбаярын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №4404 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч А.Гантуяаг зодож гараараа баруун гаран тус газар руу нь модоор цохиж хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь Л.Үүрцайхад цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон баримтууд хэрэгт цугларчээ.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Үүрцайхыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүх шүүгдэгч Л.Үүрцайхыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

          Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж зүй бус авир гаргаж, зан харьцааны түвшин дутагдсан, шүүгдэгч хохирогчид зүй ёсны шаардлагыг зохистой байдлаар илэрхийлээгүй, хохирогчийн буруутай үйл ажиллагаа зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.  

 

Шүүгдэгч Л.Үүрцайхад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч А.Гантуяагаас “...миний бие Үүрцайхад гомдолгүй, эвлэрсэн...” гэсэн хүсэлт /хх-ийн 39/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Л.Үүрцайхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.