2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/07756

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/07756

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: байрлах, ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  оршин суух, ******* Бүргэд овогт *******гийн *******/РД: *******/-д холбогдох,

 

12,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Хариуцагч Х.*******ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн төлөөлөгч Ё.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "*******" ХХК нь "*******" ХК-ийн ажилчдын хотхоны цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр 2020 оны 05-р сарын 8 өдөр гэрээ хийгдэж, уг гэрээт ажлыг эхэлсний дараа манай компанийн сантехникийн инженер, Ковид-19 өвчний халдвар авч ажлаа хийж чадахгүйд хүрсэн тул гэрээт ажлаа үргэлжлүүлэхийн тулд сантехникийн инженер Х.*******ыг ажиллуулахаар, Х.******* инженер зураг төсөлд заасны дагуу, барилгын Норм ба Дүрэм, стандартад нийцүүлж, чанарын шаардлага хангуулан сантехникийн бүх ажлыг удирдаж хийж гүйцэтгэхээр, ажил олгогч нийгмийн даатгал төлөхгүй, нийт сантехникийн бүх ажлыг нэг удаа гүйцэтгүүлэхээр, сар бүр цалин олгохгүй, нийт ажлын хөлс нь 4,000,000 төгрөг байхаар тохиролцож 2020 оны 08-р сарын 09 өдөр гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаанд 500,000 төгрөг шилжүүлсэн.

Гэрээ хийгдсэнээс хойш газар шорооны ажил хийгдэх явцад 2020 оны 10-р сарын 02 өдөр 97-69 УБ дугаартай, маркийн экскаватортой, РД: Ж.тай газар шорооны үлдэгдэл ажлаа хийлгэхээр гэрээ байгуулж, гадна бохирын, цэвэрлэгдсэн усны, халиах юүлэх шугам хоолойнуудын шуудууг гүйцээж ухуулсан бөгөөд Х.******* инженер зураг төсөлд заасны дагуу хаагуур явах, ямар хэмжээтэй ухах, ямар налуу гаргах зэргийг нивилерээр дурандаж, экскаваторын операторт зааж, зааварчилж ухуулсан.

Газар шорооны ажил гүйцэтгэгч ажлаа хийж дууслаа, ажлын хөлсөө авъя гэхэд нь компанийн удирдлагаас Х.******* инженерт, та ухуулсан шуудуунуудаа бүгдийг нь эхнээс нь дурандаж, шалгаад ажлаа хүлээж ав. Шуудууны өндөржилтийг зураг төсөлд заасан хэмжээнээс нь илүү ухуулж болно, илүү ухлаа гээд манайд хэдэн литер шатахууны зарлага гарахаас өөр асуудал болохгүй. Харин дутуу ухуулбал энэ цул хадан хөрсийг дахиж ухахын тулд том оврын экскаваторыг хаа холоос олж ирж, бөөн зардал чирэгдэл болж дахиж ухуулах асуудал үүснэ шүү! гэж Х.******* инженерт хэлж, үүрэг даалгавар өгөхөд Х.******* инженер нивилерээ авч, экскаваторын оператор, сантехникч нарыг дагуулж гараад, бүх шуудуугаа дурандаад шалгачихлаа ямарч асуудалгүй ухагдсан байна гэж Х.******* инженерийг хэлэхэд нь бид газар шорооны ажлын үлдэгдэл төлбөрийг нь төлж экскаваторыг явуулсан.

Х.******* инженер ажил эхэлснээс авахуулаад эхнэр хорт хавдартай, эм тарианы мөнгө хэрэгтэй байна гэж учир зовлонгоо байнга ярихад нь зовлонг нь ойлгож 2020 оны 08-р сарын 09 өдөр урдчилгаа 500,000 төгрөг, 2020 оны 09-р сарын 14 өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 09-р сарын 28 өдөр 500,000 төгрөг буюу нийт 2,000,000 төгрөгийг урьдчилж авч, газар шорооны ажил дуусахад эхнэрийн хорт хавдар хүндрээд химийн тарианд орчихсон бие нь муу байгаа учраас гэрээний үлдэгдэл 2,000,000 төгрөгийг надад урьдчлаад өгөөч, би хот явж эхнэртээ эм танг нь авч өгч, хэд хоног хань болж байгаад буцаад ирье. Надад 7 хоногийн чөлөө өгчих, би буцаж ирээд ажлаа заавал дуусгана, та санаа зоволтгүй, би таны итгэлийг алдахгүй гэж учир зовлонгоо ярьж уйлахаар нь Х.******* инженерийн зовлонг нь ойлгож, итгээд 7 хоногийн чөлөө өгч, ажил нь хийгдээгүй ч гэсэн манай компаниас 2020 оны 10-р сарын 17 өдөр 2,000,000 төгрөг нэмж өгч, замын хоол, унааны мөнгийг нь хүртэл нэмж өгөөд хот руу явуулсан.

Ингээд Х.******* инженерийн ар гэрийнх нь гачигдлыг ойлгож, хэлсэн үгэнд нь итгэж, ажил хийх ёстой ажлаа дуусаагүй байхад нь нийт гэрээний үнэ болох 4,000,000 төгрөгийг урьдчилж өгсөн бөгөөд Х.******* инженер уг мөнгийг авч явснаасаа хойш утсаа авахгүй тэр чигээрээ ажлаа хаяад явсан. Ажлаа хаяж явсных нь дараа 2020, 2021 онуудад Х.******* инженерийн дугаарын утас руу манай кампанийн дугаараас гэрээний алданги, гэрээний хохирол зэргийг нэхэхгүй ирж ажлаа гүйцээж дуусга гэж боломж олгож удаа дараа мессеж бичсэн боловч Х.******* инженер ирж ажлаа дуусгаагүй.

Х.******* инженерийг ажлаа хаяж явсаны дараа жил, өвчтэй байсан манай инженер ажилдаа орж, ажлаа хийхэд, Х.******* инженерийн ухуулсан газар шорооны ажил бүгд налуугийн /уклоны/ алдаатай ухагдсанаас болж, угсрагдсан гадна бохирын хоолойг буцааж буулгаж авч, доорх газрыг нь доош дахиж ухаж, дахиж бохирын хоолойг угсрсан. Мөн Холбох Худаг №1, 2-т хийгдсэн сантехникийн угсралт, холболтын ажлууд нь бүгд хагарч цуурсан байсныг нь бүгдийг буулгаж, дахиж материал авч дахиж угсарч суурилуулахад хүрсэн.

Ийм учраас манай компани Х.******* инженерийн алдаатай ухуулсан газар шорооны ажлыг засч ухуулахын тулд өмнө нь дуудаж ухуулсан РД:ЗМ89090210 Ж.тай 2021 оны 11-р сарын 11 өдөр газар шорооны ажлыг дахин засч ухуулах гэрээ хийн засч ухуулсан. Мөн гологдол доголдолтой угсарсан бохирын шугам хоолой болон сантехникийн холбох хэрэгслүүдийг буулгаж авч, дахин шинээр худалдаж авч, сольж суурилуулахад зарцуулсан инженер техникчийн ажилчдын цалин хөлс, хоол унд, бараа материалын зардал, бусад зардалд манай компаниас хөрөнгө мөнгө зарж хохироод байна.

Үүнд:

1. Х.******* инженер нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үлдэгдэл ажлыг хийх үүргээ огт биелүүлэлгүй ар гэрийн гачигдал зовлонгоор түрий барин манай компаниас урьдчилж авсан 4,000,000 төгрөг,

2. Гэрээний 6.3-т заасан гэрээний үүргийн 0,5%-н алданги болох 2,000,000 төгрөг,

3. Гадна бохирын шуудууны өндөржилт, налууг /уклон/ зураг төсөлд заасан хэмжээнээс дутуу ухуулж гологдол, доголдол гаргасныг дахин экскаватор авчирч ухуулан гэрээний 6.2-т заасны дагуу гологдол, доголдолыг арилгахад гарсан зардал болох 6,000,000 төгрөгийг буюу нийт 12,000,000 төгрөгийг Х.*******оос гаргуулж өгнө үү. Хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн боловч үүргээ биелүүлэхгүй, дутуу доголдолтой ажил гүйцэтгэснээс ийм нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд хариуцагч руу удаа дараа утсаар ярьж, мессеж бичиж, гарах үр дагаврыг нь тайлбарлаад, ирж ажлаа дуусгах талаар саналыг тавьсан ч хүлээж аваагүй, хариу өгөөгүй. Ингээд манай компанийг хохирол алдагдалд хүргэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн дүрмийн хуулбар, Барилга, хот байгуулалтын яамны дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Эрдэнэс-тавантолгой ХК-д цэвэрлэх байгууламж барих барилга угсралтын ажил гүйцэтгэх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн № дугаартай гэрээний хуулбар, дугаартай Эрдэнэс тавантолгой ХК-д цэвэрлэх байгууламж барих барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №-07 өөрчлөлтийн хуулбар, Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/742 дугаартай албан бичгийн хуулбар, ******* ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 24/0319 дугаартай албан бичгийн хуулбар, Хөдөлмөрийн 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний хуулбар, Х.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Сантехникийн инженер *******од мөнгө урьдчилж өгсөн тооцоолол/1 хх 24/, Бэлэн мөнгөний зарлагын баримт/1 хх 25/, Ё.Жансумын эзэмшлийн Төрийн банк ХК-ийн дугаартай дансны харилцагчийн хуулганы хуулбар/1 хх 26-28, 33-35, 58-62/, Газар шорооны ажлыг Экскаватороор ухуулах ажлын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний хуулбар, 2020.10.02 өдрийн газар шорооны ажлын санхүүжилтийн тооцооллын хүснэгт/1 хх 31/, ******* ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн кассын зарлагын ордерын хуулбар/1 хх 32/, зургууд/1 хх 36-47, 63-74/, Газар шорооны ажлыг Экскаватороор дахиж ухуулах ажлын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний хуулбар, 2021.11.11 өдөр газар шорооны ажлыг дахин хийлгүүлсэн ажлын санхүүжилтийн тооцоолол/1 хх 54/, ******* ХХК-ийн Кассын зарлагын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ордерийн хуулбар/1 хх 55/, ибаримтуудын хуулбар/1 хх 56-57/,  дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаартай тэмдэглэл/шийдвэрийн хуулбар,  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай захирамжийн хуулбар,  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хөндлөнгийн гэрчид хууль тайлбарласан 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн баримтын хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Х.*******од холбогдуулан урьдчилж авсан 4,000,000/дөрвөн сая/ төгрөг, алданги 2,000,000/хоёр сая/ төгрөг, гологдол, доголдлыг арилгахад гарсан зардал 6,000,000/зургаан сая/ төгрөг, нийт 12,000,000/арван хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Х.*******од 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Зохигчид 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ гэх гэрээ байгуулсан болох нь тус 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан дээрх гэрээг Хөдөлмөрийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч тус гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.1.1, 49.1.2, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд болох ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил тусгаагүй, хугацаагүй гэрээ байгуулаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана:, 49.1.1-т ... ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг;, 49.1.2-т ажил үүрэг гүйцэтгэх байршил;, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна: гэж заасан.

 

2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ий 1-ийн 1.2, 1.4, 1.5-д зааснаар хариуцагч нь Цэвэрлэх байгууламжийн гадна, дотор бүх сантехник угсралтын ажлыг БНба дүрэм, Стандартыг хангуулж, удирдаж ажиллах, нэхэмжлэгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч доголдол гаргасан гэх үндэслэлээр ажлын хөлсөнд төлсөн 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т Захиалагч дараахь шаардлага гаргах эрхтэй:, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх; гэж заасан.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хариуцагчид ажлын хөлсөнд нийт 4,000,000/дөрвөн сая/ төгрөг төлсөн болох нь 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар, Төрийн банк ХК-д Ё.*******ын эзэмшиж байгаа Харилцах дансны харилцагчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хуулга, Сантехникийн инженер *******од мөнгө урьдчилж өгсөн тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

Гэрээнд зааснаар хариуцагчийн гүйцэтгэсэн Цэвэрлэх байгууламжийн гадна, дотор бүх сантехник угсралтын ажлыг БНба дүрэм, Стандартыг хангуулж, удирдах ажлын үр дүнд доголдол илэрсэн болох нь доголдлын талаарх дуу болон дүрс бичлэгт 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид доголдлыг арилгах хугацаа тогтоож байсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гар утаснаас хариуцагчийн гар утасруу 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 47 минутад, 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 07 минутад явуулсан доголдлыг арилгах тухай зурваст 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн Цэвэрлэх байгууламжийн гадна, дотор бүх сантехник угсралтын ажлыг БНба дүрэм, Стандартыг хангуулж, удирдах ажлын хөлсөнд 4,000,000/дөрвөн сая/ төгрөг төлсөн байх тул хариуцагчийн гүйцэтгэсэн тус ажлын долголдлыг арилгахад 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийн зардал гарсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас доголдлыг арилгахад гарсан зардалд 4,000,000/дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 2,000,000/хоёр сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Гэрээний 6-ийн 6.3-т ... гэрээт ажлаа дуустал нь хийж гүйцэтгэлгүй ажлаа хаяж явсан тохиолдолд ... хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алдангийг ... төлж барагдуулна. гэжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний 6-ийн 6.3 нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гар утаснаас хариуцагчийн гар утасруу 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 07 минутад явуулсан зурваст 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.

 

Гэрээний 6-ийн 6.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч ажлыг орхиж явсан 2020 10 дугаар сарын 21-ний өдрөөс ажлын хөлсөнд төлсөн 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийн 50/тавь/ хувиас хэтрэхгүй алданги тооцсон нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 2,000,000/4,000,000х0.5%=20,000, 20,000x100=2,000,000/ /хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гологдол, доголдлыг арилгахад гарсан зардалд 6,000,000/зургаан сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад экскаваторын зардалд 6,000,000/зургаан сая/ төгрөгийн зардал гаргасан болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан бичмэл нотлох баримтаар байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас доголдлыг арилгахад гарсан зардалд 6,000,000/зургаан сая/ төгрөг гаргуулах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь хавтаст хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн зөөврийн дискт шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үзлэг хийсэн гэх үндэслэлээр үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2 дахь заалтад заансыг баримтлан хариуцагч Х.*******оос нийт 6,000,000/зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, үлдсэн 6,000,000/зургаан сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2 дахь заалтад заансыг баримтлан хариуцагч Х.*******оос нийт 6,000,000/зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, үлдсэн 6,000,000/зургаан сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ