Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/1174

 

     2024           10            23                                           2024/ДШМ/1174

 

Д.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон,

            нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/609 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гомдлоор Д.Бт холбогдох эрүүгийн 2410000000113 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Б

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Ог Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд гэртээ байхад өвөөг чинь “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнуулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан,

мөн хохирогч Ш.Аг “хүүхдийг чинь сургуульд оруулж өгнө” хэмээн хуурч, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2,800,000, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1,200,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Имарт дэлгүүрт байхдаа тус тус шилжүүлснийг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансаар авч, хохирогч нараас нийт 9,000,000 төгрөг авч үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 02 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, тогтоосон бүсээс эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, зөрчвөл эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Од 700,000 төгрөг, хохирогч Ш.Ад 4,000,000 төгрөг тус тус нөхөн төлсөн ба шүүгдэгчээс 4,300,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Од олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... Уг шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бат-Орших нь шүүгдэгчид оноох ялын талаар саналаа хэлэхдээ “Б гэгч нь удаа дараа залилах гэмт хэрэг үйлдэж, шийтгүүлж байсан этгээд боловч, өөрийн энэ үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байна. Тиймээс Д.Бт 2 жилийн хугацаагаар хорих ял оноох саналтай байна.” гэж хэлж байсан.

 Хэдийгээр тухайн шүүгдэгчид ямар ял оноох талаар улсын яллагч саналаа шүүхэд хэлэх бүрэн эрхтэй боловч тухайн ялыг оноохдоо хэргийн нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх ёстой байдаг. Гэтэл улсын яллагч С.Бат-Орших нь "Бийн нөхөр нь байгаа, тиймээс нөхөр нь бага насны хүүхдээ буюу 14 настай хүүхдээ харж хандана биз. " гэсэн хэргийн бодит байдалд нийцэхгүй худал зүйлийг хэлж, шүүгдэгчид хорих ял оноолгохын төлөө улайран дайрч байсан.

Харин шүүгч Х.Одбаяр гэдэг хүний хувьд улсын яллагчийн энэ зүй бус үйлдлийг таслан зогсоож, өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Бийн хувийн байдлыг маш сайн харгалзан үзэж, хэрэв түүнд хорих ял оноох тохиолдолд төрсөн ганц хүү нь эцэг ч үгүй эх ч үгүй, ганцаараа амьдрах аюулыг урьдчилан тооцож, “мэргэн” шийдвэр гаргасан билээ.

Хэдийгээр шүүгдэгч Д.Б нь урьд өмнө хоёр ч удаа "Залилах" гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан ч гэсэн, Монгол улсын хуулийн байгууллагуудын хувьд түүнд ял оноохдоо 14-хэн настай хүүхдийн ирээдүйн хувь заяаг зайлшгүй бодолцож үзэх нь төрийн бодлогын нэг илрэл байх ёстой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа юм. Хэрэв дээрх шүүх хурлаас өмнө Д.Б нь бусдад учруулсан хохирлынхоо үлдэгдэл болох 4.300.000 төгрөгийг хохирогч Б.Од төлчихсөн бол, анхан шатны шүүхээс түүнд 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялаар шийтгэх биш, харин үүнээс бага ялаар шийтгэх байсан гэж үзэж байна.

Харин нэгэнт шүүгдэгч Б нь шүүх хуралдаан болохоос өмнө хохирогч Б.Од хохирлын мөнгө болох 4.300.000 төгрөгийг төлж чадаагүй учраас анхан шатны шүүх нь дээрх ялыг оноосон. Гэхдээ ялтан Б нь шүүхээс ял оноосоны дараа хохирогч Б.Од хохирлын мөнгө болох 4.300.000 төгрөгийг төлж, өөрөөр хэлбэл, бусдад учруулсан хохирлоо 100% бүрэн төлж барагдуулсан билээ.

Тиймээс эрхэм хүндэт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид та бүхэн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, өөрөөр хэлбэл, ялтан Д.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хохирогч нарт учруулсан хохирлоо 100% нөхөн төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял болох 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялыг хөнгөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялыг оноож өгнө үү.

Жич: Ялтан Д.Б нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхэд, тухайн хэрэгт хохирогчоор татагдан оролцсон, иргэн Ш.А, Б.О нар нь тодорхой хэмжээгээр буруутай үйлдэл гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа юм. Тухайлбал, иргэн Ш.О нь ялтан Д.Бт “Би өвөөдөө урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдэг авч өгөх гэсэн юм. Чи төрийн байгууллагад ажилладаг юм чинь, чамд тэр талын танил тал байгаа байх. " гэх мэтийн зүйл ярьж түүнд нийт 5.000.000 төгрөг өгсөн байдаг. Харин хохирогч Ш.А нь ялтан Д.Бт “Би хүүхдээ 18 дугаар сургуульд оруулмаар байна. Чамд танил тал байна уу" гэж хэлээд, улмаар түүнд 4.000.000 төгрөгийг өгсөн байдаг. Хохирогч нарын эдгээр үйлдэл нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан "хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн" гэх нөхцөл байдлыг хангасан гэж өмгөөлөгчийн хувьд үздэг юм. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бат-Орших нь шүүгдэгч надад оноох ялын талаар саналаа хэлэхдээ “Б гэгч нь удаа дараа залилах гэмт хэрэг үйлдэж, шийтгүүлж байсан этгээд боловч, өөрийн энэ үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байна. Тиймээс Д.Бт 2 жилийн хугацаагаар хорих ял оноох саналтай байна." гэж хэлж байсан. Улсын яллагчийн энэ саналыг сонсоод, ялтан миний бие нь өөрийн төрсөн ганц хүүхдээ л бодож "Яана даа, намайг шоронд байх 2 жилийн хугацаанд 14-хэн настай хүү маань орь ганцаараа яаж амьдарна даа.” хэмээн сэтгэл санааны хувьд хүнд зовлонд унасан.

Харин яг энэ үед шүүгч Х.Одбаяр гэдэг албан тушаалтан нь төрийн хүний ухаалаг, мэргэн ухаан гаргаж, улсын яллагчид хандан “Хэрэв шүүхээс шүүгдэгч Д.Бт хорих ял оноосон тохиолдолд түүний насанд хүрээгүй хүүхдийг хэн асарч хамгаалах вэ? Энэ талаар улсын яллагч та ямар санал бодолтой байна вэ?" гэж асууж байсан. Гэтэл улсын яллагч С.Бат-Орших нь “Бийн нөхөр нь байгаа, тиймээс нөхөр нь бага насны хүүхдээ буюу 14 настай хүүхдээ харж хандана биз. " гэсэн шүүгдэгч миний хувийн амьдралд огт байхгүй, худал зүйлийг хэлж, шүүгдэгч надад хорих ял оноолгохын төлөө улайран дайрч байсан.

Харин шүүгч Х.Одбаяр гэдэг хүн улсын яллагчид хандан "Хэрэв та шүүх хурал эхлэхээс өмнө шүүгдэгчид хорих ял оноохоор төлөвлөсөн байсан бол, түүний насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн байх ёстой шүү дээ. Тухайлбал, хэрэв тухайн хүүхэд эцэг эхгүй, ганцаараа амьдрах шаардлага гарч ирвэл, хуульд зааснаар энэ асуудлыг тухайн хүүхдийн амьдарч байгаа нутаг дэвсгэрийн буюу тухайн хорооны Засаг дарга нь холбогдох албан тушаалтнуудыг хуралдуулж байгаад шийдвэр гаргах ёстой. Ийм шийдвэр гаргасан юм уу?" гэх зэргийн асуултуудыг асууж байсан. Гэтэл улсын яллагч нь шүүгчийн тавьж байсан эдгээр асуултуудад хариулт өгч чадахгүй байсныг ялтан миний бие болон миний өмгөөлөгч Б.Цолмон бид нар өөрсдийн нүдээр харж байсан.

 Хэрэв дээрх шүүх хурлаас өмнө шүүгдэгч Д.Б миний бие нь бусдад учруулсан хохирлынхоо үлдэгдэл болох 4.300.000 төгрөгийг хохирогч Б.Од төлчихсөн бол, анхан шатны шүүхээс надад 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялаар шийтгэх биш, харин үүнээс бага ялаар шийтгэх байсан гэж би таамаглаж байгаа.

Харин нэгэнт шүүгдэгч Б миний хувьд шүүх хуралдаан болохоос өмнө хохирогч Б.Од хохирлын мөнгө болох 4.300.000 төгрөгийг төлж чадаагүй учраас анхан шатны шүүх нь дээрх ялыг оноосон гэж бодож байна. Гэхдээ ялтан миний бие нь шүүхээс надад дээрх ялыг оноосоны дараа хохирогч Б.Од хохирлын мөнгө болох 4.300.000 төгрөгийг төлж, өөрөөр хэлбэл, бусдад учруулсан хохирлоо 100% бүрэн төлж барагдуулсан билээ. /Энэ тухай нотлох баримтыг хавсаргав./

Тиймээс эрхэм хүндэт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид  та бүхэн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, өөрөөр хэлбэл, ялтан Д.Б миний зүгээс өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хохирогч нарт учруулсан хохирлоо 100% нөхөн төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс надад оногдуулсан ял болох 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар надад 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялыг оноож өгнө үү.

Жич: Ялтан миний хувьд дээрх гэмт хэргүүдийг үйлдэхэд, тухайн хэрэгт хохирогчоор татагдан оролцсон, иргэн Ш.А, Б.О нарыг залилан мэхэлж, эдгээр иргэдээс нийт 9 сая төгрөгийг хуурч авсандаа маш их гэмшиж байгаа. Харин 14-хэн настай хүүхдээ ганцаараа хооллож ундалж, хувцас хунар авч өгч, тухтай орон сууцанд амьдруулахын тулд их хэмжээний зардал мөнгө гардаг учраас энэхүү зардлыг олохын тулд улсаас авдаг цалин маань хүрэлцдэггүй учраас дээрх байдлаар хүмүүсийг залилан мэхлэж, мөнгө олж байсан юм. Хэрэв хүү маань өнөөдөр төрсөн эцэгтэйгээ хамт амьдардаг байсан бол, төрсөн эцэг нь хүн шиг амьдарч хүн шиг ажил төрөл хийж, цалин орлого авдаг байсан бол, төрсөн эх миний хувьд ийм гутамшигт байдлаар мөнгө төгрөг олох шаардлага огт байхгүй байсан. Тиймээс ялтан миний хувьд өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их дүгнэлт хийж байгаа бөгөөд цаашид төр засагтаа үнэнч шударгаар зүтгэж, орсон хэдэн төгрөг маань бага байсан ч үүнд гутрахгүйгээр, хамгийн гол нь гэмт хэрэг үйлдэж, төрсөн ганц хүүхдээ эцэг ч үгүй, эх ч үгүй, асрамжийн газар очуулахгүй байх нь хамгийн чухал юм байна гэдгийг яс махандаа тултал ойлгож, мэдэж авлаа. ...” гэв.

Прокурор С.Бат-Орших шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс Д.Бт хорих ял оногдуулах санал гаргасан. Тэрээр өмнө нь ял, шийтгэл эдэлж байсан. Анхан шатны шүүх Д.Бийн хувийн байдлыг харгалзан үзэж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Уг шүүхийн шийдвэрт гомдол гаргасанд гайхаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилсан. Д.Б нь санаатай гэмт хэрэг үйлдэж, өмнө нь 2 удаа ял шийтгүүлж байсан. Түүнчлэн түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул түүнийг хохирол төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Ог Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд гэртээ байхад өвөөг чинь “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнуулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан,

мөн хохирогч Ш.Аг “хүүхдийг чинь сургуульд оруулж өгнө” хэмээн хуурч, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2,800,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1,200,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Имарт дэлгүүрт байхдаа тус тус шилжүүлснийг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансаар авч, хохирогч нараас нийт 9,000,000 төгрөг авч үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Огийн “... Д.Б надад “өндөр настны хүүгүй зээл гаргуулаад авах боломжтой” гэж байнга хэлдэг байсан. Би өвөө З.Дгийн хамт амьдардаг. Тэрээр “Монголын урчуудын эвлэл”-ийн уран зураач, түүнд “Урлагчийн гавъяат зүтгэлтэн” цол тэмдгийг авч өгөх хүсэл байгаа талаар би Д.Бт хэлэхэд тэрээр “зүгээр хүлээж суугаад гавъяат тэмдэг олдохгүй. Чиний өвөө өнөө маргаашгүй өнгөрөөд өгвөл чи харамсана. Тиймээс нада 5,000,000 төгрөг өгвөл даруй гаргуулаад өгье” гэхээр нь би түүнд итгэсэн. ... тэгээд 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байх үедээ интернет банк ашиглаад өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас Д.Бийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот данс руу 3,000,000 төгрөг, мөн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 24, 26/,

хохирогч Ш.Агийн “... Бийн ... гэсэн утасны дугаарыг Огаас авч түүн рүү залгаад “би Огийн найз нь байгаа юм. Хүүхдийнхээ сургуулийг солиулах гэж байгаа юм” гэхэд “тийм ээ, би мэдэж байгаа, 4,000,000 төгрөг одоо шилжүүлбэл хүүхдийн чинь сургуулийг сольж өгнө” гэсэн тул би өөрийн эзэмшлийн Хаан банкны  тоот данснаас Бийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот данс руу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн и-мартын дэлгүүрт ажил дээрээ байх үедээ интернет банкаар 2,500,000 төгрөг, 300,000 төгрөг, нийт хоёр удаагийн үйлдлээр 2,800,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байх үедээ өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас Бийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот данс руу 1,200,000 төгрөгийг интернет банкаар шилжүүлж, нийт 4,000,000 төгрөг өгсөн. Д.Б нь надад “удахгүй сургуулийн асуудлыг чинь шийдээд өгнө” гэсээр 2024 он гарсан. ...” /1хх 141/,

Б.Огийн гэрчээр өгсөн “... Б манай дэлгүүрт юм авахаар ирэх үед би Атай “найз маань хүүхдээ 23 дугаар сургуульд оруулмаар байна, 2 хүүхдээ нэг сургуульд зөөдөг болчихвол амар байна” гээд утсаар ярьж байхыг Б сонсоод “4 сая төгрөгөөр оруулаад өгье” гэж хэлсэн. Тухайн үед Б өөрийгөө төрийн албан тушаалд ажилладаг, Удирдлагын академд суралцдаг тул миний өвөөгийн “төрийн одон медалыг зохицуулж өгнө” гээд 5 сая төгрөг авсан байсан. ... Бийн дугаарыг би Ад өгөөд “чи яриад үз” гэхэд А миний өгсөн дугаараар Бтэй яриад над руу холбогдож “энэ эмэгтэй зохицуулаад өгөх боломжтой юм байна” гэж хэлсэн. ...” /1хх 143-144/,

Д.Бийн яллагдагчаар өгсөн “... 2023 оны 5 дугаар сард над руу Б.О яриад “миний өвөө өндөр настай хүн юм. Одоо улсаас гавьяат цол авах л үлдээд байна. Би хөөцөлдсөөр байгаад Нийслэлээс тогтоолыг нь гаргуулсан. Ерөнхийлөгчийн тамгын газарт танил байна уу?” гэж асуухаар нь “ер нь бол байгаа. Гэхдээ тодорхой хэмжээний үнэ ханштай байдаг юм” гэж хариулсан. Би Огийн өвөө Дгийн шагнуулах материалыг Ерөнхийлөгчийн тамгын газраас асуулгасан чинь шагнуулах хүмүүсийн дарааллын нэлээн доор байхаар нь Чөөгий гэж дууддаг найзтайгаа нийлж найз нөхдийн хүрээнд бэлэг сэлт өгч гуйсан. Ингээд жагсаалтын 500 гаруй материалд байсныг 100 материалд оруулж өгсөн. Гэвч том дарга нарын нөлөө ороод Ш.Огийн өвөөг шагнуулж чадаагүй. Би тухайн үедээ Ш.Огийн ажлыг бүтээж өгч чадаагүй учир 5,000,000 төгрөгийг буцаагаад өгсөн. Гэтэл 2023 оны 9 дүгээр сарын эцсээр /өдрийг нь санахгүй байна/ бас Ш.О надтай холбогдоод дахин 5,000,000 төгрөг өгөөд “өвөөг шагнуулаад өг” гэж гуйхаар нь би дахин Чөөгийг гуйгаад хөөцөлдсөн боловч бүтээгүй болохоор нь би Чөөгийд мөнгийг нь өгөөгүй юм. Мөн Ш.Огаас “өвөөгөө шагнуулахаар өгсөн 5,000,000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. ...Ш.Аг 2023 оны 10 дугаар сарын сүүлээр Огаар дамжуулан таньдаг болсон. Ш.А өөрийн Баттөр гэх хүүгээ “Нийслэлийн 23 дугаар сургуульд шилжүүлээд өгөөч” гэхэд нь би “сургууль соёлд оруулж өгдөг хүн биш” гэхэд А “хамаагүй мөнгө төгрөгийг нь өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. Ш.А 2023 оны 10 дугаар сард 4,000,000 төгрөгийг өөрийнхөө эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансанд 4 удаагийн гүйлгээгээр намайг гэртээ болон ажил дээрээ байхад шилжүүлэхэд нь би тэр мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. Агийн харилцаа хандлагаас болоод хүүхдийг нь 23 дугаар сургуульд шилжүүлж өгөхөө би больсон. Би 23 дугаар сургуульд ажилладаггүй. Сургуулийн хүүхдийг өөр сургуульд шилжүүлж өгөх эрх бүхий ажил хийдэггүй. Гэхдээ сургууль шилжүүлэх боломж байсан. Харин А нь утсаар ярьж байхдаа “нөхрөө сургуулийн багштай хардаж ярьсан нь надад эвгүй санагдаад уг ажлыг болиод буцаагаад мөнгийг нь өгье гэж бодоод 4,000,000 төгрөгийг нь буцаагаад өгсөн. Одоо үлдэгдэл 1,500,000 төгрөгийг өгч чадаагүй байгаа. Удахгүй өгч барагдуулна. …” /1хх 30, 146/

Э.Бын /Б.Огийн нөхөр/ эзэмшлийн Хаан банкны ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 8-10, 21/, Ш.Агийн эзэмшлийн дансны хуулга /1хх 159-160/,

Б.О, Д.Б нарын, Ш.А, Д.Б нарын фэйсбүүкээр харилцсан чат /1хх 12-20, 148-149/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлүүдээс сонгож 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан “… хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял эсвэл тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч Д.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт үйлдлийн давтамж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг солих болон тэнсэж үүрэг хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Цолмон нар нь хохирогч Б.Од анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 2.000.000 төгрөг төлсөн талаар тайлбарлаж, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүх үнэлээгүй болохыг дурдав.

Түүнчлэн, шүүгдэгч Д.Б нь эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор эмчилгээ хийлгэхээр тогтоосон бүсээс гарах шаардлагатай гэж үзвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэн маршрут тогтоолгох эрх нээлттэй болохыг дурдаж байна..  

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/609 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/609 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

              ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ