Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 229

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

            нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            улсын яллагч Ц.Сүхбат,                                                                           

            шүүгдэгч Э.Эрдэнэбат түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цэвээндорж овогт Эрдэнэхүүгийн Эрдэнэбатыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709004420025 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Дархан Уул аймагт 1996 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам компанид галт тэрэгний туслах машинистаар ажилладаг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36-178 тоотод оршин суух хаягтай,  ял шийтгэлгүй, Цэвээндорж овогт Эрдэнэхүүгийн Эрдэнэбат /регистрийн дугаар ТЯ 96070411/,

           

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Яллагдагч Э.Эрдэнэбат нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-178 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Маралмааг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

            Яллагдагч Э.Эрдэнэбат нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-178 тоотод иргэн Ч.Маралмаатай “хүүхдээ авна” гэж маргаж, улмаар түүнийг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан мөн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-178 тоотод иргэн Ч.Маралмаатай “өөрийн үерхдэг охинтой утсаар маргалаа” гэх шалтгаанаар түүнийг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Э.Эрдэнэбат шүүх хуралдаанд “…Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн өөр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би прокурорын тогтоолтой танилцсан. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр намайг эгчийн гэрт байж байхад эхнэр утсаар ярьсан ба бид хоёр утсаар хэрэлдсэн. Тэгээд байхаар нь би эхнэрийнхээ гэр лүү очоод дуудаж гаргаж ирсэн юм... Эхнэр над руу уурлаад намайг цохиод байхаар нь баруун гар луу гараараа саваад цохичихсон юм. Тэгээд манай эхнэр хэрэлдэхээ болихгүй байгаад байхаар нь би гараараа эхнэрээ мөр лүү нь түлхсэн ба манай эхнэрийнх уруу газар байдаг болохоор газарт хүчтэй уначихсан юм. …Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Би сонсгож байгаа ял болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би эгчийндээ байж байхад эхнэр над руу залгасан ба бид хоёр маргалдсан юм... Тэгээд эхнэр бид хоёр маргалдаж байгаад би сүүлдээ хүүхдээ аваад гэрээс явна гээд хэрэлдээд байхаар нь би арагшаагаа эргэж хараад зүүн гараараа эхнэрийнхээ гуя хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгээд би машинаас буугаад эхнэрийнхээ сууж байсан талын хаалгыг онгойлгож байгаад машинаас буу гээд түлхсэн юм... Тухайн үед би нилээн уурлачихсан биеэ барих чадваргүй байсан юм. Тэгээд би эхнэрийнхээ гар хөл рүү хэд хэдэн удаа цохичихсон юм. Яг хаашаа нь цохьсноо санахгүй байна. Энэ гэмтлүүдийг би учруулсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-4-5, 88-89/,

 

Хохирогч Ч.Маралмаагийн “…2017 оны 07 сарын 04-ний өдөр манай нөхөр болох Энхбат нь сар гаран өөр газар амьдарч байж байгаад ирэхээр нь би уурлаад хөөсөн юм. Тэгээд хэрүүл эхэлсэн. Би нэлээн уурласан байсан. Тэгээд би Эрдэнэбатыг “одоо болно, ингээд салаад өг, би чамайг гэртээ оруулахгүй” гэж хөөсөн чинь намайг “гадаа гарч яръя” гээд дагуулаад гарсан... Эрдэнэбат... “би хүүхдээ авч явна” гээд машиндаа аваад суухаар нь би ардаас нь хүүхдээ булаацалдаад байж байсан чинь намайг хүчтэй 2 удаа түлхсэн. Би газар унасан. Бас машиныхаа хаалгаар цохих шиг болсон. …Миний нөхөр Эрдэнэхүүгийн Эрдэнэбат нь ...2017 оны 06 дугаар сарын 11-ний орой гэрийн гадна намайг зодож цохисон. Мөн …2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Э.Эрдэнэбат нь манайд ирж “хүүхдээ авна” гэхээр нь би “хүүхдээ өгөхгүй, хоёулаа одоо салъя” гэж хэлсэн чинь Э.Эрдэнэбат уурлаж намайг цохисон. Одоо нөхөр бид хоёр эвлэрч, хамтран амьдарч байгаа. Надад одоо гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-21-22, 66/,

Шүүгдэгч Э.Эрдэнэбатын гэрчээр мэдүүлсэн “…2017 оны 07 дугаар сарын 04-ний орой бүрэнхий болох гэж байсан үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-178 тоотод хамтран амьдрагч болох Ч.Маралмаатай хэрэлдээд би хүүхдээ аваад явах гээд машиндаа суутал ардаас дагаж машинд орж ирээд буухгүй байсан. Тэгээд би уурлаад “буу” гээд түлхсэн чинь буухгүй байсан... Би гуя хэсэг рүү нь гараараа нээх чанга биш 2 удаа машинаас буу гэж нидэрсэн…” гэсэн мэдүүлэг /хх-23-24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8765 тоот актын “…Ч.Маралмаагийн биед тархи доргилт, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна …” гэсэн дүгнэлт /хх-30/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹7804 тоот актын “…Ч.Маралмаагийн биед тархи доргилт, баруун бугалга, шуу, зүүн бугалга, бугуй, баруун гуя, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-69/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-34/, Хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-44-47/, Аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-48/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-123-128, 133-141/, Хохирлын тооцоо /1-р хх-238/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2-р хх-75-76/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Э.Эрдэнэбат нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-178 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Маралмааг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь дээр дурьдсан хохирогч Ч.Маралмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд, шүүгдэгч Э.Эрдэнэбатын сэжигтэн, яллагдагч шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар, 

Мөн шүүгдэгч Э.Эрдэнэбат нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-178 тоотод иргэн Ч.Маралмаатай “хүүхдээ авна” гэж маргаж, улмаар түүнийг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-178 тоотод иргэн Ч.Маралмаатай “өөрийн үерхдэг охинтой утсаар маргалаа” гэх шалтгаанаар түүнийг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Ч.Маралмаагийн мэдүүлгүүд, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹7804, ¹8765 тоот актын дүгнэлтүүд, шүүгдэгч Э.Эрдэнэбатын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Прокуророос шүүгдэгч Э.Эрдэнэбатын гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ч.Маралмааг 2017.06.11, 2017.06.27, 2017.07.04-ны өдрүүдэд зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Мөн шүүгдэгч Э.Эрдэнэбатын 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эхнэр хохирогч Ч.Маралмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эхнэр хохирогч Ч.Маралмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Эрдэнэбатыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Эрдэнэбатын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нь гомдол саналгүй гэсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Э.Эрдэнэбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжээр торгох буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжээр торгох буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Эрдэнэбатын эдлэх хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбатад оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.   

 

            Хохирогч Ч.Маралмаагийн зүгээс энэ хэрэгтэй холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тэрээр шүүгдэгчид гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

                                                           

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Цэвээндорж овогт Эрдэнэхүүгийн Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тогтоосугай.

 

2.Шүүгдэгч Э.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 450 нэгжээр торгох буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Эрдэнэбатын жинхэнэ эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбатад оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбатад оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбатад зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

6.Шүүгдэгч Э.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Эрдэнэбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР